Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00334

 

“М” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00835 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 865 дугаар магадлалтай,

“М” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Бэд холбогдох,

Гэм хорын хохиролд 8 695 394 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХК нь тээврийн хэрэгслийн гэрээт даатгуулагч Хууль зүй дотоод хэргийн яамны 0376 УБЛ улсын дугаартай Ниссан Тиана маркийн автомашиныг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүрэг, Өргөө кино театрын хойд замд Х.Батцэрэн нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад 6091 УНГ улсын дугаартай Хонда Лого маркийн автомашины жолооч Г.Бэ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.3 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас даатгуулагчид 8 695 394 төгрөгийн хохирол учирсныг “М” ХК нөхөн төлбөрт олгосон тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухайн хуулийн 8.7, даатгалын гэрээний 8.5 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Бээс гэм хорын хохирол 8 695 394 төгрөгийг нэхэмжилж байна.

Энэ хуралдаан осол хэний буруугаас гарсныг шүүн хэлэлцэх хурал биш, ослын актыг “М” ХК тавихгүй. Осол гарсан газарт 2 талын даатгалын байгууллага очсон. Уг хэрэгт хариуцагчийн даатгуулагч “Ард даатгал” ХХК-иас 5 сая төгрөгийн нөхөн төлбөрт төлсөн. Манай талаас 3 сая төгрөгийг уг машины засварт мөн 5 695 318 төгрөгийг Хууль зүй дотоод хэргийн яам руу шилжүүлж хохирлыг барагдуулсан. Даатгалын үйл ажиллагаа гэрээгээр хийгддэг. Даатгалын гэрээнд даатгуулагчтай мөнгөн хэлбэрээр болон тодорхой сэлбэг хэрэгслээр төлбөрийг барагдуулахаар тохиролцож 8 695 394 төгрөгийн хохирлыг манай тал барагдуулсан. Мөнгөн шилжүүлгийн баримт дээр тодорхой харагдаж байгаа.

Үнэлгээн дээр хариуцагч тал маргаагүй, ослын акт эрүүгийн хэрэг үүсгэх үед тавигддаг. Г.Бэ өөрөө даатгалаа дуудаж “Ард даатгал” ХХК түүний буруутайг зөвшөөрч 5 сая төгрөг жолоочийн хариуцлагын даатгалын төлбөрт төлсөн байна. Хариуцагч тал ослын акт гараагүй гэсэн үндэслэлээр татгалзаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХК нь иргэн Г.Бэд холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Уг автомашиныг Г.Бэ нь жолоодож явах үедээ осол гаргасан нь үнэн боловч ослын газрын акт хэрэгт авагдаагүй. Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын 2015 оны А/190 тушаалаар батлагдсан Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын 4.5-т зааснаар акт тавих эсвэл ослыг цаашид материалжуулж шалгах шаардлагатай эсэхийг шийдвэрлэх эрхтэй гэж заасан байдаг.

Гэтэл “М” ХК энэ үүргээ биелүүлээгүй. Гэм буруутай гэдгийг тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл байхгүй байна. Цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор гэм буруутай гэж үзээд байна. Иргэний хуулийн 443.7-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй ч гэм бурууг тогтоох шаардлагатай. Хариуцагчийн гэм бурууг тогтоосон гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00835 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар хариуцагч Г.Бээс 5 695 394.18 /таван сая зургаан зуун ерэн таван мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг арван найман мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХК-д олгож, нэхэмжлэлээс 3 000 000 /гурван сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 106 076 /нэг зуун зургаан мянга далан зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.            

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 865 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 101/ШШ2019/00835 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

“М” ХК-ний гэрээт даатгуулагч Хууль зүй дотоод хэргийн яамны 0376 УБЛ улсын дугаартай Ниссан Тиана маркийн авто машиныг 2017.09.01-ний өдөр Баянгол дүүрэг, Өргөө кино театрын хойд замд явж байхад нь 6091 УНЕ улсын дугаартай Хонда лого маркийн авто машины жолооч Г.Бэ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.3 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан бөгөөд уг ослын улмаас даатгуулагчид 8 695 394 төгрөгийн хохирол учирсан юм. ”М” ХК хохирогчид нөхөн төлсөн гэм хорын хохиролд 8 695 394 төгрөгийг Г.Бээс гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, “М” ХК, Хууль зүй дотоод хэргийн яамны хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.5-д зааснаар 5 695 394.18 төгрөгийн хэмжээнд шаардах эрх шилжсэн гэж үзлээ гээд нэхэмжлэгч тал сэлбэг худалддаг Н.Ганзориг гэх иргэнд 3 000 000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг мөнгөн шилжүүлгийн баримтаас үзэхэд үнэлгээгээр тогтоогдсон ямар эд ангийг засварлахад, ямар төрлийн сэлбэг худалдан авсан гэдэг нь тогтоогдохгүй, 3 000 000 төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг даатгуулагч Хууль зүй дотоод хэргийн яаманд өгсөн баримт байхгүй тул 3 000 000 төгрөгийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасан даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон юм.

Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8.6-д даатгалын эрсдэлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгагчийн сонголтоор гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих хэлбэрээр нөхөн төлнө гэж заасан байдаг. Энэ дагуу манай даатгуулагч Хууль зүй дотоод хэргийн яамны 03-76 УБЛ дугаартай машиныг засах, сэлбэгэнд зориулж сэлбэг худалдаалдаг Н.Ганзориг руу 3 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд мөнгө шилжүүлгийн баримт дээр даатгуулагчийн машины дугаарыг тодорхой бичсэн, төлбөрийн зориулалтаа тодорхой бичсэн, даатгуулагч маань сэлбэгээ авч, машинаа засуулснаар уг машины эвдрэлд төлөх төлбөрийн асуудлаар ямар нэг гомдол гараагүй, мөн шилжүүлгийн баримт хууль ёсны байхад анхан шатны шүүх 3 сая төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг даатгуулагч Хууль зүй дотоод хэргийн яаманд өгсөн баримт байхгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдлоор хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай ажиллагааны улмаас гэрээт даатгуулагч Хууль зүй дотоод хэргийн яамны авто машинд 2017.09.01-ний өдөр 8 695 394 төгрөгийн хохирол учирч, даатгалын тохиолдол бий болж, нөхөн төлбөр төлснийг хариуцагчаас гаргуулахаар” тодорхойлжээ.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх, даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжихээр байна. Нөхөн төлбөрийг гаргуулахын тулд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гэм буруутай байх ёстой юм. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Хариуцагч гэм буруугийн асуудлыг эргэлзээгүй тогтоолгох үүднээс ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон акт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг зөрчлийг хянан баталгаажуулсан баримтуудыг эрх бүхий байгууллагаас гаргуулахаар шаардсаныг буруутгах боломжгүй юм гэж заасан.

Ийм байдлаар Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээ нотлох үүрэгтэй юм гэсэн үндэслэл зааж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь Баянгол дүүргийн нутаг Өргөө кино театрын хойд замд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Г.Бэ жолоочтой Хонда Лого маркийн 6091 УНГ улсын дугаартай автомашин, Х.Батцэрэн жолоочтой Ниссан Тиана маркийн 03-76 УБЛ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалган, уг осолд жолооч Г.Бэ нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 7.3 дахь заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтуудыг үндэслэн хялбаршуулсан журмаар шалган зөрчил үйлдсэн Г.Бат- Эрдэнэд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасныг баримтлан 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, Х.Батцэрэнгийн жолоодож явсан Ниссан Тиана маркийн 0376 УБЛ улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг “Ард даатгал” ХХК-д барагдуулахтай холбоотойгоор даатгалын          тодорхойлолт цагдаагийн байгууллага бичиж баталгаажуулан өгсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн зөрчлийн талаарх Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн газрын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14-2к/88 албан бичиг, Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаагийн хэлтсийн 2017 оны 09 сарын 18-ны өдрийн 4180 бүртгэлийн дугаартай тодорхойлолт зэрэг баримтаар хангалттай тогтоогдсон.

Дээрх ослын улмаас жолооч Х.Батцэрэнгийн жолоодож явсан Хууль зүй дотоод хэргийн яамны 0376 УБЛ улсын дугаартай Ниссан Тиана маркийн автомашинд 19 710 974 төгрөгийн хохирол учирсан болох нь “Голд стандарт Эстимейт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар мөн тогтоогдсон. “Ард даатгал” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөгийн нөхөн төлбөрийг Хууль зүй дотоод хэргийн яаманд шилжүүлсэн баримт мөн хэрэгт авагдсан байгаа болно. Эдгээр баримтаас хариуцагч Г.Бийн буруугаас зам тээврийн осол гарсан, түүний гаргасан зөрчилд нь торгуулийн арга хэмжээ авагдсан, уг шийдвэрийг эс зөвшөөрч Г.Бэ ямар нэг гомдол гаргаагүйгээс гадна “Ард даатгал” ХХК-иас өөрийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохиролд нөхөн төлбөр төлүүлсэн зэрэг нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээх бүрэн үндэстэйг баталж байна.

“М” ХК нь Хууль зүй дотоод хэргийн яаманд даатгалын нөхөн төлбөрт 8 695 394 төгрөгийг төлж, энэ хэмжээгээр шаардах эрх даатгагчид шилжсэн, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8.6-д даатгалын эрсдэлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгагчийн сонголтоор гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих хэлбэрээр нөхөн төлнө гэж заасан ба 3 000 000 төгрөгийг сэлбэг худалддаг н.Ганзориг гэх иргэнд шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогддог юм.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 865 тоот магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.20-ны өдрийн 101/ШШ2019/00835 тоот шийдвэрт Г.Бээс “М” ХК-ийн нэхэмжилсэн гэм хорын хохирлын 3 000 000 төгрөгийг төлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

“М” ХК нь хариуцагч Г.Бэд холбогдуулан гэм хорын хохиролд 8 695 394 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хариуцагчийн гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 5 695 394.18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд гомдолдоо: “...хариуцагч нь зөрчил гаргасан, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн талаар Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэгдсэн тухай холбогдох баримт хэрэгт хангалттай авагдсан байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн, анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо: “...хэрэгт зам тээврийн ослын акт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл авагдаагүй, хэргийн 88-89 дүгээр талд авагдсан баримт уншигдах боломжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа нь нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн, хэрэгт хууль зүйн дүгнэлт хийхэд шаардлагатай баримтыг тодруулах, тогтоох шаардлагатай...” гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7. дахь заалтыг үндэслэл болгожээ.

Хэргийн 85 дугаар талд авагдсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ц.Ариунболдын 2019.02.28-ны өдрийн 14-2к/88 дугаартай Баянзүрх дүүргийн шүүхэд хүргүүлсэн тайлбар, баримт хүргүүлэх тухай албан тоотод “...2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн нутаг, Өргөө кино театрын хойд замд гарсан зам тээврийн ослыг шалгахад жолооч Г.Бэ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.3. дахь заалтыг зөрчин осол гаргасан байх тул Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6. дугаар зүйлийн 1.1., 1.2., дахь заалтуудыг үндэслэн ...Зөрчлийн тухай хуулийн 14.7. дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасныг баримтлан 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон...” талаар тайлбар бичиж, холбогдох баримт болох Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл, Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, Гомдол, мэдээлэл, захиргааны зөрчлийг материалжуулалгүй газар дээр нь шийдвэрлэсэн бүртгэлийн холбогдох хэсгийг тус тус хавсаргасан байна.

Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6. дугаар зүйлийн 1.1.-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; 1.2.-т зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр зохицуулжээ.

Г.Бийн гаргасан зөрчлийг дээр дурдсан үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, зөрчил гаргагч шийдвэрийг хүлээн зөвшөөрч торгуулийг төлсөн болох нь зөрчлийн хэргийн шийдвэрлэлтэд бүртгэгдсэн байгаагаас үзэхэд зөрчил гаргагч гэм буруугийн талаар маргаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Цагдаагийн байгууллага хэрэгт холбогдолтой өөрт байгаа материалыг ирүүлсэн байхад нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Түүнчлэн хэргийн 88, 89 дүгээр талд Гомдол, мэдээлэл, захиргааны зөрчлийг материалжуулалгүй, газар дээр нь шийдвэрлэсэн бүртгэлийн маргаантай холбоотой ослын талаарх бүртгэл авагдсан байх бөгөөд тус бүртгэлийн тухайн хэрэгт холбогдох, шаардлагатай мэдээлэл нотлох баримтын шаардлагад нийцсэн, уншигдах боломжтой  байх тул дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн  магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7. дахь заалтад нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.   

Даатгалын тухай хуулийн 8.7.-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7.-д даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж, 497 дугаар зүйлийн 497.1.-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

Хуулийн дээрх заалтыг үндэслэн “М” ХК буруутай этгээдээс даатгуулагчид төлсөн зардлыг нэхэмжлэх эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүрэг, Өргөө кинотеатрын хойд замд Хууль зүй дотоод хэргийн яамны өмчлөлийн 0376УБЛ улсын дугаартай Ниссан Тиана маркийн автомашиныг Х.Батцэрэн жолоодож явахад нь 6091 УБЕ дугаартай Хонда Лого автомашиныг жолоодож явсан Г.Бэ Замын хөдөлгөөний дүрмийн 7.3. дахь заалтыг зөрчснөөс зам тээврийн осол гаргаж, ослын улмаас Хууль зүй дотоод хэргийн яамны өмчлөлийн авто машинд 19 710 974 төгрөгийн хохирол учирсан, Г.Бэд зөрчлийн тухай хуулийн 14.7. дугар зүйлийн 51.-д зааснаар 100  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулсан, “М” ХК-иас 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 0376 УБЛ автомашины нөхөн төлбөрт Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн банкны дансанд 5 695 394.18 төгрөгийг, иргэн Ганзоригт 3 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Осолд өртсөн Хууль зүй дотоод хэргийн яамны 0376 УБЛ дугаартай авто машин Хууль зүй дотоод хэргийн яам, “М” ХК хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгалын зүйл болох нь хэрэгт авагдсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр нотлогдсон, гэрээний 8.5.-д “буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасныг үндэслэн “М” ХК нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, хариуцагчийн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзсэний үндсэн дээр хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчээс даатгуулагчийн нөхөн төлбөрт төлсөн төлбөрийн хэмжээгээр шаардах эрхийг тодорхойлж, “М” ХК-иас Хууль зүйн яаманд төлсөн 5 695 394 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хууль, Даатгалын тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.    

Нэхэмжлэгч нь даатгуулагчийн хүсэлтээр Ганзоригт 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул нөхөн төлбөрт хамаарна гэж тайлбарлах боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбарыг өөрөө нотлох, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, хэрэгт мөнгө шилжүүлснээс өөрөөр нэхэмжлэгчийн тайлбарыг нотолсон баримтгүй тул шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. , 116 дугаар зүйлийн 116.3.-т заасан журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр 3 000 000 төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 865 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00835 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154 070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД