Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2019/03311

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 22 өдөр Дугаар 101/ШШ2019/03311 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.Ө нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Б холбогдох

 

40,201,265 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: .. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ө шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэлдээ: Бид, хариуцагч Ц.Б гэм хорын хохиролд нийт 51,640,000 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч Ч.Ө нь 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Ц.Бын хүсэлтийн дагуу өөрийнхөө өмчлөлийн 1 өрөө орон сууцыг барьцаалуулан ******* ХХК-иас 32,000,000.00 төгрөгийн зээлж, түүнд өгсөн ба зохигчид энэ талаар маргадаггүй. Гэвч хариуцагч тал 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ******* ХХК-нд зээлийг огт төлөөгүй. Ингээд тус компаниас нэхэмжлэгч Ч.Өт холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг шүүх хуралдаанд хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Ч.Ө төлөөлөн оролцож эвлэрлийн гэрээг байгуулсан байдаг.

Гэтэл бодит байдал дээр зээлийн гэрээний үүргийг биелүүлэх этгээд бол хариуцагч Б.Б бөгөөд захирамжид заасан төлбөр төлөгдөөгүй тул ******* ХХК-иас гүйцэтгэх хуудас бичүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг битүүмжилж, дуудлага худалдаанд оруулсан тул хариуцагч Ц.Баас орон сууцны үнийг нэхэмжилж байна. Хариуцагч тал авсан зээлээ эргүүлэн төлөх үүргээ санаатай биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй. Хан-Уул дүүгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжид дурдсанаар 32,000,000.00 төгрөгийг Ч.Ө төлөх ёстой ч зохигчид хамтран зээлдэгчид боловч хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүхийн шийдвэрээр Ц.Баас биш Ч.Өээс үүргийг гүйцэтгэлийг шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Ч.Ө миний бие тус шүүхэд Ц.Б холбогдуулан эд хөрөнгөд учруулсан хохиролд 51,640,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Энэхүү нэхэмжлэл гаргах болсон учир нь Ц.Б миний хүргэн хүү ба өөрт нь мөнгөний хэрэг гарсан гэж гуйж байхаар нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, 39-р байрны 3 тоот, 1 өрөө орон сууцыг НБМ Финанс ББСБ-д барьцаалан 32,000,000 төгрөг зээл авч, өгсөн юм.

Улмаар Ц.Б нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр үүрэг хүлээж, зээлээ төлөөгүйгээс ******* намайг шүүхэд өгч, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан ба уг шүүхийн шийдвэрийг Ч.Ө миний бие барьцаа хөрөнгөөр хангуулахаар болсон юм.

Гэтэл бодит байдал дээр зээл авсан, хэрэглэсэн хүн, зээл төлөх үүрэг хүлээсэн хүн үүргээ биелүүлэхгүй тул миний бие *******-н нэхэмжилсэн 40,201,265 төгрөгийг өөрийн барьцаалсан өмч хөрөнгөөр төлөх болсон тул барьцаа хөрөнгийн үнийг хохирол гэж нэхэмжилсэн билээ.

Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Ц.Б холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Ц.Бс *******-тай хамтран байгуулсан зээлийн гэрээний дагуу хүлээвэл зохих үүрэг 40,201,265 төгрөг гаргуулах,

2014.09.08-ны өдөр миний төрсөн эгч Ч.О том охины нөхөр болох Ц.Б бизнес эрхлэх гэж байгаа, Ө эгч мөнгө хэрэг болж байна гэх гуйлтын дагуу өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 39 байрны 3 тоот 1 өрөө орон сууцыг *******-д барьцаалан 32,000,000 төгрөгийн зээлийг Ц.Б авч өгсөн. Уг зээлээс миний бие өөрт нэг ч төгрөг хэрэглээгүй болно.

Энэхүү *******-тай байгуулсан зээлийн гэрээнд Ц.Б хамтран зээлдэгчээр орж, Зээлийн төлбөрийг 100% төлөх үүргийг хүлээж байсан ба улмаар Ц.Б нь зээлийн төлбөрийг 2016.02.26-ны өдөр хүртэл төлж, үүнээс хойш төлөлт хийгдээгүй тул ******* нь надаас 40,201,265 төгрөг нэхэмжилсэн юм.

Ингээд миний бие уг асуудлыг Ц.Б хэлэхэд тэрээр Ө эгч та санаа зоволтгүй би өөрөө зохицуулна гэж надаас итгэмжлэл аваад Хан-Уул дүүргийн иргнэий хэргийн анхан шатны шүүхэд байгаа ******* нэхэмжлэлтэй надад холбогдох хэрэг дээр ББСБ-н нэхэмжилсэн 40,000,000 төгрөгийг 2 сарын дотор төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг юм.

Улмаар уг гэрээг баталсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж эхлэнгүйд миний бие Ц.Б намайг хохироож явсныг олж мэдсэн юм.

Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар Ц.Б хэлэхэд Ө эгч таныг хохиролгүй болгоно, тэр зээлийг би л авч хэрэглэсэн, би өөрөө төлж дуусгана гэсээр өдийг хүрч байна.

Иймд Ц.Бс *******-тай хамтран байгуулсан зээлийн гэрээний дагуу хүлээвэл зохих үүрэг 40,201,265 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019.06.09-нд манайх шаардлагаа багасгаж 40,201,265 төгрөг гаргуулахаар болсон. Талууд 2014.09.08-нд ******* ХХК-аас 32,000,000 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлийг яах гэж авсан бэ гэхээр ******* нь өөрийн бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэнэ гэж Ч.Ө 1 өрөө байрыг барьцаалж, хариуцагч нь хамтран зээлдэгч болж уг зээлийг авсан байдаг. Гэтэл 2015.12.20-ны өдөр нэхэмжлэгчид холбогдуулан банк бус санхүүгийн байгууллагаас 40,201,265 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаад явсан. Б.Б нь 2017.03.30-нд нэхэмжлэгчээс итгэмжлэл аваад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх хэрэгт банк бус санхүүгийн байгууллагатай 2017.06.16-ны дотор 40,201,265 төгрөгийг төлж барагдуулна гэж эвлэрсэн байдаг. Ингээд 2017.07.30-ны өдрөөс эхлээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагддаг. Эдгээр үйл баримтыг үндэслэн Б.Б нь өөрөө 2017.10.13-нд 32,000,000 төгрөг дээр Ч.Ө зээл авсан ч гэсэн би өөрөө хэрэглэсэн юм. Тиймээс шүүхийн шийдвэр дээрх 40,201,265 төгрөгийн өрийг би төлж барагдуулна гэсэн бичгийг бичиж өгсөн. Гэсэн хэдий ч өнөөдөр төлбөрийг төлж барагдуулаагүйгээс болж Ч.Ө-ийн 1 өрөө байр нь дуудлага худалдаагаар орж зарагдсан, манай үйлчлүүлэгчид хохирол учруулсан байгаа. Тиймээс 40,201,265 төгрөгийг төлөх үүрэг Б.Бд байгаа гэж үзэж байна. ИХ-ийн 242.5-д зааснаар хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн буюу гүйцэтгэгч нь хуул буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол тус бүр шаардах эрхтэй гэсний дагуу 40,201,265 төгрөгийг Б.Б төлөх ёстой гэж үзээд нэхэмжилж байгаа. Тиймээс хариуцагчаас 40,201,265 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ө, хариуцагч Ц.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 51,640,000.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд анх гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн багасгаж, хариуцагчаас 40,201,265 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг мөн оны 06 дугаар сарын 18-ны өдөр гардуулжээ. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тохиолдолд татгалзлын үндэслэлээ тодорхой илэрхийлсэн үндэслэл бүхий тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримт шүүхэд гаргаагүй байна. Түүнчлэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хугацаанд хэргийг анхан шатны журмаар 6, давж заалдах шатны журмаар 1 удаа хэлэлцэхэд хариуцагч Ц.Б биечлэн 1 удаа, төлөөлөгчөөр дамжуулан 3 удаа оролцсон байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар болон шүүхэд гаргасан бичгийн баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК, Ч.Ө, Ц.Б нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр . тоот Зээл....ийн, мөн өдрийн .... тоот Зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулагджээ. Тус гэрээний үүргийг ******* ХХК, Ч.Өгээс нэхэмжилж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 748 дугаартай захирамжаар нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Ч.Ө нарын эвлэрлийг баталж, нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын 8,915,941 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ч.Ө 40,000,000.00 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлөхөөр, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 30 тоот хаягт байх орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирч хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тус шүүх хуралдаанд Ч.Өийг төлөөлөн Ц.Б оролцжээ. /хэргийн 5, 11-17 дахь тал/

Нэхэмжлэгч дээрх зээлийг хариуцагч Ц.Б авч ашигласан, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, миний өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаанд оруулсан үндэслэлээр хариуцагчаас 40,201,265 төгрөг нэхэмжилж байна.

Шүүх нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзлээ. Дээр шүүгчийн захирамжийн үр дагаварт нэхэмжлэгч 40,201,265 төгрөгийг ******* ХХК-д төлөх үүрэг хүлээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрийг төлж барагдуулсан байна. Хариуцагч дээрх шүүгчийн захирамжийг мэдээгүй гэх үндэслэлгүй буюу шүүх талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгоход тус иргэний хэрэгт хариуцагчийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож, хариуцагч Ч.Ө 40,000,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлөх, төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 30 тоотод орших орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үр дагаврыг ойлгож байжээ.

Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан ******* ХХК-иас дээрх зээлийн гэрээний дагуу олгогдсон 32,000,000 төгрөгийг хүлээн авсныг илэрхийлж, хүүгийн хамт 40,330,000 төгрөгийг төлөх хугацаа олгохыг хүсч байжээ. /хэргийн 9 дэх тал/

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа үндэслэл бүхий байдлаар, баримтаар нотлоогүй, энэ талаархи тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эсэргүүцээгүй, нэхэмжлэлийн үндэслэлтэй маргаагүй гэж үзлээ. Учир нь хариуцагч, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн шаардаж буй 40,201,265 төгрөгийг хариуцах үндэслэлгүй тухай, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтуудын эсрэг нотлох баримт, тайлбар гаргаагүй, өөрөөр хэлбэл татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гэж тооцно.

******* ХХК нэхэмжлэлээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.Өгээс шаардсан нь хууль зөрчихгүй бөгөөд нэхэмжлэгч, ******* ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлснээр хариуцагч мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.5-д Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь хүлээлгэн өгсөн бол бусад үүрэг гүйцэтгэгчид үүргээс чөлөөлөгдөнө гэсний дагуу 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ... тоот зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгджээ.

Хариуцагч ийнхүү үүргээс чөлөөлөгдсөнөөр нэхэмжлэгчийн хувьд тухайн төлөгдсөн төлбөрийн хэмжээгээр алдагдал хүлээж, алдагдлын буюу 40,201,265 төгрөгийн хэмжээнд хариуцагчийн эсрэг шаардлага гаргах эрхийн үндэслэл үүснэ.

Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2017 онд нэхэмжлэгч Ч.Өгийн ******* ХХК-ийн өмнө хүлээсэн, шүүхийн шийдвэрээр баталгаажсан төлбөрийг өөрөө хариуцахаа илэрхийлж байсан, шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч 40,201,265 төгрөгийг ******* ХХК-д төлж барагдуулсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч 40,201,265 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, хариуцагч тус мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар хариуцагч Ц.Баас 40,201,265 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэв.

Хариуцагч өөрийгөө төлөөлүүлэн Х.Хд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгож, төлөөлж нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авсан. Шүүх хариуцагчийн .... төлөөлөгч Х.Хийн . .. Б.Слын .......дугаараар дамжуулан холбогдож хариуцагчид шүүх. хуралдааны тов хүргэх боломжит арга хэмжээ авсан. Мөн хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, .тоот, мөн дүүргийн 18...-р хороо, Ногоон төгөл хотхон ..... тоот, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Парк сайтын ...... тоот, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Цагдагийн гудамж ......тоот, төлөөлөгч Х.Х Сүхбаатар дүүргийн 18-р хороо, Бэлхийн . тоот хаягаар шүү.....хэд дуудан ирүүлэх ажиллагаа явуулсан боловч хариуцагч Ц.Б дээрх хаягуудад оршин суудаггүй, бүртгэлгүй зэрэг хариу ирүүлсэн, төлөөлөгч Х.Х шүүхэд мэдүүлсэн хаягтаа оршин суудаггүй, мөн итгэмжлэлийн хугацаа дууссан гэх хариуг өгчээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.8-д зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг хүргэсэнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Өээс уг нэхэмжлэлийг гаргахдаа түүний хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2019/05812 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4.-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж 416,150.00 төгрөгийг төлөхийг хойшлуулсан ба шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учраас нэхэмжлэгч энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй болохыг үүгээр дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Баас 40,201,265 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Өт олгосугай.

2.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар хариуцагч Ц.Баас 358,956 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ