Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/00007

 

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/00007

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/02841 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ц-т холбогдох,

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц-аас 2018.01.26-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу түүнд холбогдуулан үүсгэсэн хэрэг бүртгэлтийн болон иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцохоор хууль зүйн туслалцааны гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөрийг өгөхгүй байж байгаад намайг эмнэлэгт байх үед 5 дугаар сард 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Гэрээгээр Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст үүсгэсэн хэрэг бүртгэлтийн хэрэгт оролцож Б.Ц-ын хамт хоёр удаа цуг мөрдөн байцаалтад байлцаж, үндэслэл бүхий тайлбар саналаа гаргаж, улмаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаалгуулсан. С.Мөнхзоригийн нэхэмжлэлтэй Б.Ц-т холбогдох 73 500 000 төгрөг гаргуулах тухай хэрэгт 2018.03 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд оролцож хэрэгт авагдсан баримт бичиг, шүүхийн үүсгэсэн хэргийн баримттай танилцсан. Нотлох баримт гаргуулах хүсэлтүүд гаргаж шүүхээс нотлох баримтууд бүрдүүлсэн,сөрөг нэхэмжлэл гаргаж,2018.05.15-ны өдөр шүүх хуралдаанд Б.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн 73 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хангуулсан. Б.Ц нь гэрээний дагуу өмгөөллийн хөлсөө өгөөгүй байсан тул бид 2019.04.05-ны өдөр талуудын тохиролцооны гэрээ байгуулж гарын үсэг зурсан ч үүргээ биелүүлээгүй. Энэхүү гэрээгээр өмгөөллийн ажлын хөлсний үлдэгдэл дүнг 5 000 000 төгрөгөөр тогтоож, Б.Ц 2019.04.10-ны өдөр 2 000 000 төгрөг, 05 дугаар сарын 20-28-ны өдрүүдэд 3 000 000 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцсон Иймд хариуцагчаас өмгөөллийн ажлын хөлс 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Мөнхзоригийн нэхэмжлэлтэй хэргийн дагуу хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Б.Б-той өмгөөллийн ажлын хөлсийг 6 000 000 төгрөгөөр тохиролцож 2018.01.26-ны өдөр гэрээ байгуулсан. Урьдчилгаа 1 000 000 төгрөгийг 2018.03.02-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч 2018.04.11-ний өдөр бэлнээр 1 000 000 төгрөг, 2018.04.20-ны өдөр Б.Б-ийн данс руу 900 000 төгрөг, дараа нь 100 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөг, 2018.06.07-ны өдөр 500 000 төгрөг, тус сарын 11-ний өдөр 500 000 төгрөг Хаан банкны данснаасаа шилжүүлсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бэлэн өгсөн мөнгийг Б.Б баримт үйлдэж аваагүй. Мөнххан хаус ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.А-эд холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн боловч биелүүлээгүй, бидний хооронд тохирсон тохиролцоо дуусаагүй учир үлдэгдэл 2 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ц-аас 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 50 төгрөг, мөн хариуцагч Б.Ц-аас 94 950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, Хариуцагч Б.Ц шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудын төлбөр тооцооны асуудлыг үндэслэлгүй шийдвэрлэсэн. Хоёр сая төгрөгийг дансаар, нэг сая төгрөгийг гэрээ байгуулахдаа бэлнээр нийт гурван сая төгрөгийг төлсөн. Гэрээг дүгнэхдээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсан гэж үзсэн тул ажлыг бүрэн гүйцэтгээгүй гэж үзэн үлдэгдэл гурван сая төгрөг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Ц холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч тохирсон ажлыг бүрэн гүйцэтгээгүй, ажлын хөлсөнд 3 000 000 төгрөг төлсөн гэж маргажээ. /хх-1-2, 49/

 

Талууд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Б нь Б.М-ийн нэхэмжлэлтэй Б.Ц-т холбогдох иргэний хэрэгт болон Төмөр замын Цагдаагийн хэлтэст үүссэн эрүүгийн хэрэгт тус тус хууль зүйн туслалцаа үзүүлэх, хариуцагч Б.Ц нь ажлын хөлс 6 000 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

Хэдийгээр талууд гэрээг Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээний агуулга, талуудын эрх, үүргээс дүгнэвэл Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Зохигчид гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин тохиролцсон ажил, үйлчилгээний хэмжээ, гэрээ биелэгдсэн эсэх, төлөх ёстой хөлсний хэмжээ, төлбөр бүрэн төлөгдсөн эсэхэд маргажээ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдох Төмөр замын Цагдаагийн хэлтэс болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүсгэгдсэн хэргүүдэд хууль зүйн туслалцаа үзүүлсэн болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/01661 дүгээр шийдвэр, зохигчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон, хариуцагч няцаасан баримт гаргаагүй. /хх-7-12/.

 

Түүнчлэн талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэж 2019 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар талуудын тохиролцооны гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэл болон төлбөл зохих хөлсний хэмжээг дүгнэж, хариуцагч нь ажлын хөлсөнд 5 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан үйл баримт тогтоогджээ. /хх-6/

 

Хариуцагч нь Нэхэмжлэгч Мөнххан хаус ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Алтансүхэд холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлах боловч талуудын хооронд дээрх тохиролцоо байсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, энэ талаар хариуцагчийн өөрийн тайлбараас өөр баримт хэрэгт авагдаагүй. Мөн ийм тохиролцоо байгаагүй болохыг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Талуудын тохиролцооны гэрээ нотолж байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохиролцсон хөлс төлөх үүргээ гүйцэтгэхийг шаардах, хариуцагч нь хөлс төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 1 000 000 төгрөг бэлнээр, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 900 000 төгрөг, 100 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкаар, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 500 000 төгрөг тус тус Хаан банкны данснаасаа шилжүүлсэн гэж тайлбарлах боловч уг баримтууд нь хэнээс хэнд хамааралтай болох нь тодорхойгүй, дээрх нэг талын гүйлгээ хийгдсэнээс хойш 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлбөр тооцооны үлдэгдлийг бичгээр баримтжуулсан зэрэг нөхцөл байдлаас үзвэл хариуцагчийн дээрх тайлбар нотлогдохгүй байна. Хариуцагчийн өөрөө өөртөө зарлага гаргаж авсан мөнгөн дүнг хариуцагчид шилжүүлсэн гэж дүгнэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй юм./хх-40-41/

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохиролцсон хөлс 5 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/02841 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД