Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 381

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03391 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хариуцагч “В” ХХК, “О” ХХК-д тус тус холбогдуулан гаргасан “В” ХХК-аас 95 000 000 төгрөг, “О” ХХК-аас 39 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч “В” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмж нийлүүлэх суурилуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Манай компани нь хариуцагч “В” ХХК-ийн барьсан барилгуудад дулааны шугам сүлжээ нийлүүлж суурилуулах, дулааны тоног төхөөрөмж нийлүүлэх суурилуулах чиглэлээр олон жил хамтран ажилласан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хийж гүйцэтгэсэн ажлууд болон түүний төлбөрийн үлдэгдлүүдийг жагсаавал:

1.”Т” ХХК болон “В” ХХК-ууд нь анх 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “В” ХХК-ийн 288 айлын орон сууцны барилгын гадна дулааны шугамын угсралтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний ажлын хөлс нь 85 000 000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд энэ ажлын үлдэгдэл хөлс 30 000 000 төгрөг байсан. Энэхүү үлдэгдэл төлбөрийг бартерт тооцож хариуцагч “В” ХХК-ийн барьж буй 00 тоот 89.98 м.кв-д орон сууцыг, авто зогсоолын хамт 161 968 000 төгрөгийн 30 000 000 төгрөгийг бартерт тооцож, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2-13 тоот Захиалгын гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийн ажлын хөлсний үлдэгдэл байгааг баталгаажуулсан болно. 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2-13 тоот Захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгч нь үлдэгдэл 131,968,000 төгрөгөө төлсөн боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг аваагүй бөгөөд 2014.08.18 өдөр өөр орон сууцаар солих тухай “Орон сууц захиалсан түр гэрээ”-г байгуулсан.

2. “Т” ХХК болон “В” ХХК-ууд нь 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Зайсан толгойн амны “В” ХХК-ийн таунхаус хотхоны барилгын 2 дугаар контурын гадна дулаан, халуун ус, эргэлт, цэвэр усны шугамын угсралтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ"-г байгуулсан. Уг ажлын нийт хөлс 60 000 000 төгрөг байсан бөгөөд ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн. Уг ажлын үлдэгдэл төлбөр нь 15 000 000 төгрөг байгаа бөгөөд уг төлбөрийг талууд гэрээний 5.10-д заасан 3 жилийн баталгаат хугацаа дууссаны дараа өгнө гэж харилцан тохиролцож байсан болно.

3. “Т” ХХК болон “В” ХХК-ууд нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Зайсан толгойн амны “В” ХХК-ийн таунхаус хотхоны барилгын халаалтын зуухны угсралт, хүйтэн усны зангилааны шугамын угсралтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан. Уг ажлын нийт хөлс 36 000 000 төгрөг байсан бөгөөд ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн.

4. “Т” ХХК болон “В” ХХК-ууд болон хариуцагч “О” ХХК-ууд нь 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр №011408-03 дугаартай Халаалтын зуух, хэрэглээний халуун усны ялтсан бойлер, хүйтэн усны зангилааны угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээний ажлын хөлс нь 95 500 000 төгрөг бөгөөд төлбөр төлөх нөхцөл нь 39 500 000 төгрөгийг “Т” ХХК болон “В” ХХК-уудын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2-13 тоот гэрээний орон сууцны төлбөрт тооцох, “О” ХХК нь 46 000 000 төгрөг төлөх, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг “В” ХХК хариуцаж төлөхөөр тохиролцсон бөгөөд уг ажлыг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч “В” ХХК, “О” ХХК-уудад хүлээлгэн өгсөн. Энэ ажлын баталгаат хугацаа нь 2 жил байсан ба уг ажлын үлдэгдэл хөлс нь 39 500 000 төгрөг байгаа болно.

Мөн дээр дурдсан Баянзүрх дүүргийн 28 дүгээр хороо, Дүнжингарав-2 хотхонд 5 дугаар давхар 13 тоот 89.98 м.квад орон сууцыг, авто зогсоолын хамт 161 968 000 төгрөгийн 30,000,000 төгрөгийг бартерт тооцож, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2-13 тоот Захиалгын гэрээний дагуу хариуцагч “В” ХХК нь орон сууцаа өгнө гэж итгэн миний бие нь тухайн орон сууцыг иргэн Т.Мөнхбаяр гэдэг хүн худалдахаар тохиролцож Эрх шилжүүлэх гэрээ байгуулсан боловч хариуцагч Визард констракшн ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр дээрх 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2-13 тоот Захиалгын гэрээнд заасан орон сууцыг өөр компанийн өөр орон сууцаар солих тухай Орон сууц захиалсан түр гэрээ-г Монголиан энд “Глобал Лоёорс” ХХК, “В” ХХК болон манай компанийн гүйцэтгэх захирал Э.Ж-нар гурвалсан гэрээ байгуулж байсан боловч гэрээний үүрэг биелэгдээгүй байгаа болно.

Иймд хариуцагч “В” ХХК-аас 95 000 000 төгрөг, хариуцагч “О” ХХК-аас 39 500 000 төгрөг нийт 134 500 000 төгрөг гаргуулж манай компанид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Т” ХХК нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбар гаргаж байна. “О” ХХК болон “В” ХХК нар нь хамтарч 2014 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууцны хотхон барьсан. Уг хотхоны халаалт, халуун усны шийдлийг уурын зуухаар хангахын тулд “Т” ХХК-тай “О” ХХК 2014 оны 8 дугаар сарын 05 өдөр №011408-03 дугаартай халаалтын зуух, хэрэглээний халуун усны ялтсан бойлер, хүйтэн усны зангилааны угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Уг гэрээний 2-р нүүрт байх гэрээний тусгай нөхцөлийн 16-д төлбөр тооцоо гэсэн хүснэгтэд гэрээний дүнгээс 39 500 000 төгрөгийг гүйцэтгэгчийн “В” ХХК-аас худалдан авсан 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2-13тоот гэрээний Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Sunrise төслийн 1 дүгээр ээлж, 05 тоот орон сууцны төлбөрт тооцож, 46 000 000 төгрөгийг захиалагч хариуцан дараах байдлаар төлбөр төлнө. Үлдэгдэл 10 000 000 төгрөгийг “В” ХХК хариуцна гэж заан уг хуудасны баруун доод талд “Т” ХХК-ийн захирал Э.Ж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Уг гэрээний дагуу “О” ХХК нь гэрээний үүргээ гэрээнд заагдсаны дагуу биелүүлж өөрт ногдсон төлбөр тооцоог бүрэн төлсөн. Үүнд:

2014 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр 4 000 000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 4 000 000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 7 000 000 төгрөгийг , 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг, 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 8 000 000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Харин “Т” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд ажил гүйцэтгэх хугацаа хойшлуулсан, чанарын шаардлага хангасан уурын зуух нийлүүлээгүй. Уг уурын зуух нь ашиглалтад ороод 2 сар хүрэлгүй эвдэрч, 2014 оны 12 сард бүрэн зогсолт хийсэн, энэ тухай “Т” ХХК-ийн захирал Э.Жавхланд мэдэгдэж, уурын зуухан дээр дуудан ирүүлж үзүүлсэн боловч янз бүрийн шалтаг хэлэн анхаарч үзээгүй. Тэгэхлээр нь тухайн үед манай хотхоныг хариуцаж байсан н.Пүрэвсүрэн гэдэг хүн уурын зуух мэддэг өөр хүмүүс авчирч засуулсан. Уурын зуух зассан хүмүүс хэлэхдээ Энэ уурын зуух ер нь л муу, хүчин чадал багатай юм байна. Танай хотхоныг халааж дийлэхгүй, одоохондоо танай хотхон гүйцэд айлууд чинь ороогүй юм байна. Айлууд чинь бүгд орох юм бол энэ зуух халааж дийлэхгүй гэсэн. Энэ тухай “Т” ХХК-ийн захирал Э.Жавхланд хэлэхэд худлаа ярьж байгаа юм хүчин чадал ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Гэтэл 2015-2016 оны өвөл уурын зуухны хүчин чадал хүрээгүй ачааллаа дийлэхгүйн улмаас удаа дараа эвдэрч халаалт доголдсон тул хотхоны оршин суугчид маш ихээр гомдол гаргах болсон бөгөөд манай компани аргагүйн эрхэнд дахин нэг уурын зуух ОХУ-аас 748 000 RUB /Долоон зуун дөчин найман мянган рубль/ буюу 40 орчим сая төгрөгөөр худалдан авч, “Т” ХХК-ийн нийлүүлсэн зуухтай хамт ажиллуулан 2017-2018 оны өвлийн эд хүйтнийг өнгөрөөсөн. Гэтэл 2018оны 3-р сард “Т” ХХК-ийн нийлүүлсэн зуух дахин засвар авах боломжгүй эвдэрч актлагдсан.

Тухайн нөхцөл байдалд манай компани дүгнэлт хийн 2018-2019 оны өвлийн улирлын халаалтыг цахилгаанаар шийдэхээр болж хотхоны бүх айлуудад /63 айл/ халаалтын цахилгаан зуух, хотхондоо цахилгааны 800кВа-ын хүчин чадал бүхий КТПН, мөн хотхоны бүх айлуудын цахилгааны шугам, монтаж, сантехникийн угсралт зэргийг шинээр хийж, нийт 300 000 000 төгрөгийн зардал дахин гаргасан. Энэ байдлаас дүгнэхэд: Гэрээний дагуу “О” ХХК нь гэрээний үүргээ гэрээнд заагдсаны дагуу биелүүлж, өөрт ногдсон төлбөр тооцоог бүрэн төлсөн. Харин “Т” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд ажил гүйцэтгэсэн хугацаа хойшилсон, мөн бидний уурын зуухны талаарх мэдлэг мэдээлэл мууг далимдуулан чанарын шаардлага хангасан уурын зуух нийлүүлээгүй. Уг нь өөр бусад газар ажиллаж байгаа уурын зуухнууд дор хаяж 10-15 жил ажилладаг юм байна. Харин “Т” ХХК-ийн нийлүүлсэн уурын зуух 1 жил ажиллахгүй эвдэрч, үлгэн салган 3 жил ажиллаад бүрэн эвдэрч ашиглах боломжгүй болсон.

Иймд “Т” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин “О” ХХК нь “Т” ХХК-тай хамтарч ажилласнаар хохирсон гэжээ.

 

Хариуцагч “В” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“В” ХХК нь “Т” ХХК-тай 2012 оноос хойш хэд хэдэн барилга байгууламжид хамтран ажилласан ба тэдгээрээс дурдвал:

2012 онд Баянгол дүүргийн 5 дугаар хороонд барьж ашиглалтад оруулсан “В” ХХК-ийн үйлчилгээтэй 175 айлын орон сууцны барилгын гадна дулаан, цэвэр усны ажлыг 85 000 000 төгрөгийн гүйцэтгэлээр хийлгэж төлбөрийг бүрэн төлж дууссан.

2013 онд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд Энглиш Гарден хотхоны гадна дулаан, цэвэр усны угсралтын ажлыг “В” ХХК болон “О” ХХК нарын хамтарсан төсвөөр хийж гүйцэтгүүлсэн.

Мөн 2013 онд зайсан Энглиш Гарден хотхоны дулаанаар болон хэрэглээний халуун усаар хангах уурын зуухны угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээг байгуулсан ба Т ХХК нь өөрийн санал болгож худалдан борлуулсан БНХАУ-н уурын зуухыг суурилуулж, угсарсан байдаг. Гэвч тухайн уурын зуух нь угсралтын шаардлага хангаагүй, түүнээс шалтгаалж ашиглалтын шаардлага хангалгүй 1 жил ч ажиллалгүй тогтмол эвдэрч оршин суугчдыг хүйтний улиралд хүнд байдалд оруулж байсан. Уг асуудлыг “Т” ХХК -д хэлж шаардлага тавихад эхлээд ирж үзэж жижиг гэмтлийг засдаг байсан ч удаа дараагийн эвдрэл гэмтэл дээр ирэхээ больж бүр хаясан. Ийм учраас “В” ХХК болон “О” ХХК нар өөрсдөө нэмэлт зардлуудаар тухайн уурын зуухыг засварлаж янзалж эхний жилийн хүйтний улирлыг өнгөрөөсөн.

2014 онд 2 компанийн зүгээс Солонгос улсын шинэ уурын зуухыг худалдан авч, “Т” ХХК -нд дахин итгэл хүлээлгэж хуучин нийлүүлж угсарсан уурын зуухыг нь сольж угсруулсан. Гэвч мөн л ашиглалтын явцад тус уурын зуух нь мөн эвдрэл гэмтэл гарч эхэлсэн ба мэргэжлийн баг, хувь хүн, байгууллагуудад үзүүлж шалгуулсны үндсэн дээр суурилуулалтын алдаанаас болсныг хэлж байсан бөгөөд удаа дараа эвдэрч, оршин суугчдын тав тухтай байдлыг алдагдуулж, тогтмол засвар үйлчилгээ хийгдэж ирснийг Энглиш Гарден хотхоны оршин суугчид нийтээрээ нотолно.

Ингээд “Т” ХХК-ийн 2 ч удаа суурилуулж угсарсан уурын зуух нь баталгаат хугацаанаасаа хэт урьд ашиглах боломжгүй болж эвдэрсэн, үүнээс үүдээд Энглиш Гарден хотхоны гадна инженерийн шугам сүлжээний хийгдсэн бүх ажлууд үнэ цэнэгүй болж хаягдсан байдалтай ямар нэгэн байдлаар ашиглагдахгүй үр өгөөжөө өгөөгүй байдалтай байна. “В” ХХК нь “Т” ХХК нарын хоорондын тооцооноос байрны төлбөр буцаалт болгож 20 000 000 төгрөг, 30 000 000 төгрөгийг буцаан өгсөн байдаг ба үлдсэн төлбөр тооцоог Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан, Энглиш Гарден хотхоны уурын зуухны чанаргүй гүйцэтгэснээс үүдэн гарсан их хэмжээний хохирол түүнийг засаж сайжруулахад гарсан зардалд уялдуулан “Т” ХХК-тай тооцоо нийлэх хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй.

Бидний зүгээс “Т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд гаргасан зардал, нэхэмжлэгчид төлж байсан ажлын хөлсний төлбөрийн баримтууд, буцаан олгосон төлбөрийн баримт, ажлын доголдлыг арилгахад зарцуулсан зардлуудын баримтуудыг шүүн үзэж цэгцлэн шүүхэд гаргаж өгөх болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “В” ХХК-аас 30 000 000 төгрөг, хариуцагч “О” ХХК-аас 39 500 000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч “В” ХХК-аас гаргуулах 65 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 830 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “В” ХХК-аас 307 950 төгрөг, хариуцагч “О” ХХК-аас 355 450 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “О” ХХК-д холбогдуулан “2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “О” ХХК, “Т” ХХК-ийн хооронд “Халаалтын зуух, хэрэгцээний халуун усны ялтсан бойлер, хүйтэн усны зангилааны угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, ажлын нийт хөлс 39 500 000 төгрөгийг ажил гүйцэтгэгч “Т” ХХК-ийн “В” ХХК-аас худалдан авсан орон сууцны төлбөрт тооцохоор талууд тохиролцсон боловч уг орон сууцыг “Ти Би Си”ХХК нь аваагүй тул ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг гэрээ байгуулсан “О” ХХК хариуцах үндэслэлтэй мөн уг ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дууссан боловч ажлын хөлс 39 500 000 төгрөгийг “В” ХХК-аас авах орон сууцны төлбөрт тооцохоор талууд тохирч энэ талаар орон сууцны захиалгын гэрээ байгуулагдаж байсан зэрэг нөхцөл байдал нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөл байдал үүссэн байна. Иймд хариуцагч “О” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 39 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэсэн. Талуудын гэрээний төлбөрийн нөхцөлийг дээрх байдлаар харилцан тохиролцож л гэрээг байгуулсан болохыг шүүх хүлээн зөвшөөрч дүгнэсэн боловч гэрээнд заасан орон сууцыг “Т” ХХК хүлээн аваагүй нь “О” ХХК хариуцах үндэслэлтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өөрөөр хэлбэл, дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Т” ХХК нь “В” ХХК-аас орон сууцыг шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа гэрээний үүрэг биелээгүй учраас “О” ХХК ажлын хөлсийг төлөх ёстой гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч “Т” ХХК, хариуцагч “О” ХХК нь Иргэний хуулийн 39, 40, 195 дугаар зүйлд тус тус заасны дагуу гэрээний гол нөхцөлийг тохирч, “Т” ХХК нь ажлын хөлсний 39 500 000 төгрөгийг “В” ХХК-аас худалдан авсан орон сууцны төлбөрт тооцох тухай төлбөрийн нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Тус гэрээний дагуу “В” ХХК нь “Т” ХХК-д ажлын хөлс 39 500 000 төгрөгийг төлөх нөхцөлийг хүлээн зөвшөөрч энэ талаар орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж байсан талаар шүүх үндэслэх хэсэгт дурдсан боловч “О” ХХК-аас төлбөрийг гаргуулах дүгнэлт хийсэн нь алдаатай дүгнэлт хийсэн болно.

Мөн шүүх Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх төлбөрийн нөхцөлийг буюу ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн төлбөр тооцооны хэсэг болох 16 дахь хэсгийг хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр “О” ХХК ажлын хөлсийг хариуцан төлнө гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг агуулаагүй байх тул шийдвэрийн “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь “В” ХХК-аас 95 000 000 төгрөг, “О” ХХК-иас 39 500 000 төгрөгийг ажил гүйцэтгэсний хөлсийг бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “В” ХХК-д холбогдуулсан 95 000 000 төгрөгийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл, ажлын хөлс төлөгдсөн байдал, төлбөрийн нөхцөл, гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хариуцагч “В” ХХК нь 288 айлын орон сууцны барилгын гадна дулааны шугамын угсралтын ажлыг “Т” ХХК-иар гүйцэтгүүлэх гэрээг 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, ажлын хөлсийг талууд 85 000 000 төгрөгөөр тогтоосон, ажлын үр дүнг хүлээн авч, төлбөрийг бүрэн төлсөн гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, харин ажлын хөлсний үлдэгдэл 30 000 000 төгрөг болохыг баталгаажуулж, бартерт тооцохоор 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр орон сууц захиалгын гэрээ, мөнгө тушаасан баримт хэрэгт баримтаар авагдсан байна. /хх-26, 27/

 

Захиалагч буюу хариуцагч “В” ХХК нь дээрх гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгч компанид өгөөгүй, гэрээний үүрэг биелэгдээгүй болох нь тус компанийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 19/105, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 19/128 дугаар албан бичгүүдэд тусгагдсан байх бөгөөд шүүх дурдсан бичгийн баримтуудыг үнэлж, 30 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Зайсан толгойн амны “В” ХХК-ийн таунхаус хотхоны барилгын 2 дугаар конторын гадна дулаан, халуун ус, эргэлт, цэвэр усны шугамын угсралтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан ч 2015 оны 9 дүгээр сарын 15-нд дууссан уг гэрээний үүрэг зөрчигдсөн, үлдэгдэл төлбөр төлөөгүй талаарх шаардлагыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 7.2.1-д заасан хугацаанд шаардаагүй байх тул шүүх уг шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь зөв. Учир нь хэрэгт уг гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, өөр гэрээний үүрэгт тооцохоор талууд тохиролцсон  баримт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь “В” ХХК-аас 2012 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 50 000 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

            Хэрэгт иргэн Э.Ж-100 000 000 төгрөгийг Дүнжингарав 1 дүгээр ээлж 5 тоот байрны төлбөр утгатайгаар “В” ХХК-ийн 1205026727 тоот дансанд тушаасан байх бөгөөд “В” ХХК-аас Э.Ж-д 2014 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 20 000 000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 05-ы өдөр 30 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн баримтууд авагджээ. /хх-27,153,154/

 

            Орон сууц захиалгын гэрээг мөн иргэн Э.Ж-байгуулсан баримт хэрэгт авагдсан байна. /хх -28/

 

            Иймд нэхэмжлэгч “Т” ХХК нь 50 000 000 төгрөгийг “В” ХХК-аас нэхэмжлэх үндэслэлгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн, нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлтэй байна.

 

            Дээрх байдлаар “В” ХХК-аас 30 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт зохигчид гомдол гаргаагүй болно.

 

            Шүүх нэхэмжлэгчийн “О” ХХК-д холбогдуулсан 39 500 000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Халаалтын зуух, хэрэглээний халуун усны ялтсан бойлор, хүйтэн усны зангилааны угсралтын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн нөхцлийн талаар талуудын тохиролцоо хэрхэн хийгдсэнийг анхаараагүй нь алдаатай болжээ.

 

            Хариуцагч “О” ХХК нь “Т” ХХК-тай дурдсан гэрээг байгуулж, ажлын үр дүнг хүлээн авсан, төлбөрийн нөхцлийг тохиролцсоны дагуу өөрт ногдох 46 000 000 төгрөгийг бүрэн төлсөн, харин “В” ХХК ажлын хөлсний тодорхой хэсгийг орон сууцаар төлөхөөр тохиролцсон гэрээний үүргээ биелүүлээгүйг хариуцах үндэслэлгүй гэж татгалзал гаргажээ.

 

            Дурдсан гэрээний 16-д Төлбөр тооцоо хэсэгт гэрээний ажлын хөлсийг ямар байдлаар хэн төлөх талаар талууд тохиролцсоны дагуу 46 000 000 төгрөгийн ажлын хөлсийг “О” ХХК төлснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

 

Харин 39 500 000 төгрөгийг “В” ХХК-аас худалдан авсан 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2-13 тоот гэрээний Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо, Sunrise төслийн 2 дугаар ээлж, 5 тоот орон сууцны төлбөрт тооцно гэсний дагуу “В” ХХК орон сууцыг өгөөгүй бөгөөд гэрээг “О” ХХК-тай байгуулсан тул түүнээс уг төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн гэж тайлбарлаж байна.

 

Гэрээг “О” ХХК-тай байгуулсан боловч ажлын хөлсийг “В” ХХК болон “О” ХХК хамтран төлөх, ажил гүйцэтгэх гэрээний захиалагч талууд байсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй, мөн “В” ХХК нь бартераар хөлсийг нь төлөхөөр тохиролцсон Зайсангийн амны Енглиш гарден хотхоны Халаалтын зуух, хэрэглээний халуун усны ялтсан бойлор, хүйтэн усны зангилааны угсралтын ажил нь доголдолтой байсан талаар тайлбар гаргасан боловч ажлын доголдлын талаар ажил гүйцэтгэгчид Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасан журмын дагуу гомдол гаргаж байсан талаар баримт авагдаагүй байна.

 

Дээрхээс үзвэл “В” ХХК-ийн бартераар төлөхөөр гэрээгээр хүлээсэн үүргийг “О” ХХК-аас гаргуулах буюу “В” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргийг тус компаниас мөнгөн дүнгээр гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүх 39 500 000 төгрөгийг “О” ХХК-аас гаргуулсан үндэслэл тодорхой биш, шийдвэр үндэслэл бүхий болоогүй байх тул шүүхийн шийдвэрт “О” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03391 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хариуцагч “О” ХХК-аас 39 500 000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч                                 “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс” гэснийг “гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч “О” ХХК-д холбогдох 39 500 000 төгрөгийн хэсгийг болон” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч “О” ХХК-аас 355 450 төгрөг тус тус” гэснийг хасч шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “О” ХХК-аас төлсөн 355 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

 

     ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

А.ОТГОНЦЭЦЭГ