Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2019/00835

 

 

 

 

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2019/00835

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Мбаяр, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Б-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 8,695,394 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, иргэдийн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М даатгал ХК нь тээврийн хэрэгслийн гэрээт даатгуулагч Хууль зүй дотоод хэргийн яамны 0376 УБЛ улсын дугаартай Ниссан Тиана маркын автомашиныг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүрэг, Өргөө кино театрын хойд замд Х.Б нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад 6091 УНГ улсын дугаартай Хонда Лого маркийн автомашины жолооч Г.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.3 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас даатгуулагчид 8,695,394 төгрөгийн хохирол учирсныг М даатгал ХК нөхөн төлбөрт олгосон тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухайн хуулийн 8.7, даатгалын гэрээний 8.5 дах хэсэгт тус тус зааснаар Г.Бэс гэм хорын хохирол 8,695,394 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хуралдаан осол хэний буруугаас гарсныг шүүн хэлэлцэх хурал биш, ослын актыг М даатгал ХХК тавихгүй. Осол гарсан газарт 2 талын даатгалын байгууллага очсон. Уг хэрэгт хариуцагчийн даатгуулагч Ард даатгал ХХК-иас 5 сая төгрөгийн нөхөн төлбөрт төлсөн. Манай талаас 3 сая төгрөгийг уг машины засварт мөн 5,695,318 төгрөгийг Хууль зүй дотоод хэргийн яам руу шилжүүлж хохирлыг барагдуулсан. Даатгалын үйл ажиллагаа гэрээгээр хийгддэг. Даатгалын гэрээнд даатгуулагчтай мөнгөн хэлбэрээр болон тодорхой сэлбэг хэрэгслээр төлбөрийг барагдуулахаар тохиролцож 8,695,394 төгрөгийн хохирлыг манай тал барагдуулсан. Мөнгөн шилжүүлгийн баримт дээр тодорхой харагдаж байгаа. Үнэлгээн дээр хариуцагч тал маргаагүй, ослын акт эрүүгийн хэрэг үүсгэх үед тавигддаг. Г.Б өөрөө даатгалаа дуудаж Ард даатгал ХХК түүний буруутайг зөвшөөрч 5 сая төгрөг жолоочийн хариуцлагын даатгалын төлбөрт төлсөн байна. Хариуцагч тал ослын акт гараагүй гэсэн үндэслэлээр татгалзаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М даатгал ХХК нь иргэн Г.Бд холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Уг автомашиныг Г.Б нь жолоодож явах үедээ осол гаргасан нь үнэн боловч ослын газрын акт хэрэгт авагдаагүй. Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын 2015 оны А/190 тушаалаар батлагдсан Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын 4.5-т зааснаар акт тавих эсвэл ослыг цаашид материалжуулж шалгах шаардлагатай эсэхийг шийдвэрлэх эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл М даатгал ХХК энэ үүргээ биелүүлээгүй. Гэм буруутай гэдгийг тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл байхгүй байна. Цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор гэм буруутай гэж үзээд байна. Иргэний хуулийн 443.7-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй ч гэм бурууг тогтоох шаардлагатай. Хариуцагчийн гэм бурууг тогтоосон гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М даатгал ХК нь хариуцагч Г.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 8,695,394 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Даатгалын гэрээний 8.5-д зааснаар Буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэсний дагуу шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлжээ.

 

Хариуцагч Г.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг осол гарсан талаар зам тээврийн ослын акт үйлдээгүй, зөрчлийг материалжуулан шалгаагүй нь Хууль зүйн сайдын 2015 оны А/190 тушаалаар батлагдсан Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын 4.5-д заасныг зөрчсөн, гэм буруутай нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Баянгол дүүргийн нутаг Өргөө кино театрын хойд замд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Г.Б жолоочтой Хонда Лого маркийн 6091 УНГ улсын дугаартай автомашин, Х.Б жолоочтой Ниссан Тина маркийн 0376 УБЛ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалган, уг осолд жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.3 дахь заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтуудыг үндэслэн хялбаршуулсан журмаар шалган зөрчил үйлдсэн Г.Бд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасныг баримтлан 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, Х.Бгийн жолоодож явсан Ниссан Тина маркийн 0376 УБЛ улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг Ард даатгал ХХК барагдуулахтай холбоотойгоор даатгалын тодорхойлолт цагдаагийн байгууллага бичиж баталгаажуулан өгсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн зөрчлийн талаарх Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн газрын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14-2к/88 албан бичиг, Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаагийн хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 4180 бүртгэлийн дугаартай тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Дээрх ослын улмаас жолооч Х.Бгийн жолоодож явсан Хууль зүй дотоод хэргийн яамны 0376 УБЛ улсын дугаартай Ниссан Тина маркийн автомашинд 19,710,974 төгрөгийн хохирол учирсан болох нь Голд стандарт Эстимейт ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

Хариуцагч тал гэм буруугийн талаар маргаж байгаа боловч Ард даатгал ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг Хууль зүй дотоод хэргийн яаманд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх-12 тал/

Эдгээр үйл баримтаас үзэхэд хариуцагч Г.Бат-Эрдэнийн буруугаас зам тээврийн осол гарсан, түүний гаргасан зөрчилд нь торгуулийн арга хэмжээ авагдсан шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй, Ард даатгал ХХК-иас өөрийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохиролд нөхөн төлбөр төлүүлсэн нөхцөл байдлууд нь хариуцагчийн татгалзлын үндэслэлийг үгүйсгэж байна.

 

Нэхэмжлэгч тал Хууль зүй дотоод хэргийн яаманд даатгалын нөхөн төлбөрт 8,695,394 төгрөгийг төлж, энэ хэмжээгээр шаардах эрх даатгагчид шилжсэн, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8.6-д даатгалын эрсдлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгагчийн сонголтоор гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих хэлбэрээр нөхөн төлнө гэж заасан тул сэлбэг худалддаг н.Ганзориг гэх иргэнд 3,000,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг мөнгөн шилжүүлгийн баримтаас үзэхэд үнэлгээгээр тогтоогдсон ямар эд ангийг засварлахад, ямар төрлийн сэлбэг худалдан авсан гэдэг нь тогтоогдохгүй, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг даатгуулагч Хууль зүй дотоод хэргийн яаманд өгсөн баримт байхгүй тул 3,000,000 төгрөгийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасан даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, М даатгал ХХК, Хууль зүй дотоод хэргийн яамны хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.5-д зааснаар 5,695,394.18 төгрөгийн хэмжээнд шаардах эрх шилжсэн гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар ...бусдын эд хөрөнгөнд ...болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан ариглах үүрэгтэй, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй тул хариуцагч Г.Бэс гэм хорын хохиролд 5,695,394.18 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М даатгал ХК-д олгож, нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар хариуцагч Г.Бэс 5,695,394.18 /таван сая зургаан зуун ерэн таван мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг арван найман мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М даатгал ХК-д олгож, нэхэмжлэлээс 3,000,000 /гурван сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 106,076 /нэг зуун зургаан мянга далан зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

ШҮҮГЧИД Б.МБАЯР

 

 

Т.ЭНХЖАРГАЛ