Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2018/01885

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 1 тоот хаягт оршин суух, Ваажуу гэгээн овогт С.Ч /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 89 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Д.М /регистрийн дугаар: /-т холбогдох

10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

17,400,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Ч нь 2016 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Жаргалантын аманд байрлах өөрийн газар дээр 21,6 сая төгрөгөөр тохиролцож Ж.М-аар хашаа бариулсан ба 10,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 11,6 сая төгрөгөө өгч чадаагүй байтал 2017 оны 5 дугаар сарын 17-нд Д.М хашааг дур мэдэн буулгаж явсан тул өгсөн 10,000,000 төгрөгийг хүү алдангийг 50 хувиас хэтрүүлэхгүй 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 15,000,000 төгрөгийг Д.Маас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь С.Ч-той харилцан тохиролцсоны дагуу Ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулан 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 15 хоногийн хугацаанд Хан-Уул дүүрэг, Жаргалантын ам нэртэй газарт 400 метр урттай төмөр хашааг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн хариуцагч С.Ч-т хүлээлгэн өгсөн.

Ингэхдээ талууд гэрээний дагуу ажлын нийт үнийг 20,100,000 төгрөгөөр харилцан тохиролцсон ба хариуцагч С.Ч нь уг төлбөрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банк дахь Д.Мөнхбарын 5029640817 дугаарын дансаар, 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр автомашины үнийг 5,500,000 төгрөгөөр тооцон тус тус төлсөн буюу нийт 8,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Мт төлсөн.

Ингээд Д.М С.Ч нар ажил гүйцэтгэх гэрээг баталгаажуулах үүднээс 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тус гэрээг бичгээр үйлдэн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлсэн ба ингэхдээ гэрээнд уг ажлын тухайн өдрийн үлдэгдэл төлбөр 11,600,000 төгрөгийг гэрээний 3.1 дэх хэсэгт зааж баталгаажуулсан.

Ийнхүү ажил гүйцэтгэх гэрээний 10.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дууссан ба уг хугацааг дуусмагц гэрээний дагуу захиалагч буюу хариуцагч С.Чоос үлдэгдэл төлбөр болох 11,600,000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл уг төлбөрөөс огт төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч С.Чоос ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 11,600,000 төгрөг, гэрээний 10.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасны дагуу алдангид 5,800,000 төгрөг буюу бүгд нийт 17,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгч С.Ч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч Д.М-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг хүү, алдангийн хамт нийт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17,400,000 төгрөг гаргуулах тухайн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж, талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч Д.М нь захиалагч С.Ч-ийн газарт 400 метрийн урттай, төмөр хашааг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 21,600,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ. Ажил гүйцэтгэх гэрээнд ажлын хөлсний 11,600,000 төгрөг байхаар тусгасан байх боловч талууд ажлын хөлс 21,600,000 төгрөг болохыг харилцан хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн 10,000,000 төгрөгийг захиалагч төлсөн болох нь 4,500,000 төгрөгийг дансаар болон бэлнээр төлсөн тухай зохигч талуудын тайлбар, 5,500,000 төгрөгт тооцож Тоёота Веросса маркийн GX11060123465 аралын дугаартай автомашиныг Д.М-ын өмчлөлд шилжүүлсэн автомашин худалдах худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байна.

Захиалагч С.Ч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хөлсийг төлөөгүйгээс ажил гүйцэтгэгч Д.М нь гүйцэтгэсэн ажил болох төмөр хашааг буулган өөрийн эзэмшилдээ авсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдов.

Нэхэмжлэгч С.Ч-ийн газар дээр баригдсан, түүний эзэмшилд байсан төмөр хашааг буулган авч явсан ажил гүйцэтгэгчийн үйлдлийг үлдэгдэл хөлс төлөх барьцаа болгон авсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх боловч дээрх үйлдэл нь ажил гүйцэтгэгчийн барьцааны эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 354 дүгээр зүйлийн 354.1-д заасан эрхээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 354 дүгээр зүйлийн 354.1-д зааснаар, өөрийн эзэмшилдээ байгаа захиалагчийн захиалсан ажлын үр дүн болох эд хөрөнгийг барьцаалах эрхтэй.

Ажил гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлүүлэх зорилгоор, захиалагчийн эзэмшилд шилжсэн ажлын үр дүнг салган авч, өөрийн эзэмшилд авсан үйлдэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй болгосон, улмаар талууд гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Дээр дурдсанаар, ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох гэрээний нэмэлт нөхцөлд заасан алданги 5,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан шаардлага, гүйцэтгэсэн ажлын хөлс 17,400,000 төгрөг гаргуулахаар шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.М-аас 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ч-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 5,000,000 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,900 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ч-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА