Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00246

 

 

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00246

 

НХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/03948 дугаар шийдвэртэй

НХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Д-д холбогдох

орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, хохиролд 6,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Н ХХК нь  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр хууль ёсоор өмчилдөг.

Н ХХК нь Э.С-той 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр орон сууцны барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Э.С гэрээний үнэ төлөх үүргээ биелүүлээгүй, тул манай компани 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлж түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан. Гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авснаа буцаах ёстой.

Уг барилгын 1307 тоот орон сууцыг Ж.Д хууль бусаар эзэмшиж байна. Манай компани Ж.Д тай тус орон сууцыг худалдах болон түрээслэх аливаа гэрээ хэлцэл байгуулж, иргэний эрх зүйн харилцаанд ороогүй ба түүнээс төлбөр мөнгө хүлээн аваагүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу тус орон сууцыг чөлөөлөхийг 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 472, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 19, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 237 дугаар мэдэгдэх хуудсаар удаа дараа мэдэгдэж, шаардлага гаргасан боловч тэрээр тус шаардлагыг биелүүлээгүй. Бидний зүгээс Ж.Д тай удаа дараа уулзаж, утсаар холбогдож байр чөлөөлж өгөх талаар шаардлага тавьсан боловч шалтаг тоочиж, хууль бусаар орон сууцыг эзэмшиж, хууль ёсны өмчлөгч Н ХХК-ийг хохироосон. Тэрээр 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс НХХК-ийн өмчлөлийн орон сууцанд үнэ төлбөргүй амьдарч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу түүний эзэмшилд байсан хугацааны түрээсийн төлбөрийг орон сууцны түрээсийн жишиг үнэлгээгээр тооцож сард 1,700,000 төгрөгийг нийт 4 сарын хугацаанд тооцож 6,800,000 төгрөгийг, энэ хугацааны ашиглалтын зардал 160,000 /сарын 40,000 төгрөг/ төгрөгийг Ж.Д аас тус тус нэхэмжлэх эрхтэй.

Иймд хариуцагч Ж.Д ыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 213 дугаар байрны 1307 тоот орон сууцнаас албадан чөлөөлж, хохиролд 6,960,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ж.Д тус компанийн орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй.

Н ХХК нь иргэн Э.С-той 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр орон сууцны барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Ж.Д нь энэ орон сууцыг Э.С-с худалдан авч, урьдчилгаа төлбөрт 200,000,000 төгрөгийг өгсөн. Э.С нь Ж.Д ын худалдан авсан уг орон сууцны урьдчилгаа төлбөр болох 200,000,000 төгрөгийг Н ХХК-д шилжүүлэн өгсөн.

Н ХХК нь 1307 тоот орон сууцны урьдчилгаа төлбөрийг авсан атлаа орон сууцнаас албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Ж.Д нь худалдан авахаар урьдчилгаа төлбөрөө төлсөн өөрийн орон сууцанд амьдарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 213 дугаар байр, 1307 тоот орон сууцыг хариуцагч Ж.Д ын эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Ж.Д т холбогдох хууль бусаар эзэмшсэн хугацааны түрээсийн зардалд 6,800,000 төгрөг гаргуулах тухай НХХК-ийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

а/  14833.6 м.кв талбайтай Орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр "Н" ХХК, "Ц" ХХК-ууд бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч "Н" ХХК нь  98.6 м.кв талбай бүхий орон сууцыг дангаараа өмчлөх, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш юм. Нэхэмжлэгч "Н" ХХК нь нэхэмжлэл гаргахдаа хамтран өмчлөгч Ц ХХК-аас итгэмжлэл буюу төлөөлөх эрх аваагүй, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан.

б/ "Н" ХХК нь Э.С-той 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнд залилуулсан гэх эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон шалгагдаж байна.

Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний "Н" ХХК-ийн эзэмшлийн 5038086172 тоот дансанд байрших 451,000,000 төгрөгийн буюу мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Хаан банк ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд даалгасан.

Э.С нь Ж.Д ын 200,000,000 төгрөгийг Н" ХХК-ийн данс руу шилжүүлсэн эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байхад уг мөнгийг Ж.Д ын орон сууцны урьдчилгаанд төлсөн мөнгө мөн эсэх нь эргэлзээтэй гэх үндэслэлээр орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр гарсан анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Нэхэмжлэгч "Н" ХХК нь Ж.Д ыг орон сууцны урьдчилгаанд мөнгөө төлсөн байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж орон сууцаа чөлөөлүүлж, эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон хохирсон мэт давхар явж байгааг шүүх анхааран үзсэнгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүх Н ХХК болон Ц ХХК-ууд тухайн орон сууцыг бүхэлд нь өмчилдөг бөгөөд маргаан бүхий 1307 тоот орон сууц нь өмчлөгч нарын хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Н ХХК-д хамааралтай учраас тус компани өөрийн өмчлөлд хамааралтай хэсгийг бусдаас нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд Н ХХК-ийг нэхэмжлэх гаргах эрхгүй буюу итгэмжлэл авсны үндсэн дээр нэхэмжлэл гаргах ёстой байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй асуудалд Ж.Д хамааралгүй атлаа хамааралтай гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ж.Д-д холбогдуулан 1307 тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, хохиролд 6,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

1. Н ХХК, Ц ХХК-ууд нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 133122 Хүннүгийн гудамж, 213 тоот хаягт байршилтай 14,833.6 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд Н ХХК, Ц ХХК-ууд нь уг үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар дундаа хамтран өмчилдөг гэж дүгнэхээр байх боловч Ц болон Н ХХК-ууд хооронд 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан хэлцлээр хамтран ажиллах гэрээний үр дүн болох 213 дугаар барилгын орон сууцнуудыг хэсгээр өмчлөхөөр харилцан тохиролцсон байна. Уг хэлцлээр 31 ширхэг орон сууцыг Ц ХХК-ийн өмчлөлд, үлдэх орон сууцыг НХХК-ийн өмчлөлд тус тус үлдээхээр шийдвэрлэж, хэлцлийн хавсралт 1-д Ц ХХК-ийн өмчлөлд тодорхойлон шилжүүлсэн орон сууцанд 1307 тоот орон сууц ороогүй тул Н ХХК-ийг уг орон сууцны өмчлөгч гэж үзнэ. Энэ баримтыг хариуцагч баримтаар няцаагаагүй болно.

 

Түүнчлэн, дундын эд хөрөнгийн өмчлөх эрхийг өмчлөгчид тодорхойлон зааглаагүй байсан ч хамтран өмчлөгчийн аль нэг нь өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардахад энэ байдал саад болохгүй. Иймд нэхэмжлэгч Н ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. /4а/

 

2. Хариуцагч Ж.Д нь татгалзлаа Э.С-той байгуулсан худалдах-худалдан авах гэрээ үндсэн дээр тус орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа, гэрээний үнэ 200,000,000 төгрөг Н ХХК-д төлсөн гэжээ.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь иргэн Э.С-той 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр 213 дугаар барилгын 944 м.кв талбай бүхий 11 ширхэг орон сууцыг 2,548,800,000 төгрөгөөр Э.С д худалдах, Э.С гэрээний үнийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч Э.С нь Ж.Д-д гэрээний үндсэн дээр маргаан бүхий 1307 тоот орон сууцыг шилжүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, тэдний хооронд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцэл бичгээр хийгдээгүй байна.

 

Түүнчлэн, Ж.Д 200,000,000 төгрөгийг Н ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй. Учир нь НХХК-ийн, Хаан банк ХХК дахь 5038086172 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар Э.Б-ны эзэмшлийн 5012067499 тоот данснаас 4 удаагийн гүйлгээгээр нийт 200,000,000 төгрөгийн орлого орсон боловч уг гүйлгээний утга дээр Солонго гэж тодорхойлсон байдлыг Ж.Д ын худалдан авсан орон сууцны үнийг төлсөн гэж үзэхгүй. /хэргийн 49 дэх тал/

 

Гэрч Э.Б ...хариуцагч Ж.Д тай төрөл, садангийн холбоотой тул анх хямдхан байр байна гэдгийг түүнд хэлсэн, 5012067499 тоот данс нь миний данс, тухайн үед Э.С миний дансыг ашиглаж байсан ба Ж.Д аас 2 удаагийн гүйлгээгээр 200,000,000 төгрөг ирснийг НХХК-ийн данс руу шилжүүлсэн гэх агуулга бүхий мэдүүлэг шүүхэд өгсөн боловч түүний эхнэр Э.С д эрүүгийн хэрэг үүсгэсэн нөхцөл байдлыг харгалзан үзвэл гэрчийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэхээргүй байна. /хэргийн 71-72 дахь тал/

 

3. Мөн Н ХХК-аас Э.С д 2020 оны 11 дүгээр сарын 11, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд гэрээ цуцлах тухай мэдэгдлийг тус тус хүргүүлж гэрээнээс татгалзсан гэх бичгийн баримтыг хариуцагч няцаагаагүй тул нэхэмжлэгчийн Э.С-той байгуулсан гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 5012067499 тоот данснаас 4 удаагийн гүйлгээгээр нийт 200,000,000 төгрөг шилжиж ирснийг маргаан бүхий орон сууцны үнэд төлөөгүй гэж маргасан тохиолдолд хариуцагч нь өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.

 

4. Хариуцагч Ж.Д нь Э.С-с хууль буюу гэрээний үндсэн дээр орон сууцыг шилжүүлэн авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул 1307 тоот орон сууцыг эзэмшиж байгаа байдлыг хуулийн дагуу гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Ж.Д ын хууль бус эзэмшлээс 1307 тоот орон сууцыг чөлөөлж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Мөн анхан шатны шүүх орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласнаас учирсан хохиролд 6,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий орон сууцны урьдчилгаанд өгсөн гэх 200,000,000 төгрөгтэй холбоотой асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа болон уг ажиллагаанд Н ХХК иргэний нэхэмжлэгчээр оролцсон, эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй тул иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх учиргүй гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй болжээ. Учир нь Н ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг үгүйсгэхгүй буюу хэргийг эрүүгийн хэргийн дараа шийдвэрлүүлэх үндэслэл болохгүй. /4б/

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/03948 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ