Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2019/00142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: П ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Э.Э.Г ХХКд холбогдох,

 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 294 270.28 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, хариуцагчийн өмгөөлөгч К.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П ХХК нь Э.С.Г ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр манай компани тус компанид 2 000 000 америк долларыг сарын 1,1 хувийн хүүтэйгээр хоёр жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн. Дээрх зээлийн гэрээний дагуу П ХХК нь зээлдэгчид 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1 400 000 ам.долларыг, мөн өдөр 400 000 ам.долларыг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 200 000 ам.долларыг тус тус шилжүүлсэн. Зээлийн хүүгийн төлбөрийн хэмжээ болон хугацааг 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 90 200 ам.доллар, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 66 000 ам.доллар, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 110 000 ам.доллар, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 88 000 ам.доллар, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 66 000 ам.доллар, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 105 600 ам.доллар буюу нийт 525 800 ам.доллар байхаар тус тус харилцан тохиролцож гэрээнд заасан. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч буюу Э.С.ГХХК нь манай компанид үндсэн зээлийн төлбөрт 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 111 970 ам.доллар, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр  388 030 ам.долларыг, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 500 000 ам.доллар буюу нийт 1 000 000 ам.долларыг үндсэн зээлийн төлбөрт төлсөн. Зээлийн хүүгийн төлбөрт 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 26 ам.долларыг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 19 500 ам.долларыг, мөн өдөр 10 500 ам.долларыг, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 33 833 ам.долларыг, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 55 000 ам.доллар, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 111 967,72 ам.долларыг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 43 114 .ам.долларыг буюу нийт 299 914,72 ам доллар төлөөд байна. Хариуцагч нь үндсэн зээлээс нийт 1 000 000 ам.доллар, гэрээний хугацаан дахь хүүгээс 225 885,28 ам.доллар төлөөгүй байгаа юм. Анх зээл олгохдоо зээлдэгчийн хүсэлтийн дагуу аливаа барьцаа хөрөнгө авалгүйгээр, мөн зээлийн гэрээнд анз тооцохгүй байгуулсан боловч зээлдэгч нь харилцан тохиролцсон хугацаанд зээл, зээлийн хүүгээ буцаан төлөхгүй байсан. Тиймээс зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө болон дууссаны дараа зээлдэгчид удаа дараа амаар болон цахим шуудангаар мөн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01/486 албан тоот бичгээр, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01/785 тоот албан бичгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаа бариулах, зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа сунгах саналыг хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлдэгчээс ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Манай компани нь зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээгээр тохиролцсон мөнгөн хөрөнгийг зээлдэгчид тохиролцсон хугацаанд шилжүүлэн үүргээ биелүүлсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр болон хүүгийн төлбөрөө төлөлгүйгээр манай компанийг хохироосоор байгаа. Мөн зээлдэгч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 219.1, 222.5 дахь хэсэгт заасны дагуу зээлдүүлэгчид учирсан хохирлыг нэмж нэхэмжилж байна. Э.С.Г ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 1 000 000 ам.доллар, зээлийн гэрээний хугацаан дахь хүүгийн төлбөрийн үлдэгдэл 225 885,28 ам.доллар, мөн зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд учирсан хохирлыг 120 246,58 ам.доллар гэж тооцож, нийт 1 346 131,86 ам.долларыг П ХХК-д гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний дагуу зээлийг ам.доллараар олгосон тул зээлийн буцаан төлөлт, үүргийн гүйцэтгэлийг ам.доллараар нэхэмжилж байна. Харин нэхэмжлэлийн үнийг тодорхойлох зорилгоор Монгол банкны 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хаалтын ханш буюу нэхэмжлэл гаргах өдрийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хаалтын ханш буюу нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшийн лавлагааны дагуу 1 ам.долларыг 2 412.04 төгрөгөөр тооцон 3 246 923 891,59 /1 346 131,86 ам.доллар/ төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгаж байна. Хариуцагч зээлийн гэрээний хугацаанд 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 19 500  ам.доллар, мөн өдөр 10 500 ам.доллар, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 33 833 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 26 000 ам.доллар, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 55 000 ам.доллар, 2017 он 10 дугаар сарын 25-ны өдөр 111 970  ам.доллар, мөн өдөр 111 968 ам.доллар, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр буюу гэрээний хугацаа дууссаны дараа 388 030 ам.доллар, мөн өдөр 43 114 ам.доллар,  2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 500 000 ам.доллар тус тус төлсөн. Үндсэн зээлийн төлбөрөөс үлдэгдэл 844 918 28 ам доллар, хүү 380 967 ам доллар төлөөгүй. Хариуцагчийн зээлийн гэрээний хугцааа дууссанаас хойш төлсөн үнийн дүнг үндсэн зээлээс хасч тооцсон ба нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу хохиролд 120 246.58 ам.доллар гаргуулахаар шаардсанаа 68 385 ам.доллар болгон багасган. Иймд зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 1 294 270.28 ам.доллар Э.С.Г ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна” гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээ 2 жилийн хугацаатай байгуулагдсан. Үндсэн зээлийн төлбөр нь 844 918 28 ам доллар, хүүгийн төлбөрт 225 885  ам. доллар байгаа. Үүнд маргаагүй. Харин 155 081 ам долларыг хүүний төлбөрт нэмэгдүүлснийг болон хохирол 68 385 ам.долларыг хүлээн зөвшөөрөхгүй ба зээлийн гэрээний хугацаа дууссан учир нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй. Хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч зээлээ тухай бүрд нь төлж байсан ба нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь зээл олгож ашиг олдог хуулийн этгээд биш учир Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар хохирол шаардах эрхгүй гэв.

 Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа П ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.С.ГХХК-д холбогдох иргэний хэрэгт НИК ХХК-ийг хариуцагч талын хүсэлтийн дагуу гуравдагч этгээдээр оролцуулахаар шүүх шийдвэрлэсэн байна. НИК ХХК нь П ХХК болон Э.С.Г ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний оролцогч биш бөгөөд зээлийн гэрээнд тухайн үед НИК ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Алтанцэцэг гарын үсэг зурсан байгаа нь дараах шалтгаантай юм. НИК ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Алтанцэцэг нь дээрх гэрээ байгуулагдах цаг хугацаанд П ХХК-ийн санхүүгийн мөнгөн гүйлгээнд нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалыг давхар эрхэлж байсан бөгөөд уг албан тушаалын эрх хэмжээний хүрээнд гэрээ болон П ХХК-иас Э.С.ГХХК-д зээл олгосон гурван удаагийн мөнгөн шилжүүлгийн баримтад гарын үсэг зурсан байдаг. Түүнээс биш тухайн зээлийн харилцаанд НИК ХХК-ийг төлөөлж оролцоогүй болно. Тийм ч учраас гэрээнд зээлдүүлэгчээр П ХХК, зээлдэгчээр Э.С.ГХХК нар оролцож байгаа талаар зээлийн гэрээний эхлэлд тодорхой тусгагдсан бөгөөд гэрээнд НИК ХХК оролцоогүй тул компанийн тамга, тэмдэг огт дарагдаагүй юм. Харин П ХХК-ийн санхүүгийн мөнгөн гүйлгээнд нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан болон С.Алтанцэцэг нь тухайн үед давхар хашиж НИК ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа гэрээнд бичсэнээс болж НИК ХХК гэрээнд зээлдүүлэгчээр оролцсон мэтээр андуурч болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Иймд НИК ХХК нь уг хэргийн нэхэмжлэгч П ХХК болон хариуцагч Э.С.ГХХК-тай ямар нэгэн авлага, өглөг, төлбөр тооцоо байхгүй бөгөөд эдгээр компаниудын хооронд үүссэн энэхүү зээлийн маргаан нь НИК ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хамааралгүй болно” гэв.

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П ХХК 2015 ны 9 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1 294 270.28 ам доллар гаргуулахаар хариуцагч Э.С.ГХХК-иас шаарджээ.

Хариуцагч Э.С.Г ХХК дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 844 918.28 ам.доллар, зээлийн хүү 225 885.28 ам долларыг төлөхийг хүлээн зөвшөөрөх ба зээлийн хүү 155 081.72, хохирол 68 385 ам.долларыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангахаар шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талууд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 ам.долларыг 2 жилийн хугацаатай, нэг сарын 1.1 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, зээлийг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр олгохоор, зээлдэгч 2016.01.25-ны өдрөөс 2017.09.25-ны өдрийн хүртэл хугацаанд хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг буцаан төлөхөөр тохиролцсон 2015/б/220 дугаар зээлийн гэрээ байгуулсан байна.

 Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо бичгээр илэрхийлж, гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан хүчинтөгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарах бөгөөд зохигч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн талаар маргаангүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох нөхцлийг хангасан гэж дүгнэлээ.

Зохигч зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зээлийн гэрээний үүрэгт зээлдэгчээс буцаан төлсөн үнийн дүн зэрэгт маргаангүй, харин зээлийн хүүгийн тооцоолол, нэхэмжлэгч хохирол шаардах эрхтэй эсэх талаар маргаантай байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба гэрээний хугацаа дуусахад зээлдэгч гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч 2 жилийн хугацаанд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2 000 000 ам.доллар, зээлийн хүү 528 000 ам.доллар төлөх үүрэгтэйгээс /2 000 000х1,1%=22 000х24 сар/ гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 144 833 ам.доллар, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн хооронд 1 155 082 ам.доллар, нийт 1 299 915 ам.доллар төлсөн болох нь хэрэгт авагдсан П ХХК-ний Худалдаа хөгжлийн банкин дахь 499137726 дугаар дансны хуулга, кассын орлогын ордер, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна. /хх 205-212 ху/

Иймд хариуцагч зээлийн гэрээний үндсэн үүрэгт төлвөл зохих үлдэгдэл төлбөр 1 228 085 ам.долларыг төлөхөөр байх боловч нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасныг баримтлан тэргүүн ээлжинд төлөх үндсэн үүрэгт үндсэн зээлийг тооцсон  зээлийн тооцооллыг  хийж, зээл, зээлийн хүүд 1 225 885,28 ам.доллар гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэмжээгээр ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч, үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар тохирсон хүү тооцно гэж тайлбарлаад үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргээс Худалдаа хөжглийн банк, Хас банкны ам.долларын хугацаатай хадгаламжийн хүүгийн дундаж 5.1 хувиар тооцож, 68 385 ам.доллар гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр, 222.4-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцах, харин үүргийг хугацаанд нь гүйцэтгэсэн ч тохиолдох байсан тохиолдлын улмаас үүссэн хохирлыг хариуцахгүй байхаар зохицуулаад, 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар, зээлдэгч гэрээний хугацаанд мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэнд талууд маргаангүй бөгөөд мөн хуулийн 222.2-т заасан хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч хохирол шаардах эрхтэй гэж үзэх боловч П ХХК нефтийн бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байгааг харгалзвал хуульд заасан “тохирсон хүүг” банкин дахь ам.долларын хугацаатай хадгаламжийн хүүтэй уялдуулан тооцох нь учир дутагдалтай байх тул Хас банкны ам.долларын хугацаагүй  хадгаламжийн хүү болох 1.40 хувийг 1 225 885.28 ам.доллараас тооцож 17 162 ам.долларыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч зээлийг ам.доллараар олгосон гэж тайлбарлаад гэрээний үүргийн гүйцэтгэлийг ам.доллараар буцаан шаардсан боловч шүүх  ам.долларын төгрөгтэй харьцах албан ханшаар нээхмжлэлийн үнийн дүнг тооцох үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь:

 Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж 4.4-т Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч П ХХК нь хуульд зааснаар албан ёсны зөвшөөрөлтэй, эсхүл гэрээ, гэрээний үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг валютаар хангуулах эрх бүхий хуулийн этгээд биш байх тул зээлийн мөнгөн хөрөнгийг ам.доллараар хариуцагчид шилжүүлсэн үндэслэлээр ам.доллараар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй, гэхдээ энэ нь зээлдэгчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасан үүргийн дагуу хэрэгт ирүүлсэн Монгол банкны 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах албан ханш болох 2 412 төгрөгөөр тооцож, нийт 2 998 279 085 төгрөгийг /1 225 885+17162=1 243 047*2 412/ хариуцагч Э.С.ГХХК-иас гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  51 223 ам.доллар буюу 123 549 876 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Ник ХХК оролцсон бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч талыг төлөөлөн гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч П ХХК зээлийн гэрээний үүргийг хариуцагч Э.С.ГХХК-иас дангаар шаардах эрхтэй, энэхүү зээлийн маргаан нь НИК ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хамааралгүй болно гэж тайлбарласан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Э.С.Г ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2 998 279 085 /хоёр тэрбум есөн зуун ерэн найман сая хоёр зуун далан есөн мянга наян таван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 123 549 876 /нэг зуун хорин гурван сая таван зуун дөчин есөн мянга найман зуун далан зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 392 569,46 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С.Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 15 149 345 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ                               Д.ЭНХЦЭЦЭГ