Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2019/03391

 

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2019/03391

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ХХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: В ХХК,

 

Хариуцагч: О ХХК-д холбогдох,

 

В ХХК-иас 95,000,000 төгрөг, О ХХК-иас 39,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т ХХК нь дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмж нийлүүлэх суурилуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Манай компани нь хариуцагч В ХХК-ийн барьсан барилгуудад дулааны шугам сүлжээ нийлүүлж суурилуулах, дулааны тоног төхөөрөмж нийлүүлэх суурилуулах чиглэлээр олон жил хамтран ажилласан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хийж гүйцэтгэсэн ажлууд болон түүний төлбөрийн үлдэгдлүүдийг жагсаавал:

1. Т ХХК болон В ХХК-ууд нь анх 2012 оны 08 сарын 03-ны өдөр В ХХК-ийн 288 айлын орон сууцны барилгын гадна дулааны шугамын угсралтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний ажлын хөлс нь 85,000,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд энэ ажлын үлдэгдэл хөлс 30,000,000 төгрөг байсан. Энэхүү үлдэгдэл төлбөрийг бартерт тооцож хариуцагч В ХХК-ийн барьж буй Баянзүрх дүүргийн 28-р хороо, Дүнжингарав-2 хотхонд 5-р давхар 13 тоот 89,98 м.кв-д орон сууцыг, авто зогсоолын хамт 161,968,000 төгрөгийн 30,000,000 төгрөгийг бартерт тооцож, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож 2012 оны 11 сарын 09-ний өдрийн 2-13 тоот Захиалгын гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийн ажлын хөлсний үлдэгдэл байгааг баталгаажуулсан болно. 2012.11.09-ний өдрийн 2-13 тоот Захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгч нь үлдэгдэл 131,968,000 төгрөгөө төлсөн боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг аваагүй бөгөөд 2014.08.18 өдөр өөр орон сууцаар солих тухай Орон сууц захиалсан түр гэрээ-г байгуулсан байдаг.

2. Т ХХК болон В ХХК-ууд нь 2013 оны 08 сарын 12-ны өдөр Зайсан толгойн амны В ХХК-ийн таунхаус хотхоны барилгын 2-р контурын гадна дулаан, халуун ус, эргэлт, цэвэр усны шугамын угсралтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ"-г байгуулсан. Уг ажлын нийт хөлс 60,000,000 төгрөг байсан бөгөөд ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн. Уг ажлын үлдэгдэл төлбөр нь 15,000,000 төгрөг байгаа бөгөөд уг төлбөрийг талууд гэрээний 5.10-д заасан 3 жилийн баталгаат хугацаа дууссаны дараа өгнө гэж харилцан тохиролцож байсан болно.

3. "Т" ХХК болон В" ХХК-ууд нь 2013 оны 10 сарын 01-ний өдөр Зайсан толгойн амны В ХХК-ийн таунхаус хотхоны барилгын халаалтын зуухны угсралт, хүйтэн усны зангилааны шугамын угсралтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ-г байгуулсан. Уг ажлын нийт хөлс 36,000,000 төгрөг байсан бөгөөд ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн.

4. Т ХХК болон В ХХК-ууд болон хариуцагч О ХХК-ууд нь 2014 оны 08 сарын 05-ны өдөр №011408-03 дугаартай Халаалтын зуух, хэрэглээний халуун усны ялтсан бойлер, хүйтэн усны зангилааны угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээний ажлын хөлс нь 95,500,000 төгрөг бөгөөд төлбөр төлөх нөхцөл нь 39,500,000 төгрөгийг Т ХХК болон В ХХК-уудын хооронд байгуулагдсан 2012.11.09-ний өдрийн 2-13 тоот гэрээний орон сууцны төлбөрт тооцох, О ХХК нь 46,000,000 төгрөг төлөх, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг Визард ХХК хариуцаж төлөхөөр тохиролцсон бөгөөд уг ажлыг 2014 оны 11 сарын 03-ны өдөр хариуцагч В ХХК, О ХХК-уудад хүлээлгэн өгсөн байдаг. Энэ ажлын баталгаат хугацаа нь 2 жил байсан ба уг ажлын үлдэгдэл хөлс нь 39,500,000 төгрөг байгаа болно.

Мөн дээр дурдсан Баянзүрх дүүргийн 28-р хороо, Дүнжингарав-2 хотхонд 5-р давхар 13 тоот 89,98 м.квад орон сууцыг, авто зогсоолын хамт 161,968,000 төгрөгийн 30,000,000 төгрөгийг бартерт тооцож, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон 2012 оны 11 сарын 09-ний өдрийн 2-13 тоот Захиалгын гэрээний дагуу хариуцагч В ХХК нь орон сууцаа өгнө гэж итгэн миний бие нь тухайн орон сууцыг иргэн Т.Мөнхбаяр гэдэг хүн худалдахаар тохиролцож Эрх шилжүүлэх гэрээ байгуулсан боловч хариуцагч В ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2014 оны 08 сарын 18-ны өдөр дээрх 2012 оны 11 сарын 09-ний өдрийн 2-13 тоот Захиалгын гэрээнд заасан орон сууцыг өөр компанийн өөр орон сууцаар солих тухай Орон сууц захиалсан түр гэрээ-г Монголиан энд Глобал Лоёорс ХХК, В ХХК болон манай компанийн гүйцэтгэх захирал Э.Ж нар гурвалсан гэрээ байгуулж байсан боловч гэрээний үүрэг биелэгдээгүй байгаа болно.

Иймд хариуцагч В ХХК-иас 95,000,000 /ерэн таван сая/ төгрөг, хариуцагч О ХХК-аас 39,500,000 /гучин есөн сая таван зуун мянга/ төгрөг нийт 134,500,000 /нэг зуун гучин дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж манай компанид олгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019.08.16-ны өдрийн ТХХК нь БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбар гаргаж байна. ОХХК болон В ХХК нар нь хамтарч 2014онд ХУД-ийн нутаг дэвсгэрт амины орон сууцны хотхон барьсан. Уг хотхоны халаалт, халуун усны шийдлийг уурын зуухаар хангахын тулд Т ХХК-тай О ХХК 2014.08.05 өдөр №011408-03 дугаартай Халаалтын зуух, хэрэглээний халуун усны ялтсан бойлер, хүйтэн усны зангилааны угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Уг гэрээний 2-р нүүрт байх Гэрээний тусгай нөхцөл-н 16-д Төлбөр тооцоо гэсэн хүснэгтэд Гэрээний дүнгээс 39,500,000 төгрөгийг (Т ХХК-ийн ОХХК-с нэхэмжилж буй) гүйцэтгэгчийн ВХХК-с худалдан авсан 2012 оны 11-р сарын 09-ний өдрийн 2-13тоот гэрээний БЗД, 28-р хороо, Sunrise төслийн 1-р ээлж, 05 тоот орон сууцны төлбөрт тооцож, 46,000,000 төгрөгийг захиалагч хариуцан дараах байдлаар төлбөр төлнө. Үлдэгдэл 10,000,000 төгрөгийг В ХХК хариуцна гэж заан уг хуудасны баруун доод талд Т ХХК-ийн захирал Э.Ж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Уг гэрээний дагуу О ХХК нь гэрээний үүргээ гэрээнд заагдсаны дагуу биелүүлж өөрт ноогдсон төлбөр тооцоог бүрэн төлсөн. Үүнд:

2014.09.04-4,000,000 төгрөгийг, 2014.09.19-4,000,000 төгрөгийг, 2014.10.10-7,000,000 төгрөгийг , 2014.10.25-5,000,000 төгрөгийг, 2015.01.31 -8,000,000 төгрөгийг , 2015.12.03-2,000,000 төгрөгийг тус тус төлсөн.

Харин Т ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд ажил гүйцэтгэх хугацаа хойшлуулсан, чанарын шаардлага хангасан уурын зуух нийлүүлээгүй. Уг уурын зуух нь ашиглалтад ороод 2 сар хүрэлгүй эвдэрч, 2014 оны 12 сард бүрэн зогсолт хийсэн, энэ тухай Т ХХК-ийн захирал Э.Жд мэдэгдэж, уурын зуухан дээр дуудан ирүүлж үзүүлсэн боловч янз бүрийн шалтаг хэлэн анхаарч үзээгүй. Тэгэхлээр нь тухайн үед манай хотхоныг хариуцаж байсан н.Пүрэвсүрэн гэдэг хүн уурын зуух мэддэг өөр хүмүүс авчирч засуулсан. Уурын зуух зассан хүмүүс хэлэхдээ Энэ уурын зуух ер нь л муу, хүчин чадал багатай юм байна. Танай хотхоныг халааж дийлэхгүй, одоохондоо танай хотхон гүйцэд айлууд чинь ороогүй юм байна. Айлууд чинь бүгд орох юм бол энэ зуух халааж дийлэхгүй гэсэн. Энэ тухай Т ХХК-ийн захирал Э.Жд хэлэхэд Худлаа ярьж байгаа юм хүчин чадал ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Гэтэл 2015-2016 оны өвөл уурын зуухны хүчин чадал хүрээгүй ачааллаа дийлэхгүйн улмаас удаа дараа эвдэрч халаалт доголдсон тул хотхоны оршин суугчид маш ихээр гомдол гаргах болсон бөгөөд манай компани аргагүйн эрхэнд дахин нэг уурын зуух ОХУ-аас 748,000 RUB /Долоон зуун дөчин найман мянган рубль/ буюу 40 орчим сая төгрөгөөр худалдан авч, Т ХХК-ийн нийлүүлсэн зуухтай хамт ажиллуулан 2017-2018 оны өвлийн эд хүйтнийг өнгөрөөсөн. Гэтэл 2018оны 3-р сард ТХХК-ийн нийлүүлсэн зуух дахин засвар авах боломжгүй эвдэрч актлагдсан.

Тухайн нөхцөл байдалд манай компани дүгнэлт хийн 2018-2019 оны өвлийн улирлын халаалтыг цахилгаанаар шийдэхээр болж хотхоны бүх айлуудад /63 айл/ халаалтын цахилгаан зуух, хотхондоо цахилгааны 800кВа-ын хүчин чадал бүхий КТПН, мөн хотхоны бүх айлуудын цахилгааны шугам, монтаж, сантехникийн угсралт зэргийг шинээр хийж, нийт 300,000,000 төгрөг /Гурван зуун сая төгрөг/-н зардал дахин гаргасан.

Энэ байдлаас дүгнэхэд: Гэрээний дагуу О ХХК нь гэрээний үүргээ гэрээнд заагдсаны дагуу биелүүлж, өөрт ноогдсон төлбөр тооцоог бүрэн төлсөн. Харин Т ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд ажил гүйцэтгэсэн хугацаа хойшилсон, мөн бидний уурын зуухны талаарх мэдлэг мэдээлэл мууг далимдуулан чанарын шаардлага хангасан уурын зуух нийлүүлээгүй. Уг нь өөр бусад газар ажиллаж байгаа уурын зуухнууд дор хаяж 10-15 жил ажилладаг юм байна. Харин Т ХХК-ийн нийлүүлсэн уурын зуух 1 жил ажиллахгүй эвдэрч, үлгэн салган 3 жил ажиллаад бүрэн эвдэрч ашиглах боломжгүй болсон.

Иймд Т ХХК-ийн БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин О ХХК нь Т ХХК-тай хамтарч ажилласнаар хохирсон гэв.

 

Хариуцагч В ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

В ХХК нь Т ХХК-тай 2012 оноос хойш хэд хэдэн барилга байгууламжид хамтран ажилласан ба тэдгээрээс дурдвал :

2012 онд БГД-н 5-р хороонд барьж ашиглалтанд оруулсан В ХХК-ийн үйлчилгээтэй 175 айлын орон сууцны барилгын гадна дулаан, цэвэр усны ажлыг 85,000,000 төгрөгийн гүйцэтгэлээр хийлгэж төлбөрийг бүрэн төлж дууссан.

2013 онд ХУД-н 11-р хороо, Зайсанд Энглиш Гарден хотхоны гадна дулаан, цэвэр усны угсралтын ажлыг В ХХК болон О ХХК нарын хамтарсан төсвөөр хийж гүйцэтгүүлсэн.

Мөн 2013 онд зайсан Энглиш Гарден хотхоны дулаанаар болон хэрэглээний халуун усаар хангах уурын зуухны угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээг байгуулсан ба Т ХХК нь өөрийн санал болгож худалдан борлуулсан БНХАУ-н уурын зуухыг суурилуулж, угсарсан байдаг. Гэвч тухайн уурын зуух нь угсралтын шаардлага хангаагүй, түүнээс шалтгаалж ашиглалтын шаардлага хангалгүй 1 жил ч ажиллалгүй тогтмол эвдэрч оршин суугчдыг хүйтний улиралд хүнд байдалд оруулж байсан. Уг асуудлыг Т ХХК -д хэлж шаардлага тавихад эхлээд ирж үзэж жижиг гэмтлийг засдаг байсан ч удаа дараагийн эвдрэл гэмтэл дээр ирэхээ больж бүр хаясан. Ийм учраас В ХХК болон О ХХК нар өөрсдөө нэмэлт зардлуудаар тухайн уурын зуухыг засварлаж янзалж эхний жилийн хүйтний улирлыг өнгөрөөсөн.

2014 онд 2 компанийн зүгээс Солонгос улсын шинэ уурын зуухыг худалдан авч, Т ХХК -нд дахин итгэл хүлээлгэж хуучин нийлүүлж угсарсан уурын зуухыг нь сольж угсруулсан. Гэвч мөн л ашиглалтын явцад тус уурын зуух нь мөн эвдрэл гэмтэл гарч эхэлсэн ба мэргэжлийн баг, хувь хүн, байгууллагуудад үзүүлж шалгуулсаны үндсэн дээр суурилуулалтын алдаанаас болсоныг хэлж байсан бөгөөд удаа дараа эвдэрч, оршин суугчдын тав тухтай байдлыг алдагдуулж, тогтмол засвар үйлчилгээ хийгдэж ирснийг Энглиш Гарден хотхоны оршин суугчид нийтээрээ нотолно.

Ингээд Т ХХК-ийн 2 ч удаа суурилуулж угсарсан уурын зуух нь баталгаат хугацаанаасаа хэт урьд ашиглах боломжгүй болж эвдэрсэн, үүнээс үүдээд Энглиш Гарден хотхоны гадна инженерийн шугам сүлжээний хийгдсэн бүх ажлууд үнэ цэнэгүй болж хаягдсан байдалтай ямар нэгэн байдлаар ашиглагдахгүй үр өгөөжөө өгөөгүй байдалтай байна. В ХХК нь Т ХХК нарын хоорондын тооцооноос байрны төлбөр буцаалт болгож 20,000,000 төгрөг, 30,000,000 төгрөгийг буцаан өгсөн байдаг ба үлдсэн төлбөр тооцоог ХУД-н 11-р хороо, зайсан, Энглиш Гарден хотхоны уурын зуухны чанаргүй гүйцэтгэсэнээс үүдэн гарсан их хэмжээний хохирол түүнийг засаж сайжруулахад гарсан зардалд уялдуулан Т ХХК-тай тооцоо нийлэх хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй.

Бидний зүгээс Т ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд гаргасан зардал, нэхэмжлэгчид төлж байсан ажлын хөлсний төлбөрийн баримтууд, буцаан олгосон төлбөрийн баримт, ажлын доголдлыг арилгахад зарцуулсан зардлуудын баримтуудыг шүүн үзэж цэгцлэн шүүхэд гаргаж өгөх болно гэжээ.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт В ХХК-иас 95,000,000 төгрөг, О ХХК-иас 39,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт В ХХК-иас 95,000,000 төгрөг, О ХХК-иас 39,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч В ХХК нь Т ХХК-ийн гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч О ХХК нь гэрээнд төлбөрийг В ХХК төлөхөөр тохирсон, мөн гэрээ байгуулснаас хойш 5 жилийн дараа төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

 

Зохигчийн хооронд байгуулсан гэрээ тус бүрт шүүх дараах дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэв. Үүнд;

 

1. 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдөр В ХХК, Т ХХК-ийн хооронд В ХХК-ийн 288 айлын орон сууцны барилгын гадна дулааны шугамын угсралтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байна. /хх-14-15 тал/

Уг гэрээгээр Т ХХК нь орон сууцны барилгын гадна дулааны шугамын угсралтын ажлыг 85,000,000 төгрөгийн төсөвт хийж гүйцэтгэхээр тохирч, ажлыг гүйцэтгэсэн ба 30,000,000 төгрөгийн ажлын хөлсөө В ХХК-иас аваагүй байна.

Дээрх ажлын хөлс 30,000,000 төгрөгийн үлдэгдлийг В ХХК, Э.Ж нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний төлбөрт тооцож гэрээ байгуулсан байна. /хх-26 тал/

Орон сууц захиалгын гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон тул 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монголиан энд Глобал лоёорс ХХК, В ХХК, Э.Ж нарын хооронд Орон сууц захиалсан түр гэрээ байгуулсан боловч уг гэрээний үүрэг биелэгдэхгүй болсон нь В ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 19/105, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 19/128 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх-28, 155, 168 тал/

2012 оны 08 дугаар сарын 03-ны өдөр В ХХК, Т ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 30,000,000 төгрөгийг орон сууц захиалгын гэрээ, орон сууц захиалгын түр гэрээ байгуулах байдлаар В ХХК нь хүлээн зөвшөөрч байсан тул ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар тасалдсан гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжилсэн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 30,000,000 төгрөгийг хариуцагч В ХХК төлөх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр В ХХК, Т ХХК-ийн хооронд Зайсан толгойн амны В ХХК-ийн таунхаус хотхоны барилгын 2-р конторын гадна дулаан, халуун ус, эргэлт, цэвэр усны шугамын угсралтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, гэрээний хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дууссан ба ажлын хөлстэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэргийн баримтаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нөхцөл байдал, гэрээний үүргийн өөр гэрээний үүрэгт оруулан тооцох зэрэг байдал тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч В ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

3. 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр О ХХК, Т ХХК-ийн хооронд Халаалтын зуух, хэрэгцээний халуун усны ялтсан бойлер, хүйтэн усны зангилааны угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын нийт хөлс 95,500,000 төгрөгөөр талууд тохирч, үүнээс 39,500,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч Т ХХК-ийн В ХХК-иас худалдан авсан орон сууцны төлбөрт тооцохоор талууд тохиролцсон боловч уг орон сууцыг Т ХХК нь аваагүй тул ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг гэрээ байгуулсан О ХХК хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.

Уг ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дууссан боловч ажлын хөлс 39,500,000 төгрөгийг В ХХК-иас авах орон сууцны төлбөрт тооцохоор талууд тохирч энэ талаар орон сууцны захиалгын гэрээ байгуулагдаж байсан зэрэг нөхцөл байдал нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөл байдал үүссэн байна.

Иймд хариуцагч О ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 39,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь зүйтэй юм.

 

4. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч В ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 50,000,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримтуудаас үзэхэд В ХХК-иас иргэн Э.Жгаас орон сууцны төлбөрт 100,000,000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн ба В ХХК-иас Э.Жд 2014 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 20,000,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж, 50,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байгаа боловч Орон сууц захиалгын гэрээг Т ХХК байгуулаагүй тул гэрээ байгуулсан орон сууц захиалагч Э.Ж гэрээний үүргээ В ХХК-иас шаардах эрхтэй юм. /хх-27, 153, 154 тал/

Иймд хариуцагч В ХХК-иас орон сууц захиалгын гэрээний төлбөр 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Талууд ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй талаар тайлбар, нотлох баримтыг хариуцагч тал гаргаж байгаа боловч Иргэний хуулийн 353 дугаар зүйлд заасан ажлын үр дүнгийн доголдлыг нотлоогүй, ажлын үр дүнгийн доголдол гарсан даруйд эрх бүхий мэргэжлийн байгууллагаар болон гэрээний талууд өөрсдөө тодорхой акт баримт үйлдээгүй, хэргийн баримтаар ажлын үр дүнгийн доголдол гарсан нь тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймээс хариуцагч В ХХК-иас 30,000,000 төгрөг, хариуцагч О ХХК-иас 39,500,000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч В ХХК-иас гаргуулах 65,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч В ХХК-иас 30,000,000 төгрөг, хариуцагч О ХХК-иас 39,500,000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч В ХХК-иас гаргуулах 65,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 830,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В ХХК-иас 307,950 төгрөг, хариуцагч О ХХК-иас 355,450 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ