Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2019/00636

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын  дугаар багт оршин суух, Б овогт Х-н Т /утас:9, РД:Б /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагч З.М, орчуулагч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 06 сарын 28-ний өдрийн Үйлчлэгч Х.Тд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэгч Х.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Би эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажилласан. Би тус өрхийн эрүүл мэндийн төвд 18 жил ажиллаж байна. Би ажиллах хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Г, Б гэх дарга нар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Би дээрх дарга нараас чиний ажил муу, муу ажилладаг гэх үг сонсож байгаагүй .Би өглөө 07 цаг 50 минутад ажилдаа ирдэг. Би 11 цаг хүртэл цэвэрлэгээ хийдэг. 4-5 жилийн өмнө надад баруун 5 аймгийн эрүүл мэндийн төвийн ажилчдын уулзалт, сургалт семинарт оролцоорой гэж хэлж байсан ч би очиж чаддаггүй байсан. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр надад Ховд аймаг руу явах хүмүүс явж болно, очих бол бэлтгээлээ хийгээрэй гэж хэлсэн. Тухай үед дарга М 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Тэрээр эмнэлгээс гарсны дараа акт аваад 10 хоног гэртээ эмчлүүлж байсан. Би тухайн үед чөлөө авсан.

Е эмч тухайн үед даргыг орлож ажиллаж байсан. Эмнэлгийн тамга тэмдэг Е эмчид байсан. Зоя бид хоёр Е эмчид бид урьд нь ямар нэгэн арга хэмжээнд очиж байгаагүй, энэ удаа Ховд аймагт болох сургалтанд яваад ирвэл яасан юм бэ гэхэд та нар тэтгэвэрт гарах болсон тул явж болно, 1 эмч, 1 сувилагч үлдээд бусад нь хамрагдаж болно гэж Үйлдвэрчийн эвлэлийн дарга Нурбек санал гаргаж байна, та нар очиж болно, та нар дарга луу залгаарай гэж хэлсэн. Би даргын гар утас руу 3-4 удаа залгасан. Би Е эмчийн хажууд дарга луу залгасан ч аваагүй. Ахлах сувилагч Р ч гэсэн дарга луу залгахад холбогдох боломжгүй байсан. Е эмч аймгийн удирдлагууд М даргатай холбоо барьж чадахгүй байна, холбогдвол хэлээрэй гэж хэлсэн гэж байсан. Е дарга надад та урьд нь сургалтад ерөөсөө очиж байгаагүй юу гэж асуухад би очоогүй талаараа хэлсэн. Е эмч надад та тэтгэвэрт гарах болсон тул сургалтанд очоод ирээрэй гэж хэлэх үед ажилчид намайг дэмжсэн. Тухайн өдөр 4 дэх өдөр байсан.

Би 4 дэх өдөр 07 цаг 50 минутын үед ирж 10 цаг 30 минут хүртэл цэвэрлэгээ хийсэн. Тэр үед манай байгууллагын ажилтан нар та сургалтанд явах бол гэртээ очиж бэлтгээлээ хийгээрэй гэж хэлсэн. Надад 10 цаг 30 минутын үед чөлөө өгсөн ба би гэртээ ирээд байж байхад манайд Р, А сувилагч ирээд намайг гаргаж өгөөд, намайг сагсны тэмцээнд орж магадгүй гээд пүүзээ өгсөн. Ховд аймагт 17 цагт очсон ба би сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон. Рауан эмнэлгийн манаач хүртэл очсон. Жансая эмнэлгийн үйлчлэгч Жайнагүл гэх хүн 10 жил сургалт уулзалтад явсан тул би энэ удаагийн уулзалт сургалтанд очъё гэж бодсон. Жансая эмнэлгийн үйлчлэгч Жайнагүл урьд нь олон сургалтанд явдаг байсан ч энэ удаагийн сургалтад очоогүй байсан. Бид 4 өдөр яваад бүтэн сайн өдрийн орой ирсэн. Бид 1 дэх өдөр ажилдаа ирсэн. Гэтэл тус аймгийн М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М нь намайг үндэслэлгүй ажил тасалсан гэж 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/22 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авч сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч З.М шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. М өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 02 дугаар тушаалаар батлагдсан өрхийн дотоод журам байгаа. Ажилтнууд Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хууль, байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлж, хуулийн дагуу ажиллах ёстой. Дотоод журмыг эмч, ажилтнуудад танилцуулсан тухай баримт байгаа. Үйлчлэгч Т 2019 оны 6 дугаар сард өрхийн анагаах ухааны сургалтад хамрагдаад ажил тасалсан гэж байна. Үйлчлэгч Х.Т олон жил ажилласан боловч даргаас зөвшөөрөл авч, удирдлагыг хүндэтгэх хэрэгтэй байсан, байнга өөрийгөө би ахмад ажилтан, залуучууд ахмад ажилтны үгээр явах ёстой гэж байнга хамт олон дотор хэрүүл маргаан гаргаж өөрийн буруу зан заншлыг жишээ болгон сургаж байдаг. Энэ удаа ч танхайрсан заншлаар сургалтанд зөвшөөрөгдсөн 4 хүний жагсаалтанд өөрийнхөө нэрийг ороогүй байхыг мэдсээр байж дур мэдэн ажлыг таслаад явсан. Х.Т зөвхөн сургалтанд хамрагдаад ажил тасалсан юм биш. Тэрээр 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өглөө ажиллаад үдээс хойш хувийн ажлаа хөөцөлдөөд 4 цаг ажил тасалсан. Бид уг асуудлыг танилцуулж, Х.Тд удаа дараа ажил таслаад дур мэдэн явж байгаа тул түүнд сахилгын шийтгэл оногдуулсан. Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос 6 дугаар сард Ховд аймагт зохион байгуулсан сургалтад баруун 5 аймгийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудаас 100 хүн оролцуулахаар тусгасан байсан. Ө сум нь 4 өрхийн эрүүл мэндийн төвтэй ба 1 өрхийн эрүүл мэндийн төвөөс 5 хүн нийт сургалтанд оролцох ёстой 20 хүнийг томилж өгсөн. 1 эрүүл мэндийн төвөөс 4-5 хүн оролцох ёстой байсан. Х.Т хэдийгээр олон жил ажилласан ч гэсэн даргаас зөвшөөрөл авч удирдлагаа хүндэтгэх ёстой байсан. Т би ахмад ажилтан гээд ажил үүргээ хаяад, хаа хамаагүй, даргын зөвшөөрөлгүй ажлаа орхиж явсан үйлдэлд буруутай. Сургалтад Н, Бэмч нар, нийгмийн эрүүл мэндийн ажилтан Сунхар, дүн бүртгэл хариуцсан ажилтан, сувилагч Айсулу гэх 4 хүн оролцохоор томилогдсон. Х.Т тус сургалтын үеэр биш ажлын өдрүүдэд сайн дураараа, даргын зөвшөөрөлгүй өөрийн хувийн ажлаа амжуулахаар ажил тасалдаг нь хуульд нийцэхгүй юм. Дотоод журмын 8.3.4.2-т гадаад болон дотоод сургалтад явахдаа эмч сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн явах өдрөөс 7-10 хоногийн өмнө даргад мэдэгдэж, албан ёсоор чөлөө аваагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын зөрчилд тооцож, шийтгэл ногдуулна гэж заасан.

Мөн Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сард 30 минутаас дээш ажлын цагаас хоцорсон ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж, эсхүл тасалсан цагт ногдох хөдөлмөрийн хөлсийг хасах арга хэмжээ авна гэж заасан. Дотоод журмын 10.4.1 дэх хэсэгт зааснаар намайг орлож байсан ажилтан зөвшөөрөл өгөх эрхгүй ба зөвхөн эмчилгээ үйлчилгээтэй холбоотой ажлыг хариуцах ёстой. Тус дотоод журмын 14.1-т даргын эзгүйд ажил үүргийг даргын шийдвэрээр эмч нарын аль нэг нь орлоно, орлож ажиллаж байсан хүн нь дараах эрх хэмжээний хүрээнд ажиллана. Үүнд: Даргын эзгүйд түүний ажлыг орлон гүйцэтгэгч нь зөвхөн эмчилгээ үйлчилгээний талаар дүрэм журам заавар батална, хугацаатай тайлан мэдээ гаргаж холбогдох газарт хүргүүлэх гэж заасан. 6 дугаар сард цалин бодохын өмнө ажил тасалсан тул цалин хасна гэхэд миний ажлыг орлож байсан хүн ажилтнуудыг дагуулж ирээд дотоод журмын 8.3.4.2-т хөдөлмөрийн хөлснийг хасах, сахилгын шийтгэл оногдуулна гэсэн тул цалин хасаад яах вэ гээд сахилгын шийтгэл ногдуулсан.

Мөн Х.Тд цаашид ажил таслахгүй байх талаар анхааруулсан. Х.Т 6 дугаар сарын 18-ны өдөр үдээс хойш ямар нэгэн шалтгаангүйгээр 30 минутаас дээш ажил тасалсан. Ажилтанд ямар нэгэн ажил гарч болно. Ажилтнуудын ажил тасалсныг уучилж, цалинг нь бүтэн олгож байгаа. 4 цаг ажил тасалсан гэдэг 1 ажлын өдрийн 50 хувийг тасалсан гэж үзнэ. Тэрээр ямар нэгэн шалтгаангүйгээр ажил тасалсан гэдэг нь нотлогдож байна. Х.Т 4 дэх өдрийн үдээс хойш, 5 дахь өдөр бүтэн ажил тасалсан. Мөн 6 дугаар сарын 18-ны өдөр тасалсан тул сургалтанд явахдаа ажил тасалсныг нэмээд Х.Тгийн 2 өдрийн цалинг хасахаар болсон. Би Х.Тгийн ажил тасалсан талаар хэлээд сануулах сахилгын шийтгэл авсан. Зоя сувилагч тул сургалтанд хамрагдсанд тооцогдсон. Үйлчлэгч Х.Т сувилагч биш, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй. Би 19 дэх жилдээ ажиллаж байна. Тухайн байгууллагын дарга хяналт тавих эрхтэй. Би тус эрүүл мэндийн төвийн даргаар 7 дахь жилдээ ажиллаж байна. Х.Тгийн ажил таслах үйлдэл удаа дараа давтагдаж байгаа тул арга хэмжээ авсан. Х.Тгийн бусад өрхийн эрүүл мэндийн төвийн манаач, үйлчлэгч сувилагч нар сургалтад хамрагдсан гэж байгаа нь тухайн байгууллагын дотоод асуудал.

Манай байгууллагын хувьд томилогдсон 4-5 хүнээс өөр хүн очихгүй гэдгийг хэлсэн. Сургалтанд оролцох ёстой 4-5 хүний хэн нэгэн нь очихгүй болоод оронд нь томилж байвал өөр асуудал. Миний ажлыг орлож байсан хүн сургалтанд 4 хүнийг явуулахаар дарга зөвшөөрсөн гэдгийг ажилтан нарт хэлсэн. Би ажилдаа очиж сургалтанд явуулах 4 хүнийг томилсон. Мөн би утсаар үүрэг чиглэл өгч байсан. Т сургалтанд явах талаараа 7-10 хоногийн өмнө мэдэгдээд зөвшөөрөл авах ёстой байсан. Т сургалтанд явах өдрөө над руу залгасан гэж өөрөө тайлбарлаж байна. Би 5 дугаар сарын 11-ний өдөр эмнэлэгт хэвтээд 5 дугаар сарын 27-ны өдөр эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарсны дараа 4-5 өдөр би ажилласан ба 6 дугаар сарын 03, 04-ний өдрөөс эхэлж миний өвчин сэдэрсэн тул дахиж акт авч эмчилгээ хийлгэсэн. Би 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ажилд дээрээ байсан. Мөн би 5 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд ажил дээрээ байсан. Намайг ажил дээрээ байсан дээрх өдрүүдэд Х.Т яагаад чөлөө аваагүй, явах өдрөө чөлөөний асуудал хөндсөн бэ гэдгийг мэдмээр байна. Х.Тг битгий худлаа яриад байгаач гэмээр байна. Би сургалтанд оролцох ажилтнуудад зөвшөөрөл өгсний дараа яагаад нэмж хүсэлт гаргаагүй юм бэ? Намайг өвчтэй акттай байсан хэд хоногт чөлөө хүссэн гэж худал хэлээд яахав дээ. Зарим байгууллага нь сургалтанд очих 4-5 хүний оронд өөр хүнийг оролцуулахаар томилж байгаа нь тухайн байгууллагын дотоод асуудал. Би сургалтанд очиж хамрагдаж, багц цагийн сургалтыг бүрдүүлэх ёстой хүмүүсийг томилсон. Үйлчлэгч Х.Т багц цаг бүрдүүлэхгүй, бүрдүүлэх шаардлагагүй тул сургалтад хамрагдах ёсгүй байсан гэдгийг хэлмээр байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Х.Т нь Б аймгийн М БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 6 сарын 28-ний өдрийн Үйлчлэгч Х.Тд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүсжээ.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн М БГБХН Өрхийн Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 6 сарын 28-ний өдрийн Үйлчлэгч Х.Тд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/22 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, ӨЭМТөвийн хөдөлмөрийн дотоод журмын 8.3.3 ба 8.3.4.2 дугаар зүйлийг тус тус үндэслэн Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчлэгч Х.Т даргын зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан учир 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сануулах арга хэмжээ өгч, сахилгын шийтгэл ногдуулсугай гэж нэхэмжлэгч Х.Тд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч Х.Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.7-д заасны дагуу ажилтан сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэж үзвэл гомдлоо шүүхэд гаргах бөгөөд энэхүү гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар ...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гаргаж шийдвэрлүүлэн гэсэн хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.

Нэхэмжлэгч Х.Т нь Б аймгийн М БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 6 сарын 28-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/22 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсаныг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг хариуцагч Б аймгийн М БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М нь эс зөвшөөрч, ... үйлчлэгч Х.Т олон жил ажилласан боловч даргаас зөвшөөрөл авч, удирдлагыг хүндэтгэх хэрэгтэй байсан, байнга өөрийгөө би ахмад ажилтан, залуучууд ахмад ажилтны үгээр явах ёстой гэж байнга хамт олон дотор хэрүүл маргаан гаргаж өөрийн буруу зан заншлыг жишээ болгон сургаж байдаг. Энэ удаа ч танхайрсан заншлаар сургалтанд зөвшөөрөгдсөн 4 хүний жагсаалтанд өөрийнхөө нэрийг ороогүй байхыг мэдсээр байж дур мэдэн ажлыг таслаад явсан. Ганц сургалтын өдөр биш Х.Т ажлын өдрүүдэд ч сайн дураараа өөрийнхөө хувийн ажлаар даргын зөвшөөрөлгүйгээр хүссэн газруудаар яваад байдаг нь хуульд нийцэхгүй юмаа. Харин ажил олгогчийн зүгээс Х.Тгийн насыг хүндэтгэн ажиллаагүй өдрүүдийн цалинг хасаагүй ба дээрх гаргасан алдааг дахин давтагдахгүйгээр удирдлагыг хүндэтгэж, зөвшөөрөлгүйгээр ажил таслахгүй байхыг сануулж Өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан юм. Дотоод журмын 8.3.4.2 заалтын гадаад болон дотоод сургалт явахдаа эмч сувилагч эмнэлгийн мэргэжилтэн явах өдрөөс 7-10 хоногийн өмнө даргад мэдэгдэж албан ёсоор чөлөө аваагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын зөрчилд тооцож шийтгэл ногдуулна гэсэн заалттай ба 14.1 дэх заалтын дагуу намайг өвдөж байсан үед даргыг орлож байсан эмч нарын аль аль нь ч хүнийг томилох, зөвшөөрөл олгох эрх байхгүй зөвхөн эмчилгээ үйлчилгээ тайлан мэдээг хариуцах ёстой. Цаашид хамт олон дотроо хагарал үүсгэхгүйгээр, ажлаа таслахгүйгээр хэвийн хийж гүйцэтгэвэл ажил олгогчийн зүгээс түүнд өш хонзон санасан болон арга хэмжээ авах сонирхол байхгүй. Ажлаа хэвийн хийвэл төрийн ажилд ч саад болохгүйг Х.Т ч ухамсарлах ёстой. Иймд нэхэмжлэгч Х.Тгийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна, сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлтэй гэж маргасан болно.

Хариуцагч З.Мд хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, үйл баримтаа нотлох баримтаар гарган өгч нотолж чадаагүй болно.

Ажил олгогч М БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 6 сарын 28-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/22 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.Т даргын зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан учир 6 сарын 28-ны өдрөөс эхлэн сануулах арга хэмжээ авч, сахилгын шийтгэл ногдуулсугай гэх үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагч үйлчлэгч Х.Т нь ажил тасалсан учир сануулах арга хэмжээ авсан гэх боловч үйлчлэгч Х.Т ажил тасалсан үндэслэл шалтгаан нөхцөл байдлыг судалж энэ талаар хамт олны хуралдаанаар авч хэлэлцэх бүрэн эрхтэй байсан боловч энэ талаар хуралдаанаар авч хэлэлцээгүй, зөрчил гаргагч гэж тодорхойлж байгаа Х.Тг хуралд оролцуулж, түүний саналыг сонсож, уг зөрчил нь шалгалтаар тогтоогдсоны дараа шийдвэр гаргах ёстой байтал ажил олгогч энэ ажиллагааг хийгээгүй, уг зөрчил буюу ажил тасалсан гэх үндэслэл тогтоогдоогүй байхад үйлчлэгч Х.Т нь даргын зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан гэж үзэж сануулах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болсон байна.

Мөн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагч буюу ажилтанд урьдчилан танилцуулах, баримт материалтай танилцуулж нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй байхад энэ эрхээр нь хангаагүй сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй байна.

Хариуцагч М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын нотлох баримтаар гаргаж өгсөн М ӨЭМтөвийн Дотоод журмыг үйлчлэгч Х.Тд танилцуулсан, дотоод журамд заасны дагуу сануулах арга хэмжээ авсан гэж хариуцагч тайлбарласныг нэхэмжлэгч Х.Т нь Дотоод журамтай огт танилцаагүй, гарын үсэг зураагүй, дотоод журам нь даргын цүнхэнд явж байдаг, бидэнд цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж авдаг, тэгээд дандаа хуурамч баримт бичиг бүрдүүлдэг гэж тайлбарлаж байсан ба нэхэмжлэгч хариуцагч нарын энэхүү үйл баримтыг нотлох ямар нэгэн нотлох баримт байхгүй тул уг дотоод журмыг Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт ажилчид буюу үйлчлэгч Х.Тд танилцуулсан байна гэж дүгнэлт хийх боломжгүй байна.

Мөн хариуцагч тушаалдаа Өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 8.3.3 ба 8.3.4.2 дугаар зүйлийг тус тус үндэслэсэн байх ба энэхүү дотоод журмыг зөрчил гаргагч буюу үйлчлэгч Х.Т яаж зөрчсөн нь тодорхойгүй байх ба дотоод журмын ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сард нийт 30 минутаас дээш ажлын цагаас хоцорсон ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж гэх үндэслэл нь хуульд болон бодит байдалд нийцээгүй заалтыг тусгасан, мөн ... эсвэл тасалсан цагт нь ноогдох хөдөлмөрийн хөлсийг хасах арга хэмжээг авна гэсэн мөртлөө үйлчлэгч Х.Т нь даргын зөвшөөрөлгүй ажил тасалсан гэх мөртлөө тухайн сарын цалинг хасаагүй ажил олгогч бүтэн олгосон, энэ талаар нэхэмжлэгч Х.Тагаас тодруулахад тухайн сарын цалингаа бүтэн авсан гэх ба мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан М ӨЭМТөвийн 6 дугаар сарын цалингийн цэсээр нэхэмжлэгч Х.Т нь 6 сарын цалингаа бүрэн бүтэн авсан болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч Х.Тгийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Монголын Өрхийн Ангаах Ухааны Мэргэжилтнүүдийн Холбооны Б аймаг дахь салбар зөвлөлийн 2019 оны 7 сарын 04-ний өдрийн 29 дугаартай тодорхойлолтод Монгол Улсад Өрхийн эмнэлгийн шинэ тогтоолцоо үүсэж хөгжсөний түүхт 20 жилийн ойн баяр-ыг тохиолдуулан Өрхийн эмч, мэргэжилтнүүдийн баруун бүсийн уулзалт, сургалт, спортын арга хэмжээ 2019 оны 6 дугаар сарын 7-ноос 9-ний хооронд Ховд аймагт зохион байгуулагдсан билээ. Энэхүү арга хэмжээнд манай аймгийн 4 өрхийн эрүүл мэндийн төвүүдээс нийт 23 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багаараа амжилттай оролцож ирсэн билээ. Үүнд М өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчлэгч Хын Т /РД:0000/ оролцсон үнэн болохыг тодорхойлов гэжээ. Уг тодорхойлолтоор үйлчлэгч Х.Т нь 2019 оны 6 сарын 07-ноос 09-ний хооронд болсон Ховд аймагт зохион байгуулагдсан Өрхийн эмч, мэргэжилтнүүдийн баруун бүсийн уулзалт, сургалт, спортын арга хэмжээнд оролцсон болох нь дээрх тодорхойлолт болон фото зургаар /сургалтанд явах гэж автобусад суусан / тус тус нотлогдож байх тул үйлчлэгч Х.Тг ажил тасалсан гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч М БГБХН Өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга З.М нь уг зохион байгуулагдсан сургалтанд зөвшөөрөлгүй дур мэдэн ажлаа таслаад явсан, надаас зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан их эмч Х.Е, ахлах сувилагч А.Р нарын тамга дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримтаар үйлчлэгч Х.Т сургалтанд оролцохын тулд зөвшөөрөл авсан болох нь тэд нарын тодорхойлолтоор, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан Х.Е нь ... тухайн үед семинарт явсан, Х.Т явна гэхээр даргаас чөлөө аваарай гэхэд даргын утас холбогдохгүй байна гэж хэлж байсан, гэхдээ ахлах сувилагч А.Р бид хоёр хэлсэн, дараа бид нар даргад очоод танаас зөвшөөрөл аваагүй ч гэсэн сургалтад оролцсон гэдгийг хэлж байсан гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Хариуцагч Б аймгийн М БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 6 сарын 28-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/22 дугаар тушаалд заасан зөрчлийг шалгаж, тогтоож, зөрчлийн талаар тэмдэглэл үйлдэх, зөрчил гаргагчийн тайлбарыг авах, зөрчил гаргагчийн хуралдаан оролцуулах, энэ зөрчил нь хэний буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоосны эцэст Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заасан ба мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т ... сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулан гэснийг зөрчиж үйлчлэгч Х.Тд сануулах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болсон байна.

Нэхэмжлэгч Х.Тгийн гаргасан сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн байхаас гадна тухайн ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хуулиуд, сахилгын болон ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байх ёстой байтал энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн М ӨЭМТөв бүртгэлийн гэх дугааргүй, 2019 оны 7 сарын 01 өдөр гэх овог Х, нэр Т, цех тасаг, тасаг бригад-ын дарга З.М гэж бичигдсэн хүснэгтээр үзүүлсэн бүртгэлийг нотариатаар баталгаажуулж өгсөн байх ба уг бүртгэлийг чухам хэн хөтөлсөн нь тодорхойгүй, гэтэл цагийн бүртгэлийг ахлах сувилагч А.Р бүртгэдэг гэж гэрчээр асуугдсан Х.Е мэдүүлдэг ба энэхүү үйл баримт нь эргэлзээтэй байх тул хавтаст хэрэгт гаргаж өгсөн цагийн бүртгэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн К.Зоя, М.А нарын хуулийн шаардлага хангаагүй тодорхойлолтууд, мөн Х.Алия Х.Еркежан нарын болон хариуцагчийн гаргаж өгсөн их эмч Х.Е, ахлах сувилагч А.Р, НЭМА А.Ербагда нарын тодорхойлолтууд нь хэзээ бичсэн тодорхойгүй он, сар өдөргүй ба энэхүү тодорхойлолтууд нь үйл баримтын эх сурвалжийг зааж чадаагүй учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Мөн хавтаст хэрэгт хариуцагчийн гаргаж өгсөн М.Аийн тодорхойлолтод дурдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй учир энэхүү тодорхойлолт болон хариуцагчийн шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн гэрчилгээний талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн СД ийг хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаар бэхжүүлээгүй байх тул нотлох баримтаар гаргаж өгсөн СД-ийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Х.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 6 сарын 28-ний өдрийн Үйлчлэгч Х.Тд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/22дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Тд Б аймгийн М БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 6 сарын 28-ний өдрийн Үйлчлэгч Х.Тд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн энэхүү гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн М БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН