Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 501

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, О.З- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.М даргалж, шүүгч Ч.Ц, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00065 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-, О.З-нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч В.Л-д холбогдох

 

18 982 581 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Л-ийн зээлийн төлбөрийг үндэслэж зээлийг төлсөн асуудал яригдаж байгаа. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч В.Л гэдэг хүнээс зээл авч байсан гээд 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эрүүгийн хэргийн талаар ярьдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэргийн шүүх хуралдаан явагдаж байгаа юм шиг байр сууринаас хандаж нотлох баримтуудыг цуглуулж, гаргуулдаг. Гэтэл 2003 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Т” ХЗХ-оос зээл авсан үйл баримт тодорхой байгаа. О.З-гэж хүн очиж гарын үсэг зураад зээл нь В.Л-ийн нэр дээр гарсан юм шиг яриад байна. Шаардах эрх үүсэхгүй байна. Гэрээ болон бусад зүйлийг үндэслээд шаардах эрх үүсдэг гэж хэллээ. Гэтэл Иргэний хуулийн 496 дугаар зүйлд сайн дураараа өөрөө мэдэж төлсөн гэж заасан. Яагаад сайн дураараа төлсөн гэхээр В.Л-ийн нөхөр н.Б гэдэг хүнийг би болон манай хүргэн ах О.З-таньдаг байсан. Би 2003 оны 4 дүгээр сараас эхлээд нөхөрлөлийн захирлын үүргийг хүлээж авсан. Бид нар байнгын харилцаа холбоотой байсан нь үнэн. Гэхдээ н.Б болон В.Л-гийн хооронд зээл авахуулаад зээлийг нь хэрэглээд байсан зүйл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Эрүүгийн хэргийн бүх үйл баримт нь нотлогдсон. В.Л-гийн зээлийг О.З-авч хэрэглэсэн гэж ярьлаа. Тухайн үед буюу 2002 онд мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд яллагдагч өөрийнхөө гэм буруутай үйлдлийг нотлох үүрэг хүлээхгүй гэж тодорхой заасан байгаа. Эрүүгийн хэргийн архиваас авсан В.Л-гийн мэдүүлэг дээр 11 500 000 төгрөгийн зээл авсан, яаж төлснөө мэдэхгүй байна гэж өөрөө хэлсэн байсан. Үнэхээр 11 500 000 төгрөгийн зээл аваад Б.Б-, О.З-гэж хүмүүс зээлийг нь төлөөгүй гэж үзэж байгаа бол өөрсдөө төлсөн гэдгээ нотолсон баримт нэг ч байхгүй. Иргэний хуулийн 13 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөртөө давуу байдлыг бий болгохоор өөрийнхөө давуу байдлыг хууль бусаар ашиглаж болохгүй гэж үзэж байна. Танил талын холбоотой байсан гэж тайлбарлаад байгаа нь О.З-ыг зээл авсан гэдгийг нотлохгүй. Б.Б-, О.З-нартай харилцаа үүсгэхээсээ өмнө нь н.Б “Ф ББСБ” ХХК-аас зээл авч, хөрөнгөө барьцаанд тавьсан. Энэ зээлээ төлж чадаагүй байсан. Эхний авсан 4 000 000 төгрөгийн зээлийг нь чөлөөлөөд, дараа нь 2002 оны 10 дугаар сард дахиад 5 000 000 төгрөгийн зээл болгоод үүнийгээ мөн адил төлж чадаагүй. н.Б 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Нас барснаас нь хойш В.Л- миний нөхрийг залилсан гээд хууль цагдаагийн байгууллагад хандсан. Үүний дагуу 2004 оны 4 дүгээр сараас эхлээд Эрүүгийн хэрэг үүсээд 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болсон. Энэ хугацаанд В.Л- гэж хүн дандаа худал мэдүүлэг өгч, хууль зөрчиж байсан. Нөхөр нь 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нас барсан байхад 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан нөхрийнхөө өмнөөс зээл шилжүүлсэн гэсэн бичиг хийлгэж өгсөн. Үүнийг үндэслэж цагдаагийн байгууллагад өгч, эрүүгийн хэрэг үүсгээд О.З-гэж хүн ял авсан. Тухайн үед Б.Б-, О.З-нар нь хууль, эрх зүйн мэдлэггүй байсан бөгөөд хуулийн байгууллага үнэнийг тогтоох байх гэж явсаар байгаад ял авсан. Бодит байдал дээр Б.Б-, О.З-нар хохирч байгаа болохоос биш В.Л- хохирсон зүйл байхгүй. Яагаад шаардах эрх байхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Нэгэнт хүний өмнөөс зээлийн төлбөрийг нь төлөөд өгчихсөн болохоор төлбөрт төлсөн мөнгөө авъя гэж шаардахаар хүүхдүүдтэйгээ гэрт ирж дарамталж, О.З-ыг зоддог. Эсвэл зээлийн төлбөрт төлсөн мөнгийг О.З-ын эрүүгийн хэргийн төлбөрөөс хасаж тооцооч гээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэл хүргүүлэхээр хариу өгдөггүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай холбоотой асуудлыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр В.Л-д 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэрээр төлбөрт нь тооцож өгсөн эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл авдаггүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй байна. Гэм буруутай нь тогтоогдлоо гээд шүүхийн шийдвэр гарсан. В.Л- өөрийн биеэр шүүх дээр нэг ч удаа ирж байгаагүй. Нүүрээ хараад мэтгэлцэх бүрэн боломжтой байсан. Өөрийнхөө хүүхдүүдийг гэрчээр асуулгадаг. Хүүхдүүдэд нь хууль сануулаад байхад худал мэдүүлэг өгдөг. Зөвхөн “Т” ХЗХ-той холбоотой зээлийн гэрээ болон нэмэлт гэрээний баримтыг гаргуулъя, Б.Б- гэж хүнд эдгээр баримтын эх хувь нь байгаад байна, худлаа баримт гээд эдгээр баримтын эх хувийг гаргуулъя гэдэг. Гэтэл “Т” ХЗХ татан буугдсан байна гээд баримт нь ирчихсэн, улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтад 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдөр В.Л- гэж хүн “Т” ХЗХ-д гишүүнээр элссэн байна, зээл авсан байна гээд баримт нь ирсэн. Энэ зээлийг нь хэн төлж барагдуулж байсан талаар тухайн үед “Т” ХЗХ-д зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Лхамжав гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн. Хариуцагч тал ярихдаа барилгын компанитай байсан учраас зээл авах шаардлагагүй ашиг, орлого олдог байсан гэж ярьдаг. Гэтэл үнэндээ хэдэн хүмүүс цуглуулж ажиллуулаад хувиараа байшин барьдаг байсан. В.Быг нас барсны дараа н.Бтай холбоотой бүх төлбөрийг Б.Б-, О.З-нар төлж барагдуулсан. Сүүлдээ өөрсдөө эрүүгийн хэрэгт холбогдсон. О.З-ын бичсэн гээд байгаа сүүлд ирүүлсэн баримтаар 2004 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “М” ХХК-аас авсан зээлээр өмнөх зээлийг төлж барагдуулсан гэдэг бичиглэлийг хэрэгт ач холбогдолтой гээд байдаг. В.Л- гэдэг хүн О.З-ыг “М” ХХК-аас авсан 14 000 000 төгрөгийн зээлийг авчихаад төлөхгүй байна гэсэн гомдол гаргаж О.З-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар В.Л-гээс 14 000 000 төгрөгийг залилан мэхэлж авсан гээд өнөөдрийг хүртэл ял шийтгэлтэй явж байгаа. “Т” ХЗХ-ны төлбөрийг “М” ХХК-ийн зээлийн төлбөрөөс барагдуулсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан болгон дээр хэлдэг. Гэрчүүдийн мэдүүлгээр В.Бтай барилга бариулах хэлцэл хийгдэж, мөнгө суутгагдаж байсан учраас “Ц” ХХК-ийн өмнөөс “Ф ББСБ” ХХК-д 182 500 төгрөг, 112 000 төгрөгийг аваачиж төлдөг байсан гэдгийг гэрчилдэг. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад В.Л- гэж хүн 2003 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ерөөсөө зээлээ төлөөгүй. Зээлээ төлөөгүй байсан учраас В.Б-тай цуг ирээд бид нарын зээлээс төлөлцөж өгөөч гээд ярьсан. Бид нар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хүсч өргөдлөө бичээд газраа тоймлож аваад байшин барихад бэлэн болсон байсан. Газрын гэрчилгээ гараад В.Б барилга руу бригадаа оруулсан. Тухайн үед ажилчдын цалин, хоол, хүн зочид буудалд байрлуулж байсан мөнгийг бүгдийг нь гаргадаг байсан гэж н.Энхбаяр гэрчилдэг. Архины үйлдвэрүүд орлогын албан татвар өндөр төлдөг байсан хэдий ч ашиг олж байсан. Талс маркет нөхөрлөлийн захирлаар нь би бүртгэгдээд байнгын үйл ажиллагаа явуулж орлого олдог байсан. Энэ орлогоосоо В.Л-гийн зээлийн хүүг төлж өгсөн. О.З-бол 507 843 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгийг нь би төлсөн. Энэ төлбөрөө гаргуулж авахын тулд олон удаа уулзаж байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр байнга тааралддаг. Хэний тайлбар үндэслэлтэй гэдэг нь нотлох баримт судалсны дараа харагдах байх. Өнөөдөр бид нар энэ хэргийг шийдвэрлүүлснээр О.З-гэж хүнийг эрүүгийн гэмт хэрэгтэн мөн, биш гэдгийг тогтооход ач холбогдолтой. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байсан учраас хуулийн хугацаанд нь бид нар нэхэмжлэлээ гаргасан. В.Б гэдэг хүн байшин барьж өгнө гээд 3 сарын хугацаанд 9 000 000 гаруй төгрөг авсан байсан. Тухайн үед нь би тэмдэглэл хөтлөөд явж байсан болохоор үүнийгээ хүртэл би шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үнэхээр байшин бариулах гэж байсан. Дөнгөж торхыг нь өрж байх явцдаа В.Б нас барсан. Үлдэгдэл мөнгийг нь хэн хэрхэн яаж хуваах юм. Би В.Б гэж хүнийг муу хүн байсан гэж хэлэхгүй. В.Б тухайн үед амьд байсан бол О.З-биш В.Б авсан мөнгө төгрөгийнхөө төлөө өөрөө ял авах байсан байх. 2018 оны 4 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч В.Л- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Б-гийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Б.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хэргийн бодит нөхцөл байдлыг илтэд мушгин гуйвуулан бичсэн байна. В.Л- би В.Бтай 1979 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж 1980-1990 оны хооронд 5 хүүхэдтэй болж өөрсдийн өнөр өтгөн гэр бүлийг бий болгосон. Миний нөхөр В.Б 1977-1996 он хүртэл УБЦТСүлжээ компанид монтёроор ажилладаг байсан ба хувиараа цахилгааны монтажийн ажил давхар хийдэг байсан. 1996 онд ажлаасаа гарч Эрч констракшн барилгын компани байгуулж хувийн бизнес эхлүүлсэн. Тус компани 10-аад үндсэн ажилтантай байсан ба зуны улиралд ажлын ачаалал ихсэхээр улиралын чанартай ажилчид авч ажиллуулдаг байсан. Энэ үед Монголд анх удаа мансарттай байшин баригдаж байсан. Нөхөр В.Бы багийн найз О.Эрдэнэ-Өлзийгөөр дамжуулан О.З-тай 1980-аад оны үеэс танилцсан. Бид тухайн үед гэр бүлийн найзууд байсан. Гэр бүлээрээ ганц хоёр удаа л уулзаж байсан. Үүнээс хойш 2001-2002 он хүртэл холбоогүй байсан. О.З-нь 2001-2002 оны үеэс манай нөхөр В.Бтай ойр дотно болж эхэлсэн. Миний нөхөр шулуун шударга, зарчимч, цаг барьдаг, ажилсаг, найз нөхөд, ах дүү хамаатан садандаа нэр хүндтэй, нэг сайн хүндээ итгэж тууштай ханддаг зантай. Харин О.З-хүн харахад нүдэнд дулаахан, тэгсэн тэгсэн, тэгэлгүй яахав, ингэлгүй яахав гэсэн найрсаг зантай байсан. Гэхдээ миний бие тухайн үедээ О.З-ыг дотроо бусдыг залилан мэхлэх хорон санаа агуулагдаж байсныг мэдээгүй. О.З-болон Б.Б- нарын гуйлтаар өөрийн эд хөрөнгийг барьцаалж зээл авч өгч байсан. Б.Б-гаар өөрийн өр төлбөрийг төлүүлсэн зүйл байхгүй. О.З-болон Б.Б- нь өөрсдөө хариуцаж төлнө л гэж хэлдэг байсан. Намайг болон манай гэр бүлийн сайхан сэтгэлийг ашиглаж манай гэр бүлийг О.З-болон Б.Б- нар нь орох орон гэргүй болгосон. Ийм байж их хэмжээний мөнгө нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. О.З-болон Б.Б- нарыг өр ширтэй хэцүү байхад нь л тусалж байсан. Гэтэл шүүхэд илэрхий худал тайлбарыг гаргаж намайг гүтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Зохигчийн тайлбар нь өөрөө нотлох баримтад хамаардаг. Тэгэхээр энэ хэрэг дээр О.З-гэж хүн нэхэмжлэгчээр байгаа учраас О.З-ын тайлбар нь нотлох баримтад хамаарч болно. Эрүүгийн хэргийн материалд авагдсан О.З-ын мэдүүлэг болон тайлбараас тодорхой харагдана. Энэ хүмүүс маш олон хүний байрыг зээлийн барьцаанд тавиулаад зээлийг нь аваад ашиглаад явсан гэдэг нь шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Ийм учраас иргэний шүүх О.З-ын буруутай байсан эсэхийг тогтоохгүй. Хэргийн материалд авагдсан нэхэмжлэгч О.З-ын мэдүүлгээр удаа дараагийн зээлийг О.З-авч хэрэглээд, өмнөх зээлийг нь төлж чадахгүй болохоор дахин өөр газарт шилжүүлээд зээл аваад яваад байсан нь тогтоогддог. “Т” ХЗХ-ны зээл нь “М” ХХК-аас авсан зээлээр төлөгдсөн гэдэг нь О.З-ын мэдүүлэг болон В.Л-гийн мэдүүлгээр давхар нотлогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдөө гаргаж өгөх боломжгүй нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй байсан учраас тэр хүсэлтийнхээ дагуу нотлох баримтуудыг цуглуулсан. Шаардах эрх гэдэг бол хууль болон гэрээний үндсэн дээр үүсдэг. Иргэний хуулийн 496 дугаар зүйл, 492 дугаар зүйлүүдийг хууль зүйн хувьд зөв ойлгож тайлбарлаж байж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл зөв гарна. Гэтэл энийгээ ойлгож уншилгүй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ буруу оруулж ирсэн гэж миний бие үзэж байна. Шүүх энэ дээр юу гэж дүгнэлт өгөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар сэжигтэн, яллагдагч өөрийн гэм буруугүйг нотлох үүрэг хүлээдэггүй байсан. Одоо ч гэсэн энэ зарчим хэвээрээ байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргаж байгаа тайлбар нь өөрөө нотлох баримтад хамаардаг. Мөн шүүх хуралдааны тэмдэглэл болон нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Тэгэхээр хэргийн материалд авагдсан байгаа эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд О.З-ын хэлсэн мэдүүлэг байгаа, О.З-т хууль сануулаад авсан мэдүүлгүүд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт байж байгаа. Энэ үед О.З-ч гэсэн өөрөө хариуцагчтай ижил тайлбарыг хэлдэг. Энэ бичгийн баримтуудыг нэхэмжлэгч талаас няцаасан үйл баримт байхгүй. Мөн В.Бы гуйлтаар маш их хэмжээний мөнгө төлж байсан гэж тайлбарлаад байгаа. Гэтэл В.Б гуйсан эсэхийг ганц нэхэмжлэгчийн тайлбараар тогтоох боломж байхгүй. Зээл авсан бол төлөх ёстой гээд байна. Үнэхээр зээл авсан бол төлөх ёстой. Гэтэл эсрэгээрээ зээл аваагүй байсан бол төлөх ёсгүй. Энэ зээлнээс В.Б авсан бол тодорхой хэмжээний төлөлт хийсэн байх ёстой. “Т” ХЗХ-д ямар холбоо хамааралтай, яаж авсан гэдэг нь тогтоогдохгүй байхад бүх мөнгийг нь нэхэмжлэгч төлөөд байгаа нь үүний ард ямар нэгэн тохиролцоо байгаа гэдгийг харуулж байна. Энэ зээлийг О.З-авсан гэдгээ эрүүгийн хэрэгт хүлээн зөвшөөрч тайлбарлаад байгаа нь уг зээлийг авсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Зээл шилжүүлэх гэрээг 2004 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн гэж байна. Энэ гэрээн дээр В.Б гэж бичсэний ард талд В.Л- өөрийнхөө гарын үсгийг зурсан. Түүнээс биш В.Б гэж хүний өмнөөс иргэний үнэмлэхийг нь хавсаргаад гарын үсгийг нь дуурайлгаж зурсан зүйл байхгүй. В.Быг нас барсны дараа О.З-тай уулзаад авсан зээлээ төл гэж хэлэхэд О.З-өөрөө төлнө гэж хэлээд зээлийн гэрээ болон зээлийн гэрээ шилжүүлэх тухай гэсэн 2 баримт үйлдсэн. Үүний ард талд В.Л- гарын үсэг зурсан гэдгийг нотлоод В.Л-гийн иргэний үнэмлэхний хуулбар байгаа. Өнөөдрийг хүртэл В.Л- хуурамч баримт үйлдээд О.З-, Б.Б- гэж хүмүүсийг хохироогоод байгаа юм шиг худлаа зүйл ярьж болохгүй. Энэ бол шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон. Миний тухайд хариуцагчаас сонссон хэрэгт ач холбогдолтой гэсэн баримтуудаа гаргаад явж байна. Мөн О.З-, Б.Б- нартай холбоотой эрүүгийн хэргийн 9 хавтаст хэргийн материалтай танилцаад үзэхэд надад суусан итгэл үнэмшил тийм л байсан. Олон хүний байрыг луйвардаж аваагүй байсан юм бол тухайн үед төлбөрийг нь төлөх боломжтой байсан бол тэр үед энэ хүмүүсийн төлбөрийг төлөх байсан. 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор О.З-аас 13 000 000 төгрөг гаргуулж В.Л-д олгохоор тогтоосон. Гэтэл өнөөдрийг хүртэл биелүүлээгүй л байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажлаа хийхгүй байна гээд удаа дараа гомдоод, шүүхэд ханддаг. Хэрэв өнөөдрийг хүртэл бүтэн 13 жилийн хугацаанд 13 000 000 төгрөгийг төлөх боломжтой байсан. Зээлийг үнэхээр аваагүй ашиглаагүй гээд байгаа бол О.З-ын ижил төстэй тайлбарыг няцаах ёстой. Хэрэгт авагдсан зээл төлсөн, шаардах эрх үүссэн гээд байгаа баримтуудаас харахад 2003-2006 оныг хүртэлх баримтууд байгаа. Шаардах эрх бий болсон бол түүнийг хэрэгжүүлэх журам гэж байгаа. Зээлийн гэрээний дагуу манайх төлөх үүрэг байгаагүй учраас О.З-төлсөн гэж маргаж байна. Үнэхээр шаардах эрх байсан гэж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байгаа учраас 12 жил өнгөрсөн. Иргэний хуульд ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг 10 жил байхаар заасан. Төлсөн огнооноос хойш хөөгөөд үзэхээр 2016 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өнөөдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй мэтээр ярьж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ дээр шүүх онцгойлон ач холбогдол өгөх ёстой байх. Мөн хуульд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах болон зогсох талаар заасан. Гэхдээ талуудын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах, түр зогсоох үйлдэл хийсэн талаар баримт байхгүй. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3 дахь хэсэгт зааснаар шаардлага гаргахад тодорхой нөхцөл байдал бүрдэх ёстой бөгөөд дараах тохиолдолд шаардлага гаргаж болохгүй гэж заасан. Тус хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т шаардлага гаргагч гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдэх ёстой. Гэтэл энийгээ мэдэгдээгүй. Бүтэн 10 жил өнгөрч байхад ердийн боломжит хугацаа гэдэг бол шууд тэр хүнд мэдэгдэж болох боломжит хугацааг хуульд заасны дагуу ойлгож байгаа. Барилга бариулах байсан гэж яриад байна үүнийгээ яаж нотолж байгаа юм. Мөн 2 мэдэгдэл өгөөд байхад юм хэлэхгүй байсан гээд байна. Хэрэв хариу өгөхгүй байгаад 10 жил өнгөрөх гээд байгаа бол шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой байсан. Одоо тэр хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч В.Л-д холбогдох 18 982 581 төгрөг гаргуулах Б.Б-, О.З-нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 863 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.2, 78, 79, 82 дугаар зүйлийн 82.1, 492 дугаар зүйлийн 492.1.2, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгүүдийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн нь дээрх шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт “ ... хариуцагч В.Л-гийн 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр “Т” ХЗХ-оос зээлж авсан 11 500 000 төгрөг 2004 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төлөгдөж дууссан болох нь гэрч Ш.Лхамжав болон төлбөрийн баримтуудаар тогтоогдож байх тул В.Л-гийн зээлийн гэрээний үүрэг 2004 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзнэ....Иймд 2003 оны 5 дугаар сараас 2004 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд В.Л-гийн зээлийн төлбөрт төлөгдсөн 18 702 591 төгрөгийг /х.х-ийн 9-17 дугаар тал/ нэхэмжлэгч нар төлсөн нь тогтоогдсон гэж үзэв. Нэхэмжлэгч нар 18 982 581 төгрөг нэхэмжилж байгаа боловч 279 990 төгрөг нь баримтгүй байгааг дурдах нь зүйтэй....” гэж мөн ....нэхэмжлэгч нар В.Л-гийн зээлийн төлж байсан талаарх баримтууд болон зээлийн гэрээг олж авах шаардлагагүй, өөрт нь байсан боловч 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдөр найз найз нөхдийн харилцаатай байсан В.Б нас барсан, үүнээс хойш 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан байдлыг нь шаардах эрхээ 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй байсан үндэслэлд тооцов.....” гэж зөв зүйтэй дүгнэсэн атлаа “...харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсоноос хойш шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүйгээс гадна 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэх үйлдэл хийсэн гэж үзэхгүй. Мөн В.Л-гийн өмнөөс зээлийг төлж нэхэмжлэгч нараас хөрөнгийн зардал гаргасан болохоо 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр /х.х-ийн 21-225 дугаар тал/ мэдэгдсэнийг энэ өдрөөр шаардах эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл хийсэн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах нөхцөл гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгч нарын хариуцагчийн эсрэг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болжээ. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны үр дагавар нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй буюу нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан шаардлага гаргаж шүүхээр шийдвэрлүүлэх эрхээ алдаж буй явдал. Иймд нэхэмжлэгч О.З-, Б.Б- нарын хариуцагч В.Л-д холбогдуулан гаргасан 18 982 581 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв....” гэсэн нь илт үндэслэлгүй, санаатайгаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт болсон. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулах тухайд хууль тогтоогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “ Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааж өгсөн байна. Нэхэмжлэгч Б.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан 17 хуудас баримт гарган өгсөн байх бөгөөд, шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан нэхэмжлэлийг 17 хуудас баримтын хамтаар хүлээн авсан тухайг нотлох тамга тэмдэг дарж баталгаажуулсан байдаг. Дээрх 17 хуудас нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг ханган өгсөн баримтууд дотор өмнө нь нэхэмжлэгч Б.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд хандан В.Л-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн улмаар  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т зааснаар “хариуцагчийн хаяг тодорхойгүй” үндэслэлээр 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 108/ШЗ2017/14872 тоот БГДИХАШШ-ийн шүүгчийн “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж /х.х-ийн 6 дугаар тал/ хавсаргагдсан болно. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаагийн гаргасан уг захирамжинд хариуцагчийн хаягийг тогтоосны дараа дахин нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж захирамжилсан байх тул Б.Б-гаас хариуцагчийн хаягийг тодорхойлон 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр  В.Л-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүгч Т.Гандиймаад дахин хуваарилсан байдаг. Үүгээр нэхэмжлэгч Б.Б- нь тогтоосон журмаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээс хойш Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6 дахь хэсэгт заасны дагуу 6 сарын дотор буюу 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан учир анхны шаардага гаргасан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанаар тооцохоор хууль тогтоогч хуульчилж өгсөн болох нь тогтоогдсон байна. Гэтэл анхан шатны шүүх энэ тухайд хэрэгт авагдсан баримтыг зориудаар гуйвуулан дүгнэж хариуцагч талд илтэд үйлчилсэн шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч В.Л-д 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн төлбөрөөс чөлөөлөгдсөн зардлаа төлөхийг мэдэгдсэн тухай үйл баримт нь шаардах эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл биш учир энэ үйлдэл нь Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах нөхцөл гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 291 тоот шийтгэх тогтоол гарах хүртэл хугацаанд В.Л-гийн “Т” ХЗХ-оос авсан зээлийг нэхэмжлэгч нараас төлж барагдуулсан тухай үйл баримт шүүхийн журмаар хэлэлцэгдэж байсан нь нэхэмжлэгч нарын шаардах эрх нь 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба нэхэмжлэгч Б.Б- нь 2004 оны 3 дугаар сарын 02-ны өдөр В.Л-гийн өмнөөс зээлийн төлбөрийг төлж барагдуулсан зардлаа нэхэмжлэх шаардах эрх нь хуульд зааснаар 2014 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 10 жилийн хугацаатай байсан байх бөгөөд Б.Б- нь 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр В.Л-д хандан “өөрийнх нь өмнөөс гаргасан зардлаа буцаан төлөх буюу эсхүл нэхэмжлэгч О.З-ын төлөх төлбөрт нь тооцон суутгахыг мэдэгдсэн” мэдэгдлийг албан ёсоор шуудангаар хүргүүлснийг хүлээн авсан тухай /х.х-ийн 215-225 дугаар тал/ үйл баримтын талаар хариуцагч үгүйсгээгүй нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В.Л-г бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанаар дүгнэж  үзэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Нөгөө талаар мөн хэрэгт гэрчээр асуугдсан этгээдүүд болох  Р.Алтанцэцэг, Т.Энхбаяр, Д.Наранчимэг нарын мэдүүлгийн үнэ цэнийг илт гуйвуулан дүгнэж “хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгөөгүй” гэж шийдвэртээ тусгасан атлаа харин ямар ч ач холбогдолгүй мэдүүлэг өгсөн Б.Жавхлан, Б.Ариунзаяа нарын мэдүүлэгт ач холбогдол өгсөн байдлаар дүгнэсэн мэт шийдвэрт тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн илт хууль бус дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийсэн гэж үзэж байна. Хариуцагчийн “Т” ХЗХ-д төлөх төлбөрийг нь нэхэмжлэгч нар түүний өмнөөс төлж барагдуулсаны учир хариуцагч В.Л- нь өр төлбөрөөс чөлөөлөгдсөн учир нэхэмжлэгч нарын өмнөөс нь төлсөн төлбөрийг  В.Л- нь төлөх үүрэгтэй нь тогтоогдсон, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байхад илт үндэслэлгүй шийдвэр гарган хариуцагч талд илт үйлчлэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлээд тогтохгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид хариуцагч талд илт давуу байдал олгон нэхэмжлэгч талын хувьд шүүгч илэрхий сөрөг байдлаар хандан хэргийн оролцогчдыг илт ялгаварлан хариуцагч талаас нэхэмжлэгч нарыг гутаас доромжлох, хэрэгт хамааралгүй асуудлаар тайлбар гаргах зэрэг зүй зохисгүй үйлдлийг нь өөгшүүлэх байдлаар хандаж ирсэн байр сууринд нь маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч О.З-, Б.Б- нар нь хариуцагч В.Л-д холбогдуулан 18 982 581 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, О.З-, Б.Баяраа нарын гуйлтаар хадгаламж зээлийн хоршоотой гэрээ байгуулж, зээл авч өгсөн, манайх зээлийг ашиглаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ./1хх 1-3, 24, 2хх 143-151 дүгээр тал/

 

Хариуцагч В.Л- нь 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Т” ХЗХ-оос 11 500 000 төгрөг 6 сарын хугацаатай сарын 4.1 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар В.Б, В.Л-, Б.А, Б.Ж, Б.А, Б.М, Б.М нарын өмчлөлийн Баянгол дүүрэг 10 дугаар хороо 3 дугаар хороолол 22А байр 108 тоот орон сууцыг барьцаалсан байх боловч гэрээний зүйл болох мөнгийг хариуцагч В.Л-д шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Б-, О.З-нар нь “Т” ХЗХ-д 2003 оны 5 дугаар сараас 2004 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээл, зээлийн болон нэмэгдүүлсэн хүү, алдангид нийт 18 702 591 төгрөг төлсөн болох нь кассын орлогын ордерын хуулбар, гэрч “Т” ХЗХ-ны зээлийн мэргэжилтнээр тухайн үед ажиллаж байсан Ш.Л-ын мэдүүлгээр тогтоогдож байна./1хх 9-17, 103-104 дүгээр тал/

 

Улмаар нэхэмжлэгч Б.Б-, О.З-нар нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг 10 дугаар хороо 3 дугаар хороолол 22А байр 108 тоот орон сууцны барьцаалбар дуусгавар болсны дараа уг орон сууцыг хариуцагч В.Л-гийн нөхөр В.Б 2004 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр “М” ХХК-д барьцаалж 14 000 000 төгрөгийн зээл авсан байх ба уг зээлийг О.З-төлж барагдуулна гэж зээл авахуулж, эргүүлж төлөлгүй итгэл эвдсэн үндэслэлээр түүнийг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 291 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг мөнгийг О.З-аас гаргуулан хохирогч В.Л-д олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон талаар талууд маргаагүй байна./2хх 6-9 дүгээр тал/

 

Шүүх уг маргааныг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэргийн явцад бий болсон нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Тодруулбал, эрүүгийн хэрэгт О.З-ын яллагдагч, шүүгчдэгчээр өгсөн мэдүүлэг болон хэрэгт гэрчээр асуугдсан этгээдүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлага түүнийн үндэслэлд дурдагдсан тайлбартай харьцуулан үндэслэлтэй дүгнэсэн байна. Хариуцагч 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Т” ХЗХ-той байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авч хэрэглэсэн болох нь хэргийн баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч нар уг зээлийг төлсөн хэмжээгээр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Хэргийн 215-225 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн мөнгө шаардсан мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн дэвтрийн хуулбарт хариуцагчид хүлээлгэн өгсөн он бичигдээгүй байх ба шүүх үнэн зөв эргэлзээгүй баримтад тооцоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Зохигчдын хооронд хууль болон гэрээнд заасан үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор хариуцагчийн өмнөөс “Т” ХЗХ-д төлсөн төлбөрөө шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байжээ. Учир нь, хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил ба тухайн хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолохыг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан байна.

 

Хуульд тусгайлан өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн буюу эрх зөрчснийг мэдсэн эсхүл мэдэх ёстой үеэс үүсдэг. Харин зөрчлийн улмаас үүсэх үүрэг болон үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн шаардах эрх нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бөгөөд уг үйлдлийг нэхэмжлэгч хийх ёстой байсан үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

 

Шүүх нэхэмжлэгч нар хариуцагч В.Л-гийн зээлийг төлж байсан талаарх баримтууд болон зээлийн гэрээг олж авах шаардлагагүй, өөрт нь байсан боловч 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдөр найз нөхдийн харилцаатай байсан В.Б нас барсан, үүнээс хойш 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан байдлыг нь шаардах эрхээ 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй байсан үндэслэлд тооцож, хариуцагчийн эсрэг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлүүдийн талаар заасан ба эдгээр нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч Б.Б-гийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.М

 

                               ШҮҮГЧИД                              Ч.Ц

 

                                                                              С.Э