Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2018/01425

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 123 тоот хаягт байрлах М ХХК /регистрийн дугаар: / нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 147 тоот хаягт байрлах Д ХХК /регистрийн дугаар:/-д холбогдох

 

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний гүйцэтгэлд 91,827,884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний дагуу 71,718,069 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ө, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М ХХК нь Д ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулж, гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж байгаа 148 айлын орон сууцны хотхоныг сурталчлан байршуулах, зуучлалын борлуулах ажлыг гүйцэтгэж зуучлалын үнийн дүнгийн 3 хувьтай тэнцэх хэмжээний хөлсийг манай байгууллагад төлөхөөр тохирч гэрээ хийсэн. Улмаар манай байгууллага нь гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгэж 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэрээний тооцоогоо гаргаж, талууд хоорондоо тооцоо нийлж хүснэгтлээд манай байгууллагын гэрээний дагуу хийсэн ажлын хөлсөнд 61,327,884 төгрөгийг төлөхөөр болсон ч одоог болтол төлөхгүй байгаа учраас гэрээний 8.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги зуучлагчид төлнө гэсний дагуу алданги болох 30,500,000 төгрөг, нийт 91,827,884 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М ХХК-тай манай компани 2011 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Тус компанитай Баянзүрх дүүрэгт байрлах тус бүр нь 52 айлын 2 блок нийт 104 айлын орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлж гэрээнд оролцогч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Харин Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн Д төслийн хүрээнд ашиглалтад орох 264 айлын орон сууцны төсөл дээр хамтран ажиллахаар 2013 онд гэрээ байгуулан ажиллаж, эхний 1 жил гаруй хугацаанд М ХХК амжилттай борлуулалт хийсэн боловч 2015 оны 6 дугаар сараас хойшхи хугацаанд 1 ч орон сууцны борлуулалт хийгээгүй болно. Борлуулалттай холбоотой асуудлаар тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудтай удаа дараа уулзалт зохион байгуулж ажил сайжруулах яриа хэлэлцээр хийж, маркетингийн зардал гаргасаар 2016 оны 8 дугаар сар дуустал хугацаанд борлуулалт хийнэ гэсэн итгэл тээн хүлээсэн болно.

Орон сууцны борлуулалтаас өөр орлогогүй бидний хувьд нэг жил гаруй хугацаанд орон сууцны борлуулалт зогссон, өмнө нь зуучлагч компаниас борлуулсан орон сууц захиалагч нараас нэг нэгээрээ ээлж дараалан орон сууц захиалгаар бариулах гэрээгээ цуцалсаар байсан нь компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж ажилчиддаа олноор нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, орон сууц барихад шаардлагатай иргэн, хуулийн этгээдээс авсан бараа, материалын зардлыг төлөх санхүүгийн боломжгүй болсон.

М ХХК орон сууц захиалгаар бариулах гэрээгээ цуцалсан захиалагчийн оронд зуучлалын хөлсгүйгээр дараагийн захиалагчийг буюу борлуулалтыг хийх үүргээ маш хангалтгүй биелүүлсэн. Харин эсрэгээрээ гэрээ цуцлалтууд нэмэгдсээр байсан.

М ХХК манай компанитай 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 0512 тоот Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ-ээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байх тул тус компаниас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Хариуцагч Д ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр М ХХК-тай Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оноос барихаар төлөвлөсөн тус бүр нь 66 айлын 4 блок, нийт 264 айлын орон сууцыг борлуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Гэрээ ёсоор тус компани 2014 онд борлуулалтыг сайтар гүйцэтгэсэн боловч 2015 оноос борлуулалтын гүйцэтгэлийг туйлын хангалтгүй биелүүлж улмаар 2015 оны 5 дугаар сараас хойш 1 ч орон сууцны борлуулалт хийлгүй 2016 оны 9 дүгээр сартай золгосон. Тус компани гэрээнд заасан үүргээ биелүүлэх идэвхи, санаачилга гаргаагүй, зохион байгуулалтын ямар ч арга хэмжээ аваагүй, манай компаниас үр дүнгүй маркетингийн зардал гаргуулсаар байсан тул аргагүйн эрхэнд 2016 оны 8 дугаар сард хоёр компанийн хооронд байгуулсан гэрээгээ цуцалсан болно.

Д ХХК М ХХК-ийн хооронд 2013 оны 10 дугаар сарын 16-нд байгуулагдсан 0512 тоот Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын гэрээнд заасан үүргээ М ХХК биелүүлээгүй тул гэрээнд заасны дагуу дор дурдсан зүйлийг М ХХК-иас нэхэмжилж байна. Үүнд:

1. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний 1.3.3-т зааснаар маркетингийн зардалд нийт борлуулах талбайн 80 хувьтай тэнцэх орлогын үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй байна гэсэн заасны дагуу М ХХК нийт 21,889,415,251 төгрөгийн борлуулалтын орлого оруулахаар тооцож түүний 80 хувьтай тэнцэх 17,511,532,200 төгрөгийн 0,5 хувьтай тэнцэх буюу 264 айлын орон сууцыг борлуулахад нийтдээ 87,557,661 төгрөг зарцуулах ёстой байтал борлуулалтын эцсийн гүйцэтгэлээр 56 хаалга борлуулж, маркетингийн зардалд 77,749,204 төгрөг зарцуулуулж, маркетингийн нийт зардлаас 1 хаалгыг борлуулахад гарах зардлыг тооцож үзвэл 331,657 төгрөг, нийтдээ 235 хаалга борлуулах хэмжээний маркетингийн зардал зарцуулагдаж үүнээс бодит гүйцэтгэл 55 хаалгыг хасахад 180 хаалга борлуулахтай тэнцэх хэмжээний 59,508,069 төгрөг;

2. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний 8.7-д зааснаар улирал тутам үүргийн гүйцэтгэлийг дүгнэхэд 50 хувьд хүрээгүй байвал 37 м.кв талбайтай борлуулалтын ажлын хөлстэй тэнцэх хэмжээний торгуулийг хүлээлгэх заалтын дагуу борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийг өсөх дарааллаар борлуулалтыг эхлүүлснээс 2016 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны гүйцэтгэлийг гаргахад 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр батлуулсан борлуулалтын төлөвлөгөөнөөс 2 улирлыг 1 м.кв-ын дундаж үнэ 1,744,000 төгрөг, нийт үнийн дүн 64,528,000 төгрөгөөс 3 хувьтай тэнцэх торгууль 1,935,840 төгрөг, 2 улирлын торгууль 3,871,680 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн батлагдсан борлуулалтын төлөвлөгөөнөөс 4 улирлыг 1 м.кв-ын дундаж үнэ 1,878,000 төгрөг, нийт үнийн дүн 69,486,000 төгрөгөөс 2 хувьтай тэнцэх торгууль 2,084,580 төгрөг, 4 улирал борлуулалтын гүйцэтгэл 50 хувьд хүрээгүй дүнгээр тооцоход 8,338,320 төгрөг, нийт 12,210,000 төгрөгийн торгууль;

Иймд Д ХХК М ХХК-ийн хооронд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 0512 тоот Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний дагуу М ХХК-иас нийт 71,718,069 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч М ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын гэрээний 1.3.3-т заасны дагуу маркетингийн зардлыг зуучлуулагч тал болох Д ХХК нь бүрэн хариуцахаар заасан. Борлуулалт маркетингийн төлөвлөгөөг тухай бүрт нь талуудад харилцан тохиролцож, гарын үсгээр баталгаажуулж, төлөвлөгөөний дагуу тухай бүрт нь санхүүжилтийг маркетнгийн харилцагч компаниуд руу Д ХХК-ийн санхүүгээс зарцуулдаг байсан. Дээрх маркетингийн төлөвлөгөөний дагуу гаргаж байгаа санхүүжилт нь манай компанийн дасанд ордоггүй бөгөөд Д ХХК-ийн санхүүгээс тус төслийн зар сурталчилгааны ажлыг хийсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын данс руу шууд ордог байсан. Иймээс манай байгууллага тухайн санхүүжилтийг өөрийн данс руу авч байгаагүй. Төслийн борлуулалтын маркетингийн ажлыг хийж гүйцэтгэхэд нэг хаалганд 331,657 төгрөгийн зардал гарна гэх мэтээр тооцоолох боломжгүй юм. Учир нь төслийг нийтэд танилцуулах эхний үе буюу захиалга авч эхлэх үед зардлын ихэнхи нь болох 50 хувиас дээш зардлыг зарцуулдаг. Эхнээс нь сайн тасралтгүй хүчтэй маркетингийг хийж худалдан авчгид таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулах шаардлага гардаг. Үүний дараагаар цаг үеийн сурталчилгааны ажлыг тогтмол хийх хэрэгтэй болдог. Үүний дагуу төлөвлөгөө гаргаж эхэн үед их зардал их хэмжээтэй гарсан бөгөөд одоогийн байдлаар Д хотхон аль хэдийнээ зах зээлд танигдсан гэж үзэж байна.

Мөн барилгын ашиглалтад орох хугацаа 1, 2 дугаар блок 2016 оны 3 дугаар улиралд буюу анхны хугацаанаас 1 жилээр хоцорч, 3, 4 дүгээр блок 2016 оны 01 дүгээр улиралд орох байсан нь одоог хүртэл ашиглалтад ороогүй байгаа зэрэг нь худалдан авагчдад сөрөг сэтгэгдэл төрүүлэх, борлуулалт удаашруулах гэх мэт сөрөг үр дагаваруудыг гаргаж байсан боловч тухайн хугацаануудад маркетингийн ажил явагдаж зардал гаргаж байсан.

Худалдан авалт буурч байгаа шалтгаан нь тухайн барилгын чанар болон газарзүйн байршил, барилгын явц зэргээс хамааран тодорхой цаг хугацааны явцад хүмүүст танигдаж сонголтод нөлөөлдөг. Гэвч барилга удаа дараалан зогсох, барилгын ажил удаашрах гэх мэт нь маркетингийн ажлыг шинэчлэн зохион байгуулах, зардал ихээр гарган худалдан авагчийг татах гэх мэт шалтгаан болдог.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний 8.7 дахь заалтын дагуу тооцож үзэхэд 2014 оны борлуулалтын төлвөлөгөөний 1 дүгээр улирал 300 хувь, 2 дугаар улирал 74 хувь, 3 дугаар улирал 68 хувь, 4 дүгээр улирал 47,8 хувийн биелэлттэй, 2015 оны борлуулалтын төлөвлөгөөний 1 дүгээр улирал 40 хувь, 2 дугаар улирал 13,8 хувь, 3, 4 дүгээр улиарл 0 хувийн биелэлттэй байна. Гэвч Д ХХК-ийн зүгээс дээрх хугацааны 2015 оны 5-8 саруудад төслийг бөөнөөр борлуулах /төмөр замын байгууллагад бөөнөөр борлуулах хэлцэл хийгдэж байгаа/ шалтгаанаар аман хэлбэрээр мэдэгдэж борлуултыг түр хугацаанд зогсоосон. 2015 оны 10 дугаар сарын 21-нээс хөрөнгө оруулалтын шалтгааны улмаас 3, 4 дүгээр блокын барилгын ажлыг зогсоосон. Энэ нь тухайн үеийн худалдан авагчдыг түлхэх, зах зээлд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс эдгээр хугацаанд хамааралтай борлуулалтын төлөвлөгөө биелэх боломжгүй тул тухайн цаг хугацаанд хамааралтай торгуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тиймээс нийт 3 улирлын борлуулалтын төлөвлөгөөний биелэлт гүйцээгүй буюу 2014 оны 4 дүгээр улиралд 1,935,840 төгрөг, 2015 оны 1, 2 дугаар улиралд 4,169,160 төгрөгийн нийт 6,105,000 төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Маркетингийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар хавтаст хэрэгт тайланг тусгасан байгаа. Д гэдэг маркетингийн ажлын гол танилцуулга үр дүн, Д гэдэг төслийг нийт масс даяар мэдэж байгаа. Үүнийг мэдэхгүй хүн цөөхөн байгаа. Энэ маркетингийн ажлын үр дүн өнөөдөр 331,000 төгрөгийг нэг хаалганд төлөвлөсөн гээд тэр хаалгыг сурталчлах ажил хийгдсэн, эсхүл бүхэлд нь хийгдсэн гэдгийг ямар нэгэн гэрээгээр зохицуулаагүй. Нэг хаалганд 331,000 төгрөг шүү гэдгийг хариуцагч талаас тооцож гаргаж нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож байгаа учраас маркетингийн ажил гэдэг чинь өөрөө тусдаа зохион байгуулалттай. Өөрөөр хэлбэл нэг бараа бүтээгдэхүүн борлуулахад урьдчилан заавал зар сурталчилгаа явагдна. Борлуулагдаагүй хаалганд хуваан нэхэмжлэл үндэслэл байхгүй учраас үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хэрвээ барилгын ажил удаашраад байвал үйлдэл хийгдээд хүмүүсийн нүдэн дээр тухайн барилгын ажил яаж явагдаж байна, үнэхээр хурдтай хийж байна уу, үгүй юу гэдэг чухал үзүүлэлт болдог. Тухайн байрыг ямархуу хүмүүс худалдаж авдаг вэ гэхээр ихэвчлан байршлыг хардаг бөгөөд Нисэхэд байршилтай байрыг худалдан авагч авах магадлал маш бага гэсэн үг. Яармаг, Нисэх, 19 дүгээр хороололд байдаг хүмүүс ихэвчлэн авдаг байсан. Энэ хүмүүс тухайн байрыг ямархуу хурдтай баригдаж байна гэдгийг байнга харж байгаа учраас шууд барилгын ажилтай шууд хамааралтай. Үүнтэй холбоотой борлуулалтын төлөвлөгөө тасалдах явдал байдаг. 2015 оны 4 дүгээр сараас хойш тооцоод үзвэл 2014-2015 он хүртэл 8 улирал байгаа. 8 улирлаас 5 улиралд нь борлуулалтын төлөвлөгөө ирээгүй. Манайх 3 улирлыг хүлээн зөвшөөрч байна. 6,105,000 төгрөгийг манай компани хүлээн зөвшөөрч байна.

Тухайн 77 сая төгрөгт дараагийн 2 маркетингийн зардал шингэчихсан байгаа. Дараагийн хоёрыг нь дахин шинэ маркетингийн аргаар зарна гэвэл илүү зардал гарна. Яагаад гэвэл 4 байранд зориулсан концепцийг боловсруулж хийсэн бөгөөд зөвхөн нэг байранд нь зориулж маркетинг хийгээгүй. 4 байранд дөрвүүлэнд нь маркетингийн зардлыг шингээсэн гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 6 дугаар сараас хойш гэрээ цуцлах хүртэл 2016 оны 8 дугаар сар хүртлэх хугацаанд борлуулалт хийгээгүй юм. М ХХК-иас гэрээгээ цуцлаад 2016 оны 8 дугаар сард Х ХХК-тай гэрээ байгуулж, цаашид гэрээ нь хэвийн, борлуулалт хийгдэж байсан. М ХХК-ийн ажил яагаад 2015 оны 6 дугаар сараас суларсан тухайд М ХХК нь өөрөө өөртөө том барилга объект барьж эхэлсэн учраас ажил нь давхардаж борлуулалт бага байсан гэж ярьдаг. Гэрээний үүргээ гүйцэтгээгүй учраас гэрээ цуцлагдсан, үндсэн нэхэмжлэлээр нэхэмжилж байгаа мөнгийг нэхэмжлэх боломжгүй, хариуцагч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй тул сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний гүйцэтгэлд 91,827,884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний дагуу 71,718,069 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 0512 дугаартай, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулж, зуучлагч М ХХК нь зуучлуулагч Д ХХК-ийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж буй 148 айлын орон сууцны хотхоныг сурталчлан байршуулах, зуучлан борлуулах, зуучлуулагч нь төслийн борлуулалтын орлогын нийт үнийн дүнгийн 3 хувьтай тэнцэх хэмжээний зуучлалын хөлсийг зуучлагчид төлөх, гэрээний хугацаанд зуучлагчаас өөр ижил төрлийн ажил үйлчилгээ эрхэлдэг бусад иргэн, хуулийн этгээдтэй энэхүү гэрээнд заасан ажил үүргийн хүрээнд хамтран ажиллахгүй байхаар харилцан тохиролцжээ.

Гэрээний 1.3.3-т Маркетингийн зардал-ыг тодорхойлсон байх бөгөөд гэрээний 1.3.2-т заасан Төслийн маркетинг, борлуулалтын төлөвлөгөөний дагуу зах зээлд хандсан бүх төрлийн зар сурталчилгаа болон түүнтэй холбоотой үндсэн болон нэмэлт үйл ажиллагааны зардлыг ойлгох бөгөөд энэ нь нийт борлуулах талбайн 80 хувьтай тэнцэх орлогын үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй байна. Энэхүү зардлыг зуучлагч тал бүрэн хариуцах ба төлөвлөгөөний дагуу санхүүжүүлнэ гэж зааснаас үзэхэд, зуучлуулагч тал маркетингийн зардлыг хариуцахаар талууд тохиролцсон гэж үзнэ.

Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэгч М ХХК-ийг борлуулалт хийнэ гэж итгэн, борлуулалт сайжрахыг хүлээсэн боловч М ХХК зуучлагчийн үүргээ биелүүлээгүй гэж маргаж байх боловч зуучлагч нь зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч М ХХК нь Д ХХК-ийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөсөн орон сууцны хотхоны буюу Д төслийн борлуулалт маркетингийн төлөвлөгөөг 2013 онд боловсруулан гаргаж, зуучлуулагч талаар батлуулсан, 2014 оны маркетинг, борлуулалтын тайланг 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, 2015 оны маркетинг, борлуулалтын төлөвлөгөөг 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тус тус гаргаж, зуучлуулагчаар батлуулсан байв.

2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0512 дугаартай, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний 4.2-т Зуучлалын хөлсийг тусгаж, гэрээний 4.4-т зуучлагч ажлын хөлс авах эрх үүсэх нөхцлийг тусгасан байх бөгөөд талууд 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр, тооцооны хугацаанд баталгаажсан авлагыг 57,4779,160.97 төгрөг болохыг харилцан тохиролцож баталгаажуулжээ.

Хариуцагч Д ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрээ цуцлах тухай 16-08/206 дугаартай албан бичгийг М ХХК-д хүргүүлсэн гэх боловч талууд гэрээний дагуу тооцооны хугацаанд баталгаажсан авлагыг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тохиролцон гаргасан, гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул цуцлагдсан гэрээний дагуу М ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Зуучлалын 0512 гэрээний 8.4-т Зуучлуулагч нь гэрээний 4.2-т заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зуучлагчид төлнө гэж заасан байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчийн ашиг сонирхлын төлөө, хүсэл сонирхол нь чиглэгдсэн этгээдтэй түүнийг холбож өгөх, зуучлуулагч нь үүний төлөө хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх зохицуулалттай тул дээр дурдсан баталгаажсан авлагыг алдангийн хамт, нийт 86,218,741 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0512 дугаартай, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний 1.3.3-т зааснаар М ХХК нийт 21,889,415,251 төгрөгийн борлуулалтын орлого оруулахаар тооцож түүний 80 хувьтай тэнцэх 17,511,532,200 төгрөгийн 0,5 хувьтай тэнцэх, 264 айлын орон сууцыг борлуулахад нийтдээ 87,557,661 төгрөг зарцуулах ёстой, борлуулалтын эцсийн гүйцэтгэлээр 56 хаалга борлуулж, маркетингийн зардалд 77,749,204 төгрөг зарцуулуулж, маркетингийн нийт зардлаас 1 хаалгыг борлуулахад гарах зардлыг тооцож 331,657 төгрөг хэмээн, нийтдээ 235 хаалга борлуулах хэмжээний маркетингийн зардал зарцуулагдаж үүнээс бодит гүйцэтгэл 55 хаалгыг хасахад 180 хаалга борлуулахтай тэнцэх хэмжээний 59,508,069 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

Талууд нэг хаалга буюу нэг айлын орон сууцыг борлуулах маркетингийн зардлыг гэрээнд тухайлан тохиролцоогүйн дээр гэрээний 1.3.3-т зааснаар зуучлуулагч тал маркетингийн зардлыг хариуцахаар тохиролцсон тул 59,508,069 төгрөгийг зуучлагчаас гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзнэ.

Харин 0512 дугаартай, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний 8.7-д Гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш улирал тутамд гэрээний хэрэгжилтийг талууд дүгнэхэд Зуучлагчийн ажлын үр дүн 50 хувь хүрээгүй байвал 37 м.кв талбайтай орон сууцны зуучлалын хөлстэй тэнцэх хэмжээний торгуулийг зуучлагч зуучлуулагчид төлнө гэж зааснаар торгууль шаардах эрхтэй.

Дээр дурдсан, гэрээний 8.7-д зааснаар, борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийг өсөх дарааллаар борлуулалтыг эхлүүлснээс 2016 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны гүйцэтгэлд 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр батлуулсан борлуулалтын төлөвлөгөөнөөс 2 улирлыг 1 м.кв-ын дундаж үнэ 1,744,000 төгрөг, нийт үнийн дүн 64,528,000 төгрөгөөс 3 хувьтай тэнцэх торгууль 1,935,840 төгрөг, 2 улирлын торгууль 3,871,680 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн батлагдсан борлуулалтын төлөвлөгөөнөөс 4 улирлыг 1 м.кв-ын дундаж үнэ 1,878,000 төгрөг, нийт үнийн дүн 69,486,000 төгрөгөөс 2 хувьтай тэнцэх торгууль 2,084,580 төгрөг, 4 улирал борлуулалтын гүйцэтгэл 50 хувьд хүрээгүй дүнгээр тооцоход 8,338,320 төгрөг, нийт 12,210,000 төгрөгийн торгуулийг зуучлагч тал зуулчуулагчид төлөх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Д ХХК-иас 86,218,741 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,609,143 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М ХХК-иас 12,210,000 төгрөгийг гаргуулж, Д ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 59,508,069 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 618,000 төгрөг, хариуцагч Д сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 516,550 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 210,310 төгрөгийг гаргуулж хариуцагч Д ХХК-д, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 589,043.71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА

ы