Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 433

 

Д.Насантогтоход холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

ялтан Д.Насантогтохын өмгөөлөгч Б.Тэнгис,

хохирогч Г.Урантуяа,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Насантогтохын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Насантогтоход холбогдох 201726010628 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайж овогт Даваадоржийн Насантогтох, 1988 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Ач хаан” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 71 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух, /регистрийн дугаар: УП88120254/,

-Хан-Уул дүүргийн 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 16 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан.

Д.Насантогтох нь урьд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байдал арилаагүй байхдаа 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед хамтран амьдрагч Г.Урантуяаг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 71 дүгээр гудамжны 13 тоотод хүүхдийнхээ хувцасыг авахаар ирэхэд нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож, бие махбодид нь “тархи доргилт, дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун гуяны цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Насантогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Тайж овгийн Даваадоржийн Насантогтохыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Даваадоржийн Насантогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Насантогтоход оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж,

Д.Насантогтох нь тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн үгүй, Д.Насантогтохын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүний гадаад явах эрхийг түдгэлзүүлээгүй, хохирогч Г.Урантуяа нь гэм хорын төлбөр нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдаж,

Д.Насантогтоход урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Насантогтох гаргасан давж заалдах гомдолдоо: “...эхнэр Г.Урантуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас гар хүрсэн нь үнэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эхнэр Г.Урантуяатай зөв харилцаатай учраас эхнэр, хүүхдээ хайрлан цаашид хамт амьдарна. Миний бие улирлын чанартай ажил хийдэг. Эхнэр хүүхдээ тэжээдэг. Уг үйлдлийг минь харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Ялтан Д.Насантогтохын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтан Д.Насантогтохын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Д.Насантогтоход тухайн зүйл ангид заасан баривчлах ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Учир нь Д.Насантогтох өмнө нь хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж, ажилгүй байж байгаад 2016 онд “Ач хаан” ХХК-нд жолоочоор ажилд орж Өмнөговь аймгийн Таван толгойд жолооч хийж байсан юм. Энэ 3 сарын хугацаанд баривчлах ял эдлээд гарч ирэхээр ажилгүй болох гээд байна. Д.Насантогтохын эхнэр ажилгүй, хүүхдээ хардаг. Иймд ар гэрийн амьдрал, ирээдүйн амьдралыг нь бодож баривчлах ялын доод хэмжээгээр ял шийтгэж өгнө үү. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн буруутай үйлдэл байсан нь харагддаг. Одоо Д.Насантогтох 1 сар 4 хоног хоригдсон байгаа.” гэв.

Хохирогч Г.Урантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Д.Насантогтохыг ажилтай хөдөө байхад нь хэлэлгүй 10 жилийн ангийнхантайгаа 2-3 хоног явсан нь миний буруу. Д.Насантогтох ажилгүй байж байгаад ажилд орсон. Ажлынхнаас нь асуухаар нь өвчтэй гэж хэлж байгаа. Ажилд ороход хэцүү, ажил олдохгүй байсан. Би гэртээ хүүхдээ хараад ажилгүй байдаг. Иймд Д.Насантогтоход оногдуулсан баривчлах ялын хугацааг багасгаж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн           284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Д.Насантогтох нь урьд ял шийтгүүлж, ялтай байдал арилаагүй байхдаа 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед хамтран амьдрагч Г.Урантуяаг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 71 дүгээр гудамжны 13 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, бие махбодид нь “тархи доргилт, дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун гуяны цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Д.Насантогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Г.Урантуяа охиноо авахаар такситай манай гэрийн гадаа ирсэн. Би охиноо гаргаж өгөөд Г.Урантуяатай маргалдаж хэрүүл маргаан болсон. Тэгээд миний уур хүрээд 2 удаа алгадсан. ...Эхний удаа зодсоноо хүлээн зөвшөөрч байна ...Би зодож учруулсан нь үнэн.” гэх мэдүүлэг /х26-27/,

хохирогч Г.Урантуяагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Би нөхөр Д.Насантогтохтой хувийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдраад сар гаран болж байна. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 04 цагийн орчим би такси бариад нөхрөөсөө хүүхдийнхээ хувцасыг авахаар 1 нас 7 сартай хүүхдээ дагуулаад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 71-13 тоот хашааны гадна талд нь очоод би утсаар яриад нөхрөө “хашааны гадна гараад ир” гэж дуудсан. Тэгтэл Д.Насантогтох нь гарч ирээд намайг хардаад миний гар утсыг шалгах гээд байхаар нь би “утсаа өгөхгүй” гэсэн чинь намайг “гэртээ ирэлгүй гадуур тэнэлээ” гээд гар утас барьсан гараараа миний толгой, нүүр рүү олон удаа цохиж зодсон. Мөн хоолой боож цээж хавирга руу 3-4 удаа цохиж, баруун хөлний дотор гуянаас базаж хөхрүүлсэн. Тэр үед танихгүй таксины жолооч ах “боль, та хоёр хэл үгээрээ учраа ол, эмэгтэй хүнийг ингэж зодож болохгүй, дараа учраа ол” гэж хэлээд намайг автомашиндаа суулгаад авч явсан.” гэх мэдүүлэг /х11-12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Урантуяагийн биед тархи доргилт, дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, цээжний цус хуралт, зулгаралт, баруун гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх 3750 тоот шинжээчийн дүгнэлт /х23/,

“...Г.Урантуяагийн биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх 4189 тоот шинжээчийн дүгнэлт /х27/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлтийн шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Д.Насантогтохын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Иймд ялтан Д.Насантогтохын гаргасан “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Насантогтохын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                          Ц.ОЧ