Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/03318

 

 

 

 

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/03318

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х ХХКийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Бт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг, нотариатын хөлс нийт 9,256,447 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Л /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0719/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Д.М, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б нар нь 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хтай  дугаар гэрээ байгуулж, 9,500,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч Д.М нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барсан тул банк нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс  дугаартай зээлийн гэрээг цуцлан, зээлийн үндсэн төлбөр 6,861,111.10 төгрөг, зээлийн хүү 2,234,029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,807 төгрөг, нийт 9,250,947 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Бээс гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/00550 дугаартай тогтоолоор Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлийн төлбөр нэхэмжилсэн банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Монголын нотариатчдын танхимын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 467 дугаартай танхимын өвийн нэгдсэн бүртгэлийн лавлагаагаар Д.Маас дараахи этгээдэд өв шилжсэн болох нь тогтоогдож байна. Үүнд:

1.         Хүү Б.Эад 9,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий  улсын дугаартай  аралтай, Toyota harrier маркийн автомашин олгосон өвлөх эрхийн гэрчилгээг Баянгол дүүргийн тойргийн нотариатч У.М 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өв залгамжлалын 04 дүгээрт бүртгэж гэрчилсэн.

2.         Охин Б.Бт Хан-Уул дүүргийн Хан түшээ хотхон, 101 дүгээр байр, 1 дүгээр орц, 6 давхар, 4 тоот хаягт байрлах, 72,29 мкв, 3 өрөө орон сууц захиалах гэрээний дагуу төлсөн захиалгын урьдчилгаа 82,302,165 төгрөгийг олгосон өвлөх эрхийн гэрчилгээг Баянгол дүүргийн нотариатч М.М 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өв залгамжлалын 51 дүгээрт бүртгэж гэрчилсэн.

Иймд Х нь Д.Маас өв хүлээн авсан түүний охин Б.Бээс зээлийн төлбөрийг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйл, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн шүүхэд гэрээг цуцлах хүсэлт гаргасан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 6,861,111.10 төгрөг, зээлийн хүү 2,234,029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,807 төгрөг, нийт 9,250,947 төгрөг, нотариатын хөлс 5500 төгрөг, нийт 9,256,447 төгрөгийг хариуцагч Б.Бээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд Хны зүгээс гаргасан зээлийн төлбөрт нийт 9,250,747 төгрөг болон нотариатын зардал 5500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул дараахи тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйл, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг тус тус үндэслэл болгожээ. Өөрөөр хэлбэл Хтай зээлийн гэрээ байгуулсан үндсэн зээлдэгчийн зээлийн 1010016276 тоот гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг Иргэний хуульд заасан өвлөгч нь өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасныг үндэслэл болгон өвлөгч надаас нэхэмжилсэн байна. Гэтэл Х нь дээр дурьдсан зээлийн гэрээний хамтран зээлдэгч болох надаас дээрх зээлийн гэрээний төлбөр болох 9,250,947 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг үндэслэн зээлийн гэрээний үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болсон гэсэн үндэслэлээр Хны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү эцсийн шатны шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байгаа юм. Нэгэнт шүүхээс зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тогтоосон байхад дуусгавар болсон үүргийг шаардаж буй нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 6,861,111.10 төгрөг, зээлийн хүү 2,234,029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,807 төгрөг, нийт 9,250,947 төгрөг, нотариатын хөлс 5500 төгрөг, нийт 9,256,447 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл зээлдэгч Д.Мын өвийг хүлээн авсан өвлөгчөөс өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хариуцагч Б.Б нь хариуцах үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч Б.Б нь шүүхээс зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тогтоосон байхад дуусгавар болсон үүргийг шаардаж буй нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Х ХХК болон Д.М, Б.Б нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1010016276 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, 9,500,000 төгрөгийг, 365 хоногт 20,40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар зээл олгогдсон болох нь Зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд дээрх гэрээний 4.1-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

 

Ийнхүү зээл авсаны дараа үндсэн зээлдэгч Д.М нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барсан байх бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 11 удаа зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээлд 2,638,889 төгрөг, хүүд 1,491,754.67 төгрөгийг тус тус хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б төлсөн болох нь дансны хуулга, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч нь нотариатын хөлсөнд 5,500 төгрөг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээ 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр цуцалж, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 6,861,111.10 төгрөг, зээлийн хүү 2,234,029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,807 төгрөг, нийт 9,250,947 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/00550 дугаартай тогтоолоор Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Бт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,257,447 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Бээс 9,257,447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг тогтоолын Хянавал хэсэгт ...Хариуцагч Б.Б талийгаач Д.Мын цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр тусгагдсанаа мэдэж, ойлгосон, Д.Мын нас барснаас хойш зээлийн зарим хэсгийг төлж байсан байдал нь Иргэний хуулийн тухайн харилцаанд хамааралтай зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй юм... гэжээ.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан ... гэж зааснаар Д.Мын хууль ёсны өвлөгч нь түүний охин Б.Б болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Монголын Нотариатчдын танхимын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 467 дугаартай Лавлагааны хариу-нд ...2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барсан Д.М /ЧЙ57061861/-ын өмчлөлийн ... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хан түшээ хотхон 101 дүгээр байрны 1 дүгээр орц, 6 давхар, 4 тоот хаягт байрлах 72,29 мкв 3 өрөө орон сууц /захиалах гэрээ 2014.04.30 Дугаар: 10 1-6-4 Хийморь түшээ ХХК/ захиалгын урьчилгаа 82,302,165 төгрөгийг охин Б.Б/-т олгосон өвлөх эрхийн гэрчилгээг Баянгол дүүргийн тойргийн нотариатч М.М 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өв залгамжлалын 51 дүгээрт бүртгэж гэрчилсэн байна гэсэн байх бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхэд хариуцагч тал маргаагүй, зөвшөөрсөн болно.

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ, мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч ... нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж тус тус заасан бөгөөд дээрх үйл баримтаас үзэхэд өвлүүлэгч Д.Мын Х ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу Д.Мын гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөгч Б.Б нь өвлөн авсан өвийн хэмжээгээр хүлээх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Б.Б нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд үүрэг дуусгавар болсон байх боловч дээрх хуулийн зохицуулалтад зааснаар хууль ёсны өв залгамжлагчийн хувиар өв хүлээн авсан хэмжээгээр өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцахаар байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтээсээ татгалзсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Бээс өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг болох зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 6,861,111.10 төгрөг, зээлийн хүү 2,234,029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,807 төгрөг, нотариатын хөлс 5500 төгрөг, нийт 9,256,447 /есөн сая хоёр зуун тавин зургаан мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 163,053 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ