Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2020/00883

 

 

 

 

2020 03 16

101/ШШ2020/00883

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө.О-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ТӨБЗГт холбогдох

 

Ажлаас буруу халагдсан болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө.О миний бие нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажилласан. Гэтэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 466 тоот тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Би 2019 оны 06 дугаар сард ажлаа өгөх хүсэлт гаргаж байсан боловч ажил олгогчтойгоо амаар харилцан тохиролцсоны үндсэн дээр миний хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байхад минь ийнхүү гэнэт халсан нь хууль бус гэж үзэж байна. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд хандсан боловч 09-ний өдрийн 101/ШЗ2019/20220 тоот шүүгчийн захирамжаар бүрдүүлбэр дутуу гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 20220 тоот захирамжийг шүүгчийн туслахын дуудсаны дагуу аваад дахин нэхэмжлэл гаргаж байна.

 

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байгаа тул мөн хуулийн 79.7-г үндэслэн өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолж байгаа тул хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй болно гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ө.Оын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. ТӨБЗГ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйл, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тус газрын 2017 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам-ын 2.1-т заасныг тус тус үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ө.Отай байгуулах контрактыг 1 жил хүртэл хугацаагаар байгуулсан бөгөөд уг контракт нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болж, дахин сунгагдаагүй билээ. Тус контрактын 5.2.2-т контрактын хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол контракт дуусгавар болохоор заасан байдаг бөгөөд Ө.О нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ажлаас гарах хүсэлтээ өгсөн.

Нэхэмжлэгч Ө.О нь гаргасан нэхэмжлэлдээ 2019 оны 06 дугаар сард ажлаа өгөх хүсэлт гаргаж байсан боловч ажил олгогчтойгоо амаар харилцан тохиролцсоны үндсэн дээр миний хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байхад минь ийнхүү гэнэт халсан нь хууль бус гэж маргажээ. ТӨБЗГ нь Ө.Оын ажлаас гарах хүсэлтийг хүлээн аваагүй зүйл байхгүй ба тэрээр ажлаа өгөх хүсэлт өгсний дараа бичгээр болон амаар буцаж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж хандаагүй бөгөөд Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилох этгээд тодорхойгүй байсны улмаас түүнийг тус газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 466 дугаар тогтоолоор ажилтны өөрийн санаачилгаар чөлөөлсөн.

Иймд ажилтны хүсэл зоригийн дагуу Ө.Оыг ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн ажлаас буруу халсан болохыг тогтоож, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.О нь хариуцагч ТӨБЗГт холбогдуулан ажлаас буруу халагдсан болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ТӨБЗГ нь контрактын гэрээний 5.2.2-т контрактын хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол контрактыг дуусгавар болгохоор заасан, ажилтны хүсэл зоригийн дагуу Ө.Оыг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ө.О нь Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 466 дугаар тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дүгээр зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Ө.Отай байгуулсан контрактын 5 дугаар зүйлийн 5.2.7 дах заалтыг үндэслэн, Ө.Оын гаргасан өргөдлийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, контрактыг цуцласан байна./хх-4 тал/

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлсөн шийдвэрт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн бүрдүүлбэрээр шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан баримт хэрэгт авагдсан байгаа тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ.

 

Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн контрактын гэрээг нэхэмжлэгч Ө.О нь хариуцагч ТӨБЗГтай байгуулсан байна. /хх-33-40 тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд контракт байгуулах ба түүний агуулгыг тодорхойлсон ба талуудын хооронд байгуулсан контрактын гэрээ хуульд нийцсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д контрактад заасан үндэслэл бий болсон бол хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох ба мөн хуулийн 41 дүгээр зүйлд контрактыг цуцлах үндэслэл, журмыг заасан байна.

 

Талуудын хооронд байгуулсан Контрактын гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дууссан ба талууд гэрээг цааш сунгаагүй боловч нэхэмжлэгч Ө.О ажил үүргээ гүйцэтгэж, цалин хөлс, урамшуулал зэргийг авч, зохих шимтгэл, татварыг төлж байсан үйл баримтыг контрактын гэрээ өмнөх нөхцөлөөр үргэлжилж байсан гэж үзлээ.

 

Хариуцагч нь контрактын гэрээний 5.2.2-т контрактын хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол контрактыг дуусгавар болгохоор заасан гэж маргаж байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал энэ үндэслэлээр гараагүй байна.

 

Нэхэмжлэгч Ө.О нь ТӨБЗГт 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөх хүсэлт гаргаж, хүсэлтдээ 2019 оны 8-р сарын 01-ний өдөр ажлаа өгөх хүсэлтэй байна. /7-р сард багтааж/ гэж дурьджээ. /хх/32 тал/

 

Нэхэмжлэгч Ө.Оын гаргасан хүсэлтийг шийдвэрлэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай байсан, тодруулбал, төрийн өмчит үйлдвэрийн газрын даргыг томилохдоо ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг шалгах шаардлагатай байдаг, түүнчлэн тухайн үед Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга томилогдоогүй байсан, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 372 дугаар тогтоолоор З.Мэндсайхан дарга томилогдож, түүний дараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа боловч Ө.Оын оронд өөр хүн томилуулахаар холбогдох ажиллагаа хийсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймээс Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай Ө.Оын гаргасан ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг өргөдөл гаргасан хугацаанаас хойш 5 сарын дараа шийдвэрлэхдээ өргөдөл гаргагчийн хүсэл зоригийг тодруулаагүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, контрактын гэрээний хугацаа дуусахад контракт дуусгавар болох ба энэ үндэслэлээр ажил олгогч Ө.Оыг ажлаас чөлөөлөхөд түүний өргөдлийг авах шаардлагагүй, түүнчлэн Ө.О нь ажил үүргээ гүйцэтгэж, 2019 онд цалин, урамшуулал авч байгаа үйлдэл нь түүнийг цааш ажиллуулахыг ажил олгогч зөвшөөрч байсан гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Ө.Оыг Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговорт 8,013,636 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар зэрэг зохих суутгал хийн, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлвэрийн газрын нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалингын дундаж цалин хөлс 2,150,000 төгрөгийг ажилгүй байсан 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 3 сар 16 хоногоор тооцож, 8,013,636 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Оыг Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилсугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Ө.От ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговорт 8,013,636 төгрөг гаргуулж, уг олговроос нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар зэрэг зохих шимтгэл, татварыг суутган, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийхийг Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлвэрийн газрын нягтлан бодогчид даалгасугай.

 

3. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 143,168 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ