Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2021/03948

 

 

 

 

 

2021 12 01

101/ШШ2021/03948

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Дхолбогдох,

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааны түрээсийн болон ашиглалтын зардалд 6,960,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК-ийн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Н ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын гудамж Санто смарт апартмент орон сууцыг 213-р байрны ******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тус байрны хууль ёсны өмчлөгч болно. Н ХХК нь иргэн Э.Стой 2020.10.07-ны өдөр №90 дугаартай Орон сууцны барилгыг худалдах худалдан авах гэрээ-г байгуулсан. Үүнд дээрх барилгын 98,6 м.кв хэмжээтэй ******* орон сууц багтсан. Э.С гэрээний үүргээ биелүүлээгүй орон сууцны үнийг төлөөгүй тул бид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 458 тоот гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлж Э.Стой байгуулсан гэрээг цуцалсан. Гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205.1-д заасны дагуу өгсөн авсанаа буцаан өгөх ёстой. Гэтэл тус ******* орон сууцад иргэн Д.Д орж хууль бусаар эзэмшиж байна. Манай компани иргэн Д.Дтай тус орон сууцны байрыг худалдах болон түрээслэх аливаа гэрээ хэлцэл байгуулж иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй. Түүнээс хүлээн авсан төлбөр мөнгө байхгүй. Манай байгууллагаас Иргэний хуулийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу тус орон сууцын чөлөөлж өгөхийг 2020.12.19-ний өдрийн №472, 2021.01.08-ний өдрийн №19, 2021.04.07-ны өдрийн №237 уудаар удаа дараа мэдэгдэж шаардпага гаргасан боловч тус шаардлагыг биелүүлээгүй. Бидний зүгээс Д.Дтай удаа дараа уулзаж, утсаар холбогдож байр чөлөөлж өгөх талаар шаардлага тавьсан боловч үндэслэлгүйгээр элдэв шалтаг тоочсоор, хууль бусаар орон сууцыг эзэмшиж, хууль ёсны өмчлөгч манай компанийг хохироосоор байгаа болно.

Тэрээр 2020 оны 12 сарын 01-нээс компанийн өмчлөлийн орон сууцанд үнэ төлбөргүйгээр амьдарч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Иймд Иргэний хуулийн 492.1.1-д заасны дагуу амьдарсан хугацааны түрээсийн төлбөрийг тухайн орон сууцны жишиг үнэлгээгээр тооцож сар тутамд 1,700,000 төгрөг амьдарсан хугацаанд нийт 6 төгрөг, ашиглалтын зардал 6,800,000 төгрөг, энэ хугацаанд ашиглалтын зардал 160,000 /сарын 40,000 төгрөг/ төгрөгийн хамт Даас нэхэмжлэх эрхтэй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Дыг Баянзүрх дүүргийн 26-р хороо, 213-р байрны ******* орон сууцнаас албадан чөлөөлүүлж, орон сууцад амьдарсан хугацааны түрээс, ашиглалтын зардал нийт 6 960 000 төгрөгийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.гэв.

 

Хариуцагч Д.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь Д.Дыг орон сууцнаас албадан чөлөөлүүлж, орон сууцанд амьдарсан хугацааны түрээс, ашиглалтын зардал 6,960,000 төгрөгийг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Д.Д тус компанийн орон сууцанд хууль бусаар эзэмшиж оршин суугаагүй юм. Н ХХК нь иргэн Э.Стой 2020.10.07-ны өдөр N990 дугаартай Орон сууцны барилгыг худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Үүнд дээрхи барилгын 98.6 м.кв талбайтай ******* орон сууц багтсан тухай нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ бичсэн байна. Энэхүү барилгын ******* нь Д.Дын амьдарч байгаа орон сууц юм. Энэ Орон сууцыг Д.Д нь Э.Сос худалдан авч урьдчилгаа төлбөр болох 200,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Э.С нь Д.Дын худалдан авсан Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо 213 дугаар байрны ******* Орон сууцны урьдчилгаа төлбөр болох 200,000,000 төгрөгийг Н ХХК-д шилжүүлэн өгсөн. Н ХХК нь ******* орон сууцны урьдчилгаа төлбөрийг авсан байж орон сууцнаас албадан гаргахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Д.Д нь өөрийн худалдан авахаар урьдчилгаа төлбөрөө төлсөн орон сууцандаа амьдарч байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Д.Дд холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 213 дугаар байр, ******* орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааны түрээсийн зардалд 6,800,000 төгрөг болон ашиглалтын зардалд 160,000 төгрөг, нийт 6,960,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд ашиглалтын зардал 160,000 төгрөгөөс татгалзаж, бусад шаардлагаа дэмжсэн байна.

Нэхэмжлэгч 160,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсаныг нэхэмжлэлийн шаардлага 6,960,000 төгрөгийн шаардлагаасаа 160,000 төгрөгийн хэмжээгээр бууруулсан гэж үзэв.

Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, Н ХХК орон сууцыг нэхэмжлэх эрхгүй, ЦМС ХХК-тай хамтран өмчилдөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ. Мөн гэрч Э.Б нь Д.Дыг 200,000,000 төгрөгийг өгсөн гэдгийг нотлоно, мөрдөн байцаалтад битүүмжлэгдсэн 451,000,000 төгрөгт Д.Дын төлсөн мөнгө орсон эсэхийг эрүүгийн журмаар шийдсэний дараа иргэний хэргийг шийдвэрлэх боломжтой. Н ХХК эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон, иргэний хэрэгт нэхэмжлэл гаргаж давхар явж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, орон сууцыг хууль бусаар ашигласан хугацааны түрээсийн төлбөр 6,800,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н ХХК, ЦМС ХХК гэх хоёр хуулийн этгээд нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204095770 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 213 тоот хаягт байршилтай, 14833.6 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-7 тал/

Уг үл хөдлөх эд хөрөнгөнд орон сууц тус бүрээр өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж, дээрх өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчлөгч болох нь тогтоогдож байгаа тул орон сууц чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагчид холбогдуулан гаргасан байна.

Н ХХК, ЦМС ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу талууд уг 213 дугаар байрнаас В блок, 2-р ээлжийн орон сууцнаас нийт 2802.3 м.кв талбай бүхий 30 орон сууцыг ЦМС-д өгөхөөр тохирсон нь хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/17 тоот гэрээний хэрэгжилтийг дүгнэх хэлцлийн нэмэлт, хавсралтанд заажээ. ЦМС ХХК-д өгөхөөр тохирсон орон сууцанд маргаан бүхий ******* орон сууц хамаарахгүй байна. /хх-27-28 тал/

Түүнчлэн ЦМС ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204095770 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Н ХХК-тай хамтран өмчилдөг талаараа дурьдаад, Н ХХК-ийн бусадтай маргаантай байгаа орон сууцнууд нь манай компанийн өмчлөлд хамааралгүй, бидний зөвшөөрөл оролцоогүйгээр тухайн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй талаар шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн байна. /хх-77 тал/

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн зохицуулалтаар хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болох ба мөн зүйлийн 108.2. Дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Н ХХК-ийг өмчлөгчийн хувиар шаардах эрхээ хэрэгжүүлж байна гэж үзнэ.

Харин хариуцагч Д.Д нь орон сууцанд хууль бусаар эзэмшиж оршин суугаагүй, Н ХХК нь иргэн Э.Стой 2020.10.07-ны өдрийн №90 дугаартай Орон сууцны барилгыг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, үүнд дээрх барилгын 98.6 м.кв талбайтай ******* орон сууц багтсан, Д.Д нь орон сууцыг Э.Сос худалдан авч урьдчилгаа төлбөрт 200,000,000 төгрөгийг Н ХХК-д шилжүүлсэн, гэрч Э.Бы мэдүүлгээр болон Н ХХК-ийн дансанд 4 удаагийн гүйлгээгээр С нэрээр шилжүүлсэн 200,000,000 төгрөгийн хуулгаар нотлогдоно гэх боловч гэрч Э.Бы мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нотлогдоогүй тул шүүх түүний мэдүүлэгт үндэслэн хариуцагч Д.Дыг орон сууцны үнэд 200,000,000 төгрөгийг Н ХХК-д төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, гэрч Э.Б нь хариуцагч Д.Дтай төрөл садны холбоотой тул анх хямдхан байр байна гэдгийг хариуцагчид хэлсэн, Э.Стой хамт амьдарч байх хугацаанд Э.Бы дансыг ашиглаж хүмүүсийн орон сууцны үнэд төлсөн мөнгийг Н ХХК-д шилжүүлж, дансаа ашиглуулж байсан гэж мэдүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Н ХХК-ийн Хаан банкин дахь 2021.01.22-2021.09.13-ны өдрийн хуулгыг нотлох баримтаар гаргуулсан ба баримтаас үзэхэд 200,000,000 төгрөгийг Н ХХК-ийн дансанд шилжүүлж харьцсан 5012...дугаар данс нь гэрчийн мэдүүлэг өгсөн Э.Бы данс гэдгийг гэрч өөрөө мэдүүлж байгаа ба уг баримтаас үзэхэд 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 200,000,000 төгрөг нь Д.Дын төлсөн мөнгө гэж тогтоогдохгүй байна.

Хавтаст хэргийн 59-р хуудсанд авагдсан мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа боловч, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны албан бичиг, зохигчийн тайлбараар Э.С нь Н ХХК-тай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу байр авч бусдад борлуулсан, уг үйл ажиллагааны хүрээнд Н ХХК-ийн дансанд байгаа 451,000,000 төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг Прокурорын тогтоолоор хязгаарласан үйл баримтыг талууд мэтгэлцээний явцад мэдүүлж байгаа ба талууд уг асуудлаар маргахгүй байна.

Харин Н ХХК-ийн дансанд Э.Бы дансаар дамжиж С нэрээр 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 200,000,000 төгрөг нь Д.Дын төлсөн мөнгө мөн эсэх нь маргаантай юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хэрэгт авагдсан дансны хуулга, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд хариуцагч Д.Д нь Э.Сд орон сууцны үнэ 200,000,000 /50,000,000 төгрөгөөр 4 удаа/ төгрөг өгсөн байдлаа нотлож чадахгүй, Д.Д эсхүл түүний хамаарал бүхий этгээдээс бэлнээр болон дансаар дээрх мөнгө шилжүүлсэн баримтгүй, өөр бусад байдлаар 200,000,000 төгрөг гарсан байдлаа нотлож чадахгүй байна.

Үүнийг тодруулбал, Н ХХК, Э.С нарын хооронд Орон сууцны барилга худалдах, худалдан авах тухай Б/90 дугаартай гэрээг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулж, гэрээний хавсралтаар худалдан авах 11 байрны жагсаалт гаргаж, уг жагсаалтад маргаан бүхий ******* орон сууц гэрээнд тусгагджээ. /хх-9-12 тал/

Үүний дараа буюу Н ХХК нь иргэн Э.Сд гэрээ цуцлах мэдэгдлийг 2020.11.11, 2021.01.08-ны өдрүүдэд тус компанийн албан бичгээр мэдэгдэж, мөн *******ыг эзэмшиж байгаа Д.Дт орон сууцыг чөлөөлөх талаар мэдэгдэж байжээ. Дээрх мэдэгдлүүдэд Н ХХК-ийн дансанд Э.Сос мөнгө шилжүүлсэн байдлыг тусгасан боловч Д.Дын худалдан авсан байрны мөнгө орсон гэж шүүх дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн хариуцагч Д.Д нь маргаан бүхий 213 дугаар байрны *******той холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй, Э.Сд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй, уг байртай холбоотой асуудал шалгагдаагүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас шүүхэд ирүүлсэн баримтаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэж байгаа гэх үндэслэлд хамаарахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа шаардаж байгаа ба хариуцагч Д.Дын эзэмшил хууль ёсны дагуу гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Харин орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааны түрээсийн зардалд 6,800,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, хариуцагч орон сууц эзэмших эрхээ Э.Сос орон сууц авахаар тохирч 200,000,000 төгрөг өгснөөр үүссэн гэж тайлбарлаж байгаа ба нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шаардах үндэслэлгүй, тодруулбал, орон сууцыг ашигласан хугацааны түрээсийн зардал бол өгсөн зүйлээ буцаан шаардах агуулгад хамаарахгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 213 дугаар байр, ******* орон сууцыг хариуцагч Д.Дын эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Д.Дт холбогдох хууль бусаар эзэмшсэн хугацааны түрээсийн зардалд 6,800,000 төгрөг гаргуулах тухай Н ХХК-ийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ