Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 03549

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 27 өдөр                   Дугаар 102/ШШ2018/03549                             Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А банк ХХК/РД:2111683/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Э-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5,465,079 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, хариуцагч Э.Э, гэрч Ч.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: “Эрэл банк” буюу одоогийн зээлдэгч А банк ХХКнь Э.Этай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 13/351 тоот санхүүгийн түрээсийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10,469,000 төгрөгийн зээлийг, жилийн 27,6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар олгосон. Гэвч зээлдэгч Э.Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2014 оны 03 дугаар сараас эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрийн хуваарийг зөрчсөөр байсан тул 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр А банк ХХКнь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д заасны дагуу барьцаа хөрөнгө болох 40-32 УНД улсын дугаартай автомашиныг худалдан борлуулж зээлийн төлбөрөөс төлүүлсэн. Өнөөдрийн байдлаар зээлдэгч Э.Э нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,404,142.53 төгрөг, зээлийн хүү 56,297.84  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,639.35 нийт 5,465,079 төгрөгийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт бодогдсон үндсэн зээл, зээлийн хүүг нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Э.Э миний бие “Ариг банк” ХХК-иас 2018 оны 08 дугаар сарын 09-нд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2013 оны 11 дүгээр сарын 25-нд би 40-32 УНД приус 20 автомашиныг 14,500,000 төгрөгөөр худалдаж авсан ба 4,500,000 төгрөгийг өөрөөс бэлнээр төлж 10,469,000 төгрөгийг санхүүгийн түрээсийн гэрээ болон барьцааны гэрээгээр авсан нь үнэн юм. Тэр үед ажилгүйдлийн улмаас үндсэн зээл болон хүүгийн төлөлтийг алдагдуулж байсан нь мөн үнэн. Гагцхүү 2015 оны 06 дугаар сард би өөрийн биеэр “Ариг банк” ХХК-ийн төв байранд очиж “би энэхүү зээлийг төлж чадахгүй нь ээ” гэж хэлэн тус автомашиныг хүлээлгэж өгөхөөр очсон. Тухайн үед ажиллаж байсан хуулийн зөвлөх залуу “Таны машиныг зээлийн үлдэгдэл төлбөрт тооцож авлаа. Одоо танд зээлийн үлдэгдэл байхгүй” гэж хэлсэн ба надаар хэд хэдэн баримтад гарын үсэг зуруулж авч үлдсэн. Мөн тус машин нь энэхүү нэхэмжлэлд тусгагдсанаар зарагдахаар машин байгаагүй ба одоо ч зах зээлд өндөр үнэ ханштай автомашинд тооцогдсоор байгаа. Тиймээс Монгол улсад нэр хүнд бүхий “Ариг банк” ХХК-ийг төлөөлж буй хуулийн зөвлөх нь энгийн эгэл ард иргэдийг итгэл үнэмшлээр нь тоглож буйд харамсаж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь “Ариг банк” ХХК-ийн хуулийн зөвлөх тус автомашиныг зээлийн төлбөрийг дуусгавар болсонд тооцож хүлээж авсан баримт үйлдэж гарын үсэг зуран хүлээлгэж өгсөн. Зах зээлийн үнээс хэт доогуур үнээр зарагдсан. Эргэн хариуцлагад татах байсан юм бол тухайн автомашиныг борлуулах гэж буй мэдээллээр хангаагүй ба 3 жилийн дараа ийм нөхцөл байдал үүсч байгаад харамсаж байна. Үүний учир та бүхэн үнэн зөвөөр хянаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А Банк ХХКнь хариуцагч Э.Эт холбогдуулан зээлийн төлбөрийн үлдэгдэл 5,404,142.53 төгрөг, зээлийн хүү 56,297.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,639.35 төгрөг нийт 5,465,079 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн төлбөрийн үлдэгдлийг барьцаа хөрөнгөөр барагдуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч А банк ХХКнь хариуцагч Э.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 5,465,079 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл “Эрэл банк” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн шийдвэрээр “Эрэл банк  ХХК-ийн нэрийг өөрчиж А банк ХХКболгосон байна. /хх-ийн 5 дугаар тал/ Хуулийн этгээд нэрээ өөрчилсөн нь өмнөх шаардлага, шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч А банк ХХКбуюу тухайн үеийн “Эрэл банк” ХХК нь хариуцагч Э.Этай 2013 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр З13/351 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг 24 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, бичгээр байгуулсан байна. Мөн талууд санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг байгуулан “Тоёота пириус” маркийн 4032 УНД улсын дугаартай автомашиныг барьцаалсан байна. /хх-ийн 6-9 дүгээр тал/

 

Талууд байгуулсан гэрээгээ Санхүүгийн түрээсийн гэрээ гэж нэрлэсэн байх хэдий ч хариуцагч автомашин худалдан авах зорилгоор нэхэмжлэгчээс автомашин барьцаалан зээл авсан, нэхэмжлэгч зээл олгосон зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дугаар зүйлд заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал, 10,469,000 төгрөгийн зээлж авсан, хариуцагч нь зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй болсноос барьцаалсан “Тоёота пириус” маркийн 4032 УНД улсын дугаартай автомашиныг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэл үйлдэн “Ариг банк” ХХК-д шилжүүлэн өгсөн, А банк ХХКнь уг автомашиныг 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 7,000,000 төгрөгөөр худалдсан боловч барьцааны хөрөнгийг худалдан борлуулах, худалдсан талаар хариуцагчид мэдэгдээгүй тухайд маргаагүй. Мөн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш  зээлийн үлдэгдэл төлбөр үлдсэн талаар хариуцагчид мэдэгдэж, шаардлага гаргаагүй байна.

 

Зээлдэгч зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсноо мэдэгдсэнээр зээлдэгч барьцааны зүйлийг шилжүүлэн авч, худалдан борлуулсан нь талууд зээлийн болон барьцааны гэрээг мөн өдөр цуцлагдсан гэж үзнэ. Гэрээ цуцлагдсанаас хойш буюу 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардаагүй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа гурван жил байна гэж заасан. Энэ хугацаанд нэхэмжлэгч зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл шаардаах шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч үүргийг зөвшөөрөөгүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

 

Иймд хариуцагч Э.Эаас 5,465,079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хариуцагч Э.Эаас 5,465,079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,392 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР