Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 195

 

 

 

 

 

 

 

  2017          05           16                                         195         

                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч П.Болормаа,

хохирогч Г.Урантуяа,

шүүгдэгч Д.Насантогтох,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис  /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0518/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг  баталж ирүүлсэн Тайж овгийн Даваадоржийн Насантогтоход холбогдох эрүүгийн 2017 2601 0628 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн  авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Тайж овгийн Даваадоржийн Насантогтох Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Ач хаан” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эхнэр, 1 нас 7 сартай хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 71 дүгээр гудамжны 13 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэл:

1. Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны тэнссэн суллагдсан.  (РД:УП88120254)

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Д.Насантогтох нь урьд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байдал арилаагүй байхдаа 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед хамтран амьдрагч Г.Урантуяаг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 71 дүгээр гудамжны 13 тоотод хүүхдийнхээ хувцасыг авахаар ирэхэд нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож, бие махбодид нь “тархи доргилт,  дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун гуяны цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Насантогтохоос:

Мэдүүлэг өгөхгүй. Хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Урантуяа мэдүүлэхдээ:

2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 71 дүгээр гудамжны 13 тоот хашаанаас хүүхдийнхээ хувцасыг авах гэж очсон. Тэгээд хашааны гадаа очоод  Д.Насантогтох руу “гараад ир” гэж утсаар залгасан. Тухайн үед Д.Насантогтох бид хоёр тусдаа амьдарч байсан юм. Д.Насантогтохыг хөдөө ажлаар явсан байхад нь би хүүхэдээ хадам аавдаа үлдээгээд 2-3 хоног найз нартайгаа хамт гадуур гарсан. Үүнээс болж  Д.Насантогтох надад уурлаж, гэрээсээ гарч ирээд “хүүхэдээ хаяж гадуур дотуур тэнэлээ” гэж уурлаад миний нүүрэнд хоёр удаа алгадсан. Тэгэхээр нь би уурлаад хүүхдээ аваад явсан. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Манай төрсөн эгч Г.Сэндмаа гомдол гаргах ёстой гээд цагдаагийн байгууллага руу дагуулж явсан юм. Шинжээчийн эхний дүгнэлтээр гарсан гэмтлийг Д.Насантогтох учруулсан. Харин дараагийн дүгнэлт нь эхний дүгнэлт дээр гарсан гэмтлүүд гарсан байсан. Энэ дүгнэлт дээр бичигдсэн байгаа зүүн гуяны гэмтлийг би машинаас бууж байхдаа авсан. Үүнийг Д.Насантогтох надад учруулаагүй. Д.Насантогтохоос нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Эрүүгийн 2017 2601 0628 дугаартай хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх нотлох баримтууд.

 

3.Хохирогч Г.Урантуяагийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн:

“...Д.Насантогтох бид хоёр 2014 оноос нэг гэрт хамтран амьдарч байгаа. Гэр бүлээ батлуулаагүй, бид хоёрын дундаас нэг хүүхэд гарсан, одоо 1 нас 7 сартай. Би нөхөр Д.Насантогтохтой хувийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдраад сар гаруй болж байна. 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчим би такси бариад нөхрөөсөө хүүхдийнхээ хувцасыг авахаар 1 нас 7 сартай хүүхдээ дагуулаад Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойтын 71-13 тоот хашааны гадна талд очоод би утсаар яриад нөхрөө хашааны гадаа гараад ир гэж дуудсан. Тэгтэл Насантогтох гарч ирээд намайг хардаад миний гар утсыг шалгах гээд байхаар нь би “утсаа өгөхгүй” гэсэн чинь намайг гэртээ ирэлгүй гадуур тэнэлээ гээд гар утас барьсан гараараа миний толгой нүүр рүү олон удаа цохиж зодсон. Мөн хоолой боож цээж, хавирга руу 3-4 удаа цохиж, баруун хөлний дотор гуянаас базаж хөхрүүлсэн. Тэр үед танихгүй таксины жолооч ах боль та хоёр хэл үгээрээ учраа ол эмэгтэй хүнииг ингэж зодож болохгүй, дараа учраа ол гэж хэлээд намайг машиндаа суулгаад авч явсан. 2016 оны 7 сард нэг удаа зодуулж цагдаад өргөдөл өгч байсан. Тэр үед Насантогтох надаас уучлалт гуйгаад би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гомдолгүи гээд өргөдлөө хаалгаж байсан. Бид хоёр хэрүүл маргаантай байсан тул тусдаа амьдарч байсан. Насантогтох намайг хардсаны улмаас гараараа толгой болон нүүр, цээж рүү олон удаа цохиж зодсон. Мөн хоолой боосон. Цагаан өнгийн “Приус-20” маркийн машин байсан. Улсын дугаар болон жолоочийн нэрийг мэдэхгүй.

-2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 22-23 цагийн орчим найзынхаа гэрийн гадаа буюу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчины 27 дугаар гудамжинд ганцаараа явж байтал манай нөхөр Д.Насантогтох машинтайгаа ирсэн. Тэгээд намайг суулгаад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчинд байдаг манай эгчийн дэлгүүр рүү цуг явсан. Дэлгүүрийн гадаа очоод Насантогтох бид хоёрын хооронд баахан хэрүүл маргаан болсон. Тэгтэл манай эгч Сэндмаа цагдаа дуудсан байсан тул цагдаа ирээд Насантогтохыг аваад явсан. Тэр өдөр цохиж зодоогүй манай эгч Сэндмаа Насантогтохтой хэрэлдэж байгаад цагдаа дуудсан. Тэгээд намайг маргааш нь дагуулж ирээд дахин зодсон гээд шүүх эмнэлэгт үзүүлэхээр тогтоол авч яваад намайг дахин шүүх эмнэлэгт үзүүлсэн. Дээрх гэмтлүүд нь Насантогтох намайг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зодож учруулсан гэмтлүүд байгаа юм. Надад нэхэмжилэх зүйл байхгүй. Гомдол саналгүй нөхөртэйгээ сайн дураараа эвлэрсэн. ...” гэх мэдүүлэг [1],

-түүний 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн:

“...Наадмын өмнө Насантогтоход би зодуулсаны улмаас цагдаад дуудлага өгсөн боловч цагдаагаар албан ёсоор шалгуулаагүй өнгөрүүлсэн. Тэр үед Насантогтох намайг зодож цохиогүй, бид хоёрын хооронд хэрүүл маргаан болсон. Би Насантогтохын машинаас буухдаа зүүн хөлийн гуяа цохиж хөхрүүлсэн байсан. Би нэг шил пиво уусан байсан. Тэгтэл Насантогтох архи уулаа, гэр орондоо ирсэнгүй гэж уурлаж маргаан болсон. Хэд хэдэн удаа бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. Тэр үед Насантогтох намайг ганц нэг удаа цохиод авдаг байсан. Үүнийг би байнга дарамталдаг гэж өргөдөлдөө бичсэн. Тэр үед би охиноо урдаа тэвэрчихсэн байсан тул Насантогтох намайг цохих гэж байгаад гарынхаа үзүүрээр нэг удаа охин Наранцацралыг цохичихсон. Гэхдээ манай охины биед ямар нэгэн гэмтэл учраагүй. ...” гэх мэдүүлэг [2],

 

4.Гэрч Г.Сэндмаагийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

“...Д.Насантогтох миний төрсөн дүү Урантуяагийн хамтран амьдрагч нь байгаа юм. 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 22-23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 8 нэрийн хүнсний дэлгүүртээ байж байтал дэлгүүрийн гадаа орилоон болоод байхаар нь гараад хартал дэлгүүрийн баруун талд Урантуяа, Насантогтох хоёр хоорондоо муудалцаж байхаар нь би Урантуяаг дэлгүүр рүү оруулаад Насантогтохтой уулзаад “чи яагаад эхнэрээ дарамталаад байгаа юм бэ” гэж асуусан. Тэгтэл Насантогтох “хүүхэд танай дэлгүүрт яваад байна, би хүүхдээ аваад явмаар байна” гэхээр нь би “хүүхдийг өгч явуулахгүй” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед Урантуяа бага зэрэг уучихсан, Насантогтох эрүүл байсан. Намайг харж байхад Урантуяаг Насантогтох зодож цохиогүй. Би дэлгүүрээсээ гарч ирээд Урантуяаг дэлгүүр рүү оруулчихсан. Тэгээд өөрөө Насантогтохтой маргалдсан. Насантогтох Урантуяаг хүнтэй хардаад байдаг юм шиг байгаа юм. Насантогтох өөрөө хуучин эхнэртэйгээ зууралдсан байсан. Тэгээд энэ хоёрын хооронд хэрүүл маргаан үүсээд байгаа юм. 2016 оны 7 дугаар сард наадмын өмнө нэг удаа Урантуяаг зодож нүүрийг нь хөхрүүлчихсэн байхыг нь харж байсан. Яг миний нүдэн дээр зодож байгаагүй...” гэх мэдүүлэг [3],

 

5.Д.Насантогтохын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн:

“...Би Урантуяатай 2014 оны 09 дүгээр сараас хойш нэг гэрт хамтран амьдарч байгаа. Гэр бүлээ батлуулаагүй. Бидний дундаас 1 охин төрсөн.  Одоо 1 нас 7 сартай. Би өөрөө “Таван толгой”-д том машин барьдаг тул хөдөө олон хоногоор явдаг. Хамгийн сүүлд би 2017 оны 1 дүгээр сарын эхээр яваад цагаан сарын өмнө гэртээ ирсэн. Тэгтэл Урантуяа гэртээ байхгүй, бие муутай, тал цус харвасан манай аавд охиноо үлдээгээд гадуур тэнээд алга болсон байсан. Намайг хөдөөнөөс утсаар ярихад хүртэл архи уугаад гадуур тэнээд утас нь холбогдохгүй байдаг байсан тул Урантуяа бид хоёр тусдаа амьдарч байсан. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Урантуяа охиноо авахаар такситай манай гэрийн гадаа ирсэн. Би охиноо гаргаж өгөөд Урантуяатай маргалдаж хэрүүл маргаан болсон. Тэгээд миний уур хүрээд хоёр удаа алгадсан. Тэгтэл таксины жолооч салгаад Урантуяаг аваад явсан. Би машинаас нь буугаад үлдсэн.

Урантуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байсан. Тэр үед Урантуяа над дээр охиноо үлдээгээд явсан байсан. Тэгээд охиноо авахаар ирэхээр нь би охиноо гэрээс гаргаж Урантуяад өгөх үед хоорондоо маргалдаж миний уур хүрээд 2 удаа алгадсан. Өөр цохиж зодоогүй. Урьд нь би Урантуяаг зодож цохиж байгаагүй. Бид хоёр хоёулаа эрүүл байсан. Таксины жолооч байсан, өөр хүн байгаагүй. Би тэр жолоочийг танихгүй, Орбитын тойрог дээр хувиараа таксинд явдаг, зүс харж байсан хүн байсан. Цагаан өнгийн приус-20 маркын машин байсан улсын дугаарыг нь мэдэхгүй.

2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би 19-20 цагийн орчим охиноо авахаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Урантуяагийн эгчийн дэлгүүрийн гадаа очтол манай охин ганцаараа дэлгүүрийн дотор гүйгээд явж байсан. Би Урантуяаг хүлээгээд ирэхгүй байхаар нь Урантуягийн найзынх нь гэр рүү яваад очтол Урантуяа найз Энкүүштэйгээ архи уугаад сууж байхаар нь би дэлгүүрээс эгчийг нь дуудаж танай дүү архи уугаад согтуу байна гэж хэлтэл эгч нь орилж хашгирч манай дүүг дахин зодлоо гээд цагдаа дуудсан. Эхний удаа зодсоноо хүлээн зөвшөөрч байгаа, сүүлд нь би огт зодож цохиогүй. Гэмтлийг би зодож учуулсан нь үнэн тул хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3750 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4189 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. ...” гэх мэдүүлэг [4],

- яллагдагчаар 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Урантуяа охиноо авахаар такситай манай гэрийн гадаа ирсэн. Би охиныхоо хувцасыг гаргаж өгөөд Урантуяатай маргалдаж хэрүүл маргаан болсон. Миний уур хүрээд хоёр удаа алгадсан. Өөр цохиж зодоогүй. Тэгтэл таксины жолооч салгаад Урантуяаг аваад явсан. Би машинаас нь буугаад үлдсэн. Тэр өдөр Урантуяа манай гэрт охиныхоо хувцасыг авахаар такситай ирсэн. Би хүүхдийнхээ хувцасыг гаргаж өгөх үед Урантуяа охин Наранцацралыг тэврээд зогсож байсан. Урьд нь би Урантуяаг зодож цохиж байгаагүй.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Урантуяагийн эгчийн дэлгүүрийн гадаа очтол манай охин ганцаараа дэлгүүрийн дотор гүйгээд явж байсан. Би Урантуяаг хүлээгээд ирэхгүй байхаар нь Урантуяагийн найзынх нь гэр рүү яваад очтол Урантуяа найз Энкүүштэйгээ архи уугаад сууж байхаар нь би Урантуяаг машиндаа суулгаад эгчийнх нь дэлгүүрийн гадаа очоод эгч Сэндмааг нь дуудаж “танай дүү архи уугаад согтуу байна” гэж хэлтэл эгч нь орилж хашгирч манай дүүг дахин зодлоо гээд цагдаа дуудсан. Эхний удаа зодсоноо хүлээн зөвшөөрч байгаа, сүүлд нь буюу 2017 оны 3 сарын 21-ний өдөр би огт зодож цохиогүй. ...” гэх мэдүүлэг [5],

 

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3750 дугаар актын:

Болсон хэргийн товч: 2017 оны 3 дугаар сарын 12-нд хамтран амьдрагч  Д.Насантогтоход зодуулсан гэх.

Зовиур: Толгой өвдөнө, шанаагаар өвдөнө, дагз руу өвдөнө, дотор муухайрна, баруун хөл өвдөнө.

Хэсэг газрын үзлэгт: Духны хэсэгт 2 хэсэг газар овойж хавдсан, 2х2 см , 1.5х 1см, урд доод хэсэгт 0.2х0.5 см, 0.1х1см, цээжний зүүн дээд хэсэгт 0.3х1см, 0.5х1см улаан хүрэн цус хуралт, зулгаралттай, баруун гуяны дотор хэсэгт нилэнхүйдээ хүрэн ягаан, хөх өнгийн цус хуралттай, цээжний баруун хажуу дунд хэсэгт 1.5смх3см хөх ногоон цус хуралттай.

2017 оны 3 дугаар сарын 12-ны ГССҮТ-ийн хүлээн авахын эмчийн үзлэгт: онош: хуйх, нүүр, баруун гуяны зөөлөн эдийн няцрал гэжээ.

2017 оны 3 дугаар сарын 12-ны ГССҮТ –ийн КТГ-д: гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй, баруун нүд болон хацар зөөлөн эдэд хаван хавдартай, гавал ясны дайвар хөндийнүүдэд өөрчлөлтгүй, нүдний ухархайнуудын бүтэц хэвийн, тархины эдэд голомтот өөрчлөлтгүй, тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн, субарохнойдаль зайнууд өөрчлөлтгүй, ховдлуудын хэлбэр хэмжээс хэвийн, голын бүрдэл хазайлтгүй /эмч Г.Лхагвасүрэн” гэжээ.

Дүгнэлт:

“...1.Г.Урантуяагийн биед тархи доргилт, дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү цээжний цус хуралт, зулгаралт, баруун гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.. /шинжээч Б.Ундармаа/. ...” гэсэн дүгнэлт [6],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

 

7.Гэрч Л.Авирын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Насантогтохтой 10 жилийн сургуульд байхаасаа найзалж эхэлсэн багын найзууд юм. Д.Насантогтох нь төлөв даруу зантай, элдэв ааш араншингүй, архи уудаггүй, тамхи татдаг, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, хүмүүстэй эвсэг, найртай байдаг, хөдөлмөрч сэргэлэн зантай хүн байгаа юм. Насантогтохын гэр бүлд гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан хүн байхгүй. Насантогтох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 71-13 тоотод аав, эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг. Д.Насантогтох  2011-2014 оны хооронд ял эдэлж байсан...” гэх мэдүүлэг [7],

 

8.Гэрч Д.Насанбатын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн:

“...Би Д.Насантогтохын төрсөн ах нь байгаа юм. Даваадоржийн Насантогтох 1989 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, айлын 3 дахь хүүхэд юм. Ерөнхий боловсролын 62 дугаар дунд сургуулийн 10 дугаар анги төгсөөд гагнуурчин мэргэжил эзэмшсэн. Одоо хувийн компанид том машин жолооддог. Д.Насантогтох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 71-13 тоотод эцэг болон эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2011 онд Хан-Уул дүүргийн шүүхээс дээрмийн гэмт хэргийн учир 5 жил 1 сарын хорих ял авч 2012 онд дахин шүүх хурал болж 5 жил 1 сарын хорих ял нь  хэвээр үлдэж байсан. Хорих 461 дүгээр ангийн аж ахуй дээр ял эдлээд 2014 онд суллагдсан. ...” гэх мэдүүлэг [8]

 

9.Гэрч Б.Бат-Эрдэнийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн:

“...Би Насантогтохын ээжийнх нь талын хамаатан байгаа юм. Даваадоржийн Насантогтох эхээс дөрөвүүлээ, дээрээ нэг эгч, нэг ахтай, нэг дүүтэй. Ерөнхий боловсролын 62 дугаар дунд сургуулийн 10 дугаар анги төгсөөд гагнуурчин мэргэжил эзэмшсэн. Архи огт уудаггүй, тамхи татдаг, ажилсаг, эцэг эхийнхээ үгнээс гараад байдаггүй. Д.Насантогтох 2011-2014 онд ял эдэлж байсан. ...” гэх мэдүүлэг [9],

 

10.Шүүгдэгч Д.Насантогтохын иргэний үнэмлэхийн лавлагаа (Тайж овогт Даваадоржийн Насантогтох, РД:УП88120254, хаяг: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 71-р гудамжны 13 тоот гэж тэмдэглэгдсэн) [10]

 

11. Д.Насантогтохын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн лавлагаа [11] (2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 42-р шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял,

-2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгэгдсэн, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 1 жил 5 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан гэж тэмдэглэгдсэн ),

12. Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар  шийтгэх тогтоолын хуулбар [12],

13. Улсын Дээд шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 374 дугаар тогтоолын хуулбар [13],

14. Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаар  шийтгэх тогтоолын хуулбар [14],

15. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар захирамжийн хуулбар [15],

16. Д.Насантогтохын зан байдлын тодорхойлолт, ялтаны ялын тооцоо бодсон тодорхойлолт [16]

17. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1919 дугаартай “Д.Насантогтох нь тус хорооны Толгойтын 71-р гудамжны 13 тоотод ам бүл 3 оршин суудаг” тухай тодорхойлолт [17] ,

18. “Батжих хан” ХХК-ний 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 0/16 дугаартай “Тус компанийн жолооч ажилтай Д.Насантогтох нь жолоочоор 2016 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа” тухай тодорхойлолт [18] болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт.

Нэг.Шүүгдэгч Д.Насантогтох нь 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед хамтран амьдрагч Г.Урантуяаг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 71 дүгээр гудамжны 13 тоотод хүүхдийнхээ хувцасыг авахаар ирэхэд нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож, бие махбодид нь “тархи доргилт,  дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун гуяны цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

мөрдөн байцаалтад:

-хохирогч Г.Урантуяагийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчим би такси бариад нөхрөөсөө хүүхдийнхээ хувцасыг авахаар 1 нас 7 сартай хүүхдээ дагуулаад Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойтын 71-13 тоот хашааны гадна талд очсон. ...Тэгтэл Насантогтох гарч ирээд намайг хардаад миний гар утсыг шалгах гээд байхаар нь би утсаа өгөхгүй гэсэн чинь намайг гэртээ ирэлгүй гадуур тэнэлээ гээд гар утас барьсан гараараа миний толгой нүүр рүү олон удаа цохиж зодсон. Мөн хоолой боож цээж хавирга руу 3-4 удаа цохиж, баруун хөлний дотор гуянаас базаж хөхрүүлсэн. Тэр үед танихгүй таксины жолооч ах боль та хоёр хэл үгээрээ учраа ол эмэгтэй хүнииг ингэж зодож болохгүй, дараа учраа ол гэж хэлээд намайг машиндаа суулгаад авч явсан. Насантогтох намайг хардсаны улмаас гараараа толгой болон нүүр, цээж рүү олон удаа цохиж зодсон. Мөн хоолой боосон.  ...” гэх мэдүүлэг [19],

-түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Д.Насантогтох надад уурлаж, гэрээсээ гарч ирээд “хүүхэдээ хаяж гадуур дотуур тэнэлээ” гэж” уурлаад миний нүүрэнд хоёр удаа алгадсан. ...” гэх мэдүүлэг,

-Д.Насантогтохын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ...Урантуяатай маргалдаж хэрүүл маргаан болсон. Тэгээд миний уур хүрээд 2 удаа алгадсан. Тэгтэл таксины жолооч салгаад Урантуяаг аваад явсан. ...” гэх мэдүүлэг [20], түүний 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг [21], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3750 дугаар акт, дүгнэлт [22] зэрэг бичгийн нотлох баримтаар  нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Насантогтох нь 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч Г.Урантуяаг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй.

2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч Д.Насантогтох нь хамтран амьдрагч Г.Урантуяатай “гэртээ ирэлгүй гадуур тэнэлээ, гар утасыг чинь шалгана” гэх зэргээр маргалдаж, түүнийг эр эмийн хардлага, хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна.

 

Харин шүүгдэгч Д.Насантогтох нь 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хамтран амьдрагч Г.Урантуяаг зодоогүй, гэмтэл учруулаагүй гэж маргасан.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.Насантогтохыг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Г.Урантуяаг зодсон гэх үйлдэлд ял сонсгоогүй, яллагдагчаар татсан тогтоол үйлдээгүй буюу тус үйлдэлд яллаагүй болно.

Мөн Г.Урантуяа хохирогчоор 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр болсон асуудлын талаар мэдүүлсэн ба тус өдөр зодуулаагүй гэж мэдүүлсэн.  

Харин хэрэг бүртгэгч Д.Насантогтохыг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч Г.Урантуяаг зодсон гэх гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар байцаахдаа “мөн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр болсон асуудлын талаар ярина уу “ гэж байцаасан байх ба тус өдрийн үйлдэлд сэжигтэн, яллагдагчаар татаагүй атлаа байцаалт авсан нь Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна.

Хэрэгт цугларсан баримтыг үзэхэд Г.Урантуяа нь 2017 оны 3 дугаар сарын 21-ний  өдөр зодуулсан гэх  гомдол тус хэрэгт гаргаагүй байх ба шүүх хуралдаанд 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Д.Насантогтоход зодуулаагүй, энэ талаар гомдол хүсэлт байхгүй гэж мэдүүлсэн.

Иймд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шинжээч томилсон тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4189 дугаар дүгнэлт зэргийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан тус хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийвэрлэсэн болно.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Насантогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Д.Насантогтохыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Урантуяагийн биед хөнгөн гэмтэл учирсан байх боловч хохирогч Г.Урантуяа нь гэм хорын хохирлын төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй ба шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар.

Шүүгдэгч Д.Насантогтох нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1 жил 5 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх ба дээрх шийтгэх тогтоолоор хүнд гэмт хэрэгт ял шийтгэгджээ.

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс дагаж мөрдсөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зарим хугацааг хэрэгсэхгүй болгох тухай заасан ба уг зүйлийн 6.1.3-т “хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг” гэж,

-10 дугаар зүйлийн 10.5-д энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тэмдэглэлд өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Д.Насантогтохын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 16 хоногийн хорих ял нь дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтад хамаарч хэрэгсэхгүй болсон байна.

 

Харин Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол” ялгүй болох талаар заасан ба шүүгдэгч Д.Насантогтохын ялгүй болох хугацаа өнгөрөөгүй буюу ялтай байх хугацаандаа дахин шинээр гэмт хэрэг үйлджээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Насантогтоход ял оногдуулахдаа ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд тооцлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Д.Насантогтоход холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Мөн хохирогч Т.Урантуяагаас Д.Насантогтохтой эвлэрсэн тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Дээрх хуульд зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бол эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай заажээ. Д.Насантогтох нь ялтай хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шийдвэрлэх үндэслэлгүй болно.

 

Дөрөв.Бусад асуудлаар.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Насантогтох нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Тайж овгийн Даваадоржийн Насантогтохыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Даваадоржийн Насантогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Насантогтоход оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Д.Насантогтох нь тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, Д.Насантогтохын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүний гадаад явах эрхийг түдгэлзүүлээгүй, хохирогч Г.Урантуяа нь гэм хорын төлбөр  нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Насантогтоход  урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Д.Насантогтоход авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 41-43 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 17 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[11] Хавтаст хэргийн 45 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 61-71 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 72-75 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 51-61 дүгээр тал

[15] Хавтаст хэргийн 76 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 77-78 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 46 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 47 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 41-43 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 27 дугаар тал.