Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 503

 

 

 

 

 

 

 

 

 

“П”- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.М даргалж, шүүгч Ч.Ц, Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00142 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “П”- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э”- ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 294 270.28 ам.доллар гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “П” ХХК нь “Э”- ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр манай компани тус компанид 2 000 000 ам.долларыг сарын 1,1 хувийн хүүтэйгээр хоёр жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн. Дээрх зээлийн гэрээний дагуу “П”- ХХК нь зээлдэгчид 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1 400 000 ам.долларыг, мөн өдөр 400 000 ам.долларыг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 200 000 ам.долларыг тус тус шилжүүлсэн. Зээлийн хүүгийн төлбөрийн хэмжээ болон хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 90 200 ам.доллар, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 66 000 ам.доллар, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 110 000 ам.доллар, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 88 000 ам.доллар, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 66 000 ам.доллар, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 105 600 ам.доллар буюу нийт 525 800 ам.доллар байхаар тус тус харилцан тохиролцож гэрээнд заасан. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч буюу “Э”- ХХК нь манай компанид үндсэн зээлийн төлбөрт 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 111 970 ам.доллар, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 388 030 ам.долларыг, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 500 000 ам.доллар буюу нийт 1 000 000 ам.долларыг үндсэн зээлийн төлбөрт төлсөн. Зээлийн хүүгийн төлбөрт 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 26 ам.долларыг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 19 500 ам.долларыг, мөн өдөр 10 500 ам.долларыг, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 33 833 ам.долларыг, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 55 000 ам.доллар, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 111 967,72 ам.долларыг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 43 114 .ам.долларыг буюу нийт 299 914.72 ам доллар төлөөд байна. Хариуцагч нь үндсэн зээлээс нийт 1 000 000 ам.доллар, гэрээний хугацаан дахь хүүгээс 225 885,28 ам.доллар төлөөгүй байгаа юм. Анх зээл олгохдоо зээлдэгчийн хүсэлтийн дагуу аливаа барьцаа хөрөнгө авалгүйгээр, мөн зээлийн гэрээнд анз тооцохгүй байгуулсан боловч зээлдэгч нь харилцан тохиролцсон хугацаанд зээл, зээлийн хүүгээ буцаан төлөхгүй байсан. Тиймээс зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө болон дууссаны дараа зээлдэгчид удаа дараа амаар болон цахим шуудангаар мөн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01/486 албан тоот бичгээр, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01/785 тоот албан бичгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаа бариулах, зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа сунгах саналыг хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлдэгчээс ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Манай компани нь зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээгээр тохиролцсон мөнгөн хөрөнгийг зээлдэгчид тохиролцсон хугацаанд шилжүүлэн үүргээ биелүүлсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр болон хүүгийн төлбөрөө төлөлгүйгээр манай компанийг хохироосоор байгаа. Мөн зээлдэгч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 219.1, 222.5 дахь хэсэгт заасны дагуу зээлдүүлэгчид учирсан хохирлыг нэмж нэхэмжилж байна. “Э”- ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 1 000 000 ам.доллар, зээлийн гэрээний хугацаан дахь хүүгийн төлбөрийн үлдэгдэл 225 885.28 ам.доллар, мөн зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд учирсан хохирлыг 120 246,58 ам.доллар гэж тооцож, нийт 1 346 131.86 ам.долларыг “П”- ХХК-д гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний дагуу зээлийг ам.доллараар олгосон тул зээлийн буцаан төлөлт, үүргийн гүйцэтгэлийг ам.доллараар нэхэмжилж байна. Харин нэхэмжлэлийн үнийг тодорхойлох зорилгоор Монгол банкны 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хаалтын ханш буюу нэхэмжлэл гаргах өдрийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хаалтын ханш буюу нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшийн лавлагааны дагуу 1 ам.долларыг 2 412.04 төгрөгөөр тооцон 3 246 923 891.59 /1 346 131.86 ам.доллар/ төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгаж байна. Хариуцагч зээлийн гэрээний хугацаанд 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 19 500  ам.доллар, мөн өдөр 10 500 ам.доллар, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 33 833 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 26 000 ам.доллар, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 55 000 ам.доллар, 2017 он 10 дугаар сарын 25-ны өдөр 111 970 ам.доллар, мөн өдөр 111 968 ам.доллар, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр буюу гэрээний хугацаа дууссаны дараа 388 030 ам.доллар, мөн өдөр 43 114 ам.доллар,  2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 500 000 ам.доллар тус тус төлсөн. Үндсэн зээлийн төлбөрөөс үлдэгдэл 844 918 28 ам доллар, хүү 380 967 ам доллар төлөөгүй. Хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн үнийн дүнг үндсэн зээлээс хасч тооцсон ба нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу хохиролд 120 246.58 ам.доллар гаргуулахаар шаардсанаа 68 385 ам.доллар болгон багасган. Иймд зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 1 294 270.28 ам.доллар “Э”- ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээ 2 жилийн хугацаатай байгуулагдсан. Үндсэн зээлийн төлбөр нь 844 918 28 ам доллар, хүүгийн төлбөрт 225 885 ам. доллар байгаа. Үүнд маргаагүй. Харин 155 081 ам долларыг хүүний төлбөрт нэмэгдүүлснийг болон хохирол 68 385 ам.долларыг хүлээн зөвшөөрөхгүй ба зээлийн гэрээний хугацаа дууссан учир нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй. Хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч зээлээ тухай бүрд нь төлж байсан ба нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь зээл олгож ашиг олдог хуулийн этгээд биш учир Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар хохирол шаардах эрхгүй гэв.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа “П”- ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э”- ХХК-д холбогдох иргэний хэрэгт “НИК” ХХК-ийг хариуцагч талын хүсэлтийн дагуу гуравдагч этгээдээр оролцуулахаар шүүх шийдвэрлэсэн байна. “НИК” ХХК нь “П”- ХХК болон “Э”- ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний оролцогч биш бөгөөд зээлийн гэрээнд тухайн үед “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Алтанцэцэг гарын үсэг зурсан байгаа нь дараах шалтгаантай юм. “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Алтанцэцэг нь дээрх гэрээ байгуулагдах цаг хугацаанд “П”- ХХК-ийн санхүүгийн мөнгөн гүйлгээнд нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалыг давхар эрхэлж байсан бөгөөд уг албан тушаалын эрх хэмжээний хүрээнд гэрээ болон “П”- ХХК-аас “Э”- ХХК-д зээл олгосон гурван удаагийн мөнгөн шилжүүлгийн баримтад гарын үсэг зурсан байдаг. Түүнээс биш тухайн зээлийн харилцаанд “НИК” ХХК-ийг төлөөлж оролцоогүй болно. Тийм ч учраас гэрээнд зээлдүүлэгчээр “П”- ХХК, зээлдэгчээр “Э”- ХХК нар оролцож байгаа талаар зээлийн гэрээний эхлэлд тодорхой тусгагдсан бөгөөд гэрээнд “НИК” ХХК оролцоогүй тул компанийн тамга, тэмдэг огт дарагдаагүй юм. Харин “П”- ХХК-ийн санхүүгийн мөнгөн гүйлгээнд нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан болон С.Алтанцэцэг нь тухайн үед давхар хашиж “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа гэрээнд бичсэнээс болж Н ХХК гэрээнд зээлдүүлэгчээр оролцсон мэтээр андуурч болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Иймд “Н” ХХК нь уг хэргийн нэхэмжлэгч “П”- ХХК болон хариуцагч “Э”- ХХК-тай ямар нэгэн авлага, өглөг, төлбөр тооцоо байхгүй бөгөөд эдгээр компаниудын хооронд үүссэн энэхүү зээлийн маргаан нь “НИК” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хамааралгүй болно” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э”- ХХК /5395348/-аас зээлийн гэрээний үүрэгт 2 998 279 085 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “П”- ХХК /РД:5241901/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 123 549 876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 392 569,46 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э”- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 15 149 345 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “П”- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 17 162 ам.доллар буюу 41 394 744 төгрөг гаргуулсан хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар 17 162 ам.доллар буюу 41 394 744 төгрөг гаргуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг үндэслэх урьдчилсан нөхцөл нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.2 дахь хэсэгт заасан нөхцөлүүд байхаар хуульчилсан байна. Гэтэл нэхэмжлэгч тал хариуцагч талд үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг сануулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад дээрх нөхцөл байдал үүссэн мэтээр хүү гаргуулсан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч тал хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр нефтийн бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэх зорилготой байгуулагдсан байхад нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хохирол учирсан мэтээр хүү гаргуулсан үндэслэлгүй байна. Мөн талууд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2015/б/220 дугаар гэрээгээр зээлийн үнийн дүн түүнд тохирсон хүүг тохиролцож талуудын эрх үүргийг тохирсон байхад гэрээгээр тохиролцоогүй хүүг нэмж гаргуулсан нь хариуцагч талд хохиролтой нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 17 162 ам.доллар буюу 41 394 744 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч “П”- ХХК нь 2015 ны 9 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1 294 270.28 ам доллар гаргуулахаар хариуцагч “Э”- ХХК-аас шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 844 918.28 ам.доллар, зээлийн хүү 225 885.28 ам долларыг төлөхийг хүлээн зөвшөөрөх ба зээлийн хүү 155 081.72 ам.доллар, хохирол 68 385 ам.долларыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ./1хх 1-3, 202, 242-244 дүгээр тал/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 ам.долларыг 2 жилийн хугацаатай, нэг сарын 1.1 хувийн хүүтэй зээлж, зээлийг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр олгохоор, зээлдэгч 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг буцаан төлөхөөр тохиролцсон 2015/б/220 дугаар зээлийн гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх зөв дүгнэжээ./1хх 10-11 дүгээр тал/

 

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид нийт 1 299 915 ам.доллар төлсөн болох нь хэрэгт авагдсан “П”- ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 499137726 дугаар дансны хуулга, кассын орлогын ордероор нотлогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй./1хх 205-212 дугаар тал/ Харин зээлийн хүүгийн тооцоолол, нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь хохирол шаардах эрхтэй эсэх талаар маргажээ.

 

Хариуцагч тал зээлийн гэрээнд заасан зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаанд төлөөгүй нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ./1хх 10-11 дүгээр тал/ Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн нөхцөл түүнээс үүсэх үр дагаврын талаар зохицуулсан ба мөн хуулийн 222.5 дахь хэсэгт мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүг төлөх үүрэгтэй талаар шүүхээс холбогдох хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй этгээдээс хэтрүүлсэн хугацаагаар хүү тооцон шаардах эрх зөвхөн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд хамаарах зохицуулалт биш юм. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэх үүргээ зөрчсөн, гэрээний хугацаа дуусгавар болсон талаар маргаагүй тул нэхэмжлэгч төлбөр төлөхийг мэдэгдэж байгаагүй гэх үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч тал Худалдаа хөгжлийн банк, Хас банкны ам.долларын хугацаатай хадгаламжийн хүүгийн дундаж хэмжээ 5.1 хувиар тооцож, 68 385 ам.доллар хохиролд шаардсан боловч шүүхээс Хас банкны ам.долларын хугацаагүй хадгаламжийн хүүгийн хэмжээ болох 1.40 хувийг 1 225 885.28 ам.доллараас тооцож 17 162 ам.долларыг хариуцагчаас гаргуулж хохирлыг тооцсон нь зөв./1хх 203-204 дүгээр тал/ Шүүх нэхэмжлэлийн үнийн дүнг ам.доллараар шаардсаныг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Монгол банкны төгрөгтэй харьцах албан ёсны зарласан ханш болох 2 412 төгрөгөөр тооцож 1 243 047 ам.доллар буюу 2 998 279 085 төгрөгийг хангаж, үлдэх 51 223 ам.доллар буюу 123 549 876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хохирлын хэмжээг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгийг баримтлаагүй боловч энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн байгаа учраас шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.М

 

                           ШҮҮГЧИД                                 Ч.Ц

 

                                                                              С.Э