Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01380

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01380

 

 

 

Д.Баярцэнгэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/01292 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Баярцэнгэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баристахаус ХХК, Б.Анархүү нарт холбогдох

2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 35 000 000 төгрөг гаргуулах, Япон Улсаас захиалан оруулж ирсэн түүхий кофены үнийг илүү төлүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн 766 734 иен буюу 17 389 527 төгрөг гаргуулах, Баристахаус ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж зарцуулсан 8 830 645 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбулгантамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Баярцэнгэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбулгантамир нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Анархүү нь Д.Баярцэнгэлтэй 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. Баристахаус ХХК-ийн 51 хувийн хувьцааг 35 000 000 төгрөгөөр тогтоох талаар бидний хүсэл зориг уг компанийг байгуулахад Б.Анархүү, Ч.Эрдэнэжаргал нар нийтдээ 70 000 000 төгрөгийг хөрөнгө оруулсан, компанийн гол хөрөнгө нь Реаbеrrу бренд юм байна гэсэн мэдээлэлд тулгуурласан. Гэтэл 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дээрх гэрээнүүдийг байгуулах хүртэл хугацаанд Баристахаус ХХК-д 70 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй. Тус компанийн өмчлөлд Реаbеrrу барааны тэмдэг байдаггүй болох нь сүүлд тодорхой болсон учраас Б.Анархүүд хандан хувьцааны үнэд төлсөн 35 000 000 төгрөгийг буцаан авах шаардлага гаргасан. Б.Анархүү нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулахдаа компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрх хувьцааны үнэлгээний талаар худал мэдээлэл өгч хууран мэхэлсэн байсан тул эдгээр гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт заасан Хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг Б.Анархүүд холбогдуулан гаргаж байна.

Нэхэмжлэгч нь Барристахаус ХХК-ийн 51 хувийн хувьцааг худалдан авсаны төлбөрт тооцож Б.Анархүүгийн хүсэлтээр Худалдаа хөгжлийн банк ХХК дахь Баристахаус ХХК-ийн 473010554 тоот дансанд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 35 000 000 төгрөгийг шилжүүлснийг хүлээн авсан байх бөгөөд тухайн өдөр 15 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 4 441 000 төгрөгийг, нийт 19 441 000 төгрөгийг Б.Анархүү хувьдаа авсан нь хавтаст хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулгаас нь харагддаг. Үлдэх хэсгийг Баристахаус ХХК нь өдөр тутмын үйл ажиллагаандаа зарцуулсан байна. Д.Баярцэнгэл нь Баристахаус ХХК-ийн өмнө ямар нэгэн төлбөр төлөх, өр барагдуулах, зээл олгох зэрэг гэрээний болон гэрээний бус үүрэг хүлээгээгүй байхад Д.Баярцэнгэлээс шилжүүлсэн 35 000 000 төгрөгийг хүлээн авч, буцаан шилжүүлэхгүй зарцуулж дуусгасан.

Д.Баярцэнгэл нь Баристахаус ХХК-ийн Япон Улсаас захиалан худалдаж авсан түүхий кофены төлбөрт Б.Анархүүгийн гаргаж өгсөн зохиомол баримтад үндэслэж бодит үнэлгээнээс гадна 766 734 иен буюу 17 389 527 төгрөгийг илүү төлсөн. Кофены түүхий эд худалдан авах ажлын хүрээнд буюу түүхий кофе худалдан авахад зориулж Б.Анархүүгийн хэлснээр Япон улсаас оруулж ирэх 990 кг түүхий кофены үнэд 1 232 182 иенийг 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр, 240 кг кофены үнэд 301 286 иенийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Япон улсад байх түүний нагац ах Д.Отгонбаатарынх нь дансанд тус тус шилжүүлсэн. Гэтэл дээрх кофег нийлүүлсэн Япон Улсын Катория Филд компаниас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэх болон бусад баримтуудаас харахад Б.Анархүү үндсэн үнээс 1 дахин илүү мөнгийг надаас авч үндэслэлгүй хөрөнгөжсөн 766 734 иен буюу 17 665 551 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Монгол банкнаас зарласан иенийн ханш 23.04 төгрөг, ам.долларын ханш 2 388 45 төгрөг байсан.

Нэхэмжлэгч нь Б.Анархүүгийн хэлсэн ёсоор тухайн үед компанийн төлөх ёстой байсан эд хөрөнгө худалдан авах, өдөр тутмын түүхий эд худалдан авах, кофе худалдан авах, засварын зардал, түрээсийн төлбөр төлөх, шаардлагатай бусад төлбөрүүдийг цаг алдалгүй хувиасаа төлж байсан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь заалтын дагуу Баристахаус ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж хувиасаа гаргасан мөнгөө буцаан авах үндэслэлтэй. Тухайн үед эдгээр мөнгийг Д.Баярцэнгэл Баристахаус ХХК-д зээл хэлбэрээр олгосон тул компани түүнд буцаан төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс Барристахаус ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж хувиасаа зарцуулсан мөнгийг дурдвал: Pos system-ийн төлбөрт 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1 100 000 төгрөг, хөлдөөгчний төлбөрт 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2 844 000 төгрөг, түрээсийн төлбөрт 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1 200 000 төгрөг, кофены төлбөрт 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдөр 3 000 000 төгрөг, тээврийн зардалд 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 312 600 төгрөг, Голомт банк ХХК-д төгрөгийн дансны доод үлдэгдэлд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20 000 төгрөг Голомт банк ХХК-д иений дансны доод үлдэгдэлд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5000 иен буюу 115 200 төгрөг, Голомт банк ХХК-д ам.долларын дансны доод үлдэгдэлд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 100 ам.доллар буюу 238 845 төгрөг нийт 8 830 645 төгрөг зарцуулсан тул нэхэмжилнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Анархүү, Баристахаус ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Баярцэнгэл нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баристахаус ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Анархүүтэй хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулан компанийн 51 хувийн хувьцааг худалдан авч, компанийн хувьцаа эзэмшигч болсон байдаг. Анх Д.Баярцэнгэл нь компанийн 33 хувийг худалдаж авахаар тохиролцсон боловч гэрээг байгуулахад кофе боловсруулах үйлдвэр байгуулах, түүний үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явуулахад оруулах хөрөнгө оруулалтаа буцаан авч дуустал 51 хувийн хувьцааг 35 000 000 төгрөгөөр худалдан авч, хөрөнгө оруулсан мөнгөө гаргаж авсны дараа хувьцааны 12 хувийг буцаан өгье гэснийг Б.Анархүү хүлээн зөвшөөрч хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсан.

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч Б.Анархүү нь үүргээ биелүүлж компаний 51 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн, энэ гэрээний зорилго биелж, Д.Баярцэнгэл нь компанийн 51 хувийг эзэмших болсон. Уг гэрээний дагуу Б.Анархүү нь Баристахаус ХХК-ийн 51 хувийн хувьцааг Д.Баярцэнгэлд шилжүүлэн өгч, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагчдын тоог 3 болсныг болон компанийн дүрмийг шинэчлэн баталж Улсын бүртгэлд тус тус бүртгүүлсэн. Д.Баярцэнгэл нь Хувьцаа худалдах худалдан авах гэрээний төлбөр болох 35 000 000 төгрөгийг компанийн хувьцаа эзэмшигч болохдоо Улсын бүртгэлд бүртгүүлсний дараа буюу 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр худалдагч Б.Анархүүд бус өөрийн хувь эзэмших болсон Баристахаус ХХК-ийн дансанд шилжүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч Д.Баярцэнгэл нь гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэлээ компанийг хөрөнгөгүй, peaberry брендийг эзэмшдэггүй байж хуурч төөрөгдүүлж хувьцаагаа худалдсан гэж байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээнүүдэд талууд компанийн хөрөнгийн талаар буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж байгаа нөхцөлийн талаар тухайлсан тохиролцоог хийгээгүй, Д.Баярцэнгэлд Баристахаус ХХК-ийн хөрөнгийн талаарх мэдээллийг үнэн зөвөөр өгсөн, үүнийг мэдсэний үндсэн дээр компанид хөрөнгө оруулалт хийхээр болсон.

Компаниас нэхэмжилж буй хувьцааны үнэ болох 35 000 000 төгрөг нь түүний бус Б.Анархүүгийн хөрөнгө тул Д.Баярцэнгэл нь шаардлага гаргах эрхий бүхий этгээд биш юм. Япон улсаас захиалан худалдан авсан кофены төлбөрт нэхэмжлэгчээс 17 389 527 төгрөгийг илүү шилжүүлэн авсан асуудал хариуцагч Б.Анархүүд байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн кофены төлбөрийг шууд Япон улсын нийлүүлсэн компанийн данс руу шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчээс гаргасан баримтуудаас хавтаст хэргийн 30, 36 дугаар талын баримтууд, 31, 37 дүгээр талын баримтууд, 35, 42 дугаар талын баримтууд тус тус давхацсан байдаг. Мөн хавтаст хэргийн 30, 31, 34, 35, 36, 37, 38, 42 дугаар тад авагдсан баримтууд нь хариуцагчид хамааралгүй баримтууд байна. Мөн Баристахаус ХХК-д ямар ч шаардлагагүй байхад хувьцаа эзэмшигчийн хувиар Д.Баярцэнгэл нь өөрөө Баристахаус ХХК-ийн нэр дээр Голомт банк ХХК-д 2015103404 тоот долларын данс нээж дансны доод үлдэгдэлд 1000 доллар буюу 1 992 530 төгрөг, 2015103406 тоот иений данс нээж 5 000 иен буюу 83 450 төгрөг, 2015103403 тоот төгрөгийн данс нээж 20 000 төгрөгийг тус тус байршуулж, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 3 000 долларыг иенд хөрвүүлэн Баристахаус ХХК-ийн Голомт банк ХХК дахь 2015103406 тоот иений дансанд шилжүүлсэн байдаг.

Дээрх Голомт банк ХХК дахь төгрөгийн болон валютын данснуудыг нээх шаардлага Баристахаус ХХК-д байгаагүй, хариуцагч огт гүйлгээ хийгээгүй, зөвхөн Д.Баярцэнгэл өөрөө гүйлгээ хийж үлдэгдэл нь дансны шимтгэлд авагдсан. Нэхэмжлэгч нь компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар ч, иргэний хувиар ч Баристахаус ХХК-д зээл олгосон, хөрөнгө оруулсан асуудал огт байхгүй, компанийн зүгээс нэхэмжлэгчийн тавьж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Б.Анархүү болон Баристахаус ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус заасныг баримтлан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Баристахаус ХХК болон Б.Анархүү нараас 35 000 000 төгрөг, Баристахаус ХХК-иас 4 574 045 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Баярцэнгэлд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Япон Улсаас захиалсан оруулж ирсэн түүхий кофены үнийг илүү төлүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн 766 734 иен буюу 17 665 551 төгрөгийг гаргуулах, Баристахаус ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж нэхэмжлэгч хувиасаа зарцуулсан 4 256 600 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 806 741 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 166 640 төгрөгийг нэхэмжлэгч Д.Баярцэнгэлээс нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч Б.Анархүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 507 950 төгрөгийг, хариуцагч Баристахаус ХХК болон Б.Анархүү нараас улсын тэмдэгтийн хураамжид 355 820 2 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Баярцэнгэлд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Н.Золжаргал давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй болон эрхийн зөрчилгүй зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд гэрээний зүйл болсон Баристахаус ХХК-ийн 51 хувийн хувьцаа нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн тул хариуцагч Б.Анархүү нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Мөн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан компанийн холбогдох мэдээллүүдийг худал өгсөн гэж үзэх нь үндэслэлгүй юм. Учир нь Д.Баярцэнгэлийн зүгээс хариуцагч Б.Анархүүг анхнаасаа Баристахаус ХХК-ийн талаар үнэн бодитой мэдээллүүдийг өгөлгүй, хууран мэхэлсэн гэх тайлбар нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ хамтран ажиллах гэрээнүүдээр үгүйсгэгддэг. Өөрөөр хэлбэл түүний хууран мэхлэгдсэн гэх тайлбарын талаарх ямар ч талуудын тохиролцоо, нөхцөл хувьдаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээнд тусгагдаагүй байдаг.

Түүнчлэн хариуцагч нь "peaberry" дүрстэй барааны тэмдгийг компанийн нэр дээр авах талаар бэлтгэл ажлыг хангаж байхад Д.Баярцэнгэлийн зүгээс хамтран ажиллах биш хамтран ажиллах гэрээгээр халхавчлан кофе боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өөрийнхөө Юнайтед ресурс ХХК-иас мөнгийг нь шилжүүлэн худалдан авсан, түүхийн кофег хамтарч ажилладаг байгууллагуудад худалдсан мөнгийг Юнайтед ресурс ХХК-ийн дансаар дур мэдэн хэд хэдэн удаа шилжүүлж авсан гэх мэтээр гэрээгээр хүлээсэн үүргүүдээ зөрчиж эхэлсэн тул 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр барааны тэмдгийн 15613 дугаарт "peaberry" дүрстэй барааны тэмдгийг Б.Анархүү болон н.Эрдэнэжаргал нар өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн.

Гэтэл Д.Баярцэнгэл 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр peaberry дүрстэй барааны тэмдгийг иргэний нэр дээр бүртгүүлсэнд хууран мэхлэгдсэн төөрөгдсөн гэж шүүхээс дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Peaberry" бренд нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулагдахад хэний ч нэр дээр бүртгэгдээгүй байсан. Баристахаус ХХК-ийн гол өмч нь гэж надад итгүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй гэж үзэж болно.

Баристахаус" ХХК-иас 4 574 045 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч буй нь доорх үндэслэлтэй. Үүнд: 1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар талд 2015 оны 07 дугаар сарын 18 өдөр Д.Баярцэнгэлээс Баристахаус ХХК-д 1 200 000 төгрөгийг шилжүүлсэн гэх мемориалын баримт байдаг боловч 2 дугаар хавтаст хэргийн эхний хуудаснуудад авагдсан Баристахаус ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 473 010 554 тоот дансны хуулгаас харвал 2015 оны 07 дугаар сарын 18 өдөр Баристахаус ХХК-д 1 200 000 төгрөг шилжиж орж ирээгүй байдаг.

Түүнчлэн мемориалын баримт нь санхүүгийн анхан шатны баримт биш бөгөөд бэлэн бус гүйлгээнд төлбөрийн баримт заавал байх ёстой. Цаг хугацааны хувьд зөрүүтэй баримтуудыг харьцуулан харалгүй дан мемориалын баримтыг үндэслэж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр талд 2015 оны 07 дугаар сарын 24 өдөр Д.Баярцэнгэлээс н.Түвшинтөгс гэх хүнд 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэтэл тухайн мөнгө нь Баристахаус ХХК-ийн дансанд ороогүй байхад ямар үндэслэлээр Баристахаус ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Компанийн дансаар албан ёсоор орж ирээгүй мөнгийг компани төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. 2015 оны 10 дугаар сарын 20 өдөр Голомт банк ХХК-д 2015103404 тоот долларын дансыг нээж дансанд доод үлдэгдэл болгон 1 000 доллар буюу 1 992 530 төгрөгийг Д.Баярцэнгэл байршуулсан байдаг боловч тухайн мөнгө нь хэргийн 2 дугаар хавтасны 1-4 дүгээр талуудад авагдсан дансны хуулгаас харвал Д.Баярцэнгэл нь 1 удаа 1 794 078 төгрөгийн зарлага гаргасан байдаг ба үлдэгдэл мөнгө нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл cap бүрийн 1 000 төгрөгийн хураамжид банканд суутгагдсаар дууссан байдаг. Мөн 2015 оны 10 дугаар сарын 20 өдөр Голомт банк ХХК-д 2015103403 тоот төгрөгийн дансанд доод үлдэгдэл болгон 20 000 төгрөгийг Д.Баярцэнгэл байршуулсан байдаг боловч тухайн мөнгө нь хэргийн 2 дугаар хавтасны 5-7 дугаар талуудад авагдсан дансны хуулгаас хархад 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 20 сарын хугацаанд cap бүрийн 1 000 төгрөгийн хураамжид банканд суутгагдсаар дууссан байхад зөвхөн 1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан мемориалын баримтыг үндэслэсэн нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэн үнэлээгүй гэж үзэж байна.

Мөн 2015 оны 10 дугаар сарын 20 өдөр Голомт банк ХХК-д 2015103406 тоот иений дансыг нээж дансанд доод үлдэгдэл болгон 5 000 иен буюу 83 450 төгрөгийг Д.Баярцэнгэл байршуулсан байдаг боловч тухайн мөнгө нь хэргийн 2 дугаар хавтасны 8-11 дүгээр талд авагдсан дансны хуулгаас хархад Д.Баярцэнгэл өөрөө 3 удаа зарлага гаргасан байдаг ба үлдэгдэл мөнгө нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл cap бүрийн 1 000 төгрөгийн хураамжид банканд суутгагдсаар дууссан болох нь тус тус тогтоогддог.

Түүнчлэн хамтран ажиллах гэрээ дүгнэгдээгүй буюу гэрээний хугацаан дахь ашиг алдагдал тодорхойгүй учраас уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Д.Баярцэнгэлд Бариста хаус ХХК-иас нэг ч төгрөгийг буцаан төлөх асуудал яригдах боломжгүй юм.

Хариуцагч нарт улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн яаж хуваарилсан нь мөн ойлгомжгүй байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасны дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №101/ШШ2018/01292 дугаартай шийдвэрийн Хувьцаа худалдах,худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Баристахаус ХХК болон Б.Анархүү нараас 35 000 000 төгрөг, Баристахаус ХХК-иас 4 574 045 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Баярцэнгэлд олгож гэх хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Д.Баярцэнгэл нь хариуцагч Баристахаус ХХК, Б.Анархүү нарт холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 35 000 000 төгрөг гаргуулах, Япон Улсаас захиалан оруулж ирсэн түүхий кофены үнийг илүү төлүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн 766 734 иен буюу 17 389 527 төгрөг гаргуулах, Баристахаус ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж зарцуулсан 8 830 645 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Д.Баярцэнгэл Б.Анархүү нар нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус байгуулан Баристахаус ХХК-ийн 51 хувийн хувьцааг 35 000 000 төгрөгөөр худалдан авсан, худалдан авагч нь Баристахаус ХХК-ийн 473010554 тоот дансанд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 18 286 ам доллар буюу 35 000 000 төгрөгийг шилжүүлсэн, уг мөнгийг Баристахаус ХХК, Б.Анархүү нар нь данснаас авч зарцуулсан үйл баримт хэрэгт авагдсан гэрээний хуулбарууд, Голомт банкны дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /1хх-ийн 8-11, 12-13, 250 дугаар тал/

Талуудын хооронд байгуулагдсан хувьцаа эзэмших эрхтэй холбоотой гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ-ний зохицуулалтад нэгэн адил хамаарах ба зохигчид гэрээ байгуулсан талаар маргаангүй бөгөөд харин уг гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаж мэтгэлзсэн байна.

Баристахаус ХХК-ийн 51 хувийн хувьцааны буюу шилжүүлсэн эрхийн хувьд худалдагч нь Реаbеrrу гэдэг брендийг хэрэглэн үйл ажиллагаа явуулах боломжтой компани, 70 000 000 төгрөгийн хөрөнгөтэй гэсэн ойлголтыг худалдан авагч талд төрүүлсэн, бичгээр байгуулсан гэрээнд энэ талаар заагаагүй боловч тухайн нөхцөл уг компанийг худалдан авах үндсэн гол нөхцөл болж байсан болох нь гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /1хх-165,167/ Гэтэл Реаbеrrу барааны тэмдэгт нь уг компанийн эзэмшилд бүртгэгдэж байгаагүй, тус компани нь 70 000 000 төгрөгийн хөрөнгөгүй болох нь хэрэгт авагдсан барааны тэмдэгтийн жагсаалт, гэрчилгээ, санхүүгийн тайлан зэргээр нотлогдсон /2хх-ийн 66-72, 91-107 дугаар тал/ учраас нөгөө тал гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ шаардах эрхтэй.

Иймээс, Д.Баярцэнгэл Б.Анархүү нарын хооронд байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцох, 35 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасан нөхцөлд нийцсэн гэж үзнэ. Мөн нэхэмжлэгчээс хариуцагч Баристахаус ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж төлсөн 4 574 045 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Хариуцагчийн төлөх ёстой 7 дугаар сарын түрээсийн төлбөрт 1 200 000 төгрөгийг төлсөн нь мөнгө шилжүүлсэн мемориалын баримт болон дансны хуулгаар нотлогдсон. /1хх-ийн 33 дугаар тал, 2хх-ийн 12 дугаар тал/ н.Түвшинтөгсөд шилжүүлсэн кофены үнэ 3 000 000 төгрөгийг хариуцагч талын төлөөлөгч нараас н.Түвшинтөгсөөс авсан 3 000 000 төгрөгийн үнэ бүхий кофег компанийн үйл ажиллагаанд хэрэглэсэн гэж тайлбар, мэдүүлэг өгсөн /хх-/ н.Түвшинтөгсөд худалдах худалдан авах гэрээний дагуу Баристахаус ХХК төлөх ёстой байсан төлбөрийг нэхэмжлэгч Д.Баярцэнгэл хувиасаа төлсөн учраас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар үүргээсээ чөлөөлөгдсөн гэж үзэж уг мөнгийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд шүүхийн шийдвэрт уг хуулийн зохицуулалтыг баримтлаагүй хэдий ч энэ мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн байх тул хууль хэрэглээний талаар тухайлан өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт талуудын болон гэрчийн мэдүүлэг, тайлбар нотлох баримт болох талаар заасан.

Голомт банк ХХК-д Баристахаус ХХК-ийн төгрөгийн болон валютын данс нээхэд зарцуулсан, доод үлдэгдэлд болон хураамжид төлсөн мөнгийг хариуцагчаас гаргуулсан нь зөв бөгөөд уг мөнгийг суутгагдсанд нэхэмжлэгч Д.Баярцэнгэлийн буруутай үйлдэл, тэрээр ашиг олсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, данс бүрдүүлсний хураамжид хураагдсан нь компанийн өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой, хамааралтай учраас энэ мөнгийг компаниас гаргуулсныг буруутгах боломжгүй юм. Энэ талаарх хариуцагч нарын тайлбар, гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/01292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Б.НАРМАНДАХ