Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2018/01292

 

 

 

 

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2018/01292

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Бийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А

 

Хариуцагч: Б ХХК холбогдох

 

2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, 35,000,000 төгрөг гаргуулах, Япон Улсаас захиалан оруулж ирсэн түүхий кофены үнийг илүү төлүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн 766,734 иен буюу 17,389,527 төгрөг гаргуулах, Б ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж зарцуулсан 8,830,645 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М/шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0419/, хариуцагч нарын өмгөөлөгч Н.З/шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2599/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, өмгөөлөгч Б.Мнар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Ань Д.Бтэй 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулах үедээ тэрээр компанид Ч.Этай хамтран нэг хүний 35,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан, компанийн гол хөрөнгө нь Реаbеrrу барааны тэмдэг хэмээн итгүүлсэн юм. Миний бие Б.А, Ч.Э нарын өгсөн энэхүү мэдээлэлд үндэслэн БХХК-ийн 51 хувийн хувьцааг 35,000,000 төгрөгөөр худалдан авсан. Өөрөөр хэлбэл БХХК-ийн 51 хувийн хувьцааг 35,000,000 төгрөгөөр тогтоох талаарх бидний хүсэл зориг: уг компанийг байгуулахад Б.А, Ч.Э нар нийтдээ 70,000,000 төгрөгийг хөрөнгө оруулсан, компанийн гол хөрөнгө нь Реаbеrrу брэнд юм байна гэсэн мэдээлэлд тулгуурласан. Гэтэл бодит байдал дээр 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулах хүртэл хугацаанд БХХК-д 70,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт огт хийгдэж байгаагүй, тус компанийн өмчлөлд Реаbеrrу барааны тэмдэг байдаггүй болох нь хожим тодорхой болсон учраас миний бие хариуцагч Б.Ад хандан хувьцааны үнэд төлсөн 35,000,000 төгрөгийг буцаан авах шаардлага гаргасан юм. Ийнхүү хариуцагч Б.Ань 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулахдаа компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрх хувьцааны үнэлгээний талаар худал мэдээлэл өгч хууран мэхэлсэн байсан тул эдгээр гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт заасан Хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл-д тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ад холбогдуулан гаргаж байна.

Нэхэмжлэгч нь БХХК-ийн 51 хувийн хувьцааг худалдан авсаны төлбөрт тооцож 35,000,000 төгрөгийг хариуцагч Б.Агийн хүсэлтээр Худалдаа хөгжлийн банкин дахь БХХК-ийн  тоот дансанд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн болно. Хавтаст хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкин дахь БХХК-ийн  дансны хуулгыг үзвэл нэхэмжлэгч нь 35,000,000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэнийг БХХК хүлээн авсан байх бөгөөд энэ өдрөө 15,000,000 төгрөгийг, 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 4,441,000 төгрөгийг, нийт 19,441,000 төгрөгийг Б.Ахувьдаа авсан болох нь харагддаг. Үлдэх хэсгийг БХХК нь өдөр тутмын үйл ажиллагаандаа зарцуулсан байдаг. Д.Б нь БХХК-ийн өмнө ямар нэгэн төлбөр төлөх, өр барагдуулах, зээл олгох зэрэг гэрээний болон гэрээний бус үүрэг хүлээгээгүй байтал БХХК нь Д.Бээс шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг мэдсээр байж хүлээн авч, буцаан шилжүүлэхгүй үрж дуусгасан байна. Иймд 35,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд Б.Аболон БХХК хамтран хариуцах ёстой гэж үзэж байгаа тул Б.Аболон БХХК-иас 35,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Д.Б нь Б ХХК-ийн Япон Улсаас захиалан худалдаж авсан түүхий кофены төлбөрт Б.Агийн гаргаж өгсөн зохиомол баримтад үндэслэж бодит үнэлгээнээс гадна 766,734 иен буюу 17,389,527 төгрөгийг илүү төлсөн. Кофены түүхий эд худалдан авах ажлын хүрээнд буюу түүхий кофе худалдан авахад зориулж Б.Агийн хэлсэнээр Япон улсаас оруулж ирэх 990 кг түүхий кофены үнэд 1,232,182 иенийг 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр, 240 кг кофены үнэд 301,286 иенийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Япон улсад байх түүний нагац ах Д.Ох нь дансанд тус тус шилжүүлсэн. Гэтэл дээрх кофег нийлүүлсэн Япон Улсын Катория Филд компаниас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэх болон бусад бодит баримтуудаас харахад Б.Ажинхэнэ үнээс 1 дахин илүү мөнгийг надаас илүү авч байсан болох нь хожмоо тодорхой болсон.

Нэхэмжлэгч нь шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Б.Агээс Япон Улсаас захиалан оруулж ирсэн түүхий кофены үнээс нэг дахин илүү мөнгө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн 766,734 иен буюу 17,389,527 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар Монгол банкнаас зарласан иенийн ханш 23.04 төгрөг, ам.долларын ханш 2,388.45 төгрөг байсан. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцож, хариуцагч Б.Агээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 17,665,551 төгрөгийг (766,734 иен*23.04 төгрөг=17,665,551 төгрөг) гаргуулж өгнө үү хэмээн өөрчилж байна. Ийнхүү нэхэмжлэгчээс 17,665,551 төгрөг илүү төлүүлж, хохироосон үйлдэл нь иргэн Б.Агийн санаатай, хууль бус үйл ажиллагаа мөн тул энэхүү нэхэмжпэлийн шаардлагыг иргэн Б.Ад холбогдуулан гаргаж, түүнээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 17,665,551 төгрөг нэхэмжилсэн болно.

Нэхэмжпэгч нь Б.Агийн хэлсэн ёсоор тухайн үед компанийн төлөх ёстой байсан эд хөрөнгө худалдан авах, өдөр тутмын түүхий эд худалдан авах, кофе худалдан авах, засварын зардал, түрээсийн төлбөр төлөх, шаардлагатай бусад төлбөрүүдийг цаг алдалгүй хувиасаа төлж байсан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн: компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэсэн заалт болон 9.3 дахь хэсгийн: хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ" гэсэн заалтын дагуу компанийн хувьцаа эзэмшигчийн хөрөнгө, компанийн хөрөнгө нь тусдаа байдаг. Тиймээс нэхэмжлэгч Б ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж хувиасаа гаргасан мөнгөө буцаан авах нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Тухайн үед эдгээр мөнгийг нэхэмжлэгч Б ХХК-д зээл хэлбэрээр олгосон тул компани нэхэмжлэгчид буцаан төлөх ёстой билээ. Ийнхүү Д.Бээс кофены үйлдвэр байгуулах байр олох, түүнийг засварлах, түрээслэх зэрэг ажиллагаанд ойролцоогоор 25,000,000 төгрөг, шаардлагатай бусад төлбөр 23,482,240 төгрөгийг төлөх зэргээр компанийн төлөх ёстой байсан нийтдээ 48,482,240 төгрөгийг хувиасаа зарцуулсан байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа Б ХХК-ийн үйл ажиллагаанд хувиасаа зарцуулсан нийт 10,776,600 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр энэхүү шаардлагыг 8,982,522 төгрөг болгож багасгасан болно.

Нэхэмжлэгчээс БХХК-ийн үйл ажиллагаанд зориулж хувиасаа зарцуулсан мөнгийг дурьдвал:

Д.Б хувиасаа төлсөн Б ХХК-ийн зардлууд

Дүн

1

Pos system-ийн төлбөр /2015.06.18/

1,100,000 төгрөг төлсөн

2

Хөлдөөгчний төлбөр /2015.06.22/

2,844,000 төгрөг

3

Түрээсийн төлбөр /2015.07.18/

1,200,000 төгрөг

4

Кофены төлбөр /2015.07.24/

3,000,000 төгрөг

5

Тээврийн зардал /2015.06.23/

312,600 төгрөг

6

Голомт банкинд төгрөгийн дансны доод үлдэгдэл /2015.10.20/

20,000 төгрөг

7

Голомт банкинд иений дансны доод үлдэгдэл /2015.10.20/

5,000 иен буюу 115,200 төгрөг

8

Голомт банкинд ам.долларын дансны доод үлдэгдэл /2015.10.20/

100 ам.доллар буюу 238,845 төгрөг

 

нийт

8,830,645 төгрөг

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагад буй гадаад валютаар нэхэмжилсэн дүнг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцвол 5000 иен*23.04 төгрөг=115,200 төгрөг, 100 ам.доллар*2,388.45 төгрөг=238,845 төгрөг байна. Иймд Б ХХК-иас нийт 8,830,645 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.А, Б ХХК, тэдгээний итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгч Н.Знар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Б нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Атэй хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулан компаний 51 хувийн хувьцааг худалдан авч, компаний хувьцаа эзэмшигч болсон байдаг. Анх Д.Б нь компанийн 33 хувийг худалдаж авахаар тохиролцсон боловч гэрээг байгуулахад кофе боловсруулах үйлдвэр байгуулах, түүний үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явуулахад оруулах хөрөнгө оруулалтаа буцаан авч дуустал 51 хувийн хувьцааг 35,000,000 төгрөгөөр худалдан аваад, хөрөнгө оруулсан мөнгөө гаргаж авсны дараа хувьцааны 12 хувийг буцаан өгье гэснийг Б.Ань хүлээн зөвшөөрч хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсан байдаг. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч Б.Ань үүргээ биелүүлж компаний 51 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн, энэ гэрээний зорилго биелэж, Д.Б нь компаний 51 хувийг эзэмших болсон. Уг гэрээний дагуу Б.Ань Б ХХК-ийн 51 хувийн хувьцааг Д.Бд шилжүүлэн өгч, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагчдын тоог 3 болсныг болон компаний дүрмийг шинэчлэн баталж Улсын бүртгэлд тус тус бүртгүүлсэн. Д.Б нь Хувьцаа худалдах худалдан авах гэрээний төлбөр болох 35,000,000 төгрөгийг компаний хувьцаа эзэмшигч болохоо Улсын бүртгэлд бүртгүүлсний дараа буюу 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр худалдагч Б.Ад бус өөрийн хувь эзэмших болсон Б ХХК-ийн дансанд шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Д.Б нь гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэлээ компанийг хөрөнгөгүй, Пийбэррий брэндийг эзэмшдэггүй байж хуурч төөрөгдүүлж хувьцаагаа худалдсан гэж байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээнүүдэд талууд компанийн хөрөнгийн талаар буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдаад байгаа нөхцлийн талаар тухайлсан тохиролцоог хийгээгүй, Д.Бд Б ХХК-ийн хөрөнгийн талаарх мэдээлийг бүгдийг үнэн зөвөөр өгсөн, үүнийг мэдсэний үндсэн дээр компанид хөрөнгө оруулалт хийхээр болсон. Нэхэмжлэгч Д.Бийн компаниас нэхэмжилж буй хувьцааны үнэ болох 35,000,000 төгрөг нь түүний бус Б.Агийн хөрөнгө тул Д.Б нь шаардлага гаргах эрхий бүхий этгээд биш юм.

Япон улсаас захиалан худалдан авсан кофены төлбөрт нэхэмжлэгчээс 17,389,527 төгрөгийг илүү шилжүүлэн авсан асуудал хариуцагч Б.Ад байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн кофены төлбөрийг шууд Япон улсын нийлүүлсэн компаний данс руу шилжүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч Д.Б нь кофены үйлдвэр барих байр олох, засварлах, түрээслэх зэрэг ажиллагаанд 25,000,000 төгрөг, шаардлагатай бусад төлбөрт 23,482,240 төгрөг буюу нийт 48,482,240 төгөргийг хувиасаа зарцуулсан. Тухайн үед эдгээр мөнгийг нэхэмжлэгч Б ХХК-д зээл хэлбэрээр олгосон тул үүнээс 8,830,645 төгрөгийг төгрөгийг компани буцаан төлөх ёстой хэмээн тодруулжээ.

2015 оны 6 дугаар сарын 18-нд ЮХХК-иас Г Жд 1,100,000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримт /хх-ийн З0, 36/, 2015 оны 6 дугаар сарын 22-нд ЮХХК-иас н.Эд 2,844,000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримт /хх-ийн 31, 37/, 2015 оны 7 дугаар сарын 18-нд Д.Бээс Б ХХК-ийн ХХБанк дахь тоот дансанд 612.24 $ буюу 1,200,000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримт /хх-ийн ЗЗ/, 2015 оны 7 дугаар сарын 24-нд Д.Бээс Б ХХК-ийн тоот дансанд 1.520.53 $ буюу 3,000,000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримт /хх-ийн 34/, 2015 оны 10 дугаар сарын 27-нд Д.Бээс Б ХХК-ийн Голомт банк дахь 2015103406 тоот дансанд 3000$ буюу 357,000 иен шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримт /хх-ийн 35, 42/, 2015 оны 6 дугаар сарын 23-нд ЮХХК-иас н.Эд 312,600 төгрөг шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн бармит /хх-ийн 38/, 2015 оны 10 дугаар сарын 20-нд Д.Бээс Б ХХК-ийн Голомт банк дахь 2015103406 тоот дансанд 5,000 иен шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримт /хх- ийн 39/, 2015 оны 10 дугаар сарын 20-нд Д.Бээс Б ХХК-ийн Голомт банк дахь 2015103405 тоот дансанд 20,000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримт /хх-ийн 40/, 2015 оны 10 дугаар сарын 20-нд Д.Бээс Б ХХК-ийн Голомт банк дахь 2015103403 тоот дансанд 1,000 доллар шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримт /хх-ийн 41/. Нэхэмжлэгчээс гаргасан дээрх баримтуудаас 30, 36 дугаар хуудасны баримтууд, 31, 37 дүгээр хуудасны баримтууд, 35, 42 дугаар хуудасны баримтууд тус тус давхцсан байдаг. Мөн хавтаст хэргийн 30, 31, 34, 35, 36, 37, 38, 42 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь хариуцагчид хамааралгүй баримтууд байдаг. Мөн Б ХХК-д ямар ч шаардлагагүй байхад хувьцаа эзэмшигчийн хувиар Д.Б нь өөрөө Б ХХК-ийн нэр дээр Голомт банкинд 2015103404 тоот долларын данс нээж дансны доод үлдэгдэлд 1000 доллар буюу 1,992,530 төгрөг, 2015103406 тоот иений данс нээж 5000 иен буюу 83,450 төгрөг, 2015103403 тоот төгрөгийн данс нээж 20,000 төгрөгийг тус тус байршуулж, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 3000 долларыг иенд хөрвүүлэн Б ХХК-ийн Голомт банкин дахь 2015103406 тоот иений дансанд шилжүүлсэн байдаг. Дээрх Голомт банк дахь төгрөгийн болон валютын данснуудыг нээх шаардлага Б ХХК-д байгаагүй, хариуцагч огт гүйлгээ хийгээгүй, зөвхөн Д.Б өөрөө гүйлгээ хийж үлдэгдэл нь дансны шимтгэлд авагдсан байдаг. Нэхэмжлэгч нь компаний хувьцаа эзэмшигчийн хувиар ч, иргэний хувиар ч Б ХХК-д зээл олгосон, хөрөнгө оруулсан асуудал огт байхгүй, компаний зүгээс нэхэмжлэгчийн тавьж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Б.Аболон Б ХХК-д холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь Б.Аболон Б ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулсантай холбогдуулан дараахи нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлсэн байна. Үүнд:

 

Хариуцагч Б.Ад холбогдуулан

-       2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах,

-       Япон Улсаас захиалсан оруулж ирсэн түүхий кофены үнийг илүү төлүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн 766,734 иен буюу 17,665,551 төгрөгийг гаргуулах,

 

Хариуцагч Б ХХК-д холбогдуулан

-       Б ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж нэхэмжлэгч хувиасаа зарцуулсан 8,830,645 төгрөгийг гаргуулах,

 

Хариуцагч Б ХХК болон Б.Анарт холбогдуулан

-       Б ХХК-ийн дансанд шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг гаргуулахаар тус тус шаарджээ.

 

Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ань Д.Бтэй 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 01 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Б ХХК-ийн нэг бүр нь 1000 төгрөг, нийт 510,000 төгрөгийн үнэтэй, 510 ширхэг буюу компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 51 хувийг Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ань Д.Бд шилжүүлэн өгөхөөр, Д.Б нь хувьцааг худалдан авч өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр, 51 хувийн хувьцааг нийт 35,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцон, мөн өдөр талууд Эрх шилжүүлэх тухай гэрээ-г байгуулсан байна.

 

Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоол, мөн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Компанийн хувьцаа шилжүүлэх тухай хувьцаа эзэмшигчдийн шийдвэр тус тус гарсан байна.

 

Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хамтран ажиллах гэрээг 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хувьцаа эзэмшигчид болох Д.Б, Б.А, Ч.Э нар байгуулж, компани нь кофе боловсруулах үйлдвэр байгуулан амжилттай ажиллуулах бөгөөд энэхүү ажлын хүрээнд ... үйлдвэр, үйлчилгээний эрхлэх байрыг засварлах, тохижуулах, үйлдвэрийн тоног, төхөөрөмжийг сонголт хийж, худалдан авах, тоног төхөөрөмжийг угсарч, тохируулга хийх, үйлдвэрийн түүхий эдийг сонголт хийж, худалдан авах, шаардлагатай бусад ... ажлыг гүйцэтгэх-ээр тохирсон нь Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Ийнхүү талууд дээрх хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаас хойш тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулсан боловч энэхүү гэрээгээ дүгнээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 01 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээ-г тус тус Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн буюу ... уг компанийг байгуулахад Б.А, Ч.Э нар нийтдээ 70,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан, компанийн гол хөрөнгө нь Реаbеrrу брэнд юм байна гэсэн мэдээлэлд тулгуурласан боловч эдгээр нь хуурамч байсан тул хууран мэхлэгдсэн гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаарджээ.

 

Реаbеrrу дүрстэй барааны тэмдэг нь иргэн Б.А, Ч.Э нарын эзэмшилд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр барааны тэмдгийн улсын бүртгэлийн 15613 дугаарт бүртгэгдсэн ба, бараа үйлчилгээний олон улсын ангилал нь 35-Кофены худалдаа, 43-Кофе шоп, анхдагч огноо нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр бүртгэгдсэн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/9535 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин Реаbеrrу дүрстэй барааны тэмдэг нь Б ХХК-ийн эзэмшилд бүртгэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Б ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн тодруулга, өмчийн өөрчлөлтийн тайлан зэргээс үзэхэд тус компани нь 70,000,000 төгрөгийн хөрөнгөтэй байсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ань Реаbеrrу дүрстэй барааны тэмдэг нь компанийн эзэмшлийнх биш, мөн компанийн эд хөрөнгийн талаарх мэдээллийг Д.Бд үнэн бодитоор мэдэгдэж, мэдээлэх ёстой байсан байх ба энэ талаарх мэдээллийг нуун дарагдуулсан гэж үзэж үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн Реаbеrrу кофе шопыг Б.Агийн нэр дээр 100 хувийн бүртгэлтэй Б ХХК-иар явуулдаг, энэхүү компанийг үүсгэн байгуулахад 70,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан, компанийн үндсэн үйл ажиллагаа нь Реаbеrrу кофе шоп бөгөөд компанийн үндсэн бүтээгдэхүүн болох Реаbеrrу кофег хэрэглэгчдэд таниулж, брэнд болгоход нилээдгүй цаг хугацаа зарцуулсан, Реаbеrrу брэнд бол Б ХХК-ийн гол өмч нь юм гэж надад итгүүлсэн гэх тайлбар нь үндэслэлтэй байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар давхар нотлогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Б ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 473010554 тоот данс руу 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн, ийнхүү шилжүүлсний дараа Б ХХК болон Б.Анар нь уг данснаас авч зарцуулсан болох нь Голомт банкны төлбөрийн баримт, Б ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

 

Ийнхүү Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй байх тул эдгээр гэрээний дагуу Б ХХК-д Д.Бийн шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар Б ХХК болон Б.Анар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна.

 

Зохигчдын хооронд гэрээнүүд байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч Д.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Реаbеrrу дүрстэй барааны тэмдгийг эзэмшигчийн талаарх мэдээлэл тодорхой болсонтой холбогдуулан хууран мэхэлж хийсэн хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь Япон улсаас оруулж ирэх 990 кг түүхий кофены үнэнд 1,232,182 иенийг 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр, 240 кг кофены үнэд 301,286 иенийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Д.О дансанд тус тус шилжүүлсэн болох нь Д.Отгонбаатараас ирүүлсэн нэхэмжлэл, Голомт банкны мемориалын баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Б.Агийн Япон улсад байх түүний нагац ах Д.О данс руу төлбөрийг шилжүүлсэн, Б ХХК-ийн Япон Улсаас захиалан худалдаж авсан түүхий кофены төлбөрт Б.Агийн гаргаж өгсөн зохиомол баримтад үндэслэж бодит үнэлгээнээс гадна 766,734 иен буюу 17,665,551 төгрөгийг илүү төлсөн тул Б.Ань үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.

 

Учир нь дээр дурьдсан мөнгө шилжүүлсэн баримт болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар Б.Аг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж үндэслэл тогтоогдохгүй байгаагийн дээр Д.Отгонбаатар гэгч нь Б.Агийн нагац ах болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Д.Б нь Б ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж хувиасаа зарцуулсан 8,830,645 төгрөг буюу 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр POS system-ийн төлбөрт 1,100,000 төгрөг /хх-30/, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хөлдөөгчний төлбөрт 2,844,000 төгрөг /хх-31/, 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн төлбөрт 1,200,000 төгрөг /хх-33/, 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр кофены төлбөрт 3,000,000 төгрөг /хх-34/, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тээврийн зардалд 312,600 төгрөг /хх-38/, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Голомт банкинд төгрөгийн дансны доод үлдэгдэл төлбөрт 20,000 төгрөг /хх-40/, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Голомт банкинд иены дансны доод үлдэгдэл төлбөрт 5000 иен буюу 115,200 төгрөг /хх-39/, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Голомт банкинд ам.долларын дансны доод үлдэгдэл төлбөрт 100 ам.доллар буюу 238,845 төгрөг /хх-41/-ийг тус тус төлсөн эдгээрийг хариуцагч Б ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Д.Б, Б.А, Ч.Э нарын 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Д.Б нь гэрээ байгуулагдсаны дараа компанийн үйл ажиллагаанд нэн даруй шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг компанид оруулах бөгөөд компани өөрийн ашгаас энэхүү хөрөнгө оруулалтыг бусад хөрөнгө оруулалт, төлбөрөөс тэргүүн ээлжинд Д.Бд буцаан олгохоор тохирсон байна.

 

Дээрх Д.Бийн компанид зарцуулсан гэх төлбөрийн баримтуудыг үзэхэд ЮХХК-иас 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр POS system-ийн төлбөрт 1,100,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хөлдөөгчний төлбөрт 2,844,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тээврийн зардалд 312,600 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд эдгээрийг нэхэмжлэгч Д.Бийг Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн үйл ажиллагаанд зориулж төлбөрүүдийг төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

ЮХХК нь нэг гишүүнтэй бөгөөд захирлаар Д.Б бүртгэгдсэн болох нь тус компанийн хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм зэргээр тогтоогдож байна.

 

Харин ЮХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07/18 дугаартай Мөнгөн хөрөнгө баталгаажуулах тухай шийдвэрээр POS system-ийн төлбөрт 1,100,000 төгрөг, Хөлдөөгчний төлбөрт 2,844,000 төгрөг, тээврийн зардалд 312,600 төгрөг нь тус тус хувьцаа эзэмшигч Д.Бийн хувийн хөрөнгө мөн болохыг баталгаажуулж шүүхэд ирүүлсэн байх бөгөөд цаг хугацааны хувьд нөхөж хийсэн, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нэхэмжлэгч Д.Бийн хувийн хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн төлбөрт 1,200,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр кофены төлбөрт 3,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Голомт банкинд төгрөгийн дансны доод үлдэгдэл төлбөрт 20,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Голомт банкинд иены дансны доод үлдэгдэл төлбөрт 5000 иен буюу 115,200 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Голомт банкинд ам.долларын дансны доод үлдэгдэл төлбөрт 100 ам.доллар буюу 238,845 төгрөг, нийт 4,574,045 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б нь Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн үйл ажиллагаанд зориулж төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Б ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс

-       хариуцагч Б.Ад холбогдуулан гаргасан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах,

-       хариуцагч Б ХХК болон Б.Анарт холбогдуулан гаргасан Б ХХК-ийн дансанд шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг гаргуулах,

-       хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан Б ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж нэхэмжлэгч хувиасаа зарцуулсан 8,830,645 төгрөгийн шаардлагаас 4,574,045 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний үнийн дүнгээр, 63.1.4-т гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тооцох бөгөөд нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон дараа нь өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагуудад нийтдээ улсын тэмдэгтийн хураамжид 973,381 төгрөг төлөхөөс 806,741 төгрөгийг төлж, зөрүү болох 166,640 төгрөгийг төлөөгүй байх тул үүнийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийн хувьд гэрээ хүчин төгөлдөр бусд тооцсонтой холбогдуулан /35,000,000+35,000,000/ 507,950 төгрөгийг хариуцагч Б.Агээс, бусад шаардлагын хувьд 355,820.2 төгрөгийг хариуцагч Б, Б.Анараас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Б ХХК болон Б.Анараас 35,000,000 /гучин таван сая/ төгрөг, Б ХХК-иас 4,574,045 /дөрвөн сая таван зуун далан дөрвөн мянга дөчин тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Япон Улсаас захиалсан оруулж ирсэн түүхий кофены үнийг илүү төлүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн 766,734 иен буюу 17,665,551 төгрөгийг гаргуулах, Б ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж нэхэмжлэгч хувиасаа зарцуулсан 4,256,600 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 806,741 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 166,640 /нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун дөч/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Бээс нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч Б.Агээс улсын тэмдэгтийн хураамжид 507,950 /таван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг, хариуцагч Б ХХК болон Б.Анараас улсын тэмдэгтийн хураамжид 355,820.2 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ