Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/02841

 

 

 

 

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/02841

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ц-д холбогдох,

 

5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Инар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Б.Ц-аас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу түүнд холбогдуулан үүсгэсэн хэрэг бүртгэлтийн хэрэг болон иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцохоор Б.Цтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний урьдчилгаа төлбөрийг өгөхгүй байж байгаад намайг эмнэлэгт эмчлүүлж байх үед 5 дугаар сард 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэрээний дагуу Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст үүсгэсэн хэрэг бүртгэлийн хэрэгт оролцож Б.Цын хамт хоёр удаа цуг мөрдөн байцаалтад байлцаж, үндэслэл бүхий тайлбар саналаа гаргаж, улмаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаалгуулсан. Нэхэмжлэгч С.Мөнхзориг 2018 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б.Цт холбогдуулан 73.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасны дагуу миний бие хэрэгт авагдсан баримт бичиг, шүүхийн үүсгэсэн хэргийн баримттай танилцсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан нотлох баримт гаргуулах хүсэлтүүд гаргаж шүүхээс нотлох баримтууд бүрдүүлсэн, үндсэн нэхэмжлэлийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргасан. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаанд Б.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, С.Мөнхзоригийн 73.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хангуулсан. Үүнээс хойш Б.Ц нь гэрээний дагуу өмгөөллийн хөлс мөнгөө өгөхгүй байсан тул бид 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр талуудын тохиролцооны гэрээ байгуулж тохиролцон гарын үсэг зурсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй. Энэхүү гэрээгээр өмгөөллийн ажлын хөлсний үлдэгдэл дүнг 5.000.000 төгрөгөөр тогтоож, Б.Ц 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 05 дугаар сарын 20-28-ны өдрүүдэд 3.000.000 төгрөг төлж дуусгахаар тохирсон юм. Иймд хариуцагч Б.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн талуудын тохиролцоо гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, өмгөөллийн ажлын хөлсийг төлөхгүй байгаа тул 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие С.Мөнхзоригийн нэхэмжлэлтэй хэргийн дагуу хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Б.Бтой өмгөөллийн ажлын хөлсийг 6.000.000 төгрөгөөр тохиролцож 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан болно. Ажлын хөлсний урьдчилгаа 1.000.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч миний бие тухайн үед хугацаандаа төлөх боломжгүй болж 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр 1.000.000 төгрөг төлсөн гэсэн баримт миний хувийн тэмдэглэлд байна. Тэр үед уулзахад Б.Б нь миний бие муу байна, эмнэлэгт шинжилгээ өгөх шаардлагатай болоод байна, тиймээс мөнгөний хэрэг их гарах байх шүү гэсэн. Хэд хоногийн дараа миний бие Б.Бтой утсаар ярихад бие их муу, хүзүүний хагалгаанд орох юм шиг байна, найздаа мөнгө өгөх хэрэгтэй байна гэсэн. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр миний бие Худалдаа хөгжлийн банкны мост монигаар Б.Бийн данс руу 900.000 төгрөг, дараа нь 100.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг шилжүүлсэн болно. 2018 оны 06 дугаар сард Б.Б хагалгаанд орсны дараа эм тарианы мөнгө их хэрэгтэй байна, чи найздаа мөнгөө өгөө, би С.Мөнхзоригийн асуудлыг шийдчихсэн гэж удаа дараа мөнгө нэхсэн. Ингээд би 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг, тус сарын 11-ний өдөр 500.000 төгрөг Хаан банкны данснаасаа шилжүүлсэн. Ингэхээр миний бие Б.Бийн нэхэмжлээд байгаа мөнгөний дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бэлэн өгсөн мөнгийг Б.Б баримт үйлдэж аваагүй. Б.Б нь удаа дараа надаас мөнгө нэхдэг байсан. Мөн Мөнххан хаус ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Алтансүхэд холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн боловч биелүүлээгүй, бидний хооронд тохирсон тохиролцоо дуусаагүй учир үлдэгдэл 2.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Цт холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн гүйцэтгээгүй, мөн ажлын хөлсөнд 3.000.000 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчид холбогдуулан гаргасан Б.Мөнхзоригийн гомдол, нэхэмжлэлтэй Төмөр замын цагдаагийн хэлтэс, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдврлэсэн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх, хариуцагч Б.Ц нь ажлын хөлс 6.000.000 төгрөг нэхэмжлэгчид төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ /хх-5/.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн хуулийн хүрээнд гэрээний агуулгыг тодорхойлон чөлөөтэй байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцсэн, мөн дээрх гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн шинжийг агуулсан байна.

 

Гэрээ байгуулагдсан талаар, мөн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргахгүй байна.

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдох Төмөр замын цагдаагийн хэлтэс болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүсгэгдсэн иргэн Б.Мөнхзоригийн гомдол, нэхэмжлэлтэй хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр шийдвэр зэрэг баримтаар тогтоогдож байна /хх-7-12/.

 

Хариуцагч нь дээр дурдсан хэргүүдээс гадна Мөнххан хаус ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Алтансүхэд холбогдох иргэний хэрэгт хариуцагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн, үүнийг биелүүлээгүй гэж тайлбарлаж байх боловч энэ талаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд тусгагдаагүй, хариуцагч татгалзлаа нотлох өөр баримт шүүхэд гаргаагүй /хх-45/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага, татгалзал, түүний үндэслэлээ шүүхэд нотлох баримтаар нотлох үүрэгтэй ба хэрэгт авагдсан баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийг хариуцагчийн өмнө хүлээсэн хөлсөөр ажиллах гэрээнд заасан ажил үйлчилгээг гүйцэтгэх үүргээ биелүүлсэн байна гэж дүгнэх үндэстэй.

 

Иймээс нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хөлс төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Гэрээний төлбөр тооцоотой холбогдуулан нэхэмжлэгч нь хариуцагчийг 2018 оны 05 дугаар сард урьдчилгаа 1.000.000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр талуудын тохиролцоо баримт /хх-6/ үйлдэж, ажлын хөлсний үлдэгдэл 5.000.000 төгрөгийг төлөх хуваарийг тохирсон боловч төлөөгүй гэснийг хариуцагч татгалзаж, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг бэлнээр, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 900.000 төгрөг, 100.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг Худалдаа хөгжлийн банкаар /хх-40/, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг тус тус Хаан банкны данснаасаа /хх-41/ шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд талууд Худалдаа хөгжлийн банкны гүйлгээг маргахгүй байх боловч бэлнээр 1.000.000 төгрөг шилжүүлсэн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, мөн хариуцагчийн Хаан банкны дансны хуулга дахь нийт 1.000.000 төгрөгийг хүлээн авсан этгээд тодорхойгүй байна.

 

Түүнчлэн талууд дээрх гүйлгээ хийгдсэнээс хойш 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлбөр тооцооны баримт бичгээр үйлдэхэд энэ талаар тусгагдаагүй, ажлын хөлсний үлдэгдлийг 5.000.000 төгрөг гэж баталгаажуулжээ.

 

Иймээс хариуцагчийн гаргаж буй нэхэмжлэгчид бэлнээр 1.000.000 төгрөг, Хаан банкаар 1.000.000 төгрөг шилжүүлсэн гэж татгалзлыг үндэстэй гэж үзэх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Цаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Цаас 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бид олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 50 төгрөг, мөн хариуцагч Б.Цаас 94.950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Бид олгосугай.

 

3. Хариуцагч Б.Ц шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА