Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2019/00323

 

 

 

 

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2019/00323

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х ХХК гаргасан,

 

Хариуцагч: Б. Б

 

Хариуцагч: Г.А нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 86,095,022.42 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компани хариуцагч Б.Б, Ч.А нартай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 78,000,000.00 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлсэн.

 

Мөн талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон *******,*******,*******лол,*******,  хаягт байрлах 80 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалахаар тохирсон. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан хэдий ч 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн үүргээ ноцтой зөрчих болсон.

Бид, зээлдэгч нарт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр шаардаж, энэ тухай тэдэнд мэдэгдэл өгч байсан. Талуудын байгуулсан гэрээнд зааснаар хариуцагч нар сар бүр 1,271,068.48 төгрөгийг тогтмол төлөх ёстой байснаас үндсэн зээлд 843,574.55 төгрөг, зээлийн хүүнд 18,058,682.83 төгрөгийг тус тус төлсөн.

Гэвч хариуцагч нар энэ хугацаанд бодогдсон нийт хүүгийн төлбөр 26,985,779.80 төгрөгөөс 18,058,682.83 төгрөгийг л төлсөн ба тэдгээрийн хамгийн сүүлд төлсөн төлбөрөөс үндсэн зээлд 202,357.00 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хуримтлагдсан хүүний төлбөрт 599,950.00 төгрөгийг тус тус суутгасан.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн зээлд 12,890.27 төгрөг, зээлийн хүүнд 1,336,791.82 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүг тус тус хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Гэтэл зээлдэгчид зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд бүрэн төлөгдөх хүртэлх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдсон ба илүү төлсөн гэж маргаж буй төлбөрийг үүнд суутгасныг ойлгохгүй байна.

 

Бид, Иргэний хуулийн 225 дугаар зүйл, зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.-т зааснаар нэг талын санаачлагаар гэрээг цуцалж, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 77,156,425.45 төгрөг, зээлийн хүү 8,924,400.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,696.25 төгрөг, нотариатын зардал 11,500.00 төгрөг, нийт 86,095,022,42 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэв хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгчээс 86,095,022,42 төгрөгийг 6 сарын хугацаанд буцаан төлөх нөхцөлөөр эвлэрэх санал болгосныг хариуцагчид зөвшөөрсөнгүй. Зохигчид уг зээлийг анхнаасаа жилийн 19.20 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирсон бөгөөд 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулах талаар ярилцаж байгаагүй. Иймд, хариуцагчдаас дээрх төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр шаардлагыг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нараас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч Б.Б, Ч.А нар уг нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан. Тэд, *******,*******,*******лол,*******,*******тоот хаягт байрлах 80 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг О констракшн ХХК-иас худалдан авах зориулалтаар нэхэмжлэгч Х ХХК-иас 78,000,000.00 төгрөгийн зээл авч, уг орон сууцыг барьцаалуулсан.

 

Бид, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч, харин үндсэн зээлээс 12,890.27 төгрөг, зээлийн хүүгээс 1,336,791.82 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, хариуцагч нар гэрээний үүргээ шударгаар биелүүлж байсан хэдий ч 2018 оны хавар эдийн засгийн бололцоогүйгээс эргэн төлөлтийн хуваарийг тус 05 дугаар сарын 26-ны өдрөөс зөрчиж эхэлсэн нь үнэн.

 

Гэвч зээлдэгч нар өнгөрсөн хугацаанд нийт 20,150,425,27 төгрөг төлсөн байхад үүнийг нэхэмжлэгч тал буруу тооцсон. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нийт 15 сарын төлөлт хийж, 77,143,535.18 төгрөгийн зээл үлдэх ёстой.

 

Энэ хугацаанаас хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй. Учир нь, хариуцагч Г.А өвчний улмаас олон сар эмчлүүлсэн, одоо ч бие нь муу байна, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ямар төлөлт хийгээгүй, 15 сарын хугацаанд нийт 19,066,027.00 төгрөгийг төлөх ёстойгоос 20,150,452.00 төгрөг төлсөн.

 

Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хуулбар хувиас үйлдэл хийхийг хориглосон. Гэтэл нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариат гэрчилсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.-т заасны дагуу гүйцэтгэх захирлын орлогчоор н.О гэх хүнийг томилсон тушаал авагдаагүй байх тул түүнийг итгэмжлэл олгох эрхтэй этгээд гэж үзэхгүй.

 

Иймд, тус нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5.-д заасан буюу төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлэр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК-иас хариуцагч Б.Б, Ч.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86,095,022.42 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус компани нь хариуцагчдад холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Ононг томилсныг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэсэн байна /х.х-ийн 6 хуудас/.

 

Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна гээд мөн зүйлийн 10.1.10.-т хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гадаадын иргэн бол паспортын хуулбар гэж заажээ. Тодруулбал, Компанийн тухай хуулийн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж зааснаар хувьцаа эзэмшигч, аль эсхүл төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон гүйцэтгэх захирлын талаарх холбогдох мэдээллийг тухайн хуулийн этгээдийн хувийн хэрэгт тусгана.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8.-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х ХХК-ийн гүйцэтгэх захирал О.О нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй бөгөөд тэрээр компанийг шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах, итгэмжлэл олгох зэрэг эрхийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирлын орлогч С.О олгожээ /х.х-ийн 7 хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж, мөн 35.2.-т Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж, түүнчлэн 44.2.-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж тус тус заасан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлэгдсэн, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс олгосон эрхийн дагуу ийнхүү эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл олгосон байх тул нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй /х.х-ийн 4 хуудас/.

 

Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч Б.Б, Ч.А нар 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 78,000,000.00 төгрөгийг жилийн 19.20 хувь, сарын 1.60 хувийн хүүтэй, 20 жил буюу 240 сарын хугацаатай зээлэхээр тохирч, талууд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгч Б.Бын өмчлөлийн *******,*******,*******лол /13321/,*******,  хаягт байрлах 4 өрөө орон сууцыг барьцаалжээ / х.х-ийн 11-17 хуудас/.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.-т зааснаар уг зээлийг орон сууц худалдан авахад зориулж олгосон ба шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зээлдэгч Б.Б, Ч.А нар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр О констракшн ХХК-тай энэхүү орон сууцыг худалдах, худалдан авахаар тохирч, холбогдох байгууллагаас хариуцагчид үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгосон байна /х.х-ийн 17, 119-124 хуудас/.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК-иас хариуцагч Б.Бын нэр дээр  зээлийн данс нээж, түүнд 78,000,000.00 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр олгосон үйл баримтын талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 95-98 хуудас/.

 

Хэдийгээр зээлийн дансыг зөвхөн зээлдэгч Б.Бын нэр дээр нээж, гэрээний зүйлийг түүнд олгосон байх боловч хэрэгт авагдсан орон сууцны зээл хүсэх тухай өргөдөл, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Ч.Агийн зээл олгохыг өргөдлийг үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс холбогдох судалгааг хийж, түүнтэй гэрээ байгуулсан байх тул тэрээр зээлдэгч этгээд юм /х.х-ийн 8-10 хуудас/.

 

Тодруулбал, хариуцагч нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн 242.2.-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасны дагуу хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч болно.

 

Нөгөө талаар хэрэгт авагдсан баримтаар гэрээний зүйл болох 78,000,000.00 төгрөгийг хариуцагч Б.Б хүлээн авсан үйл баримтын талаар хариуцагч Ч.А маргаагүй, тус хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийг хамтран үүрэг гүйцэтгэгч нарын нэг этгээдийн зөвшөөрлөөр нөгөө этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

 

Иймд, нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч Б.Б, Ч.А нарын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.9.-д зааснаар зээлдэгч нар зээлийн барьцааны зүйлийг гуравдагч этгээдэд давхар барьцаалуулаагүй тохиолдолд зээлийн хүү тогтмол буюу жилийн 19.20 хувь байхаар тохирч, сар бүр 1,271,068.48 төгрөгийг төлөхөөр болжээ. Монгол банкны ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 тоот тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.1.18, 4.1.19.-д зааснаар зээлийн хугацаанд зээл болон хүүг сар бүр тогтмол хэмжээтэйгээр төлж дуусгахыг бүрэн хорогдох, зээлийн хугацаанд бүрэн хорогддоггүй буюу зээлийн үндсэн төлбөрийг зээлийн хугацаа дуусах үед төлдөг зээлийг баллун зээл гэнэ гэж заасны дагуу энэхүү зээл нь сар бүр үндсэн зээл, хүүгийн хамт төлөгддөг бүрэн хорогдох зээл болно /х.х-ийн 13, 14-р хуудас/.

 

Уг гэрээнийн 3 дугаар зүйлийн 3.1.-д зааснаар зээлийг ашиглах хугацаа 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2037 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл буюу 240 сар бөгөөд зохигчид эргэн төлөлтийн хуваарь буюу зээл, зээлийн хүүг төлөх тусгай хугацааг сар бүрийн 26-ны өдөр гэж тохирчээ. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний ерөнхий хугацааг 240 сар, зээл төлөх тусгай хугацааг тухайн сарын 26-ны өдөр байхаар тохирч, энэ хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацаанд дуусгавар болох ажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн эргэн төлөлтийг хуваарийг үзвэл зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ ямар нэгэн зөрчилгүйгээр гүйцэтгэсэн тохиолдолд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүнд нийт 27,963,506.06 төгрөг төлөх ёстойгоос үндсэн зээлд 1,081,907.26 төгрөг, хүүнд 26,881,559.24 төгрөг, нийт 27,963,506.05 төгрөгийг төлөх ёстой байжээ /х.х-ийн 13, 14-р хуудас/.

 

Гэтэл зээлдэгч нар Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1.-д заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 27,963,506.05 төгрөгийг төлөх ёстой байтал үндсэн зээлд 843,574.55 төгрөг, зээлийн хүүнд 18,058,682.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,164.99 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох зээл, зээлийн хүүгийн тооцоололд тусгагдсан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлсөн өдөр болон эдгээрийн нийлбэрийг хариуцагч нарын 451038094 тоот дугаартай зээлийн дансны хуулгатай харьцуулахад тэдгээрийн төлсөн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болоод төлбөр хийсэн огноо тус тус нийцэж байна.

 

Тухайлбал, зээл, зээлийн хүүгийн тооцоололд 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 943,693.15 төгрөг төлсөн гэж бүртгэсэн нь зээлийн дансны хуулгын мөн өдөр төлсөн 943,693.15 төгрөгтэй, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1,143,270.15 төгрөг төлсөн гэж бүртгэсэн нь зээлийн дансны хуулгын мөн өдөр 1,144,022.00 төгрөг төлснөөс 1 өдрийн хугацаа хэтэрсэн хүү 751,85 төгрөгийг хуримтлагдсан хүүнд суутгасан дүнтэй, түүнчлэн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,264,590.88 төгрөг төлснөөс 1,112,603.81 төгрөг болон 151,987.07 төгрөгийг тус хэтэрсэн хугацааны хүү болон төлбөл зохих хүүнд суутгасан болон 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,223,633.13 төгрөг төлснийг зээл, зээлийн хүүнд, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,263,643.76 төгрөг төлснөөс 2,252.89 төгрөг болон 1,222,767.80 төгрөгийг зээлийн хүүнд суутган төлүүлсэн баримтуудтай тус тус таарч байна /х.х-ийн 20, 95-98 хуудас/.

 

Хэдийгээр хариуцагч нар ийнхүү зээлийг төлж байсан боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан тухайн сарын 26-ны өдөр төлөх ёстой 1,271,068.48 төгрөгийг бүрэн, аль эсхүл хугацаандаа төлөөгүйгээс улбаалан дараа сарын 26-ны өдөр, эсхүл тийнхүү бүрэн төлөх хүртэлх хугацаанд өмнө нь зохих ёсоор төлж, хасагдаагүй үндсэн зээлийн үлдэгдэлд хүү бодогдсоор 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд 26,985,779.80 төгрөг болсноос зээлдэгчид 18,058,682.83 төгрөгийг төлжээ.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн хугацаанд зээл болон хүүг сар бүр тогтмол хэмжээтэйгээр төлж, үндсэн зээл хасагдах ёстой байтал хариуцагч нар зээлийг зохих ёсоор төлөөгүй тул үндсэн зээлийн хасагдаагүй хэсэгт хүү, нэмэгдүүлсэн бодогдож, хуримтлагдсаныг нэхэмжлэгч тал төлүүлсэн байна.

 

Иймд, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хариуцагч нарын төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл 77,156,425.45 төгрөг, зээлийн хүү 8,924,400.72 төгрөг гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нарыг үндсэн зээлийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш төлөөгүй гэх үйл баримтын талаар маргаагүй бол 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй байна /х.х-ийн 20 хуудас/.

 

Шүүх, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.-т зааснаар зохигчид нэмэгдүүлсэн хүүг сарын 0.32 /1.60x20%=0.32/ хувь байхаар тохирсныг үндэслэн зээлдэгч нарын төлбөл зохих нэмэгдүүлсэн хүүг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцвол:

 

-               77,156,425.45x0.32%=246,900.56 төгрөг /1 сарын хүү/, 246,900.56x12=2,962,806.73 төгрөг /1 жилийн хүү/, 2,962,806.73:365=8,117.27 /1 өдрийн хүү/, 8,117.27x 225=1,826.387.71 төгрөг болж байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК-иас хариуцагч Б.Б, Ч.А нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийг түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулахыг хүсчээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д .............................. . Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж заасан.

 

Зохигчдын байгуулсан гэрээний зорилго болоод зээлийн зориулалт, эргэн төлөлтийн хуваариас үзвэл уг гэрээ нь хиймэгц биелэх бус, харин урт хугацааны туршид үргэлжлэх гэрээнд хамаарах тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж буюу цуцлах, мөн 221.3.-д гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал 219.3, 225.2.-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцлаж болно гэж тус тус заасныг харгалзах ёстой.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.-т Дараах тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гээд мөн зүйлийн 225.4.1.-д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэжээ. Хэдийгээр хариуцагч нар үндсэн зээлд 1,081,907.26 төгрөгийг төлөх ёстой байсан, мөн зээлийн хүүнд 8,924,400.72 төгрөгийг дутуу төлсөн байх боловч тэд үндсэн зээлд 843,574.55 төгрөг, зээлийн хүүнд 18,058,682.83 төгрөгийг төлсөн байгаагаас гадна тус зээлийн зориулалт нь бизнесийн бус урт хугацааны бөгөөд амьдарлын хамгийн чухал хэрэгцээ-шаардлага болсон орон сууц худалдан авах зорилготой байсан зэргээс дүгнэвэл зайлшгүй цуцлах нөхцөл байдал алга байна.

 

Гэвч зээлдэгч буюу хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч байх тул шүүхээс энэ талаар тухайлан дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн 227.3.-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.

 

Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс улбаалан зээлдүүлэгчийн зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаатай холбогдуулан гарсан зардлыг хохиролд тооцох бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор нотариатын зардалд 11,500.00 төгрөгийг төлсөн байна /х.х-ийн 19 хуудас/.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 77,156,425.45 төгрөг, зээлийн хүүнд 8,924,400.72 төгрөг, нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүүнд 2,696.25 төгрөг нэхэмжилсэн байх тул зардал 11,500.00 төгрөгийн хамт нийт 86,095,022.42 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х ХХК-иас хариуцагч Б.Б, Ч.А нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1.-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Б.Бын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-д Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцэж байна /х.х-ийн 15-17 хуудас/.  

 

Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана зааснаас гадна 166 дугаар зүйлийн 166.1.-д Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж тус тус заажээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул уг гэрээ хүчин төгөлдөр юм.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хугацаанд хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг тухай бүр шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, түүнчлэн 41.2.-т Энэ хуулийн 41.1.-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг үндэслэн хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.Б, Ч.А нараас 86,095,022.42 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.

 

2.            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь заалтыг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******,*******,*******лол /13321/,*******,  хаягт байрлах  бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658,625.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 658,625.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

د Б.МАНДАЛБАЯР