Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 381

 

 

 

 

 

 

 

 

 

“АБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.М даргалж, шүүгч Д.Ц, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/03545 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “АБ” ХХК-ийн хариуцагч Э.Э-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5 465 079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О  илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, хариуцагч Э.Э,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.  

Нэхэмжлэгч “АБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АБ” ХХК нь Э.Э-тэй 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 13/351 тоот санхүүгийн түрээсийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 10 469 000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Гэвч зээлдэгч Э.Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2014 оны 3 дугаар сараас эхлэн зээл, зээлийн хүүний төлбөрийн хуваарийг зөрчсөн тул зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д заасны дагуу барьцаа хөрөнгө болох 40-32 УНД улсын дугаартай автомашиныг худалдан борлуулж зээлийн төлбөрөөс төлүүлсэн. Э.Э-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 404 142.53 төгрөг, зээлийн хүү 56 297.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 639.35 нийт 5 465 079 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 40-32 УНД приус-20 автомашиныг 14 500 000 төгрөгөөр худалдаж авсан ба 4 500 000 төгрөгийг бэлнээр төлж, 10 469 000 төгрөгийг санхүүгийн түрээсийн гэрээ болон барьцааны гэрээгээр авсан, дараа нь ажилгүй болсон тул үндсэн зээл, хүүгийн төлөлтийг хугацаандаа төлөөгүйд маргахгүй. Гагцхүү 2015 оны 6 дугаар сард өөрийн биеэр “АБ” ХХК-ийн төв байранд очиж “зээл төлөх боломжгүй” гэж хэлж тус автомашиныг хүлээлгэн өгөхөөр очсон. Тухайн үед ажиллаж байсан хуулийн зөвлөх “таны автомашиныг зээлийн үлдэгдэл төлбөрт тооцож авлаа, одоо зээлийн үлдэгдэлгүй” гэж, хэд хэдэн баримтад гарын үсэг зуруулж авсан. Мөн тус машин нь энэхүү нэхэмжлэлд тусгагдсан үнээр зарагдахаар автомашин биш, одоо ч зах зээлд өндөр үнэтэй байгаа. “АБ” ХХК-ийн хуулийн зөвлөх тус автомашиныг зээлийн төлбөрт тооцож авсан атлаа зах зээлийн үнээс хэт доогуур үнээр борлуулсан, энэ тухай мэдэгдээгүй байна. Автомашиныг борлуулах гэж буй мэдээллээр хангаагүй атлаа 3 жилийн дараа энэ талаар дахин маргаж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 5 465 079 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 392 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13/351 тоот санхүүгийн түрээсийн зээлийн гэрээг байгуулж 24 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэй, зээлийн гэрээний барьцаанд 40-32 УНД улсын дугаартай автомашиныг барьцаалсан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн байна гэжээ. Гэтэл Анхан шатны шүүх дүгнэхдээ зээлийн гэрээг “...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг удирдлага болгон Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс буюу барьцаа хөрөнгө болох автомашиныг худалдан борлуулах өдрөөс эхлэн тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх гэрээ нь бодитоор байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлэн, нотариатаар гэрчлүүлж, хариуцагч гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн хүчин төгөлдөр гэрээ юм. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусах байсан ба хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар 75.2.1-д зааснаар гэрээний дуусах хугацаанаас хойш тооцох ёстой гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зээлийн болон барьцааны цуцлагдсан гэж үзсэн бөгөөд гэрээ цуцлах талаар баримтгүй, талуудын хооронд тохиролцсон асуудалгүй, банкны зүгээс гэрээ цуцлах талаар албан бичиг өгөөгүй гэжээ. 13/351 тоот санхүүгийн түрээсийн гэрээг дутуу үнэлсэн. Зээлийн гэрээний 2.6-д зээлдэгчийн барьцаа хөрөнгө зээлийн төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй бол бусад хөрөнгө орлогоор төлнө, 3.3, 3.4 дахь заалтуудыг харгалзан үзээгүй нь алдаатай. Банк нь зээлийн гэрээний 3.7, зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам, санхүүгийн түрээсийн зээлийн журам зэрэгт үндэслэн барьцаа хөрөнгийг худалдсан тохиолдолд зээлийн хүүг зогсоох арга хэмжээ авдаг бөгөөд түүний дагуу зээл, зээлийн хүүг барьцааны зүйл болох автомашиныг худалдан борлуулснаар хүүг зогсоосон. Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д талууд харилцан тохиролцож, зөвшилцөж хүрээгүй, банк дангаар цуцлаагүй тохиолдолд Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан. Шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлэхгүй, хариуцагчийн гаргасан тайлбарт тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан автомашиныг хураан авсан гэх тухайн үед ажиллаж байсан ажилтан Ч.Ууганбаярын гэрчийн мэдүүлэг, хариуцагчтай барьцаа хөрөнгө болох автомашин хураан авах үед хийгдсэн уулзалтын тэмдэглэл зэргийг дүгнээгүй, хариуцагчийн аман тайлбарт дүгнэлт өгч 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 13/351 тоот санхүүгийн түрээсийн зээлийн гэрээг 2015 оны 6 дугаар сарын 15-ны цуцлагдсан хэмээн үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “АБ” ХХК нь хариуцагч Э.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 465 079 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг /хх1/ хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлээ зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт тооцож автомашинаа өгснийг хүлээн авсан тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж маргажээ./хх22/

Нэхэмжлэгч “Эрэл банк” ХХК 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Э.Э-тэй санхүүгийн түрээсийн болон барьцааны 13/351 тоот гэрээг байгуулсан байх бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 02 тоот хувь нийлүүлэгчдийн шийдвэрээр “АБ” ХХК болгон өөрчилсөн талаар баримт хэргийн 5 дугаар талд авагдсан тул “АБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлтэй.

Зохигчид 10 469 000 төгрөгийн зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул 4032 УНД улсын дугаартай приус маркийн автомашиныг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэл үйлдэн /хх43/ зээлдүүлэгчид шилжүүлсэн, уг автомашиныг 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 7 000 000 төгрөгөөр худалдан борлуулж /хх31/ гэрээний үүрэгт тооцсон үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчдын хооронд санхүүгийн түрээс нэртэй гэрээ байгуулагдсан боловч хариуцагч автомашин худалдан авах зорилгоор “АБ” ХХК-иас 10 469 000 төгрөгийн зээл авч автомашинаа барьцаалсан, зээлийн хөрөнгийг хүлээн авсан тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний үүрэг талуудад үүссэн гэж шүүх зөв дүгнэсэн.

Зээлдэгч Э.Э нь 13/351 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ээр тогтоосон зээл, зээлийн хүүг гэрээний 1.2-т заасан хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн тул зээлдүүлэгчээс 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулийн арга хэмжээ авахыг анхааруулсан мэдэгдлийг хүргүүлсэн, зээлдэгч Э.Э нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр барьцааны хөрөнгө болох автомашиныг зээлийн төлбөрт тооцож банканд хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагджээ. /хх16,43/

Зээлдэгч Э.Энхбаатарын “зээлийг төлж чадахгүйгээ хэлээд автомашиныг үлдэгдэл төлбөрт тооцуулахаар хүлээлгэн өгсөн, банкны хуулийн зөвлөх залуу автомашиныг зээлийн үлдэгдэл төлбөрт тооцож авлаа, танд зээлийн үлдэгдэл байхгүй” гэж хэлсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр автомашиныг хүлээн авснаас хойш зээлийн үлдэгдлийг шаардсан баримтыг гаргаагүй байна.

Мөн барьцааны зүйлийг барьцааны гэрээний 1.4-т 14 500 000 төгрөгөөр талууд харилцан тохиролцож тогтоосон үнээс даруй 2 дахин бага үнээр үнэлэгдэж 7 000 000 төгрөгөөр борлогдсон тухай зээлдэгч буюу хариуцагчид мэдэгдсэнээ баримтаар нотлоогүй тул зээлийн гэрээний 2.5-д заасан барьцааны зүйлийг борлуулахаар хамтран ажиллах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Түүнчлэн зээлдэгчид 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэл хүргүүлж хугацаа олгосон нь үр дүнд хүрээгүй, улмаар зээлийн гэрээний үүргээ зөрчсөн зээлдэгчээс барьцааны зүйлийг банкны мэдэлд шилжүүлэн авсныг гэрээний 2.5-д зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө талууд харилцан тохиролцож, цуцалсан гэж үзэх үндэслэлтэй, шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймээс хэрэв үлдэгдэл төлбөртэй бол гэрээ цуцлагдсан үеэс нэхэмжлэгч нь шаардах эрхтэй бөгөөд шүүхэд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргах хүртэл шаардах эрхээ хэрэгжүүлснээ нотлоогүй тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.1-д заасан гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдлыг зөв дүгнэсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/03545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “АБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “АБ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.М

 

                                               ШҮҮГЧИД                            Д.Ц

 

                                                                                            А.О