Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2018/01800

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Улаанбаатар-36, Энгельсийн гудамж, Нарны гүүрний зүүн талд оршин байрлах, У компани / хуулийн этгээдийн регистрийн дугаар: /йн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 24 дүгээр байр 1 тоотод оршин байрлах, Х ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 100,623,873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, Б.Г, хариуцагчийн төлөөлөгч Д.Д , хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Х ХХК нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах орон сууцны барилгуудад дулааны эрчим хүч хэрэглэхээр тус компанитай 1137 дугаартай Дулааны эрчим хүчийг худалдах худалдан авах гэрээ-г 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан. Уг орон сууцны барилгууд нь нийт 572,5 м3 эзлэхүүнтэй, орон сууцны талбайгаар тооцдог хэмжээ 14611,81 м2, подвалийн хэмжээ 1001,5 м2, хэрэглээний халуун усыг 593 хүнээр 3,31 тооцогддог дулааны эрчим хүчний хэрэглээтэй юм. Тус компаний захирал Д.Д гийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 30 дугаар албан бичгээр ирүүлсэн төлбөр барагдуулах хүсэлтийн дагуу 2016-2017 оны халаалтын улиралд байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн сунгасан билээ. Гэвч хариуцагч Х ХХК-ийн захирал Д.Д дээрх хүсэлтийг гаргасны дараа хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрөө амласан хугацаандаа төлөлгүй 100,623,873 төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр үүсгэсэн нь тус компанид эдийн засгийн хүндрэл учруулаад байна. Дулааны эрчим хүч хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагыг халаалтаар хангах үйл ажиллагаа жил бүрийн 9 дүгээр сарын 15-наас дараа жилийн 5 дугаар сарын 01-ны хооронд, харин хэрэглээний халуун усаар хангах үйл ажиллагааны хувьд жилийн турш тасралтгүй үргэлжилдэг онцлогтой. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 30.1.2, 31.2, 31.3 болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийг тус тус үндэслэн төлөгдөөгүй дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 100,623,873 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х ХХК шүүхэд гаргасан тайлбар болон тус компанийн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь 2016 онд орон сууцны чиглэлээр явуулах чиглэлтэйгээр байгуулагдсан юм. Би орон сууцны үйл ажиллагаа явуулах тухайгаа тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж ХХК-ийн захирал Ж д хэлж байсан юм. Тэгтэл Ж дарга чи энэ ахынхаа компаний байруудыг аваад яваач гэж санал тавьсан бөгөөд би бодож байгаад авах хүсэлт гаргасан. Яг тухайн нөхцөлд үүссэн нөхцлийг бид протоколд дэлгэрэнгүй дурдаагүй. Ер нь бол Ж даргад би өрийг нь яах юм гэтэл чи авч бай ах нь төлж өгнөө гэсэн. Тэр ч байтугай өөр олон байр олж өгөх талаар амласан. Яагаад гэвэл Барилга хот байгуулалтын сайд М миний найз гэх мэт зүйлсийг ярьж хэлэлцсэн. Тухайн үед Ж ХХК-ийн У ХХК-д төлөх өр нь 70,311,000 төгрөг байсан би 2016 оны халаалт тавих үеэр график гаргаж өгсөн нь үнэн боловч тэр авлага ньь бол байрууд нь шилжээд явсан бөгөөд шилжигдээгүй нилээн өртэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 13АБ байрны айл өрхүүд болох 13а10 тоот Батбаатарын 4,765,300 төгрөг, 13б байрны 2 тоот Баясгалангийн 4,603,300 төгрөг, 13б байрны 8 тоот Ариунболдын 3,495,100 төгрөгийн өр төлбөртэй гэх айл өрх нь тухайн Ж ХХК-нд мөнгөө төлөхгүй СӨХ цуг байдаг учраас дээвэр гоожсон гээд зарга үүсгэсэн байдаг. 13 б, а байрны 8 тоот Ариунболдын дээврийг бас засаж өгөөгүй байрны төлбөрийг нь тооцсон байдаг. Мөн энэ 13 б, а байрны айлуудад болон нийт орон сууцны өрхүүдэд захирлын тушаал гарган ЦТП-ийн мөнгө авч хүмүүс үүнд нь дургүйцэн байрны төлбөрөө орлогын мэдүүлгээр тушаадаг болсон байсан учраас банкны файлыг албан тоотоор хасалт хийж өгөөгүй айл өрхүүд маш их олон байсан. Би тухайн үедээ Ж ХХК-ийн захирал Ж гуайд та одоо энэ хий хоосон тоо харж байсдаг юмуу одоо энэ айлууд чинь төлөхгүй ш дээ гэж зөндөө олон хэлж байсан. Манай ажилчид хүртэл мэдэж байгаа тэгэхэд надад тэгдэгийн дуугай гаргаад өг гэж хэлдэг байсан. Манайх өртэй айл өрхүүдээс өр төлбөрийг нэхсэн боловч тэр мөнгийг өгөхгүй одоо харин танайд төлөх мөнгийг өгье гээд оршин суугч хэлэхээр нь би аль ч үгүй салахын оронд гээд 2016 оны 5 дугаар сараас эхлэн төлбөрийг төлүүлсэн. Ж ХХК-ийн авлагыг авч чадаагүй тул би энэ өрийг төлөхөөс татгалазж байна. Мөн 57.1.3 тоот гэж 3,088,000 төгрөгийн өртэй гэх боловч тухайн айл нь олдоогүй болно. Бид 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш үүссэн өр болох 15,680,434 төгрөгийг төлөхөд бэлэн байна. Энэ дулааны төлбөрийг бид хувьдаа ашиглаад үүсгэсэн өр биш. 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд засвар үйлчилгээ шугам хоолой засах дулааны тоолуур худалдан авах зэрэгт зарцуулсан. Тухайн үеийн Ж ХХК нь бүтэн 10 жил болоход юу ч хийгээгүй бүх байруудын шугам хоолой цоорсон дандаа комутлаж аргацааж байсныг оршин суугчид мэднэ. Ж ХХК-ийн захирал Ж нь энэ дулааны өр болох 70,311,000 төгрөгийг өөрийн хувьдаа ашиглаж өр үүсгэсэн. Охиныхоо хуримыг хийж, өөртэй автомашин авсан байдаг өрөндөө энэ автомшинаа өг гэж гэрт нь 2-3 удаа очсон. Сүүлдээ энд байхаа больсон гээд эхнэр нь гэр дотроосоо хэлдэг болсон. Иймд нэхэмжлэгчид төлөх төлбөрийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бид 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш үүссэн өр болох 15,680,434 төгрөгийг төлөхөд бэлэн байна. 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Ж компанийн 9 байрыг манайх хүлээн авсан. Хүлээн авснаас хойшхи хугацааны төлбөрийг төлсөөр ирсэн. 2014 оны өрийг шүүхийн шийдвэрээр гаргуулахаар болсон тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан, Дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 100,623,873 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 15,680,434 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч талууд маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1137 дугаартай Дулааны эрчим хүчийг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд худалдагч тал У ХХК нь худалдан авагч Х ХХК-ийг дулааны эрчим хүчээр хангах, худалдан авагч тал үнийг төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйл, 232 дугаар зүйлд тус тус заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь дээрх 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1137 дугаартай гэрээний үүргийг шаардахдаа, хариуцагчийг Ж ХХК-ийн У ХХК-д төлөх төлбөр 70,311,000 төгрөгийн өрийг шилжүүлэн авсан хэмээн нийт 100,623,873 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч нь дээрх 70,311,000 төгрөгийг Ж ХХК-ийн захирлын хувьдаа зарцуулсан өр төлбөр бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны гэрээ байгуулагдсанаас хойшхи хугацаанд хамаарах 15,680,434 төгрөгийг төлнө хэмээн маргаж байна.

Хэрэгт авагдсан, ОСНАА-н Ж ХХК-иас ОСНАА-н Х ХХК-д байр хүлээлцсэн акт, тэмдэглэл, Х ХХК-иас У ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт зэргээс үзэхэд, хариуцагч Х ХХК нь Ж ХХК-ийн У ХХК-д төлөх 70,311,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байх тул Х ХХК нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар өрийг шилжүүлэн авсан, төлбөрийн үүрэг гүйцэтгэгч мөн.

Иймд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш үүссэн өр болох 15,680,434 төгрөгийг төлнө, бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

70,311,000 төгрөгийн төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Х ХХК-д шилжүүлсэн Ж ХХК нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1234 дугаар шийдвэрээр 39,240,774 төгрөгийг нэхэмжлэгч У ХХК-д төлөх үүрэгтэй байжээ.

Дээрх шүүхийн шийдвэрээр, У ХХК болон Ж ХХК-ийн хоорондох 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртлэх хугацааны маргааныг шийдвэрлэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан дахин нотлохгүй үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, хариуцагч Х ХХК-ийн төлбөрийн түүхээс үзэхэд, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Х ХХК-д бичигдсэн төлбөр 339,559,573 төгрөг, уг хугацаанд төлөгдсөн төлбөр 254,350,775 төгрөг байгаагаас үзэхэд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл буюу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1234 дугаар шийдвэрээр маргаан шийдвэрлэгдэх хугацаанд бичигдсэн төлбөрийн дүн 51,904,984 төгрөг байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн маргаанд хамаарах хугацааны төлбөрийн бичилт 51,904,984 төгрөгийг 339,559,573 төгрөгийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй бөгөөд 287,654,589 төгрөгийн төлбөрийн талаарх маргааныг шүүх шийдвэрлэнэ.

Дээр дурдсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй үйл баримтад хамаарах хугацаанд хариуцагч нь 12,114,212 төгрөгийн төлөлт хийсэн байх тул уг дүнг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хийсэн төлөлт 254,350,775 төгрөгөөс хасч тооцоход 242,236,563 төгрөг болно.

Ийнхүү гарсан 287,654,589 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 254,350,775 төгрөгийг хасахад хариуцагч Х ХХК-ийн төлөөгүй төлбөрийн үлдэгдэл 45,418,026 төгрөг гарна.

Хавтаст хэргийн 59-с 67 дугаар талт авагдсан Төлбөрийн түүхээс үзэхэд, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд хариуцагч Х ХХК нь 257,815,775 төгрөг төлсөн, дээр дурдсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй үйл баримтад хамаарах хугацаанаас хойш тооцож 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи хугацаанд 291,846,751 төгрөгийн төлбөрийн бичилт хийгдсэн, үүнээс 244,721,563 төгрөгийг төлсөн байх тул 47,125,188 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй гэж үзэхээр байна.

Алданги гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд дээр дурдсан төлбөрийн түүх /хх-59-67/-ийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаа буюу Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй үйл баримтад хамаарах хугацаанд бичигдсэн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхгүй тул мөн хугацааны алданги 888,857 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл тооцогдсон алданги 14,000,001 төгрөгөөс хассан дүнгээр хариуцагчаас алданги гаргуулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр, дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 47,125,188 төгрөг, алданги 13,111,144 төгрөг, нийт 60,236,332 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 60,236,332 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,387,541 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661,069 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 459,131 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА