Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 892

 

 

Ч.Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/00821 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Б-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 51 640 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.К,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ө  нь 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Ц.Б-ын хүсэлтийн дагуу өөрийнхөө өмчлөлийн 1 өрөө орон сууцыг барьцаалуулан НБМ финанс ББСБ ХХК-иас 32 000 000 төгрөгийн зээлж, түүнд өгсөн ба зохигчид энэ талаар маргадаггүй. Гэвч хариуцагч тал 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойш НБМ финанс ББСБ ХХК-нд зээлийг огт төлөөгүй. Ингээд тус компаниас нэхэмжлэгч Ч.Ө-д холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг шүүх хуралдаанд хариуцагч Ц.Б  нь нэхэмжлэгч Ч.Ө-г төлөөлөн оролцож эвлэрлийн гэрээг байгуулсан байдаг. Гэтэл бодит байдал дээр зээлийн гэрээний үүргийг биелүүлэх этгээд бол хариуцагч Б.Б бөгөөд захирамжид заасан төлбөр төлөгдөөгүй тул НБМ финанс ББСБ ХХК-иас гүйцэтгэх хуудас бичүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг битүүмжилж, дуудлага худалдаанд оруулсан тул хариуцагч Ц.Б ас орон сууцны үнийг нэхэмжилж байна. Хариуцагч тал авсан зээлээ эргүүлэн төлөх үүргээ санаатай биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй. Хан-Уул дүүгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжид дурдсанаар 32 000 000 төгрөгийг Ч.Ө  төлөх ёстой ч зохигчид хамтран зээлдэгчид боловч хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүхийн шийдвэрээр Ц.Б-с биш Ч.Ө-с үүргийг гүйцэтгэлийг шаардаж байна. Иймд Ц.Б-ын зээлийн төлбөрөө төлөөгүй санаатай үйлдлийг шүүх бүрэлдэхүүн анхаарч, хариуцагчаас 51 640 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ч.Ө-ийн гаргасан хариуцагч Ц.Б-д холбогдох гэм хорын хохиролд 51 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 416 150 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн, маргааны үйл баримтад зөв дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй юм. Нэхэмжлэгч Ч.Ө  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хариуцагч Ц.Б-с орон сууцны төлбөр өөрт учруулсан хохирол 51 640 000 төгрөг гаргуулах гэж шаардсан ба шаардах эрх буюу иргэний эрх зүйн хамгаалалт нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах зорилготой шүүхэд хандсан. Энэ тухай анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 тал "...нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсжээ гэж дүгнэлт хийсэн боловч улмаар нэхэмжлэлийн шаардлага нь эдийн бус гэм хор арилгуулах агуулгатай байна гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүхийн энэхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, шүүхээс хүсч буй иргэн эрх зүйн хамгаалалтыг буруу дүгнэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй ба үүнийг нэхэмжлэгчийн зүгээс шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй гэж гомдол гаргах үндэслэл болж буй юм.

Хэрэгт авагдсан баримтаар 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр "НБМ финанс ББСБ", Ч.Ө, Ц.Б  нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба уг зээлийн гэрээгээр Ч.Ө, Ц.Б  нар хамтран ББСБ-аас Ч.Ө-ийн 1 өрөө орон сууцыг барьцаалан 32 000 000 төгрөгийн зээл авсан, уг зээлийг Ц.Б  хэрэглэсэн, улмаар Ц.Б  зээлээ төлөөгүйгээс ББСБ нь Ч.Ө-ийн шүүхэд хандаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00748 тоот захирамжаар 40 000 000 төгрөгийн зээл төлөх үүргийг дан ганц Ч.Ө  төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дээрх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00748 тоот шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Ч.Ө-ийн /барьцааны зүйл/ Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр байр 3 тоот, 1 өрөө орон сууцыг дээрх шийдвэрийн биелэлтийг хангуулахаар хураан авч битүүмжлүүлж, улмаар дуудлага худалдаанд оруулж, шийдвэрийн биелэлтийг хангасан. Дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд ББСБ-аас авсан зээлийг дан ганц Ц.Б  хэрэглэсэн, /Ц.Б-ын зүгээс үүнийг хүлээн зөвшөөрдөг/ Ч.Ө  хамтран зээлдэгч /хамтран үүрэг гүйцэтгэгч/ оролцож, өөрийн өмч хөрөнгө барьцаалан Ц.Б-д зээл авч өгсөн, улмаар уг хөрөнгөөр зээлийн төлбөрөө төлж барагдуулснаар ББСБ, Ц.Б , Ч.Ө  нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаа үүрэг, дуусгавар болсон. Харин Ч.Ө-ийн хувьд Ц.Б  нь зээл төлөх үүргээ биелүүлээгүйгээс Ц.Б-ын өмнөөс өөрийн хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийн төлбөрийг төлсөн, хөрөнгийн хохирлыг шаардах эрхтэй. Уг эрхийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 242 дугаар зүйлийн 242.12 "хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж хуульчилсан. Нэхэмжлэгчийн хувьд уг эрхийнхээ хүрээнд "НБМ Финанс" ББСБ-аас авсан Ц.Б  төлөөгүй, зээл төлөх үүргээ биелүүлээгүйгээс өөрийн хөрөнгөөр зээлийн төлбөрийг төлж барагдуулсан, хөрөнгөд учруулсан хохирлыг Ц.Б ас нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй байхад шүүх дээрх хуулийн хэм хэмжээг хэрэглээгүйд гомдолтой байна. Түүнчлэн анхан шатны шүүх “хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас 40 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгааг тайлбарласан боловч үүнийг нэхэмжлэгчид бус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт "НБМ Финанс ББСБ" ХХК-ийн төлбөрийг барагдуулах хүсэл зоригтой байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй гэж дүгнэлт нь ойлгомжгүй болжээ. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн үеэс хариуцагч өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Сонинбайгаль гэх хүнээр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн ба хариуцагч болон түүний төлөөлөгч нар ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 40 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тухай хэрэг хэлэлцсэн шүүх хурал болгон дээр хэлж байсан байсан ба хамгийн сүүлд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч өөрөө 40 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбар гаргасан ба 40 000 000 төгрөгийг Ч.Ө-т биш Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлнө гэх нэг үг, өгүүлбэр байхгүй. Дээрх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл болгож буй хуралдааны тэмдэглэл бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамаартай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ч.Ө  нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 51 640 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад анхан шатны шүүх тодруулахгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний нэг тал болж хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсоныхоо хувьд уг гэрээгээр хариуцагчийн хамтран хүлээвэл зохих үүргийг хувь хэмжээгээр гаргуулах тухай хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хооронд үүсэх харилцан шаардах эрхэд үндэслэсэн, эсхүл хариуцагч нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эвлэрлийн гэрээ байгуулж өөрт нь өр төлбөр үүсгэсэнтэй холбоотойгоор гэм хор учруулсан гэж үзэн хохирол шаардсан аль нь болох нь тодорхой бус байна.

 

Түүнчлэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эд хөрөнгө худалдан борлогдох нөхцөл байдал үүссэнийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ заасан байх бөгөөд уг нөхцөл байдалд хариуцагч Ц.Б-ын эвлэрлийн гэрээ байгуулсан болон бусад үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ. Дээрх нөхцөл байдлыг тодорхой бус байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, талуудын хоорондын маргааны зүйл тодорхой бус, энэ талаар хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх боломжгүй байх тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/00821 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2019/05958 дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ