Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/01284

 

Ө.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00883 дугаар шийдвэртэй

Ө.Оын нэхэмжлэлтэй хариуцагч ТӨБЗГт холбогдох

Ажлаас буруу халагдсан болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунсанаа, түүний өмгөөлөгч Г.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цээнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.О түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунсанаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.О нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажилласан. Гэтэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 466 тоот тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Би 2019 оны 06 дугаар сард ажлаа өгөх хүсэлт гаргаж байсан боловч ажил олгогчтойгоо амаар харилцан тохиролцсоны үндсэн дээр миний хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байхад гэнэт халсан нь хууль бус гэж үзэж байна. Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд хандсан боловч 09-ний өдрийн 101/ШЗ2019/20220 тоот шүүгчийн захирамжаар бүрдүүлбэр дутуу гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 20220 тоот захирамжийг шүүгчийн туслахын дуудсаны дагуу аваад дахин нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байгаа тул мөн хуулийн 79.7-г үндэслэн өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолж байгаа тул хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цээнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ТӨБЗГ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйл, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тус газрын 2017 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам-ын 2.1-т заасныг тус тус үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ө.Отай байгуулах контрактыг 1 жил хүртэл хугацаагаар байгуулсан. Уг контрактын гэрээ 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болж, дахин сунгагдаагүй билээ. Тус контрактын 5.2.2-т контрактын хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол контракт дуусгавар болохоор заасан байдаг бөгөөд Ө.О нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ажлаас гарах хүсэлтээ өгсөн. ТӨБЗГ нь Ө.Оын ажлаас гарах хүсэлтийг хүлээн аваагүй зүйл байхгүй ба тэрээр ажлаа өгөх хүсэлт өгсний дараа бичгээр болон амаар буцаж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж хандаагүй бөгөөд Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилох этгээд тодорхойгүй байсны улмаас түүнийг тус газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 466 дугаар тогтоолоор ажилтны өөрийн санаачилгаар чөлөөлсөн. Иймд ажилтны хүсэл зоригийн дагуу Ө.Оыг ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн ажлаас буруу халсан болохыг тогтоож, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Оыг Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ө.От ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговорт 8 013 636 төгрөг гаргуулж, уг олговроос нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар зэрэг зохих шимтгэл, татварыг суутган, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийхийг Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлвэрийн газрын нягтлан бодогчид даалгаж, нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 143 168 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цээнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийн нөхцөд байдлыг үнэн зөв бодитой талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. ТӨБЗГ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйл, тус газрын 2017 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн компанийн захиралтай байгуулах дүгнэх журам”-ын 2.1-т заасныг тус тус үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ө.Отай байгуулах контрактыг 1 жил хүртэл хугацаагаар байгуулж контрактын хугацаа 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон. Тус контракт нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болох үед талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу дахин 1 жилээр сунгагдаж нэхэмжлэгч Ө.О нь үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэж байсан. Контракт сунгагдсаны дараа буюу 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Ө.О нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр өгсөн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасны дагуу ТӨБЗГ нь 2019 оны 11 дүгээр сарын 466 дугаар тогтоолоор Ө.Оын санаачилгаар контрактыг цуцалж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ө.Отай байгуулсан контрактын 2018 оны биелэлтийг сайн гэж дүгнэж, урамшуулалд 13 082 916 төгрөг 2019 оны 11 дүгээр сард олгосон. Тодруулбал 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ө.Отай байгуулсан контрактын 1.5-д “...контрактын хугацаа дуусгавар болох үед “Төрийн өмчит үйлдвэрийн газр, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам”-ын дагуу дүгнэнэ”, Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн компанийн захиралтай байгуулах, дүгнэх журмын 4.1-т “Контрактын биелэлт нь “Сайн” гэж дүгнэсэн, цэвэр ашгийн төлөвлөгөөг биелүүлсэн, төрийн өмчийн ногдол ашгийг төлөвлөгөөг биелүүлсэн төрийн өмчийн ногдол ашгийг бүрэн төвлөрүүлсэн, улс орон нутгийн төсөвт өр төлбөргүй захиралд урамшуулал олгоно" гэж заасны дагуу Ө.Отай 2018 онд 1 жилийн хугацаатай байгуулсан контрактын биелэлтийн урамшууллыг 2019 оны 11 дүгээр сард олгосныг  шүүх анхаарч үзэлгүйгээр Ө.Оын ажлаас гарах өргөдлийг авах шаардлагагүй байсан, түүнчлэн Ө.О нь ажил үүргээ гүйцэтгэж, цалин урамшуулал авч байгаа нь ажил олгогч ажиллуулахыг зөвшөөрч байна гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заалтыг буруу тайлбарлан, хэргийг үнэн зөв, бодитой талаас нь дүгнэж шийдвэрлээгүй гэж үзэж байна. Геологийн төв лаборатори” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай Ө.Оын гаргасан ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг өргөдөл гаргасан хугацаанаас хойш 5 сарын дараа шийдвэрлэхдээ өргөдөл гаргагчийн хүсэл зоригийг тодруулаагүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ гэж хуулийг буруу тайлбарлаж, дүгнэсэн. Ө.О нь гаргасан нэхэмжлэлдээ ажил олгогчтойгоо амаар харилцан тохиролцож буцаж ажиллахаар болсон гэж маргадаг. Гэтэл ажлаас гарах өргөдлөө өгснөөс хойш ТӨБЗГт өргөдлөөсөө татгалзсан талаар болон ажлаа үргэлжлүүлж хийх хүсэлтэй байгаагаа ямар нэгэн байдлаар илэрхийлээгүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч Ө.Отай 2018 оны 05 дугаар сард байгуулсан контрактын биелэлтийн урамшууллыг 2019 оны 11 дүгээр сард олгохдоо түүний хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж байгаа тухай амаар мэдэгдэж байсан ба Ө Оюунбаатар ч энэ тухайгаа мэдэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1-н дагуу ажилтны гаргасан өргөдлийг үндэслэж контрактыг цуцлахад ажилтны хүсэл зоригийг нь тодруулах зохицуулалт хуулиар зохицуулаагүй бөгөөд Ө.О нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж, ажлаас гарах хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлж байхад шүүх өргөдөл гаргагчийн хүсэл зоригийг тодруулалгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв, бодитой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн дахь хэсэгт ‘Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дарга, орон тооны бус найман гишүүнээс бүрдэнэ..’’, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "... Захирлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар, хүрээний яам, агентлагтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө" гэж тус тус заасны дагуу төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлыг томилох эсвэл чөлөөлөхдөө ТӨБЗГ нь хурлаар буюу хамтын шийдвэрээр шийдвэрлэж тогтоол гаргадаг. Нэхэмжлэгч буцаж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн баримт эсвэл ажил олгогч гэж яг хэнтэй, хэрхэн тохиролцсон талаарх баримт хэрэгт огт авагдаагүй байхад ажил олгогчтойгоо тохиролцсон, түүнийг ажиллуулахыг зөвшөөрч байсан гэж үзнэ хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00883 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ө.О нь хариуцагч ТӨБЗГт холбогдуулан ажлаас буруу халагдсан болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч “...ажилтны хүсэл зоригийн дагуу түүнийг ажлаас нь чөлөөлсөн” гэсэн үндэслэл заан маргажээ. /хх.1, 30-31/

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тушаалаар нэхэмжлэгч Ө.Оыг “Геологийн төв лаборатори”-ийн төрийн өмчийн үйлдвэрийн газрын захирлын албан тушаалаас чөлөөлж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Төрийн болон  орон нутгийн өмчийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, “Геологийн төв лаборатори” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Ө.Отай байгуулсан контрактын 5 дугаар зүйлийн 5.2.7-д заасныг үндэслэсэн байна. /хх.4/

ТӨБЗГ нь нэхэмжлэгч Ө.Отай 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Геологийн төв лаборатори төрийн өмчийн үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контракт”-ын гэрээ байгуулж, түүнийг Төрийн өмчийн үйлдвэрийн газрын Геологийн төв лаборатарийн захирлаар томилжээ. /хх.33-40/

Талуудын хооронд байгуулсан Контрактын гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дууссан боловч нэхэмжлэгч Ө.О ажил үүргээ гүйцэтгэж, цалин хөлс, урамшуулал зэргийг авч, зохих шимтгэл, татварыг төлж байсан үйл баримтаас үзэхэд контрактын гэрээ өмнөх нөхцөлөөр үргэлжилж байсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэж заасан.

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ө.О нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр  гаргасан, ажил олгогч 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 466 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авснаас 5 сарын дараа ажлаас нь чөлөөлжээ. 

Ажил олгогч ажилтны ажлаас гарах хүсэлтийг үндэслэн тухайн үед нь түүнийг чөлөөлөөгүй, тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар ажлын байраа орхиогүй, хөдөлмөрийн харилцаа үргэлжилсэн байна. Энэ тохиолдолд ажил олгогчийн зүгээс ажилтны 5 сарын өмнө гаргасан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэл зоригийн илэрхийлэл хэвээр байгаа эсэхийг тодруулалгүйгээр ажлаас чөлөөлсний улмаас шийдвэр нь хууль бус болжээ. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтныг хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй болсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ө.Оыг Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговорт 8 013 636 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар зэрэг зохих суутгал хийн, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд хариуцагч байгууллагын “...нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлсөн” гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хүлээж авах боломжгүй.

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож, ажил олгогчоос 8 013 636 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох” журмын 7 дахь заалттай нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.