Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 129/ШШ2019/00575

 

129/ШШ2019/00575

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

НэхэмжлэгчХ ХХК-ийн Архангай салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын дугаар баг, Мөнх Ундраа дэлгүүр хаягт оршин суух Т овгийн Ч-н Ч,

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын дугаар баг, Мөнх Ундраа дэлгүүр хаягт оршин суух Д овгийн Н-н А нарт холбогдох

21.946.559 төгрөг гаргуулах тухай болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э ар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн Архангай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.А Ч.Ч нар нь ХААН Банкны Архангай салбарын Төв тооцооны төвөөс 2014 оны 06 дугаар сарын 27-ний өдөр №1336 тоот зээлийн гэрээ байгуулан 75,000,000 /далан таван сая/ төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, ногооны зоорь , склад, өргөтгөл барих зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд итгэмжлэлээр иргэн А.Б-н Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р багт байрлах № 000238180, Г-0118003268 тоот 400 мкв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар, итгэмжлэлээр иргэн Ч.Ч-ын Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р багт байрлах № 000238198, Г-0118003273 тоот 400 мкв өмчлөх эрхийн газар, иргэн Н.А-ны АЯ №0363819 тоот сувдан 7494 АРА Nissan Elgrand машиныг барьцаалуулсан. Зээлдэгч нь №1336 тоот гэрээний дугаартай төгрөгийн зээлд зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 59,796,136.86 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 53,766,438.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7237.55 төгрөг, нийт 113,569,812.78 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /120 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн зээл төлөх болон буцаан дуудах мэдэгдлийг 2018 оны 04 сарын 30 -ны өдөр, 2019 оны 01 сарын 22-ны өдөр, 2019 оны 03 сарын 01-ны өдөр /нийт 3 удаа/ тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 08 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2019 оны 04 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээлийн үлдэгдэл 15.613.863,14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6.163.297,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 140.399,20 төгрөг, нийт 21.946.559 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хаан банкны нэхэмжлэлтэй зээлийн төлбөр нийт 21.946.559 төгрөгийг Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын Мөнх-Ундраа дэлгүүрийн хашаанд оршин суух Ч.Ч, Н.А нараас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээлэнд 15.613.863,14 төгрөгийн үлдэгдэл байхгүй бөгөөд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийлээд 113.569.812 төгрөгийг Хаан банкинд төлсөөр байтал ийм их мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А, Ч.Ч нар нь 2014 оны 06 сарын 27-ны өдөр хөрөнгө оруулалтын зээлээр 75.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай буюу 5 жилийн хугацаатай зээл авсан. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаад 2018 оноос эхлэн бизнес зогссон шалтгаанаар зээлийн төлбөрөө төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй. 2019 оны 04 сарын 24-ний өдрийн байдлаар 120 хоногийн хугацаа хэтэрсэн учраас хариуцагч Н.Амарсайхан, Ч.Чанцалдулам нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 21.946.559 төгрөгийг гаргуулах, мөн зээлийн үүргийн гүйцэтгэлийг Б, Ч нарын өмчлөлийн газар, А-ны тээврийн хэрэгсэл гэсэн барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А, Ч.Ч нар нь Хаан банкнаас авсан зээлийн мөнгөн дүн дээр маргадаггүй. Харин 75.000.000 төгрөгийн зээл аваад 113.569.000 төгрөг төлж, зээлээ төлөөд дуусгасан. Мөн Хаан банкинд 113.569.000 төгрөг төлчихөөд байхад дээр нь өөрсдийнх нэр дээр болон Баярцэцэгийн нэр дээр байгаа газрын гэрчилгээгээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Барьцаанд байгаа хөрөнгө нь нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 21.946.559 төгрөгийн үнийн дүнгээс хэт өндөр үнэтэй, мөн уг хөрөнгүүд хариуцагч нарын орлогын эх үүсвэр нь байдаг. Б-н Эрдэнэбулган сумын 5 дугаар багт байрлах 400 м кв гэр бүлийн хэрэгцээний газрын итгэмжлэлийн хугацаа нь дууссан. Шүүх 21.946.559 төгрөгийг Н.Амарсайхан, Ч.Чанцалдулам нараас гаргуулахаар шийдвэрлэсэн ч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэх байх. Хаан банкны Архангай салбарын Н.А, Ч.Ч нарт холбогдох 21.946.559 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн Архангай салбар нь хариуцагч Н.А, Ч.Ч нараас зээлийн гэрээний үүрэг 21.946.559 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

1. Хариуцагч Н.А, Ч.Ч нар 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №1336 тоот зээлийн гэрээ байгуулан 60 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй, 75.000.000 төгрөгийг ХААН банкны Архангай салбараас зээлж, зохигч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулсан байна.

Зээлийн гэрээний зүйл болох 75.000.000 төгрөгийг хүлээн авсантай хариуцагч нар маргаагүй бөгөөд зээлдүүлэгч зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй олгож, зээлдэгч 2019 оны 06 сарын 25-ны өдөр зээлийг төлж дуусгах үүрэг хүлээжээ.

Хаан банк ХХК-ийн Архангай салбар одоо зээлийн үлдэгдэл 15.613.863,14 төгрөг, зээлийн хүү 6.163.297,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140.399,20 төгрөг, нийт 21.946.559 төгрөгийн гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагч нараас шаардаж байна.

Зээлдэгч нар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл болон хүүний төлбөрт нийт 135.475.859 төгрөг төлөх үүрэгтэй байсан нь тэдний байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогддог ба хариуцагч нар үндсэн зээл 59.796.136.86 төгрөг, зээлийн хүү 53.766.438.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7237.55 төгрөг, нийт 113.569.812,78 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар болон зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч нар талуудын тохиролцож байгуулсан зээлийн гэрээний хугацаа болон бусад нөхцлүүдтэй мөн 113.569.812,78 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн үйл баримттай маргаагүй бөгөөд ийнхүү 113.569.812,78 төгрөг төлснөө зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж тайлбарладаг боловч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй тул хариуцагч нарыг нэхэмжлэгч Хаан банкны өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчсөн, нэхэмжлэгч Х ХХК-ийн Архангай салбар 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №1336 тоот зээлийн гэрээний дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч Н.А, Ч.Ч нараас шаардах эрхтэй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Н.А, Ч.Ч нараас зээлийн үлдэгдэл 15.613.863,14 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй.

2. 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №1336 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж 1А.Б-н 000238180 дугаар гэрчилгээтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наранбулагийн 54-р гудамжны 18 тоотод байршилтай 400 м2 газар, 2) Ч.Ч-ын 000238198 дугаар гэрчилгээтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наранбулагийн 54-р гудамжны 17 тоотод байршилтай 400 м2 газар, 3) Н.А-ны 0202970 дугаар гэрчилгээтэй, Эрдэнэбулган сумын Шуудан албаны гражийн зүүн талд байршилтай 641 м2 газар, 4) иргэн Н.А АЯ №0363819 тоот 7494 АРА улсын дугаартай Nissan Elgrand тээврийн хэрэгслийг барьцаалжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Э Барьцаанд байгаа хөрөнгө нь нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 21.946.559 төгрөгийн үнийн дүнгээс хэт өндөр үнэтэй, мөн уг хөрөнгүүд хариуцагч нарын орлогын эх үүсвэр нь байдаг. Баярцэцэгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт байрлах 400 м кв гэр бүлийн хэрэгцээний газрын итгэмжлэлийн хугацаа нь дууссан учир барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэсэн тайлбарыг гаргаж байна.

Иргэн А.Б Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наранбулагийн 54-р гудамжны 18 тоотод байршилтай 400 м2 газрыг зээлийн гэрээний барьцаанд бариулахаар хариуцагч Н.А-д 2014 оны 06 сарын 27-нд 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгож, хариуцагч нар Хаан банкнаас 75.000.000 төгрөг зээлэхдээ уг газрыг барьцаалжээ.

Тухайн эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээний 5.1-д зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээл, зээлийн хүүний төлбөрийг зээлийн гэрээний хавсралтанд заасан хуваарийн дагуу төлөөгүй, эсхүл зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бол барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүсэхээр заасан, А.Баярцэцэг өөрийн өмчлөлийн хөрөнгөө Н.Амарсайханд ХААН банкны зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар итгэмжлэл олгосон тул А.Б-н Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наранбулагийн 54-р гудамжны 18 тоотод байршилтай 400 м2 газар хариуцагч нарын Хаан банкны өмнө хүлээсэн 2014 оны 06 сарын 7-ны өдрийн 1336 тоот зээлийн гэрээний барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болох хүртэл барьцааны зүйл хэвээр байх болно.

Хариуцагч нар 21.946.559 төгрөг төлөх үүргээ биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үнээс нь нэхэмжлэгч шаардлагаа хангуулах эрхтэй тул зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох 1А.Б-н 000238180 дугаар гэрчилгээтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наранбулагийн 54-р гудамжны 18 тоотод байршилтай 400 м2 газар, 2) Ч.Ч-ын 000238198 дугаар гэрчилгээтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наранбулагийн 54-р гудамжны 17 тоотод байршилтай 400 м2 газар, 3иргэн Н.А-ны АЯ №0363819 тоот 7494 АРА улсын дугаартай Nissan Elgrand тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.683 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 267.683 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.А, Ч.Ч нараас 21.946.559 /хорин нэгэн сая есөн зуун дөчин зургаан мянга таван зуун тавин ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Архангай салбарт олгосугай.

2. Хариуцагч нар 21.946.559 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар барьцаа хөрөнгө болох Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р багт байрлах № 000238180, Г-0118003268 дугаартай 400 мкв өмчлөх эрхийн газар, Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р багт байрлах № 000238198, Г-0118003273 дугаартай 400 мкв өмчлөх эрхийн газар, АЯ №0363819 тоот гэрчилгээтэй 7494 АРА улсын дугаартай Nissan Elgrand маркийн тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар худалдан зээлийн гэрээний үүргийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Архангай салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.683 /хоёр зуун жаран долоон мянга зургаан зуун наян гурав/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А, Ч.Ч нараас 267.683 /хоёр зуун жаран долоон мянга зургаан зуун наян гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Архангай салбарт олгосугай.

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА