Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00096

 

С.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01885 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1893 дугаар магадлалтай,

С.Чийн нэхэмжлэлтэй

Д.Мт холбогдох

Гэрээний үүрэгт төлсөн 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажлын хөлс, алдангид нийт 17 400 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Мын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 06 дугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Жаргалантын аманд байрлах өөрийн газар дээр 21 600 000 төгрөгөөр тохиролцож Ж.Д.Маар хашаа бариулсан ба ажлын хөлсөнд 10 000 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 11 600 000 төгрөгөө өгч чадаагүй байтал 2017 оны 05 дугаар сарын 17-нд Д.М хашааг дур мэдэн буулгаж явсан тул өгсөн 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг Д.Маас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь С.Чтой харилцан тохиролцсоны дагуу ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулан 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 15 хоногийн хугацаанд Хан-Уул дүүрэг, Жаргалантын ам нэртэй газарт 400 метр урттай төмөр хашааг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн хариуцагч С.Чт хүлээлгэн өгсөн. Ингэхдээ талууд гэрээний дагуу ажлын нийт үнийг 20 100 000 төгрөгөөр харилцан тохиролцсон ба хариуцагч С.Ч нь уг төлбөрөөс 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөгийг Хаан банк дахь Д.Мын 5029640817 дугаарын дансаар, 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр автомашины үнийг 5 500 000 төгрөгөөр тооцон тус тус төлсөн буюу нийт 8 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Мт төлсөн. Ингээд Д.М, С.Ч нар ажил гүйцэтгэх гэрээг баталгаажуулах үүднээс 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус гэрээг бичгээр үйлдэн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлсэн ба ингэхдээ гэрээнд уг ажлын тухайн өдрийн үлдэгдэл төлбөр 11 600 000 төгрөгийг гэрээний 3.1 дэх хэсэгт зааж баталгаажуулсан. Ийнхүү ажил гүйцэтгэх гэрээний 10.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дууссан ба уг хугацааг дуусмагц гэрээний дагуу захиалагч буюу хариуцагч С.Чоос үлдэгдэл төлбөр болох 11 600 000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл уг төлбөрөөс огт төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч С.Чоос ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 11 600 000 төгрөг, гэрээний 10.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу алдангид 5 800 000 төгрөг буюу бүгд 17 400 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01885 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Маас 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Чт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 5 000 000 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 900 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Чт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1893 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01885 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Маас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.М хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч С.Ч болон хариуцагч Д.М бидний хооронд “Ажил гүйцэтгэх” гэрээ амаар байгуулагдсаны дагуу миний бие гэрээнд заасны дагуу Хан-Уул дүүрэг, Жаргалантын ам нэртэй газарт 400 метр төмөр хашааг барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн ба ингэхдээ нэхэмжлэгчтэй ажлын нийт хөлс 20 100 000 төгрөг байхаар харилцан тохиролцож С.Чт хашааг нь хүлээлгэн өгсөн. Ингээд гэрээг баталгаажуулахаар талууд 2016 оны 08 дугаар сарын 17 ны өдөр “Ажил гүйцэтгэх” гэрээ бичгээр нөхөж байгуулсан. Нэхэмжлэгч С.Ч нь үлдэгдэл төлбөр болох 11 600 000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөөгүй тул хариуцагч Д.М миний бие ажлын үлдэгдэл хөлсөө авахын тулд уг хашааг буулган авч үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсанаар энэхүү маргаан эхэлсэн ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01885 дугаартай шийдвэрээр талууд гэрээнээс татгалзсан байна гэж үзэн хариуцагчаас 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч С.Ч нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөгийг Хаан банкин дахь Д.М миний 5029640817 тоот дансаар 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр авто машиныг үнийг 5 500 000 төгрөгөөр тооцон нийт 8 500 000 төгрөгийг Д.М надад хүлээлгэн өгсөн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчид миний авсан 8 500 000 төгрөгийг 1 500 000 төгрөгөөр хэтрүүлэн олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд, анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэж үзэж байна. 2. Мөн талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх” гэрээний 8.3 дахь хэсэгт “Талуудын хооронд маргаан гарвал талууд үл маргах журмаар шийдвэрлэх ба маргаанаа шийдвэрлэж чадахгүйд хүрвэл аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрмийн дагуу Монгол улсад Эцэслэн шийдвэрлүүлнэ” гэж заасан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлэхээр заасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дахь хэсэгт “Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэхь хэсэгт “...65.1.1...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай...шүүгч захирамж гаргана” гэж заасныг зөрчин анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Энэ үндэслэлээр давж заалдах шатны журмаар гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх “Талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг асуудлыг арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон боловч энэ талаараа хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцээгүй байхаас сөрөг нэхэмжлэл гарган маргасан байх тул хэргийн харьяалалтай холбоотой асуудлыг анхан шатны шүүх хүлээж аваагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч Д.Маас гэрээний дагуу шилжүүлсэн 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь ажлын хөлс 11 600 000 төгрөг, алданги 5 800 000 төгрөг, нийт 17 400 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Зохигчид амаар харилцан тохиролцож, Д.М нь 400 метрийн урттай, төмөр хашааг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд хийж хүлээлгэн өгөх, С.Ч нь ажлын хөлсөд 21 600 000 төгрөг төлөхөөр тохирсон, уг хэлцлээ баталгаажуулж 2016 оны 08 сарын 17-ны өдөр бичгээр гэрээ  байгуулсан үйл баримтыг маргаагүй байна.

Харин ажлын урьдчилгаа хөлсөд нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөг төлсөн гэсэн бол хариуцагч 8 500 000 төгрөг өгсөн гэж, нэхэмжлэгч нь хариуцагчийг хашааг буцаан авч, гэрээнээс татгалзсан гэж үзсэн бол хариуцагч ажлын хөлсийг төлүүлэх зорилгоор ажлын үр дүнг барьцаалсан, гэрээнээс татгалзаагүй гэж тус тус маргажээ.

Хоёр шатны шүүх хариуцагчаас 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, гэрээнээс татгалзах үндэслэл журам, түүний эрх зүйн үр дагавар, ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хуулиар үүсэх барьцааны эрх, алданги тооцох эрх зүйн асуудлаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийсэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 354 дүгээр зүйлийн 354.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь 5 500 000 төгрөгт тооцож автомашин, 4 500 000 нэмж өгснөөр нийт 10 000 000 төгрөгийг хариуцагчид өгснийг хариуцагч зөвшөөрч тайлбар гаргасан, хариуцагч нь хүлээлгэн өгсөн ажлын үр дүнг буцааж авснаар гэрээнээс татгалзсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурлажээ.

Зохигчид гэрээний 8.3-д “...маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр харьяалалыг тохирсон...” байх боловч шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч маргаагүй, хариу тайлбар, нотлох баримт гаргаж мэтгэлцсэн, арбитрын хэлэлцээрийн талаар гомдол гаргаагүй тул хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй ба энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, зохигчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадсан тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01885 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1893 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                              П.ЗОЛЗАЯА