Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0295

 

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0295

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М********** ХХК,

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын техникийн

хяналтын улсын ахлах байцаагч Н.Г******** ,

Гуравдагч этгээд: Д******* аймгийн Засаг дарга,

Маргааны төрөл: Улсын байцаагчийн дүгнэлт,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О******** , түүний өмгөөлөгч Н.М******** , шинжээч нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Т******* , мэргэжилтэн О.Г***** , Б.Ц**** , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э***** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Г******** нь Барилгын ажлын тухай 0******** тоот дүгнэлтийг гаргасан байна.

2. М********** ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж улсын байцаагчийн дүгнэлтийн талаар гаргасан гомдолд тус газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07**** тоот бичгээр хариу өгчээ.

3. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр М********** ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Г******** т холбогдуулан ... 0******** тоот дүгнэлт нь эрх зүйн болоод мэргэжлийн хувьд чадамжгүй этгээдийн дүгнэлтийг үндэслэсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

4. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0******** тоот дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 5, 6, 7 дахь заалтуудыг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлдээ: "М***** " ХК нь Д******* аймгийн Сайншанд суман дахь 50 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг гүйцэтгэх явцад Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Г******** 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр газар дээр нь үзлэг хийж 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0******** тоот дүгнэлт гаргасан байдаг.

Уг дүгнэлтийн дүгнэлт хэсгийн

5-д /... "О*** " ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шинжилгээний дүгнэлтээр бетоны бат бэх зураг төслийн болон стандартын шаардлага хангахгүй байна.../.

6-д /...техник хяналтын "О*** " ХХК-аас 50 ортой төрөх эмнэлгийн барилгын цутгамал төмөр бетон багана, дамнуруу, хучилт, шатны гишгүүрийн бетон нь зураг төсөлд заасан бат бэхийн шаардлага хангахгүй байна./,

7-д /тус 50-н ортой төрөх эмнэлгийн барилгын угсралтын чанар аюулгүй байдалд газар дээр нь үзлэг шалгалтын дүн, техникийн хяналтын "О*** "ХХК-ийн лабораторийн шинжилгээний дүн, дүгнэлтийг үндэслэн цаашид барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байна./ гэсэн.

Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн үндэслэл, эх сурвалж болгосон "О*** " ХХК-ын техникийн дүгнэлт нь эрхзүйн чадамжгүй бөгөөд "О*** " ХХК нь Газрын харилцаа, барилга, геодези, зурагзүйн газрын даргын 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн "Зөвлөх үйлчилгээ бүртгэх тухай" 2** дүгээр тушаалын хавсралтаар,

4.1. Хөрөнгө оруулалтын судалгаа хийх зөвлөх үйлчилгээний хүрээнд:

4.1.1. Хөрөнгө оруулалтын урьдчилсан судалгаа хийх

4.1.2. Төслийг хэрэгжүүлэх боломж үндэслэлийг тогтоох

4.1.3. Төслийн техник эдийн засгийн үндэслэл, төсвийн төслийг боловсруулах

4.1.4. Төсөл хэрэгжүүлэх байгууллагын талаар санал боловсруулах

4.4. Барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн хийц бүтээц эдлэхүүний чанар аюулгүй байдлын баталгаажуулалт хийх зөвлөх үйлчилгээний хүрээнд:

4.4.1 барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн тохируулга зүгшрүүлэлт хийх

4.4.2. Тоног төхөөрөмжийн ашиглалт засвар, техникийн үйлчилгээ, технологийн зааврыг мөрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах

4.4.3. Тухайн барилга байгууламжийн ажилд шаардагдах материалын зах зээлийн эрэлт хэрэгцээ, үйлдвэрлэлийн технологийн дэвшил, аюулгүй ажиллагаа, хийц бүтээц, эдэлхүүний нэр төрөл, чанар, стандарт, ашиглалтын үеийн аюулгүй байдлын баталгаажуулалт хийх, эрдэс түүхий эд материалын ашиглалт боловсруулах технологи, түүхий эд материалын болон бүтээгдэхүүний орцын нормыг тодорхойлох

4.6. Төслийн удирдлага зохион байгуулалт, технологийн зөвлөх үйлчилгээний

хүрээнд:

4.6.4 Төслийн ажил үйлдвэрлэлийн зохион байгуулалт, технологийн процесс

төлөвлөгөөнүүдийн биелэлт биелэлтийг хянах

4.6.7 Техник технологийн сонголт шийдлийн талаар санал боловсруулах

4.6.8 Төслийн үе шатны болон эцсийн тайлан тооцоо өгөөжийг тайлагнах, дүгнэх гэсэн ажилбаруудаар дүгнэлт гаргах эрх авсан байдаг. Уг ажилбарууд нь барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлийнх юм. Өөрөөр хэлбэл барилгын чанарын асуудлаар дүгнэлт гаргах боломжгүй.

"О*** " ХХК нь Стандарт Хэмжилзүйн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/3** тоот тушаалаар MNS 3323:1991 Ойлт ба уян налархайн аргаар бетоны бат бэхийг тодорхойлох, MNS ISO 1920-7: 2006 Бетоны үл эвдэх шалгалт стандартуудын хүрээнд бетоны бат бэхийг шалгах итгэмжлэл олгогдсон боловч итгэмжлэл олгогдсон стандартуудын хүрээнээс хэтрүүлэн итгэмжлэл олгогдоогүй МNS ASTM C39 039:2007 бетоны шахалтын бат бэхийг цилиндр сорьцын аргаар тодорхойлох стандартаар дээж авч бетоны бат бэхийг туршиж дүгнэлт гаргасан нь уг дүгнэлт эрх зүйн хувьд чадамжгүй гэж үзэж байна.

Иймд Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Г******** ийн

гаргасан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0******** тоот "Барилгын ажлын тухай" гэх дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 5, 6, 7 дахь хэсгүүд нь эрх зүйн болоод мэргэжлийн хувьд чадамжгүй этгээдийн дүгнэлтэд үндэслэгдэн гарсан бөгөөд бодитой бус тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Г******** нь тухайн өдөр дүгнэлт гаргахдаа тус барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бодит эрх ашиг нь хөндөгдөх этгээд болох нэхэмжлэгч компанитай ямар ч холбоо хамааралгүй нэхэмжлэгчтэй эсрэг ашиг сонирхолтой хуулийн этгээд болох Б*** констракшн компанийн захирал, ерөнхий менежер нарыг байлцуулан дүгнэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч компанийн төлөөллийг дүгнэлт гаргах ажиллагаанд оролцуулаагүй.

Дүгнэлтэд гүйцэтгэгч байгууллагыг Б*** констракшн компани гэж баталгаажуулсан байдаг. Хариуцагч хариу тайлбартаа тухайн барилгын гүйцэтгэгч компани нь Б*** консртакшн компани байсан. Тийм учраас дүгнэлт гаргахдаа Б*** констракшн ХХК-ийн төлөөллийг байлцуулсан гэсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар энэ нь үгүйсгэгдэж байна.

Тухайн дүгнэлтээ гүйцэтгэгч байгууллага М********** ХХК нь эмнэлгийн барилга угсралтын ажлыг 2011-2015 онд гүйцэтгэсэн гэж тусгасан байдаг. Дээрх нөхцөл байдлыг тусгасан хэр нь гүйцэтгэгч нь Б*** констракшн компани гэдэг байдлаар зориуд санаатай бичсэн гэж харж байна. Улсын ахлах байцаагч Н.Г******** нь шүүхэд гаргасан тайлбартаа Д******* аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан бичгийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, тус шалгалтад оролцсон бүрэлдэхүүний талаар дурдсан байдаг. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тусгайлсан удирдамж гарсан. Удирдамж дээр барилгын техникийн улсын ахлах байцаагч Н.Г******** , Эрүүл мэндийн яам, зураг төсөл зохиогч Х******* ХХК-ийн инженер, техникийн ажилтнууд, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны итгэмжлэгдсэн барилгын материалын сорил шинжилгээний лабораторийн шинжээч, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын захиалагч инженер н.Д******* нарын бүрэлдэхүүнтэйгээр шалгалт хийхээр байдаг. Хариуцагч Н.Г******** нь дээрх хяналт шалгалтыг хийхдээ тухайн удирдамжид заасан шинжээчийг оролцуулаагүй. Улаанбаатар хотоос шинжээчийг дагуулж очоогүй. Харин тухайн газарт өөр этгээдийн захиалгаар шинжилгээ хийж байсан, эрхгүй этгээдийн дүгнэлтийг үндэслэж маргаан бүхий захиргааны актын 5, 6, 7 дах хэсгийн заалтуудыг гаргасан.

... Н.Г******** нь өөрөө эсвэл мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий байцаагчаар барилгын цутгамал төмөр бетон хучилтыг нарийвчлан тогтоогоогүй. Зөвхөн О*** гэх компанийн дүгнэлтийг үндэслэж дүгнэлт гаргаж барилгын ажил үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдаж байна. Н.Г******** өөрөө эсвэл мэргэжлийн хяналтын эрх бүхий байцаагчаар тухайн бетоны бат бөхийн хэмжээг нарийвчлан тогтоосон бол ямар багаж техник ашиглаж, ямар норм дүрмийн дагуу дүгнэлт гаргаж байгаа нь ажлын тухай дүгнэлтэд тусгагдах ёстой байсан. Гэтэл барилгын ажлын тухай дүгнэлтэд тухайн үнэлэлт дүгнэлтийг гаргахад ямар багаж техник хэрэгсэл хэрэглэсэн, хэн гэдэг хүмүүс оролцсон талаар огт тусгагдаагүй байдаг.

Хариуцагч гаргасан тайлбартаа миний дүгнэлтээс иш татан оролцуулсан 6, 7, 8 дах хэсгүүд нь эрх зүйн болоод мэргэжлийн хувьд чадамжгүй этгээдийн дүгнэлтэд үндэслэгдсэн гэж үзэж техник зориулалтын хэсэгт маргаж байгаа бол гээд тусгасан байдаг. Шүүхэд гаргасан тайлбартаа иш татсан байдлаар тусгасан боловч тухайн маргаан бүхий актыг авч үзэхэд маргаан бүхий хэсэг болох 5 дах заалтад О*** ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шинжилгээний дүгнэлтэд бетоны бат бэх зураг төслийн чанар стандартын шаардлага хангахгүй байна. 6 дах хэсэгт Олон ХХК-иас бетоны бат бэхийн талаар шаардлага хангахгүй байна. 7 дах хэсэгт О*** ХХК-ийн лабораторийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэж цаашид барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй гэх зэргээр шууд О*** ХХК-ийн дүгнэлтийг үндэслэж өөрөө ямар нэгэн шинжилгээ, үнэлэлт хийхгүйгээр маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг гаргасан нь илт үндэслэлгүй байна.

О*** ХХК-д өрөмдлөгийн аргаар шинжилгээ хийх эрх олгогдоогүй байдаг. Зөвхөн бетоны бат бөхийг үл эвдэх аргаар багаж хэрэгслээр зохих байдлаар чанарын бат бөхий хангадаг тусгай зөвшөөрөлтэй байсан. Чанар, аюулгүй байдлын төлөвт хяналт тавьж, үзлэг хийж үнэлэлт өгөх эрх О*** ХХК-д олгогдоогүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. О*** ХХК нь өөрт эрх олгогдоогүй үйл ажиллагаа явуулж, тухайн барилгын бетоныг өрөмдлөгийн аргаар өрөмдөж шинжилгээнд өгөх байдлаар бетоны чанарын бат бэхийг тогтоолгосон. Дүгнэлтийг үндэслэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын байцаагч Н.Г******** нь тухайн маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг шууд үндэслэл болгож тусгасан нь илтэд үндэслэлгүй байна гэв.

7. Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилга техникийн улсын байцаагч Н.Г******** хариу тайлбартаа:

Д******* аймгийн Засаг даргын тамгын газраас 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/15*** дугаартай Сайншанд суманд шинээр баригдаж буй төрөх эмнэлгийн барилгын ажлыг газар дээр нь шалгах ажлын хэсэг томилон ажиллуулах тухай албан бичиг ирүүлсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан "Телевлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай" 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01*** дугаартай удирдамжаар Д******* аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй 50 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлын зураг төсөл, техникийн баримт бичиг, түүний бүрдэл, угсралтын ажлын явц, чанар байдалд 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр газар дээр нь төрийн хяналт шалгалтын тухай, Барилгын тухай хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм ба дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн хүрээнд үзлэг, шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Үзлэг шалгалтыг газар дээр нь хийхэд тус барилгын газар шороо, суурь, цутгамал төмөр бетон араг бүтээцийн цутгалт, гадна ханын дүүргэлтийн ажлуудыг

М********** ХХК хийж гүйцэтгэсэн, 1 дүгээр давхрын тусгаарлах ханыг тоосгоор өрөх ажил эхэлсэн, гадна инженерийн шугам сүлжээний сувгийн газар шорооны ажлыг Б*** констракшн ХХК гүйцэтгэж байв.

Шалгалтын чиглэл, хамрах хүрээнд заасны дагуу барилгын ажлын талбай дээр байсан техникийн болон холбогдох бичиг баримтыг судлан танилцахад М********** ХК-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний /БУА-34/11/д/ дугаартай/ болон холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллагуудаас олгосон техникийн нөхцөл, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгалт хийгдээгүй, барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл, барилгад хэрэглэсэн түүхий эд, материал, хийц бүтээцийн чанар, аюулгүй байдал, техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулсан гарал үүслийн гэрчилгээ, шинжилгээний дүгнэлт, тохирлын гэрчилгээ, үе шатны ажил гүйцэтгэсэн ил, далд актууд, баримтжуулсан фото зураг зэрэг техникийн бичиг баримтууд байхгүй байсан нь Барилгын тухай хуулийн 40.1.1, 40.1.2, 13.1.3 дахь заалтуудыг зөрчсөн байсан.

Барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхдээ бетоныг хүйтний улиралд цутгаж хөлдөөсөн, зарим хэсгийг буулгаж дахин цутгасан, цутгамал төмөр бетон багана, дам нурууны тэнхлэгийн шилжилтийг хүлцэх хэмжээнээс хэтрүүлсэн, хийц бүтээцүүдийн геометр хэмжээс зураг төсөлд зааснаас өөрчлөгдсөн, зэв ихтэй арматур хэрэглэсэн, бетоны арматур ил гарсан, цутгамал төмөр бетон хучилтын зузаан зураг төсөлд заасан хэмжээтэй нийцээгүй, арматурын хамгаалалтын үе алдагдсан, бетоны нягтруулалтыг шаардлагын хэмжээнд хийгээгүй, хийц бүтээцүүдийг цутгахдаа нягтруулалтыг дутуу хийснээс бетон арзайж дүүргэгч нь тунасан байсан нь Барилгын тухай хуулийн 40.1.1, "Цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх заавар БД 52-102-04, "Цутгамал бетон, төмөр бетон бүтээц" БНбД 52-02-05-ын шаардлагуудыг зөрчсөн байна.

Мөн цутгамал төмөр бетон шатны гишгүүрийн өндөр, марш, тавцангийн тэгш байдлын хэмжээ алдагдсан, бетон шал их хэмжээний хагарлуудтай, зоорийн ханын зузаан зураг төсөлтэй нийцээгүй, бетоны орцын норм тогтоолгоогүй зоорь, 1, 2 дугаар давхрын цутгамал төмөр бетон багана, дам нуруу, хучилтыг газар дээр нь бетон бэлтгэж технологийн горим зөрчиж цутгалтын ажлыг гүйцэтгэсэн, зоорийн давхрын цутгамал хананд ташуу хагарал үүссэн байгаа нь Бетон, төмөр бетон бүтээц БНбД 01-10-ийн шаардлагыг хангаагүй, Барилгын тухай хуулийн 11.1.1 дэх заалтыг зөрчсөн байсан.

Барилгын гадна ханыг царууц бетон гулдмайгаар дүүргэх ажлын гүйцэтгэхэд

зуурмагийн дундаж зузаан хэвтээ, босоо завсарт нормд заасан хэмжээнээс хэтэрсэн, зарим ханын өргийн заадсыг зуурмагаар дүүргээгүй байсан нь "Өрөгт бүтээц" /БНбД51-02-05/-ийн 2.5, 2.14, 3.1, 3.4 дугаар заалтуудыг тус тус зөрчсөн бО*** .

Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч миний бие нь үзлэг шалгалтыг "Төрийн хяналт шалгалтын тухай" хуулийн хүрээнд хийж гүйцэтгэсэн бөгөөд тус барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхэд гаргасан алдаа дутагдал нь барилгыг ашиглах явцад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн, үндсэн хийц, бүтээцүүдийн бат бэх тогтворт байдал алдагдсан болохыг тогтоож дүгнэлтэд тусгасан.

Тус нэхэмжлэгч байгууллага болох М********** ХК нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан "Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ авах талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй" заалтыг удаа дараа зөрчиж Д******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11-07-021-68, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 11****** дугаартай улсын байцаагчийн албан шаардлага, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1******** дугаартай улсын байцаагчийн дүгнэлтэд заасан арга хэмжээг авч дутагдлыг арилгаагүй, шаардлагыг биелүүлээгүй бО*** .

Үзлэг шалгалт хийх үед О*** ХХК-ийн бүрэлдэхүүнтэй техникийн хяналт гүйцэтгэгч баг тус барилгын цутгамал төмөр бетон эдлэлүүдийн бетоны бат бэх зураг төсөлд заасны дагуу хийгдсэн эсэхэд дүгнэлт гаргахаар очсон байсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр барилгын зоорь, 1, 2-р давхрын хучилтыг өрөмдөж бетон сорьц авч, багана, дам нуруу, лифтний ханын бетоны бат бэхийг үл эвдэх багаж ойлтын алхаар хэмжилт хийж дээж авч байгаа явц байдал, гүйцэтгэлийг улсын байцаагчийн эрхийн хүрээнд хянаж байсан.

Тус О*** ХХК-ийн техник хяналт гүйцэтгэгч баг 44 хуудас бүхий тайлан, дүгнэлтийг 2017 оны 09 дүгээр сарын 1/09 дугаартай албан бичгээр ирүүлснийг дүгнэлтэд иш татан оруулсан бөгөөд улсын байцаагч миний бие дүгнэлтдээ "О*** "

ХХК-ийн шинжилгээний дүгнэлтийг ганцхан үндэслэл болгоогүй, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг газар дээр нь гүйцэтгэхэд дээр дурдсан алдаа дутагдал илэрч, үндсэн хийц, бүтээцүүдийн бат бэх тогтворт байдал алдагдсан, болзошгүй эрсдэл үүсэх нөхцөл байдлыг бий болгосон нь тогтоогдсон бО*** .

Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан энэхүү дүгнэлтийг үндэслэн барилгын ажлыг гүйцэтгэгчийг сольсон асуудал ч үүссэн гэдгийг нэмэлт тайлбар тодруулга авч тогтоох шаардлагатай бөгөөд хяналт шалгалт хийх үед тус барилгын ажлын гүйцэтгэгчээр "Б*** констракшн ХХК ажиллаж байсан Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

8. Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий гарын Барилга техникийн улсын байцаагч Н.Г******** нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөлтөд гаргасан хариу тайлбартаа: Тус захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа М********** ХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заагдсан эрхийнхээ дагуу өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулсан байна. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөлтөд дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч "М***** " ХК нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Г******** миний гаргасан дүгнэлтийн дүгнэлт хэсэгт иш татан оруулсан 6, 7, 8 дугаар хэсгүүд нь эрхзүйн болоод мэргэжлийн хувьд чадамжгүй этгээдийн дүгнэлтэд үндэслэгдсэн гэж үзэн техник хяналтын О*** ХХК-ийн лабораторийн шинжилгээний дүн, дүгнэлтийн холбогдох хэсэг дээр маргаж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 33.14 дүгээр

зүйлд зааснаар /94 дүгээр зүйл: Гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх хугацаа, 94.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана/ захиргааны актыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд хариуцагч барилгын техник хяналтын улсын ахлах байцаагч миний зүгээс нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

9. Гуравдагч этгээд Д******* аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О******** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

М********** ХХК-ийн нэхэмжлэлтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Г******** т холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах\ тайлбарыг өгч байна. Д******* аймгийн Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлгийн барилгыг улсын төсвийн 1258754.2 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар "М***** " ХХК гүйцэтгэхээр Эрүүл мэндийн яамтай 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б***** дугаартай гэрээг байгуулж, угсралтын ажилд ЭМЯ-ны барилга захиалагчийн алба, Барилгын хөгжлийн төв захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байсан бО*** .

Төрөх эмнэлгийн барилгыг гэрээний дагуу 2012 онд ашиглалтад оруулах

байсан боловч "М***** " ХХК-ийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан барилга угсралтын ажлын 45 орчим хувь буюу каркасан хийцийн угсралт, гадна дүүргэгч ханын өргийн ажил хагас дутуу, чанаргүй хийгдсэн байдалтайгаар барилгын ажил зогссон билээ. Дээрх хугацаанд барилгын ажлыг үргэлжлүүлэх талаар орон нутгийн зүгээс салбарын яаманд удаа дараагийн хүсэлт гаргаж байсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

Бидний зүгээс 2016-2020 оны аймгийн Засаг даргын Хөгжлийн төлөө хамтдаа" үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө Сайншандын 50 ортой төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах зорилтыг нэн тэргүүнд тусгаж холбогдох салбарын яаманд хүсэлт хүргүүлсний үр дүнд 2017 оны улсын төсөвт эмнэлгийн барилгын дуусгалын ажилд зориулж 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг тусгуулсан.

Эрүүл мэндийн яамнаас 50 ортой төрөх эмнэлгийн дуусгалын ажлын эрхийг орон нутагт шилжүүлсний дагуу Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу нэмэлт ажил буюу дуусгалын ажилд аймгийн Орон нутгийн өмчийн газраас тендер зарлан 1699970.0 мянган төгрөгийн өртгөөр "Б************ " ХХК нь шалгарч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн УТ-НТШ 0***** дугаартай гэрээг байгуулж ажлаа эхлүүлэн барилгын зоорь болон 1 дүгээр давхрын хана хамар ханын өрөг, шал, дотор шавардлага, зоорийн давхрын дотор дулаалга, гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажлуудыг гүйцэтгэсэн.

Гэвч барилгын угсралтын ажлын явцад "М***** " ХК-ийн барьж байгаад

дутуу орхисон 50 ортой төрөх эмнэлгийн барилгын бетон хийцүүд энгийн нүдээр харахад л чанарын доголдолтой байсан тул ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлээс

урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээг тодорхой болгох зорилгоор барилгын зөвлөх үйлчилгээний "О*** " ХХК-д хандаж, барилгын цутгамал төмөр бетон араг бүтээцэд шинжилгээ хийлгэхэд бетон хийцүүдийн бат бэх зураг төсөлд заагдсан бат бэхийг хангаагүй, хэт бага үзүүлэлттэй байна гэсэн дүгнэлт гарсан.

Орон нутгийн зүгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан ёсоор хандсаны дагуу улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №0******** тоот дүгнэлтийн 7-д тус 50 ортой эмнэлгийн барилгын угсралтын ажлын чанар байдалд газар дээр нь хийсэн үзлэг шалгалтын дүн, техникийн хяналтын "О*** " ХХК-ийн лабораторийн шинжилгээний дүн, дүгнэлтийг үндэслэн цаашид барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байна, 8-д Барилгын тогтвортой, бат бэх, аюулгүй байдлыг хангахын тулд холбогдох хууль тогтоомж, норм нормативын баримт бичгийн шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтын үр ашиг болон техникийн тооцоонд үндэслэн зураг төсөл зохиогч, судалгаа шинжилгээний байгууллагатай зөвшилцөн тус эмнэлгийн барилгын багана, хучилт, дам нурууг хүчитгэх, буулгаж дахин цутгах асуудлыг захиалагч байгууллагын зүгээс шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлгийн барилгад "М********** " ХХК-ийн хийгдсэн ажил нь дор дурьдсан бодит нөхцөл байдалтай байна.

- Барилга угсралтын ажлыг 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр эхлүүлж,

газар шороо, суурь цутгамал төмөр бетон арагт бүтээц, хана, хамар ханын ажлууд хийгдсэн. М********** ХХК нь барилга угсралтын ажлын үед бетон хийцийг технологийн горимыг зөрчсөний улмаас хөлдөөж, хөлдсөн бетон хийцүүдийг буулгах ажил хийгдсэн.

- Лифтний цутгамал төмөр бетон диафрагма ханын бетон хөлдсөн байдалтай

- Цутгамал төмөр бетон хийц эдлэлийн хөлдсөн хэсгийг хэсэгчлэн буулгаж, дахин цутгасан

- 2 давхарт 6-Б тэнхлэгийн цутгамал төмөр бетон баганыг тэнхлэгийн зөрүүтэй

цутгасан

- Цутгамал төмөр бетон дам нурууны арматурын хамгаалалтын үе алдагдсан

- Цутгамал төмөр бетон дам нурууны хөндлөн огтлолын хэмжээ алдаж цутгасан

- Гадна ханын дүүргэлтийн блокийг өрөх явцад хэвтээ, босоо заадас зуурмагаар жигд дүүргэгдээгүй буюу ам даруулж өрөөгүй

- Барилга угсралтын удаашралтай гүйцэтгэсэн, ажлын чанар БНбД шаардлага хангаагүй тул төмөр бетон хийцийн хөлдсөн

- Мэргэжлийн ИТА, мэргэжлийн ажилчид хангалтгүй байсан ба барилга угсралтын ил, далд ажлын акт, холбогдох баримт бичгүүд нь байхгүй.

Иймд "М***** " ХХК-ийн гүйцэтгэсэн барилга угсралтын ажил нь БНБД-ийг зөрчиж, чанарын шаардлага хангахгүй байгаа ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга техникийн хяналтын улсын хяналтын ахлах байцаагчийн дүгнэлт болон О*** ХХК, Барилга хөгжлийн төвийн шинжилгээний үр дүн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.М******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын байцаагчийн маргаан бүхий акт шууд нэхэмжлэгч компанид хамаарч гараагүй. Нэхэмжлэгчийн сонсох ажиллагаа явуулах ёстой байсан гэдэг асуудал үндэслэлгүй юм. Маргаан бүхий актын тухайд хяналтын явцад илэрсэн асуудал дээр гаргасан дүгнэлт байна. Захирамжилсан шинжтэй зүйл биш. Дүгнэлтийг хууль бус гэж үзэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Хуулийн хориглосон зүйл заалтыг зөрчсөн тохиолдолд захиргааны акт хүчингүй бО*** . Байцаагч чиг үүргийнхээ хүрээнд хийсэн байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12-т Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 10.12.1-д холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх гэж заасан. Бодит нөхцөл байдлын хувьд О*** ХХК-ийн хувьд хууль ёсоороо дүгнэлт гаргах бүрэн эрхтэй талаар тогтоогдсон. Нэг зорилгоор шалгалт хийж байсан. н.Г******** улсын ахлах байцаагч хяналт шалгалт хийхдээ мэргэжлийн хүмүүс татан оролцуулаад улмаар дүгнэлтэд үндэслэж амаар бус мэргэжлийн лаборатори тогтоосон талаар хууль зөрчсөн үйлдэл байхгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд дүгнэлтээ амаараа тайлбарлаад байна. Ингээд хүлээлгээд өгсөн зүйл байхгүй. Ажлаа хүлээлгэж өгсөн тохиолдолд энэ дүгнэлт яаж зөрчиж байгаа вэ? гэдэг асуудал гарч ирж байна. Энэ бол нэхэмжлэгч компанийн эрх ашгийг хөндөөд байгаагаас илүү тус барилгыг шууд ашиглах боломж байхгүй. Нэмж бариад шавар шавхай явах юм бол тус барилга олон хүний амь насанд эрсдэлтэй байна. Урьдчилан шийдвэрлэхийн тулд энэ асуудлыг тогтоогоод байна. Тэрнээс биш шууд нэхэмжлэгч компанийн эрх ашиг хөндөөд хандсан зүйл байхгүйг анхаарч үзнэ үү. Нийтийн эрх ашгийг үүднээс тогтоосон акт болохоос биш захирамжилсан шинж агуулаагүй тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

1. Нэхэмжлэгч М********** ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийнБарилгын ажлын тухай 0******** тоот дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 5, 6, 7 дахь заалтуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ,

- хариуцагч нь хяналт шалгалтыг гүйцэтгэхдээ барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулаагүй, эсрэг ашиг сонирхол бүхий Б*** констракшн ХХК-ийн төлөөллийг оролцуулсан,

- Хяналт шалгалтын удирдамжид хяналт шалгалтыг тодорхой бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэхээр заасан байхад дангаараа хэрэгжүүлсэн,

- эрхгүй этгээд-ийн шинжилгээний дүнг үндэслэж дүгнэлт гаргасан нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийнБарилгын ажлын тухай 0******** тоот дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 5-д "О*** " ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шинжилгээний дүгнэлтээр бетоны бат бэх зураг төслийн болон стандартын шаардлагыг хангахгүй байна, 6-д ...техник хяналтын "О*** " ХХК-аас 50 ортой төрөх эмнэлгийн барилгын цутгамал төмөр бетон багана, дам нуруу, хучилтын бат бэхийг зураг төсөлд заасан хэмжээнд байгаа эсэхийг тогтооход 2019 оны 09 дүгээр сарын 19, 10 дугаар сарын 03-ны өдрийн тайлангаар хэмжилт хийсэн багана, дам нуруу, хучилт, шатны гишгүүрийн бетон нь зураг төсөлд заасан бат бэхийн шаардлага хангахгүй байна, 7-д ...тус 50-н ортой төрөх эмнэлгийн барилгын угсралтын чанар байдалд газар дээр нь хийсэн үзлэг шалгалтын дүн, техникийн хяналтын "О*** "ХХК-ийн лабораторийн шинжилгээний дүн, дүгнэлтийг үндэслэн цаашид барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

3. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар улсын байцаагч нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх, 5.7-д зааснаар Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэх үүрэгтэй байх ба 10 дугаар зүйлийн 10.9.7-д зааснаар хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, ..., 10.9.8-д зааснаар хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах эрх хэмжээтэй байна.

4. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д улсын байцаагчаас гаргах эрхийн акт нь ...Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас байхаар заасан ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 207 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт-д Барилга байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдал нь хууль тогтоомж, норм дүрэм, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлоход дүгнэлт үйлдэхээр журамласан байна.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

5.1. Д******* аймгийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/15*** тоот албан бичгээр ...М********** ХХК нь барилгын ажлыг дутуу орхисон, ... эрх шилжүүлсний дагуу тендерт шалгарсан гүйцэтгэгч нь эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд барилга угсралтын ажил чанар муутай хийгдсэн тул төмөр бетон каркасыг хүчитгэх, дотор ханын өргийг дахин хийх зэрэг ажлууд шаардлагатай болсон. ... барилгын ажлыг газар дээр нь үзэж шалгах ажлын хэсэг томилон ажиллуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан,

5.2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 01*** тоот төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын удирдамжаар хяналт шалгалтын чиглэл, хамрах хүрээг ... холбогдох баримт бичигтэй танилцах, барилга угсралтын ажлын явц, чанар байдалд үзлэг хийж шалгах, үзлэг шалгалтыг 5.1.1 кодтой бүрэн цутгамал болон каркасан барилгын угсралтын ажлыг шалгах хяналтын хуудсаар гүйцэтгэж, эрсдэлийг үнэлэх гэж тодорхойлсон байх ба хяналт шалгалтын ажлыг улсын ахлах байцаагч Н.Г******** , Эрүүл мэндийн яам, зураг төсөл зохиогч Х******* ХХК-ийн инженер техникийн ажилтнууд, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны итгэмжлэгдсэн барилгын материалын сорил шинжилгээний лабораторийн шинжээч, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын захиалагч инженер н.Д******* нар-ын бүрэлдэхүүнтэй гүйцэтгэхээр тогтоосон,

5.3. Хариуцагч улсын байцаагчаас хөтөлсөн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл болон маргаан бүхий 0******** тоот Улсын ахлах байцаагчийн дүгнэлт-д ... үзлэг шалгалтад Д******* аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Б*******, мэргэжилтэн Б.Ц**** , аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ц.О******** , мэргэжилтэн Х.О*******, Д.Ч*******, Б*** констракшн ХХК-ийн захирал Н.*******, ерөнхий инженер М.Г******* нар оролцсон,

5.4. Техник хяналтын О*** ХХК-иас 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан 2017*** тоот тайландаа ...үл эвдэх багаж-ойлтын алхаар хэмжилт хийсэн цутгамал төмөр бетон баганын 58,8 хувь, дам нурууны 95 хувь нь бетоны бат бэх зураг төсөлд заасан үзүүлэлтийг хангахгүй, ... сорьц авсан хучилтын бетоны бат бэх нь зураг төсөлд заасан үзүүлэлтийг хангахгүй, ... хучилтын зузаан зураг төсөлд заасан 150мм-т хүрэхгүй, ... энэ нь гүйцэтгэгч компанийн ажилтнуудын хариуцлага, захиалагчийн хяналт сул байсантай холбоотой, ... барилгын цутгамал төмөр бетон эдлэлүүдийн бетоны бат бэх зураг төсөлд заасан шаардлагыг хангахгүй тул барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж ашиглалтад оруулах боломжгүй, ... гэж дүгнэсэн,

5.5. Мөн Техник хяналтын О*** ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 03-ний өдөр өмнө гаргасан 2017*** тайлангийн үргэлжлэл болгож барилгын цутгамал бетон 287 эдлэл дээр хэмжилт хийж, хэмжилтэд хамрагдсан 287 эдлэлийн 71,43 хувь нь зураг төсөлд заасан бат бэхийн үзүүлэлтийг хангахгүй гэж дүгнэсэн үйл баримтууд тогтоогдов.

6. Хууль тогтоомжийн холбогдох зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, хариуцагч улсын ахлах байцаагчаас маргаан бүхий 0******** тоот дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 5-д барилгын бетоны бат бэх зураг төслийн болон стандартын шаардлагыг хангахгүй байна, 6-д ... барилгын хэмжилт хийсэн багана, дам нуруу, хучилт, шатны гишгүүрийн бетон нь зураг төсөлд заасан бат бэхийн шаардлага хангахгүй байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй, маргаан бүхий дүгнэлтийн энэ хэсэг нь хариуцагч улсын байцаагчид хууль тогтоомж болон хяналт шалгалтын ажлын удирдамжаар өгөгдсөн үүргийн хүрээнд бодит нөхцөл байдлыг зөв дүгнэж гарсан шийдвэр байх тул уг дүгнэлтүүдийн улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. Тодруулбал,

6.1. Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар/хуучин нэршлээр/-ын даргын 2012 оны 2** дүгээр тушаалаар О*** ХХК-ийн Барилгын материал, үйлдвэрлэлийн технологийн хийц бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт, хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйлчилгээ-г бүртгэж авсан байх ба Стандарт хэмжил зүйн газрын даргын 2016 оны А/3** дүгээр тушаалаар мөн хуулийн этгээдийг MNS 3323:19918 MNS ISO 1920-7:2006 стандартын дагуу барилга байгууламжийн хийц, эдлэлийн чанарын хяналтыг үл эвдэх багаж-ИПС МГ 4,03 ашиглан хэрэгжүүлэх итгэмжлэлийг олгосон, Аргай чулуу ХХК-ийн итгэмжлэгдсэн лабораториор барилгын материалын материал, хийц, эдлэлд сорилт гүйцэтгүүлэхээр байгуулсан гэрээг О*** ХХК-ийг итгэмжлэх үйл явцад хүлээн зөвшөөрсөн болохыг Стандарт, хэмжил зүйн газрын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 06/4** тоот албан бичгээр тодорхойлсон байна.

Иймд нэхэмжлэгч талын эрхгүй этгээд-ийн шинжилгээний дүнг үндэслэж дүгнэлт гаргасан нь хууль бус гэх тайлбар үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэх эрхийг олгох мэргэжлийн байгууллагаас О*** ХХК-иас уг хяналтыг хэрэгжүүлэхдээ шоо эсхүл цилиндр сорьц/кор/-ийг авч лаборатори бүхий байгууллагад хүргүүлж шинжлүүлэх үйл явцыг зөвшөөрсөн байх тул ийм аргаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан байгууллагын дүгнэлтийг үндэслэж хариуцагч улсын байцаагчаас маргаан бүхий актыг гаргасныг буруутгах боломжгүй байна.

6.2. Мөн шүүхээс шинжээчээр томилогдсон нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын шинжээч нарын 2021 оны 06/2021 тоот дүгнэлтэд Үл эвдэх багажаар хэмжилт хийсэн төмөр бетон бүтээцүүдийн 60% орчим нь зураг төсөлд тусгасан шаардлагыг хангаагүй буюу В20/М250/-аас бага бат бэхтэй гарсан гэсэн болон О*** ХХК-ийн тайланд ...цутгамал бетон 287 эдлэлийн 71,43 хувь нь зураг төсөлд заасан бат бэхийн үзүүлэлтийг хангахгүй гэсэн байхын зэрэгцээ нэхэмжлэгч хуулийн этгээдээс барилгын бетон багана, дам нуруу, хучилт нь зураг төсөлд заасан шаардлага хангаж байгаа талаарх нотлох баримт гаргаж маргасангүй. Иймд 0******** тоот дүгнэлтийн 5 болон 6 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй гэж дүгнэлээ.

7. Харин маргаан бүхий 0******** тоот дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 7-д ...тус 50-н ортой төрөх эмнэлгийн барилгын угсралтын чанар байдалд газар дээр нь хийсэн үзлэг шалгалтын дүн, техникийн хяналтын "О*** "ХХК-ийн лабораторийн шинжилгээний дүн, дүгнэлтийг үндэслэн цаашид барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байна гэсэн нь барилга байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдал нь хууль тогтоомж, норм дүрэм, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох үед үйлдэгдэх дүгнэлт гэсэн эрх зүйн баримт бичгийн агуулгад тохирохгүй, маргаан бүхий барилга угсралтын үйл ажиллагааг шууд зогсооход хүргэсэн, нэхэмжлэгчийн хувьд сөрөг үр дагавар бүхий шийдвэр байна гэж дүгнэлээ.

7.1. Зүй нь хариуцагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д заасан хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд ...тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох... арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бол Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт-ын 11.6-д заасан Акт үйлдэхээр байсан атал акт үйлдээгүй, харин улсын байцаагчийн дүгнэлт-ээр барилгын үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн байх тул өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч талын Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан илт хууль бус акт юм гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

7.2. Үүний зэрэгцээ 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 06/2021 тоот шинжээчийн дүгнэлтэд Барилгын зарим цутгамал төмөр бетон бүтээцүүдийн бетоны бат бэх зураг төсөлд заасан шаардлагыг хангаагүй боловч барилгад нарийвчилсан судалгаа, тооцоо гаргуулах, бат бэх болон налархай чанарын одоогийн түвшинд үндэслэн хүчитгэлийн шийдлийг сонгож зорилтот бат бэхийг хангуулах боломжтой гэсэн болон О*** ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан 2017*** тоот тайлангийн зөвлөмж хэсгийн 2-т Энэхүү дүгнэлтийг зураг төсөл зохиогчид танилцуулж санал дүгнэлтийг албан ёсоор гаргуулж авах, 4-т Барилга дээр явагдах дараагийн ажлын техникийн баримт бичгийг бүрдүүлэх, захиалагчийн хяналтаа тогтмол хийж, өнөөг хүртэлх хугацаанд гаргасан алдааг давтахгүй байх/1хх-81 дэх талд/ гэснээс үзвэл, барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой, эсхүл боломжгүй байсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл болсон О*** " ХХК-ийн дүгнэлтэд тухайн барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулах боломжийг үгүйсгээгүй, харин үргэлжлүүлэх тохиолдолд зураг төсөл зохиогчийн дүгнэлтийг гаргуулсны үндсэн дээр тогтмол хяналттайгаар хэрэгжүүлэхээр дүгнэсэн байхад хариуцагч нь хяналт шалгалтын үйл ажиллагаандаа удирдамжид заасанчлан зураг төсөл зохиогчийг оролцуулалгүй, барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжтой эсэх талаар мэргэжлийн дүгнэлтийг гаргуулалгүйгээр зөвхөн техникийн хяналтын дүгнэлт/барилгын баригдсан хэсэгт хийгдсэн хяналт шалгалтын дүн/-ийг үндэслэн цаашид уг барилгыг үргэлжлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн нь дээрх дурьдсан хуулийн заалтын хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч талын ...Зөвхөн О*** гэх компанийн дүгнэлтийг үндэслэж дүгнэлт гаргаж барилгын ажил үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн нь хууль бус гэх тайлбар үгүйсгэгдэхгүйн зэрэгцээ О*** ХХК-ийн барилгын техник хяналтын дүгнэлт нь цаашид уг барилгыг үргэлжлүүлэн барих эсэх асуудлыг шийдвэрлэх шууд үндэслэл биш байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Барилга хот байгуулалтын сайдын тушаалын 3.1 дэх хэсэгт барилгын ажлын гүйцэтгэлийн явцад үнэлэлт дүгнэлт өгөх үйлчилгээ бол нэг өөр юм гэх тайлбар илүү үндэслэлтэй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Барилга техникийн хяналтын улсын хяналтын ахлах байцаагчийн дүгнэлт болон О*** ХХК, Барилга хөгжлийн төвийн шинжилгээний үр дүн нь үндэслэлтэй гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.

О*** ХХК-ийн дүгнэлт болон шүүхээс томилогдсон шинжээч нарын дүгнэлтэд тусгагдсан барилгыг хүчитгэж ашиглах боломжтой эсэх асуудлыг шалгаж, мэргэжлийн байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр дахин акт гаргах хариуцагч захиргааны байгууллагын эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хязгаарлахгүй юм.

7.3. Түүнчлэн хариуцагч улсын ахлах байцаагч нь маргаан бүхий дүгнэлтийнхээ 8-д Барилгын тогтвортой бат бэх, аюулгүй байдлыг хангахын тулд холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтын үр ашиг болон техникийн тооцоонд үндэслэн зураг төсөл зохиогч, судалгаа шинжилгээний байгууллагатай зөвшилцөн тус эмнэлгийн барилгын багана, хучилт, дам нурууг хүчитгэх, буулгаж дахин цутгах асуудлыг захиалагч байгууллагын зүгээс шийдвэрлэх нь зүйтэй гэсэн нь өмнөх 7 дахь дүгнэлт буюу ...цаашид барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байна гэснийг үгүйсгэсэн агуулгатай байна.

Энэ тохиолдолд маргаан бүхий дүгнэлт нь барилгыг ашиглах боломжгүй талаарх санал гаргаж байгаа эсэх, эсхүл хүчитгэх замаар ашиглах эсэхийг шийдвэрлэх талаарх санал гаргаж байгаа эсэх аль агуулгаар гарсан болохыг шүүх таамаглан тодорхойлох боломжгүй байхын зэрэгцээ ийнхүү нэг баримт бичгээр өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлтүүдийг гаргаснаар барилгын ажлын гүйцэтгэгч төдийгүй захиалагч байгууллагын хувьд ойлгомжгүй байдлыг үүсгэсэн нь захиалагч Д******* аймгийн Засаг даргаас уг дүгнэлтийг үндэслэн барилгыг албадан буулгах шийдвэр гаргаж байснаар тогтоогдож байгаагаас үзвэл, мөн нэхэмжлэгч талын ...Алдаа дутагдалтай байгаа талаар үгүйсгээгүй. Алдаа дутагдлыг засаад үргэлжлүүлэн барилгыг гүйцэтгээд ямар нэгэн үр ашигтай зүйлд хүрэхийн тулд явж байна гэсэн тайлбарыг үгүйсгэхээргүй байна.

Хариуцагчаас өөрийг нь оролцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг тэмдэглэв.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж заасан ба хариуцагч улсын байцаагч нь хяналтын шалгалтын ажиллагаанд М********** ХХК-ийг оролцуулах талаар хэрхэн мэдэгдсэн талаарх баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгч талын хариуцагч нь хяналт шалгалтыг гүйцэтгэхдээ барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулаагүй гэсэн тайлбар үндэслэлтэй гэж үзнэ. Харин хяналт шалгалтын ажиллагаанд оролцсон Б*** констракшн ХХК-ийг оролцуулсныг буруутгах, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

9. М********** ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1/254 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гаргасан ...улсын байцаагчийн ...0******** тоот дүгнэлтийг дахин хянан үзэж ... хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдолд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07**** тоот албан бичгээр хариу өгч, нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 141.1-т Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:, 14.1.1.-т дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж заасан хугацаанд хамаарч байх тул хариуцагчийн ...захиргааны актыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 45 дугаар зүйлийн 45.1-т Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно:, 45.1.2-т шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр;, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:, 7.1.2-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70200 төгрөг гэж заасан.

10.1. Шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 1318, мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Захирамжид өөрчлөлт оруулах тухай 2630 дугаартай захирамжаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтнүүдийг шинжээчээр томилсон ба шинжээч нарын ажлын хөлсөнд 1,965,840 төгрөгийн төлсөн байна.

10.2. Нэхэмжлэгч М********** ХХК нь анх нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийн төлсөн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ, 48 дугаар зүйлийн 48.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж болон нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэгч болон хариуцагчид хуваан хариуцуулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М********** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Г******** ийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0******** тоот дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.1.2, 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М********** ХХК-иар 982 920/есөн зуун наян хоёр мянга есөн зуун хорин/ төгрөгийг, хариуцагчаар 1,018,020/нэг сая арван найман мянга хорин/ төгрөгийг тус тус төсөвт төлүүлж, 35100 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ