Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2019/00065

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б

Нэхэмжлэгч: О.З

Хариуцагч: В.Л

18,982,581 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П

хариуцагчийн төлөөлөгч У.Т

нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч В.Л нь миний хүргэн ах О.Зын найз бөгөөд хариуцагчийн нөхөртэй нь миний хүргэн ах багаасаа найз нөхдийн холбоотой байсан, би хариуцагч В.Лг сайн таньж мэддэг байсан. Миний бие хариуцагч В.Лгийн гэр бүлийн хүн агсан В.Баар Хэнтий аймгийн Дархан сум, Бор-Өндөр хотод үйлчилгээний зориулалттай барилга бариулж байсан тул бид өдөр тутмын харилцаа холбоотой байсан. Энэ үед В.Б агсан миний хүргэн ах болон надаар автоломбард болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байсан автомашин болон орон сууцныхаа төлбөрөөс төлүүлж, туслалцаа авах явдал нэг бус удаа болж байсан. Тухайн цагт миний бие эрхэлж байсан бизнестэй байсан тул хариуцагч В.Лгийн нөхөр В.Бы хүсэлтээр "Т" Хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд тавьсан байсан орон сууцных нь зээлийн хүү төлбөрөөс төлж өгч байсан. 2004-03-02-ны өдөр В.Лгийн зээлийн төлбөрийг нь төлж дуусгавар болгож өгсөн. В.Лгийн " Т" ХЗХ-д төлөх үүрэг хүлээсэн зээлийн төлбөрийг нь төлж барагдуулж өгснөөр В.Л нь зээлийн төлбөрийн үүргээсээ чөлөөлөгдсөн тул В.Лгийн төлбөрт төлсөн 18982581 төгрөгийг В.Лгээс хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Лгийн зээлийн төлбөрийг үндэслэж зээлийг төлсөн асуудал яригдаж байгаа. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч В.Л гэдэг хүнээс зээл авч байсан гээд 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эрүүгийн хэргийн талаар ярьдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэргийн шүүх хуралдаан явагдаж байгаа юм шиг байр сууринаас хандаж нотлох баримтуудыг цуглуулж, гаргуулдаг. Гэтэл 2003 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Т” ХЗХ-оос зээл авсан үйл баримт тодорхой байгаа. О.З гэж хүн очиж гарын үсэг зураад зээл нь В.Лгийн нэр дээр гарсан юм шиг яриад байна. Шаардах эрх үүсэхгүй байна. Гэрээ болон бусад зүйлийг үндэслээд шаардах эрх үүсдэг гэж хэллээ. Гэтэл Иргэний хуулийн 496 дугаар зүйлд сайн дураараа өөрөө мэдэж төлсөн гэж заасан. Яагаад сайн дураараа төлсөн гэхээр В.Лгийн нөхөр н.Б гэдэг хүнийг би болон манай хүргэн ах О.З таньдаг байсан. 2002 онд энэ хүмүүс ямар шалтгаанаар хоорондоо уулзаж танилцсан гэхээр миний төрсөн эгч н.Баярцэцэг гэж хүн байдаг бөгөөд Нарантуул зах дээр цайны газар ажиллуулдаг байсан. Цайны газрын өргөтгөлийг В.Лгийн нөхөр н.Б өөрийнхөө барилгын бригадаар өргөтгөлийг нь хийлгэж бариулсан. Үүний дараа манай хүргэн ах О.З архины үйлдвэр ажиллуулж байсан. Би 2003 оны 4 дүгээр сараас эхлээд нөхөрлөлийн захирлын үүргийг хүлээж авсан. Бид нар байнгын харилцаа холбоотой байсан нь үнэн. Гэхдээ н.Б болон В.Лгийн хооронд зээл авахуулаад зээлийг нь хэрэглээд байсан зүйл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Эрүүгийн хэргийн бүх үйл баримт нь нотлогдсон. В.Лгийн зээлийг О.З авч хэрэглэсэн гэж ярьлаа. Тухайн үед буюу 2002 онд мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд яллагдагч өөрийнхөө гэм буруутай үйлдлийг нотлох үүрэг хүлээхгүй гэж тодорхой заасан байгаа. Эрүүгийн хэргийн архиваас авсан В.Лгийн мэдүүлэг дээр 11,500,000 төгрөгийн зээл авсан, яаж төлснөө мэдэхгүй байна гэж өөрөө хэлсэн байсан. Үнэхээр 11,500,000 төгрөгийн зээл аваад Б.Б, О.З гэж хүмүүс зээлийг нь төлөөгүй гэж үзэж байгаа бол өөрсдөө төлсөн гэдгээ нотолсон баримт нэг ч байхгүй. Иргэний хуулийн 13 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөртөө давуу байдлыг бий болгохоор өөрийнхөө давуу байдлыг хууль бусаар ашиглаж болохгүй гэж үзэж байна. Танил талын холбоотой байсан гэж тайлбарлаад байгаа нь О.Зыг зээл авсан гэдгийг нотлохгүй. Б.Б, О.З нартай харилцаа үүсгэхээсээ өмнө нь н.Б “Ф” ХХК-иас зээл авч, хөрөнгөө барьцаанд тавьсан. Энэ зээлээ төлж чадаагүй байсан. Эхний авсан 4,000,000 төгрөгийн зээлийг нь чөлөөлөөд, дараа нь 2002 оны 10 дугаар сард дахиад 5,000,000 төгрөгийн зээл болгоод үүнийгээ мөн адил төлж чадаагүй. н.Б 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Нас барснаас нь хойш В.Л миний нөхрийг залилсан гээд хууль цагдаагийн байгууллагад хандсан. Үүний дагуу 2004 оны 4 дүгээр сараас эхлээд Эрүүгийн хэрэг үүсээд 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болсон. Энэ хугацаанд В.Л гэж хүн дандаа худал мэдүүлэг өгч, хууль зөрчиж байсан. Нөхөр нь 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нас барсан байхад 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан нөхрийнхөө өмнөөс зээл шилжүүлсэн гэсэн бичиг хийлгэж өгсөн. Үүнийг үндэслэж цагдаагийн байгууллагад өгч, эрүүгийн хэрэг үүсгээд З гэж хүн ял авсан. Тухайн үед Б.Б, О.З нар нь хууль, эрх зүйн мэдлэггүй байсан бөгөөд хуулийн байгууллага үнэнийг тогтоох байх гэж явсаар байгаад ял авсан. Бодит байдал дээр Б.Б, О.З нар хохирч байгаа болохоос биш В.Л хохирсон зүйл байхгүй. Яагаад шаардах эрх байхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Нэгэнт хүний өмнөөс зээлийн төлбөрийг нь төлөөд өгчихсөн болохоор төлбөрт төлсөн мөнгөө авъя гэж шаардахаар хүүхдүүдтэйгээ гэрт ирж дарамталж, О.Зыг зоддог. Эсвэл зээлийн төлбөрт төлсөн мөнгийг О.Зын эрүүгийн хэргийн төлбөрөөс хасаж тооцооч гээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэл хүргүүлэхээр хариу өгдөггүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай холбоотой асуудлыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр В.Лд 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэрээр төлбөрт нь тооцож өгсөн эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл авдаггүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй байна. Гэм буруутай нь тогтоогдлоо гээд шүүхийн шийдвэр гарсан. В.Л өөрийн биеэр шүүх дээр нэг ч удаа ирж байгаагүй. Нүүрээ хараад мэтгэлцэх бүрэн боломжтой байсан. Өөрийнхөө хүүхдүүдийг гэрчээр асуулгадаг. Хүүхдүүдэд нь хууль сануулаад байхад худал мэдүүлэг өгдөг. Зөвхөн “Т” ХЗХ-той холбоотой зээлийн гэрээ болон нэмэлт гэрээний баримтыг гаргуулъя, Б.Б гэж хүнд эдгээр баримтын эх хувь нь байгаад байна, худлаа баримт гээд эдгээр баримтын эх хувийг гаргуулъя гэдэг. Гэтэл “Т” ХЗХ татан буугдсан байна гээд баримт нь ирчихсэн, улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтад 2003 оны 2 дугаар сарын 25-ны өдөр В.Л гэж хүн “Т” ХЗХ-д гишүүнээр элссэн байна, зээл авсан байна гээд баримт нь ирсэн. Энэ зээлийг нь хэн төлж барагдуулж байсан талаар тухайн үед “Т” ХЗХ-д зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан н.Лхамжав гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн. Хариуцагч тал ярихдаа барилгын компанитай байсан учраас зээл авах шаардлагагүй ашиг, орлого олдог байсан гэж ярьдаг. Гэтэл үнэндээ хэдэн хүмүүс цуглуулж ажиллуулаад хувиараа байшин барьдаг байсан. н.Быг нас барсаны дараа н.Бтай холбоотой бүх төлбөрийг Б.Б, О.З нар төлж барагдуулсан. Сүүлдээ өөрсдөө эрүүгийн хэрэгт холбогдсон. О.Зын бичсэн гээд байгаа сүүлд ирүүлсэн баримтаар 2004 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “М” ХХК-иас авсан зээлээр өмнөх зээлийг төлж барагдуулсан гэдэг бичиглэлийг хэрэгт ач холбогдолтой гээд байдаг. В.Л гэдэг хүн О.Зыг “М” ХХК-иас авсан 14 сая төгрөгийн зээлийг авчихаад төлөхгүй байна гэсэн гомдол гаргаж О.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар В.Лгээс 14.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гээд өнөөдрийг хүртэл ял шийтгэлтэй явж байгаа. “Т” ХЗХ-ны төлбөрийг “М” ХХК-ийн зээлийн төлбөрөөс барагдуулсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан болгон дээр хэлдэг. Гэрчүүдийн мэдүүлгээр н.Бтай барилга бариулах хэлцэл хийгдэж, мөнгө суутгагдаж байсан учраас “Цунами” ХХК-ийн өмнөөс “Ф” ХХК-д 182,500 төгрөг, 112,000 төгрөгийг аваачиж төлдөг байсан гэдгийг гэрчилдэг. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад В.Л гэж хүн 2003 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ерөөсөө зээлээ төлөөгүй. Зээлээ төлөөгүй байсан учраас н.Бтай цуг ирээд бид нарын зээлээс төлөлцөж өгөөч гээд ярьсан. Бид нар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хүсч өргөдлөө бичээд газраа тоймлож аваад байшин барихад бэлэн болсон байсан. Газрын гэрчилгээ гараад н.Б барилга руу бригадаа оруулсан. Тухайн үед ажилчдын цалин, хоол, хүн зочид буудалд байрлуулж байсан мөнгийг бүгдийг нь гаргадаг байсан гэж н.Энхбаяр гэрчилдэг. Архины үйлдвэрүүд орлогын албан татвар өндөр төлдөг байсан хэдий ч ашиг олж байсан. Талс маркет нөхөрлөлийн захирлаар нь би бүртгэгдээд байнгын үйл ажиллагаа явуулж орлого олдог байсан. Энэ орлогоосоо В.Лгийн зээлийн хүүг төлж өгсөн. О.З бол 507,843 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгийг нь би төлсөн. Энэ төлбөрөө гаргуулж авахын тулд олон удаа уулзаж байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр байнга тааралддаг. Хэний тайлбар үндэслэлтэй гэдэг нь нотлох баримт судалсны дараа харагдах байх. Өнөөдөр бид нар энэ хэргийг шийдвэрлүүлснээр О.З гэж хүнийг эрүүгийн гэмт хэрэгтэн мөн, биш гэдгийг тогтооход ач холбогдолтой. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байсан учраас хуулийн хугацаанд нь бид нар нэхэмжлэлээ гаргасан. н.Б гэдэг хүн байшин барьж өгнө гээд 3 сарын хугацаанд 9,000,000 гаруй төгрөг авсан байсан. Тухайн үед нь би тэмдэглэл хөтлөөд явж байсан болохоор үүнийгээ хүртэл би шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үнэхээр байшин бариулах гэж байсан. Дөнгөж торхыг нь өрж байх явцдаа н.Б нас барсан. Үлдэгдэл мөнгийг нь хэн хэрхэн яаж хуваах юм. Би н.Б гэж хүнийг муу хүн байсан гэж хэлэхгүй. н.Б тухайн үед амьд байсан бол О.З биш н.Б авсан мөнгө төгрөгийнхөө төлөө өөрөө ял авах байсан байх. 2018 оны 4 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү

Хариуцагч В.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Бгийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрехгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хэргийн бодит нөхцөл байдлыг илтэд мушгин гуйвуулан бичсэн байна. В.Л би В.Бтай 1979 оны 7 сарын 11-нд гэр бүл болж 1980-1990 оны хооронд 5 хүүхэдтэй болж өөрсдрийн өнөр өтгөн гэр бүлийг бий болгосон. Миний нөхөр В.Б 1977-1996 он хүртэл “УБЦТСүлжээ” компанид монтёроор ажилладаг байсан ба хувиараа цахилгааны монтажийн ажил давхар хийдэг байсан. 1996 онд ажлаасаа гарч “Эрч констракшн” барилгын компани байгуулж хувийн бизнес эхлүүлсэн. Тус компани 10-аад үндсэн ажилтантай байсан ба зуны улиралд ажлын ачаалал ихсэхээр улиралын чанартай ажилчид авч ажиллуулдаг байсан. Энэ үед Монголд анх удаа мансарттай байшин баригдаж байсан. Нөхөр В.Бы багын найз О.Эгөөр дамжуулан О.Зтай 1980-аад оны үеэс танилцсан. Бид тухайн үед гэр бүлийн найзууд байсан. Гэр бүлээрээ ганц хоёр удаа л уулзаж байсан. Үүнээс хойш 2001-2002 он хүртэл холбоогүй байсан. О.З нь 2001-2002 оны үеэс манай нөхөр В.Бтай ойр дотно болж эхэлсэн. Миний нөхөр шулуун шударга, зарчимч, цаг барьдаг, ажилсаг, найз нөхөд, ах дүү хамаатан садандаа нэр хүндтэй, нэг сайн хүндээ итгэж тууштай ханддаг зантай. Харин О.З хүн харахад нүдэнд дулаахан, “тэгсэн тэгсэн, тэгэлгүй яахав, ингэлгүй яахав” гэсэн найрсаг зантай байсан. Гэхдээ миний бие тухайн үедээ О.Зыг дотроо бусдыг залилан мэхлэх хорон санаа агуулагдаж байсныг мэдээгүй. О.З болон Б.Б нарын гуйлтаар өөрийн эд хөрөнгийг барьцаалж зээл авч өгч байсан. Б.Бгаар өөрийн өр төлбөрийг төлүүлсэн зүйл байхгүй. О.З болон Б.Б нь өөрсдөө хариуцаж төлнө л гэж хэлдэг байсан. Намайг болон манай гэр бүлийн сайхан сэтгэлийг ашиглаж манай гэр бүлийг О.З болон Б.Б нар нь орох орон гэргүй болгосон. Ийм байж их хэмжээний мөнгө нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. О.З болон Б.Б нарыг өр ширтэй хэцүү байхад нь л тусалж байсан. Гэтэл шүүхэд илэрхий худал тайлбарыг гаргаж намайг гүтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчийн тайлбар нь өөрөө нотлох баримтад хамаардаг. Тэгэхээр энэ хэрэг дээр О.З гэж хүн нэхэмжлэгчээр байгаа учраас О.Зын тайлбар нь нотлох баримтад хамаарч болно. Эрүүгийн хэргийн материалд авагдсан О.Зын мэдүүлэг болон тайлбараас тодорхой харагдана. Энэ хүмүүс маш олон хүний байрыг зээлийн барьцаанд тавиулаад зээлийг нь аваад ашиглаад явсан гэдэг нь шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Ийм учраас иргэний шүүх О.Зын буруутай байсан эсэхийг тогтоохгүй. Хэргийн материалд авагдсан нэхэмжлэгч О.Зын мэдүүлгээр удаа дараагийн зээлийг О.З авч хэрэглээд, өмнөх зээлийг нь төлж чадахгүй болохоор дахин өөр газарт шилжүүлээд зээл аваад яваад байсан нь тогтоогддог. “Т” ХЗХ-ны зээл нь “М” ХХК-иас авсан зээлээр төлөгдсөн гэдэг нь О.Зын мэдүүлэг болон В.Лгийн мэдүүлгээр давхар нотлогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдөө гаргаж өгөх боломжгүй нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй байсан учраас тэр хүсэлтийнхээ дагуу нотлох баримтуудыг цуглуулсан. Шаардах эрх гэдэг бол хууль болон гэрээний үндсэн дээр үүсдэг. Иргэний хуулийн 496 дугаар зүйл, 492 дугаар зүйлүүдийг хууль зүйн хувьд зөв ойлгож тайлбарлаж байж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл зөв гарна. Гэтэл энийгээ ойлгож уншилгүй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ буруу оруулж ирсэн гэж миний бие үзэж байна. Шүүх энэ дээр юу гэж дүгнэлт өгөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар сэжигтэн, яллагдагч өөрийн гэм буруугүйг нотлох үүрэг хүлээдэггүй байсан. Одоо ч гэсэн энэ зарчим хэвээрээ байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргаж байгаа тайлбар нь өөрөө нотлох баримтад хамаардаг. Мөн шүүх хуралдааны тэмдэглэл болон нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Тэгэхээр хэргийн материалд авагдсан байгаа эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд О.Зын хэлсэн мэдүүлэг байгаа, О.Зт хууль сануулаад авсан мэдүүлгүүд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт байж байгаа. Энэ үед О.З ч гэсэн өөрөө хариуцагчтай ижил тайлбарыг хэлдэг. Энэ бичгийн баримтуудыг нэхэмжлэгч талаас няцаасан үйл баримт байхгүй. Мөн н.Бы гуйлтаар маш их хэмжээний мөнгө төлж байсан гэж тайлбарлаад байгаа. Гэтэл н.Б гуйсан эсэхийг ганц нэхэмжлэгчийн тайлбараар тогтоох боломж байхгүй. Зээл авсан бол төлөх ёстой гээд байна. Үнэхээр зээл авсан бол төлөх ёстой. Гэтэл эсрэгээрээ зээл аваагүй байсан бол төлөх ёсгүй. Энэ зээлнээс н.Б авсан бол тодорхой хэмжээний төлөлт хийсэн байх ёстой. “Т” ХЗХ-д ямар холбоо хамааралтай, яаж авсан гэдэг нь тогтоогдохгүй байхад бүх мөнгийг нь нэхэмжлэгч төлөөд байгаа нь үүний ард ямар нэгэн тохиролцоо байгаа гэдгийг харуулж байна. Энэ зээлийг О.З авсан гэдгээ эрүүгийн хэрэгт хүлээн зөвшөөрч тайлбарлаад байгаа нь уг зээлийг авсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Зээл шилжүүлэх гэрээг 2004 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн гэж байна. Энэ гэрээн дээр н.Б гэж бичсэний ард талд В.Л өөрийнхөө гарын үсгийг зурсан. Түүнээс биш н.Б гэж хүний өмнөөс иргэний үнэмлэхийг нь хавсаргаад гарын үсгийг нь дуурайлгаж зурсан зүйл байхгүй. н.Быг нас барсны дараа О.Зтай уулзаад авсан зээлээ төл гэж хэлэхэд О.З өөрөө төлнө гэж хэлээд зээлийн гэрээ болон зээлийн гэрээ шилжүүлэх тухай гэсэн 2 баримт үйлдсэн. Үүний ард талд В.Л гарын үсэг зурсан гэдгийг нотлоод В.Лгийн иргэний үнэмлэхний хуулбар байгаа. Өнөөдрийг хүртэл В.Л хуурамч баримт үйлдээд О.З, Б.Б гэж хүмүүсийг хохироогоод байгаа юм шиг худлаа зүйл ярьж болохгүй. Энэ бол шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон. Миний тухайд хариуцагчаас сонссон хэрэгт ач холбогдолтой гэсэн баримтуудаа гаргаад явж байна. Мөн О.З, Б.Б нартай холбоотой эрүүгийн хэргийн 9 хавтаст хэргийн материалтай танилцаад үзэхэд надад суусан итгэл үнэмшил тийм л байсан. Олон хүний байрыг луйвардаж аваагүй байсан юм бол тухайн үед төлбөрийг нь төлөх боломжтой  байсан бол тэр үед энэ хүмүүсийн төлбөрийг төлөх байсан. 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор О.Заас 13,000,000 төгрөг гаргуулж В.Лд олгохоор тогтоосон. Гэтэл өнөөдрийг хүртэл биелүүлээгүй л байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажлаа хийхгүй байна гээд удаа дараа гомдоод, шүүхэд ханддаг. Хэрэв өнөөдрийг хүртэл бүтэн 13 жилийн хугацаанд 13,000,000 төгрөгийг төлөх боломжтой байсан. Зээлийг үнэхээр аваагүй ашиглаагүй гээд байгаа бол О.Зын ижил төстэй тайлбарыг няцаах ёстой. Хэрэгт авагдсан зээл төлсөн, шаардах эрх үүссэн гээд байгаа баримтуудаас харахад 2003-2006 оныг хүртэлх баримтууд байгаа. Шаардах эрх бий болсон бол түүнийг хэрэгжүүлэх журам гэж байгаа. Зээлийн гэрээний дагуу манайх төлөх үүрэг байгаагүй учраас О.З төлсөн гэж маргаж байна. Үнэхээр шаардах эрх байсан гэж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байгаа учраас 12 жил өнгөрсөн. Иргэний хуульд ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг 10 жил байхаар заасан. Төлсөн огнооноос хойш хөөгөөд үзэхээр 2016 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өнөөдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй мэтээр ярьж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ дээр шүүх онцгойлон ач холбогдол өгөх ёстой байх. Мөн хуульд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах болон зогсох талаар заасан. Гэхдээ талуудын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах, түр зогсоох үйлдэл хийсэн талаар баримт байхгүй. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3 дахь хэсэгт зааснаар шаардлага гаргахад тодорхой нөхцөл байдал бүрдэх ёстой бөгөөд дараах тохиолдолд шаардлага гаргаж болохгүй гэж заасан.  Тус хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2 дахь хэсэгт шаардлага гаргагч гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдэх ёстой. Гэтэл энийгээ мэдэгдээгүй. Бүтэн 10 жил өнгөрч байхад ердийн боломжит хугацаа гэдэг бол шууд тэр хүнд мэдэгдэж болох боломжит хугацааг хуульд заасны дагуу ойлгож байгаа. Барилга бариулах байсан гэж яриад байна үүнийгээ яаж нотолж байгаа юм. Мөн 2 мэдэгдэл өгөөд байхад юм хэлэхгүй байсан гээд байна. Хэрэв хариу өгөхгүй байгаад 10 жил өнгөрөх гээд байгаа бол шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой байсан. Одоо тэр хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч О.З, Б.Б нар нь хариуцагч В.Лд холбогдуулан 18,982,581 төгрөг гаргуулахаар шаарджээ. Уг шаардлагыг нэхэмжлэгч Б.Б гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу хамтран нэхэмжлэгчээр О.З оролцсон болно.  

Дээрх шаардлагын үндэслэлээ “В.Л, түүний нөхөр В.Б /талийгаач/ нарын хүсэлтээр хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийг нь төлж өгсөн, тэр үед В.Б нь манай барилгын ажлыг хийж өгөхөөр тохирсон байсан, уг ажлын хөлсөө автал зээлийг төлж байгаа ч гэсний дагуу зээлийг төлж өгсөн” гэж тайлбарлаж байх ба харин хариуцагч хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан нь үнэн, уг зээлийг О.З, Б.Баяраа нарын гуйлтаар авч өгсөн, тэд хариуцан төлнө гэж байсан, манайх зээлийг ашиглаагүй, тэднээр өөрийн зээлийг төлүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.

Хариуцагч В.Л нь 2003 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Т” ХЗХ-ноос 11,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4.1 хувийн хүүтэй зээлж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар В.Б, В.Л, Б.Аззаяа, Б.Жавхлан, Б.Ариунзаяа, Б.Маргад, Б.Манлай нарын өмчлөлийн Баянгол дүүрэг 10 дугаар хороо 3 дугаар хороолол 22А байр 108 тоот орон сууцыг барьцаалжээ. Дээрх гэрээгээр зээлдэгч нь сар бүр хүүд 471,500 төгрөг төлөх, үндсэн зээлийн төлбөрийг 2003 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлөх үүргийг хүлээсэн байх ба талууд 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2004 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, хүүгийн хэмжээг 4,92 хувь болгон өөрчилж, сар бүр зээлийн төлбөр болон хүү төлөх үүрэг хүлээсэн байна. Гэрээний хугацааг өөрчлөх хүртэл буюу 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл зээлийн хүүд 4,054,899 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 876,076 төгрөг төлөгдөж үндсэн зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Тухайн төлбөрийг төлсөн баримтад зурагдсан гарын үсэг О.З, Б.Б нарынх мөн эсэхэд хариуцагч маргаагүй болно.

Гэрээний хугацаа, хүүд өөрчлөлт орсоноос хойш 2004 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүүд 976,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 23,780 төгрөг, 2004 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүүд 280,840 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22,960 төгрөг, 2004 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр үндсэн зээлд 195,900 төгрөг, 2004 оны 3 дугаар сарын 02-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 11,304,100 төгрөг, хүүд 861,590 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 106,226 төгрөг төлөгдөж нийтдээ зээлийн төлбөрт 11,500,000 төгрөг, хүүд 2,119,050 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 152,966 төгрөг төлөгдсөн байна. Нэхэмжлэгч талын хүсэлтээр тухайн үед “Т” ХЗХ-ны зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Ш.Лхамжаваас авсан гэрчийн мэдүүлэгт “гэрээ байгуулсанаас хойш Л ирээгүй, зээл төлөлтийн асуудал дээр Б, З нар ирж уулздаг байсан, Б зээл төлөх гэсэн юм гэж ирдэг байсан, тухайн үед авчирсан мөнгөн дүнг үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү алданги ч билүү тооцож хувааж баримт бичээд гарын үсэг өөрөө зурдаг байсан” гэсэн байх бөгөөд 2004 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн төлбөрийн баримт /I-ХХ-ийн 13-17 дугаар тал/-ыг тухайн үед өөрөө үйлдэж, гарын үсэг зурсан болохоо гэрчилжээ. Уг нотлох баримтын эсрэг хариуцагч тал ямар нэг баримт гаргаагүй тул гэрч Ш.Лхамжавын мэдүүлэгт авагдсан мэдээллийг бодит үнэнд нийцсэн үнэн зөв гэж дүгнэв.

Хэдийгээр нэхэмжлэгч талын хүсэлтээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримт болох “Т” ХЗХ-ны 2004 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг /I-ХХ-ийн 126 дугаар тал/-ээр В.Лг 2004 оны 2 дугаар сарын 19-ний өдөр “зээлийг бүрэн төлж дууссан” үндэслэлээр барьцаа хөрөнгөд хийгдсэн барьцааны бүртгэлийг улсын бүртгэлээс хассан үйл баримт тогтоогдож байгаа боловч 2004 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөр зээлийг бүрэн төлж дууссан байсан гэдгийг хариуцагч өөр баримтаар эргэлзээгүйгээр нотлоогүй болно. Иймд хариуцагч В.Лгийн 2003 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр “Т” ХЗХ-ноос зээлж авсан 11,500,000 төгрөг 2004 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төлөгдөж дууссан болох нь гэрч Ш.Лхамжав болон төлбөрийн баримтуудаар тогтоогдож байх тул В.Лгийн зээлийн гэрээний үүрэг 2004 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзнэ. Иймд “Т” ХЗХ-ны албан бичгээр В.Лгийн зээлийн гэрээний үүрэг 2004 оны 2 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон нь нотлогдсон, үүнээс хойш төлөгдсөн 2004 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн төлбөрийг В.Лгийн зээлд Б.Б, О.З нарыг төлсөн гэж үзэхгүй гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.   

Иймд 2003 оны 5 дугаар сараас 2004 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд В.Лгийн зээлийн төлбөрт төлөгдсөн 18,702,591 төгрөг /I-ХХ-ийн 9-17 дугаар тал/-ийг нэхэмжлэгч нар төлсөн болох нь тогтоогдсон гэж үзэв. Нэхэмжлэгч нар 18,982,581 төгрөг нэхэмжилж байгаа боловч 279,990 төгрөг нь баримтгүй байгааг дурдах нь зүйтэй.

2003 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг 10 дугаар хороо 3 дугаар хороолол 22А байр 108 тоот орон сууцны барьцаалбар дуусгавар болсны дараа уг орон сууцыг В.Лгийн нөхөр В.Б 2004 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр “М” ХХК-д барьцаалж 14 сая төгрөгийн зээл авсан байх ба уг зээлийг О.З төлж барагдуулна гэж зээл авахуулж, эргүүлж төлөлгүй итгэл эвдсэн үндэслэлээр түүнийг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 291 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг мөнгийг О.Заас гаргуулан хохирогч В.Лд /талийгаач В.Бы эхнэр/ олгохоор шийдвэрлэжээ. Уг эрүүгийн хэрэгт О.З шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ “талийгаач В.Бы байрыг Фин инвест хадгаламж зээлийн хоршоонд 5 сая төгрөгөөр тавьж, Бд 2 сая төгрөгийг нь буцааж өгөөд үлдсэнийг нь хувааж авсан. Энэ зээлийг төлж чадахгүй явсаар байгаад 2003 оны 2 дугаар сарын 20-ны өдөр талийгаач бид хоёр зээл чөлөөлдөг хүнээр чөлөөлүүлээд “Т” ХЗХ-нд 11 сая төгрөгөөр нэг жилийн хугацаатай тавиад үлдэгдэл 3.6 сая төгрөгөөр нь Бгийн барьж байсан барилгыг хурдан дуусгая гэж тохироод урагшаа бараандаа явсан, энэ зээлээ төлж чадахгүй явсаар Минд дахин тавьсан. Зээлийг аваад удаагүй байтал талийгаач нас барсан. В.Бы эхнэр В.Л чи шуудан банкны 14 сая төгрөгийг төлөх ёстой гэхээр нь ...энэ зээлийг төлж болно гэж бодоод зээл шилжүүлсэн гэрээг хийсэн” /II-ХХ-ийн 6 дугаар талын арын нүүр/ гэж, 2005 оны 2 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ “Бор-Өндөрт би архины үйлдвэрийн байр барьсан түүнд энэ мөнгийг оруулсан” /II-ХХ-ийн 17 дугаар тал/ гэж, хохирогчоор В.Л мэдүүлэхдээ “14 сая төгрөгийн учрыг сайн мэдэхгүй, тэр мөнгийг юунд зарцуулсан болохыг мэдэхгүй, Зт тавиад өгчихсөн гэж ярьж байсан, Тгаас 11 сая төгрөг зээлсэн нь үнэн, тэрийг яаж төлснийг мэдэхгүй байна” /I-ХХ-ийн 42, II-ХХ-ийн 14 дүгээр тал/ гэж мэдүүлсэн байна. Нэхэмжлэгч О.З бусдыг залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдаж байхдаа В.Бы “М” ХХК-иас зээлсэн 14 сая төгрөгийг хэрхэн, юунд зарцуулсан болохоо яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ өөр, өөрөөр мэдүүлсэн, хариуцагч В.Л хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “Т” ХЗХ-ны зээл хэрхэн, яаж төлөгдсөн талаар мэдэхгүй гэжээ. Яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүйгээс гадна өгсөн мэдүүлэгтээ хариуцлага хүлээдэггүй тул О.Зын эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өгсөн мэдүүлгийг бодит үнэнд нийцсэн үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй болно. Үүнээс гадна  Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор “М” ХХК-иас талийгаач В.Бы зээлсэн 14 сая төгрөгийг О.З авч ашигласан болохыг тогтоосон ба уг мөнгийг хэрхэн, юунд зарцуулсан болохыг тогтоогоогүй байна. Мөн хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр О.З, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргээс нотлох баримтаар гаргуулсан 2004 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн кассын орлогын ордер /II-ХХ-ийн 132 дугаар тал/ баримтын баруун дээд хэсэгт “В.Лгийн ТАС ХЗХ-ноос авсан зээлийг Мны зээлээс 2004.3.2-нд төлж барагдуулсан тухай баримт” гэж бичсэн бичиглэлийг хэн бичсэн болох нь тодорхойгүй, уг баримтыг О.Зт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор үнэн зөв гэж үнэлээгүй байх тул О.З нь “М” ХХК-иас В.Бы зээлж авсан 14 сая төгрөгөөр В.Лгийн “Т” ХЗХ-ноос авсан зээлийг төлж дуусгавар болсон үйл баримтыг тогтоогдсон гэж үзэхээргүй байна. Иймд эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үедээ О.Зын өгсөн мэдүүлгээр “М” ХХК-иас В.Бы зээлж авсан 14 сая төгрөгөөр В.Лгийн “Т” ХЗХ-ны 2003 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн зээлийг төлж дуусгавар болгосон, “Т” ХЗХ-ноос В.Лгийн авсан зээлийг Б.Б, О.З нар ашигласан үйл баримт тогтоогдсон гэж үзэхгүй. Мөн хариуцагч талын хүсэлтээр Б.Жавхлангаас авсан гэрчийн мэдүүлэгт “Б.Б, О.З нарын зээлийн асуудлыг энэ хэрэг шүүхэд байгаа гэхэд мэдэж авсан, манай байрыг авч өөрсдийн бизнестээ ашиглаад эргүүлээд төлж байсан юм билээ”, Б.Ариунзаяагаас авсан гэрчийн мэдүүлэгт “...аав 3 өрөө байраа хадгаламж зээлийн хоршоонд тавьж З ахад тусалдаг байсан” гэсэн мэдээлэл авагджээ. Дээрх гэрч нар нь хариуцагч В.Л, талийгаач В.Б нарын хүүхдүүд бөгөөд гэрч Б.Жавхлангийн хувьд тухайн үед В.Б, В.Л, Б.Б, О.З нарын хооронд ямар тохиролцоо, харилцаа үүссэн талаар гэрчлэхгүй байх ба талуудын маргааны зүйлийн талаар бусдаас мэдсэн зүйлээ мэдүүлсэн байна. Харин гэрч Б.Ариунзаяагийн мэдүүлэгт аав нь О.Зт байраа барьцаалж тусалдаг байсан талаар тэдний ярианаас сонссон зүйлээ мэдүүлсэн байх бөгөөд 2003 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Т” ХЗХ-ноос В.Лгийн авсан зээлийг хэрхэн ямар зорилгоор авсан, хэн, хэрхэн төлөх талаар В.Б, В.Л, Б.Б, О.З нарын хооронд ямар тохиролцоо байсан болохыг гэрчлэхгүй байна. Иймд дээрх баримтуудаар хариуцагчийн “зээлийг О.З, Б.Баяраа нарын гуйлтаар авч өгсөн, тэд хариуцан төлнө гэж байсан, манайх зээлийг ашиглаагүй” гэсэн тайлбар нотлогдохгүй байна.   

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б нь В.Бтай барилгын ажил хийлгэхээр тохирсон байсан, уг ажлынхаа хөлсийг автал В.Л, В.Б нарын хүсэлтээр зээлийг төлж байсан гэсэн тайлбартайгаа холбогдуулан В.Бтай барилгын ямар ажлыг хэдэн төгрөгийн хөлстэй хийлгэхээр тохирсон байсан талаарх ямар нэг баримт гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Т.Энхбаяраас авсан гэрчийн мэдүүлэгт “Зоригоо захирал Б хоёр найзууд учраас төлсөн, барилга барихад Б гүйцэтгэх учраас түүнийхээ төлбөрөөс авч байгаа, мөнгөө суутгаад явна гэж яригдаж байсан” гэсэн байх бөгөөд гэрч нь Б.Б, О.З, В.Б, В.Л нарын хооронд хийгдсэн тохиролцооны талаар бусдаас сонсож, мэдсэн зүйлийг гэрчилсэн байна. Иймд Б.Б, О.З, В.Б, В.Л нарын хооронд хийгдсэн тохиролцооны талаар бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий үйл баримтыг гэрчлээгүй гэж дүгнэв. Иймд В.Б барилгын ажлынхаа хөлсийг автал В.Лгийн зээлийг Б.Б, О.З нар төлөх тохиролцоо талуудын хооронд хийгдсэн болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1, 210.4 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч “Т” ХЗХ-ны шаардах эрхийг үүргийн гүйцэтгэлийг хангасан гуравдагч этгээд болох нэхэмжлэгч нарт шилжсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч нар зээлийн төлбөрийг шаардах эрхгүй байна. Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан “үүрэг үүсээгүй” үндэслэлээр шаардах эрхээ хэрэгжүүлнэ. Зохигчдын хооронд хууль болон гэрээнд заасан үүргийн харилцаа үүсээгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар 10 жил байх ба уг хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж заасан нь хууль болон гэрээний дагуу үүссэн үүргийн шаардах эрхийг тодорхойлоход хамааралтай. Харин зөрчлийн улмаас үүсэх үүрэг болон үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн шаардах эрх нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бөгөөд уг үйлдлийг нэхэмжлэгч хийх ёстой байсан үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Энэхүү зохицуулалт нь нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэдийд ч хамаагүй хэрэгжүүлэхийг ойлгохгүй бөгөөд хариуцагчийн эсрэг гаргаж байгаа шаардлагатай холбоотой тооцоо, нотлох баримтыг бүрдүүлэхэд зарцуулагдах боломжит хугацаа бөгөөд уг хугацааг тухайн үеийн нөхцөл байдал /тооцоо гаргахад бэрхшээлтэй, нотлох баримт бүрдүүлэхэд өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдал бий болсон, нэхэмжлэгчид өөрт нь хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон гэх мэт/-аас хамааран нотлох баримтыг үндэслэн шүүх тогтоож болно. Нэхэмжлэгч нар В.Лгийн зээлийг төлж байсан талаарх баримтууд болон зээлийн гэрээг олж авах шаардлагагүй, өөрт нь байсан боловч 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдөр найз нөхдийн харилцаатай байсан В.Б нас барсан, үүнээс хойш 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан байдлыг нь шаардах эрхээ 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй байсан үндэслэлд тооцов. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсоноос хойш шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүйгээс гадна 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэх үйлдэл хийсэн гэж үзэхгүй. Мөн В.Лгийн өмнөөс зээлийг төлж нэхэмжлэгч нараас хөрөнгийн зардал гаргасан болохоо 2014 оны 1 дүгээр сарын 26-ны /I-ХХ-ийн 215-225 дугаар тал/ өдөр мэдэгдсэнийг энэ өдрөөр шаардах эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл хийсэн гэж үзэхгүй, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах нөхцөл гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгч нарын хариуцагчийн эсрэг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болжээ.   

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны үр дагавар нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй буюу нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан шаардлага гаргаж шүүхээр шийдвэрлүүлэх эрхээ алдаж буй явдал. Иймд нэхэмжлэгч О.З, Б.Б нарын хариуцагч В.Лд холбогдуулан гаргасан 18,982,581 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 18,982,581 төгрөгөөс 507,843 төгрөгийг О.З, 18,474,738 төгрөгийг Б.Б төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хуваарилсаныг нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгч Б.Б нь О.Зыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс итгэмжлэлээр төлөөлөн оролцсон бөгөөд О.Зын эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өгсөн мэдүүлэг, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд О.Зыг төлөөлөн Б.Бгийн гаргасан тайлбар зөрүүтэй байх нь тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэл болохгүй.

Зохигчийн хүсэлтээр Р.Алтанцэцэг, Д.Наранчимэг нараас авсан мэдүүлэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай, ач холбогдол бүхий мэдээлэл авагдаагүйг дурдах нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В.Лд холбогдох 18,982,581 төгрөг гаргуулах Б.Б, О.З нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,863 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА