Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00558

 

Х Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэнийхэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03318 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2541 дугаар магадлалтай,

Х Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд 9.256.447 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбаярын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Х Б- ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Зээлдэгч Д.М-, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б- нар нь 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Х Б- ХХК-тай  1010016276 дугаар гэрээ байгуулж, 9.500.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Д.М- нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барсан тул банк нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1010016276 дугаартай зээлийн гэрээг цуцлан, зээлийн үндсэн төлбөр 6.861.111 төгрөг, зээлийн хүү 2.234.029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155.807 төгрөг, нийт 9.250.947 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б-ээс гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/00550 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлийн төлбөр нэхэмжилсэн банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Монголын нотариатчдын танхимын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 467 дугаартай танхимын өвийн нэгдсэн бүртгэлийн лавлагаагаар Д.М-аас дараахи этгээдэд өв шилжсэн болох нь тогтоогдож байна. Хүү Б.Энхбатад 9.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 78-91 УНС улсын дугаартай ACU100011859 аралтай, Toyota harrier маркийн автомашин олгосон өвлөх эрхийн гэрчилгээг Баянгол дүүргийн тойргийн нотариатч У.Мөнхзаяа 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өв залгамжлалын 04 дүгээрт бүртгэж гэрчилсэн. Охин Б.Б-т Хан-Уул дүүргийн Хан түшээ хотхон, 101 дүгээр байр, 1 дүгээр орц, 6 давхар, 4 тоот хаягт байрлах, 72,29 мкв, 3 өрөө орон сууц захиалах гэрээний дагуу төлсөн захиалгын урьдчилгаа 82.302.165 төгрөгийг олгосон өвлөх эрхийн гэрчилгээг Баянгол дүүргийн нотариатч М.Мөнхцас 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өв залгамжлалын 51 дүгээрт бүртгэж гэрчилсэн.

Иймд Х Б- нь Д.М-аас өв хүлээн авсан түүний охин Б.Б-ээс зээлийн төлбөрийг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйл, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан 1010016276 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн шүүхэд гэрээг цуцлах хүсэлт гаргасан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 6.861.111 төгрөг, хүү 2.234.029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155.807 төгрөг, нийт 9.250.947 төгрөг, нотариатын хөлс 5.500 төгрөг, нийт 9.256.447 төгрөгийг хариуцагч Б.Б-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйл, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг тус тус үндэслэл болгожээ. Өөрөөр хэлбэл Х Б-тай зээлийн гэрээ байгуулсан үндсэн зээлдэгчийн зээлийн 1010016276 тоот гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг Иргэний хуульд заасан өвлөгч нь өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасныг үндэслэл болгон өвлөгчөөс нэхэмжилсэн байна.

Гэтэл Х Б- нь дээр дурьдсан зээлийн гэрээний хамтран зээлдэгчээс зээлийн гэрээний төлбөр болох 9.250.947 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч Улсын дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг үндэслэн зээлийн гэрээний үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болсон гэсэн үндэслэлээр Х Б-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү эцсийн шатны шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байгаа. Нэгэнт шүүхээс зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тогтоосон байхад дуусгавар болсон үүргийг шаардаж буй нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03318 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-ээс өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг болох зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 6.861.111.10 төгрөг, зээлийн хүү 2.234.029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155.807 төгрөг, нотариатын хөлс 5.500 төгрөг, нийт 9.256.447 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х Б- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х Б-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163.053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 163.053 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х Б- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2541 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03318 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.Б-т холбогдох, зээлийн гэрээний үүрэг болон нотариатын хөлс нийт 9.256.447 төгрөг гаргуулах тухай Х Б- ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 163.054 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 2541 дугаартай магадлал нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитойгоор үнэлж үзээгүй, Иргэний хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх Х Б-наас 1010016276 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.257.447 төгрөгийг тус гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б-ээс нэхэмжилсэн иргэний хэргийг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/00550 тогтоолыг энэ хэргийг өмнө нь шийдвэрлэсэн мэтээр дүгнэж гол нотлох баримт болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл энэхүү шийдвэр нь өв залгамжлагчаас төлбөр нэхэмжилсэн хэрэг маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биш юм. Харин зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан бөгөөд шүүх зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болсон гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зээлдэгч Д.М- нас барснаар Иргэний хуулийн 240.1.2-д зааснаар түүний хүлээх үүрэг нас барсан этгээд буюу Д.М-ын хувьд л дуусгавар болсон гэж үзэж байна. Нас барсан этгээдийн хувьд үүрэг дуусгавар болсон хэдий ч өв залгамжлагчийн хувьд үүрэг үүсэх тул өвлөн авсан өвийн хэмжээнд өрийг хариуцах ёстой гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх зээлдэгч нас барснаар зээлийн гэрээ дуусгавар болсон тул түүний өв залгамжпагч өрийг хариуцахгүй гэж үзэж, хэрэглэх ёстой Иргэний хуулийн 535 дугаар зүйлийг огт хэрэглэсэнгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Х Б- ХХК хариуцагч Б.Б-ээс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын хөлс нийт 9.256.447 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч Х Б- ХХК нь хариуцагч Б.Б-ээс зээлийн үүрэг, хохирол шаардаж, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т заасан “өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ”, 535 дугаар зүйлийн 535.1-д заасан “өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэснийг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл болгосныг хариуцагч эс зөвшөөрч зээлдэгч, талийгаач Д.М-ын зээлийн гүйцэтгэвэл зохих үүрэг дуусгавар болсныг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр гэж маргасан байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр зээлдэгч, талийгаач Д.М-ын зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар дуусгавар болсон гэж үзсэн байх тул мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасан “...өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг...” дуусгавар болсон гэж үзнэ. Иймд өвлөгч зээлийн гэрээний дагуу үүргийг гүйцэтгэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаараагүйгээс Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2541 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 163.053 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ