Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00518

 

ХААН банк ХХК-ийн Архангай салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 129/ШШ2019/00575 дугаар шийдвэртэй,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч: ХААН банк ХХК-ийн Архангай салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч.Чанцалдулам, Н.Амарсайхан нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 21,946,559 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ч.Чанцалдуламын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жавзандулам, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Архангай салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Н.Амарсайхан, Ч.Чанцалдулам нар ХААН банкны Архангай салбараас 2014.06.27-ны өдрийн №1336 тоот зээлийн гэрээ байгуулан 75 сая төгрөгийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар ногооны зоорь, склад, өргөтгөл барих зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нар нь зээлийн барьцаанд итгэмжлэлээр иргэн А.Баярцэцэгийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт байрлах 000238180, Г-0118003268 тоот 400 мкв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар, итгэмжлэлээр иргэн Ч.Чанцалдуламын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт байрлах 000238198, Г-0118003273 тоот 400 мкв өмчлөх эрхийн газар, иргэн Н.Амарсайханы сувдан өнгөтэй 74-94 АРА Nissan Elgrand маркийн машиныг барьцаалсан. Зээлдэгч нар нь №1336 дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 59,796,136.86 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 53,766,438.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,237.55 төгрөг, нийт 113,569,812.78 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 120 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгч нарт урьдчилан мэдэгдсэн зээл төлөх болон буцаан дуудах мэдэгдлийг 2018.04.30, 2019.01.22, 2019.03.01-ний өдрүүдэд нийт гурван удаа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 08 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. 2019.04.24-ний өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 15,613,863.14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,163,297.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 140,399.20 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 29,000 төгрөг, нийт 21,946,559 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн иргэн А.Баярцэцэгийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт байрлах 000238180, Г-0118003268 тоот 400 мкв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар, иргэн Ч.Чанцалдуламын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт байрлах 000238198, Г-0118003273 тоот 400 мкв өмчлөх эрхийн газар, иргэн Н.Амарсайханы сувдан өнгөтэй 74-94 АРА Nissan Elgrand маркийн машинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Чанцалдулам, Н.Амарсайхан нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын Мөнх-Ундраа дэлгүүрийн хашаанд оршин суух Ч.Чанцалдулам, Н.Амарсайхан нараас зээлийн төлбөр нийт 21,946,559 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ХААН банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 15,613,863.14 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл байхгүй бөгөөд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийлээд 113,569,812 төгрөгийг ХААН банкинд төлсөөр байтал ийм их мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. 2018.04.30-нд зээл буцаан төлөх мэдэгдлийг өгсөн. Энэ өдрөөс хойш нэг ч төгрөг зээлд төлөөгүй байхад 2019.01.22, 2019.03.01-ний өдрүүдэд дахиад мэдэгдэл өгсөн. Хариуцагч нарт мэдэгдэх хуудас өгөөд байхад зээлээ төлөхгүй байгаа нь төлбөрийн чадваргүй байдлыг илтгээд байгаа юм. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн байхад нэхэмжлэгч тал яагаад шүүхэд нэхэмжлэл гаргахгүй удаашруулаад байгаа нь тодорхойгүй... төлбөр дууссан... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 129/ШШ2019/00575 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.Амарсайхан, Ч.Чанцалдулам нараас 21,946,559 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-ий Архангай салбарт олгож; хариуцагч нар 21,946,559 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгө болох Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р багт байрлах №000238180, Г-0118003268 дугаартай 400 мкв өмчлөх эрхийн газар, Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р багт байрлах №000238198, Г-0118003273 дугаартай 400 мкв өмчлөх эрхийн газар, АЯ №0363819 тоот гэрчилгээтэй 7494 АРА улсын дугаартай Nissan Elgrand маркийн тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар худалдан зээлийн гэрээний үүргийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХААН банк ХХК-ий Архангай салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,683 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Амарсайхан, Ч.Чанцалдулам нараас 267,683 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-ий Архангай салбарт олгохоор шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр магадлалаар Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 129/ШШ2019/00575 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч Ч.Чанцалдуламын гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ч.Чанцалдуламаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,683 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ч.Чанцалдулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Миний бие нөхрийн хамт ХААН банкнаас 75,000,000 төгрөгийн зээлийг авч банкинд түүний үүрэг болгож 113,569,812 төгрөг төлсөн. Үндсэн зээлэнд 15,613,863 төгрөг үлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд түүний хүү алдангийг ч мөн зөвшөөрөхгүй. Банкинд 90 орчим хувийг төлсөн байхад үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг ч зөвшөөрөхгүй. Мөн Баярцэцэгийн итгэмжлэлийн хугацаа дууссан байхад түүний хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа нь буруу гэж үзэж байна. Мөн банкинд төлсөн зээл хүү нь эхний ээлжинд үндсэн зээл рүүгээ хийгдэх учиртай гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалыг иргэний хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэлээ, бодит нөхцөлд буруу үнэлэлт дүгнэлт өгсөн гэсэн үндэслэлээр бүхэлд нь хянуулж хуульд нийцүүлж шийдүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

ХААН банк ХХК-ийг төлөөлж тус банкны Архангай салбар нь Ч.Чанцалдулам, Н.Амарсайхан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,613,863.14 төгрөг, зээлийн хүү 6,163,297.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,399.20 төгрөг, бүгд 21,946,559 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч 75,000,000 төгрөг зээлж, 113,569,812.37 төгрөг төлсөн, барьцааны хөрөнгө нь нэхэмжилж буй үнийн дүнгээс хэт өндөр үнэтэй ба орлогын эх үүсвэр, газар барьцаалах А.Баярцэцэгийн итгэмжлэлийн хугацаа дууссан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч Ч.Чанцалдуламын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2014.06.27-ны өдөр Н.Амарсайхан, Ч.Чанцалдулам нар ХААН банк ХХК-ийн Архангай салбараас 75,000,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэй зээлэх, мөн өдөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А.Баярцэцэгийн өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 54 дүгээр гудамжны 18 тоотод байршилтай, 400 м.кв газар, уг гудамжны 17 тоотод байрлах Ч.Чанцалдуламын өмчлөлийн газар, Н.Амарсайханы өмчлөлийн Шуудан албаны гараашийн зүүн талд байршилтай 641 м.кв газар, түүний 74-94 АРА улсын дугаартай Nissan Elgrand маркийн автомашиныг тус тус барьцаалж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан нь тогтоогджээ.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээж, бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж болно.

Зохигчдын хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох болон үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулагдсан тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн ба бусад үйл ажиллагаа эрхлэх банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээг бичгээр байгуулахаас гадна улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болдог бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хуулийн дээрх шаардлагыг хангажээ.

Иймд зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд гэрээний талуудын хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг харилцан шаардах эрхтэй.

2. Хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг талууд харилцан шаардах эрхтэй, нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон 75,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлэн өгсөн, гэрээний хугацаанд төлөгдсөн төлбөрийн үнийн дүнгийн талаар талууд маргаагүй ба нэхэмжлэгч төлбөл зохих нийт үүрэг буюу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг тохирсон нөхцөл, хугацаагаар тодорхойлсон нь гэрээ болон хууль зөрчөөгүй байна. Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн байна.

3. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, ...шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-р зохицуулсан. Хариуцагч нар шүүхийн шийдвэрт заасан гүйцэтгэвэл зохих үүргийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйлийг хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдаж үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх хангахдаа холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4. Зээлийн гэрээг нэг талаас ХААН банк ХХК-ийн Архангай салбар, нөгөө талаас Н.Амарсайхан, Ч.Чанцалдулам нар байгуулсан байх тул хариуцагч нарыг нэхэмжлэгчийн өмнө зээлийн үүргийг бүхэлд нь хүлээлгэн өгөх хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д заасантай нийцнэ.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг гүйцэтгэгч нь өөрийн эсхүл гуравдагч этгээдийн хөрөнгийг алийг ч барьцаалж болох бөгөөд барьцааны гурван эд хөрөнгийн хоёр нь хариуцагч нарынх, нэг нь бусдын буюу А.Баярцэцэгийнх байна. А.Баярцэцэг нь өөрийн өмчлөлийн газрыг барьцаалуулах эрхийг итгэмжлэлээр Н.Амарсайханд олгосон байх ба итгэмжлэл хүчинтэй байх хугацаанд барьцааны гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон бол барьцааны эрх дуусгавар болдог бөгөөд үндсэн үүрэг болох зээлийн төлбөрийг хариуцагч нар бүрэн төлөөгүй тул барьцааны эрх дуусгавар, барьцааг чөлөөлөх үндэслэлгүй байна. Итгэмжлэлд заасан хугацаа дуусах нь барьцааны гэрээг дуусгавар болгох эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй.

Үүрэг гүйцэтгэгчийн шаардлага нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекоор хангагдахаар байвал үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг тухайн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглах бөгөөд шаардлага хангуулахдаа аль нэгэн үл хөдлөх эд хөрөнгийг сонгох эрх нь үүрэг гүйцэтгүүлэгчид байна. Нэхэмжлэгч нь үлдэх төлбөрийг барьцааны аль нэг хөрөнгөөр хангуулж бусад эд хөрөнгийг чөлөөлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргаагүй байна.

Иймд А.Баярцэцэгийн өмчлөлийн газрыг чөлөөлөөгүй, төлбөрийн дийлэнхийг төлсөн атал барьцааны бүх хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 129/ШШ2019/00575 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чанцалдуламын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч Ч.Чанцалдуламаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 267,683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД