Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1952

 

 

“УБДС” ТӨХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01800 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “УБДС” ТӨХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х” ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 100 623 873 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Х” ХХК нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах орон сууцны барилгуудад дулааны эрчим хүч хэрэглэхээр тус компанитай 1137 дугаартай дулааны эрчим хүчийг худалдах-худалдан авах гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан. Уг орон сууцны барилгууд нь нийт 572,5 м.куб эзлэхүүнтэй, орон сууцны талбайгаар тооцдог хэмжээ 14611,81 м.кв, подвалийн хэмжээ 1001,5 м.кв, хэрэглээний халуун усыг 593 хүнээр 3,31 тооцогддог дулааны эрчим хүчний хэрэглээтэй юм. Тус компаний захирал Д.Д-н 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 30 дугаар албан бичгээр ирүүлсэн төлбөр барагдуулах хүсэлтийн дагуу 2016-2017 оны халаалтын улиралд байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн сунгасан билээ. Гэвч хариуцагч “Х” ХХК-ийн захирал Д.Д дээрх хүсэлтийг гаргасны дараа хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрөө амласан хугацаандаа төлөлгүй 100 623 873 төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр үүсгэсэн нь тус компанид эдийн засгийн хүндрэл учруулаад байна. Дулааны эрчим хүч хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагыг халаалтаар хангах үйл ажиллагаа жил бүрийн 9 дүгээр сарын 15-наас дараа жилийн 5 дугаар сарын 01-ний хооронд, харин хэрэглээний халуун усаар хангах үйл ажиллагааны хувьд жилийн турш тасралтгүй үргэлжилдэг онцлогтой. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 30.1.2, 31.2, 31.3, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийг тус тус үндэслэн төлөгдөөгүй дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 100 623 873 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2016 онд орон сууцны чиглэлээр явуулах чиглэлтэйгээр байгуулагдсан. Би орон сууцны үйл ажиллагаа явуулах тухайгаа тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан ЖМБО ХХК-ийн захирал н.Жаргалсайханд хэлж байсан. Тэгтэл н.Жаргалсайхан дарга чи энэ ахынхаа компаний байруудыг аваад яваач гэж санал тавьсан бөгөөд би бодож байгаад авах хүсэлт гаргасан. Яг тухайн нөхцөлд үүссэн нөхцлийг бид протоколд дэлгэрэнгүй дурдаагүй. Ер нь бол н.Жаргалсайхан даргад би өрийг нь яах юм гэтэл чи авч бай ах нь төлж өгнөө гэсэн. Тэр ч байтугай өөр олон байр олж өгөх талаар амласан. Тухайн үед ЖМБО ХХК-ийн УБДС ТӨХК-д төлөх өр нь 70 311 000 төгрөг байсан би 2016 оны халаалт тавих үеэр график гаргаж өгсөн нь үнэн боловч тэр авлага нь бол байрууд нь шилжээд явсан бөгөөд шилжигдээгүй нилээн өртэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 13АБ байрны айл өрхүүд болох 13а10 тоот Батбаатарын 4 765 300 төгрөг, 13б байрны 2 тоот Баясгалангийн 4 603 300 төгрөг, 13б байрны 8 тоот Ариунболдын 3 495 100 төгрөгийн өр төлбөртэй гэх айл өрх нь тухайн ЖМБО ХХК-нд мөнгөө төлөхгүй СӨХ цуг байдаг учраас дээвэр гоожсон гээд зарга үүсгэсэн байдаг. 13 б, а байрны 8 тоот Ариунболдын дээврийг бас засаж өгөөгүй байрны төлбөрийг нь тооцсон байдаг. Мөн энэ 13 б, а байрны айлуудад болон нийт орон сууцны өрхүүдэд захирлын тушаал гарган ЦТП-ийн мөнгө авч хүмүүс үүнд нь дургүйцэн байрны төлбөрөө орлогын мэдүүлгээр тушаадаг болсон байсан учраас банкны файлыг албан тоотоор хасалт хийж өгөөгүй айл өрхүүд маш их олон байсан.

Манайх өртэй айл өрхүүдээс өр төлбөрийг нэхсэн боловч тэр мөнгийг өгөхгүй одоо харин танайд төлөх мөнгийг өгье гээд оршин суугч хэлэхээр нь би аль ч үгүй салахын оронд гээд 2016 оны 5 дугаар сараас эхлэн төлбөрийг төлүүлсэн. ЖМБО ХХК-ийн авлагыг авч чадаагүй тул би энэ өрийг төлөхөөс татгалазж байна. Мөн 57.1.3 тоот гэж 3 088 000 төгрөгийн өртэй гэх боловч тухайн айл нь олдоогүй болно. Бид 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш үүссэн өр болох 15 680 434 төгрөгийг төлөхөд бэлэн байна. Энэ дулааны төлбөрийг бид хувьдаа ашиглаад үүсгэсэн өр биш. 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд засвар үйлчилгээ шугам хоолой засах дулааны тоолуур худалдан авах зэрэгт зарцуулсан. Тухайн үеийн ЖМБО ХХК нь бүтэн 10 жил болоход юу ч хийгээгүй бүх байруудын шугам хоолой цоорсон дандаа комутлаж аргацааж байсныг оршин суугчид мэднэ. ЖМБО ХХК-ийн захирал н.Жаргалсайхан нь энэ дулааны өр болох 70 311 000 төгрөгийг өөрийн хувьдаа ашиглаж өр үүсгэсэн. Охиныхоо хуримыг хийж, өөртэй автомашин авсан байдаг өрөндөө энэ автомшинаа өг гэж гэрт нь 2-3 удаа очсон. Иймд нэхэмжлэгчид төлөх төлбөрийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 60 236 332 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч УБДС ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40 387 541 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661 069 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 459 131 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч УБДС ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрээс алданги 13 111 144 төгрөгийг эс зөвшөөрч байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон баримтыг шүүх дахин нотлохгүй юм гэж шүүх зөв дүгнэсэн боловч өмнө нь шүүхээр шийдүүлсэн маргааны үнийн дүнгээс алданги бодож нэхэмжлэгч “УБДС" ТӨХК нь нэхэмжилснийг шүүх дүгнээгүй. Тухайн нэхэмжилсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн гаргаж өсгөн хэргийн материалаас харахад тухайн өр төлбөр хэдий хугацааны төлбөр болох, нэхэмжилж буй үндсэн дулааны төлбөр, алдангийг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй байна. Тус хэргийг өмнө Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 119 дүгээр магадлалаар "төлбөрүүд ямар хугацаа хамаарч байгаа, үүнээс алдангийг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Нэхэмжлэгчийн УБДС ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 100 623 873 төгрөг бөгөөд нэхэмжлэгч байгууллагаас гаргуулсан баримтаас харахад төлбөрийн үлдэгдэл 99 935 959 төгрөг байна. Мөн хавтас хэрэгт авагдсан төлбөрийн түүхийн баримтаас харахад Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдриин 1973 дугаар шийдвэрээр "ЖМБО" ХХК-иас гаргуулж шийдсэн 39 240 774 төгрөгөөс алданги тооцсон байдал харагддаг.

...”Тохиролцсоноор” гэж бусдын өрийг шилжүүлж авч буй этгээд үүрэг гүйцэтгүүлэгчээс заавал зөвшөөрөл авсан байхыг хэлнэ. Уг тохиролцоо нь үүргийн талаарх хэлцэлтэй хэлбэрийн хувьд адил байх ёстой. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч болох УБДС ТӨХК нь өрөө шилжүүлэхийг “ЖМБО” ХХК-д албан ёсны баримтаар олгоогүй байна. Хэргийн материалд авагдсан өр шилжсэн гэж үзэж байгаа баримт нь ОСНАА-н “ЖМБО” ХХК-иас ОСНАА-н “Х” ХХК-д байр хүлээлцсэн акт байх бөгөөд тухайн акт нь компанийг бүрэн төлөөлөх эрхтэй гүйцэтгэх удирдлагын хооронд хийгдээгүй байх бөгөөд “ЖМБО” ХХК-иас нарийн бичиг, диспетчер, “Хаан уул өргөө” ХХК-иас инженер, нябо нар гарын үсэг зурсан, тэдгээр хүмүүст компанийг төлөөлөх итгэмжлэл олгогдсон зүйл байдаггүй. Мөн шүүх хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс манай компаниас “ЖМБО” болон “Х” ХХК-ийн өр шилжиж буй талаар тухайн үед мэдээгүй сүүлд мэдсэн тухайн үед өр шилжих талаар бичгээр зөвшөөрөл өгөөгүй талаар тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс алданги 13 111 144 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч УБДС ТӨХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 100 623 873 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 15 680 434 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч төлөхгүй гэж маргасан.

 

            Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1137 тоот дулааны эрчим хүчийг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийг дулааны эрчим хүчээр хангах, хариуцагч дулааны эрчим хүчний үнийг төлөхөөр тохиролцжээ.

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

            Хариуцагч “Х” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “ЖМБО” ХХК-ийн УБДС ТӨХК-д төлөх 70 311 000 төгрөгийн төлбөрийг шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон тул “ЖМБО” ХХК-ийн дээрх өрийг “Х” ХХК нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өрийг шилжүүлэн авсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1973 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 691 дүгээр магадлалаар “ЖМБО” ХХК-иас 2012 оноос 2014 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 39 240 774 төгрөг гаргуулж УБДС ТӨХК-д олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

            Хариуцагч нь 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд нь 244 721 563 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 59-67 дугаар талд авагдсан “төлбөрийн түүх” баримтаар тогтоогдсон бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи хугацаанд 291 846 751 төгрөгийн төлбөрийн бичилт хийгдсэнээс хариуцагчийн төлсөн 244 721 563 төгрөгийг хасч тооцвол 47 125 188 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

            Иймд хариуцагч “Х” ХХК-иас дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 47 125 188 төгрөг, алданги 13 111 144 төгрөг, нийт 60 236 332 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УБДС ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40 387 541 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Алдангийн талаар анхан шатны шүүх зөв дүгнэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны алданги болох 888 857 төгрөгийг хасч хариуцагчаас алдангид 13 111 144 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлохгүй үйл баримтын талаар зөв дүгнэсэн боловч шүүхийн шийдвэрт “Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4” гэж хуулийн нэрийг буруу бичсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.  

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 223 510 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

 

                ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ