Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 442

 

 

 

 

 

 

 

 

 

Л.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О даргалж, шүүгч Д.Ц, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00057 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.М-ын хариуцагч Э.О-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 2 343 104 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид өмнө нь хамтран ажилладаг байсан тул 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Э.Одонтуяа автомашинаар Д аймгийн С сум энергийн төв яваад ирье гэхэд нь зөвшөөрсөн. Автомашиныг хэт халааснаас болж ремен тасарч, мотор эвдэрсэн байдалтай орон нутгийн замд орхиод явсан байсан. Нөгөөдөр нь Э.О-тай хамт очиж чирч авчраад засварын мөнгөө авч, асуудлаа шийдвэрлэх гэсэн боловч тохиролцоогүй. 2 жилийн өмнө шинээр авч байсан автомашинаараа амьжиргаагаа залгуулдаг, яаралтай засварлах шаардлагатай тул өөрөө мотор 1 800 000 төгрөг, солиулах хөлсөнд 300 000 төгрөг, масло 74 000 төгрөг, ремен шинээр 80 000 төгрөг, 85 604 төгрөгийг автомашин засуулахад явсан бензин, нийт 2 343 104 төгрөгөөр засуулснаа гаргуулах, харин мотор завсарлуулсны хөлсөд 300 000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байх тул 2 039 604 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч өөрөө санаачилж автомашинаа өгсөн, нэмж хийгээрэй гэсэн тосыг нь хийсэн. Улаанбаатар хотоос гараад 100 орчим км явж байтал жанамных нь ремен тасарсан тул нэхэмжлэгчид утсаар хэлэхэд жанамны ремен гэж хаана байдаг талаар асууж, зүгээр машинаа унаад яв гайгүй гэсэн. Тухайн үед явах эд анги, мотор, автомашин нь хэвийн байсан бөгөөд жанамны ремен тасарсан машинаар удаан явахаар аккумулятор нь цэнэглэгдэхгүй цэнэг нь дуусдаг учир автомашиныг орхисон. 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр буюу 2 хоногийн дараа Л.М, н.Э, З.Ц нарын хамт очиж тээврийн хөлс 280 000 төгрөгийг төлж чирүүлж хотод н.Баттөмөрөөр засуулахаар авчирч, хашаанд нь үлдээсэн. Харин автомашиныг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, осол аваар гаргаагүй. Зөвхөн жанамны ремен элэгдэж тасарсан бөгөөд 5 000-10 000 км тутамд солих ёстой, мөн хот хооронд тээвэр хийдэг машины хувьд жил тутам бүрэн сервис үйлчилгээ хийж мотор болон бусад явах эд ангиа засаж шалгаж явах ёстой. Гэтэл тэр өдөр жанамны ремен тасарсан гэхэд хаана байдаг талаар асууж, цааш унаад яв гэж хэлж байсан тул нэхэмжлэгч автомашиныг авснаасаа хойш сүүлийн 2 жил Замын-Үүд, Улаанбаатар хотын хооронд тасралтгүй зорчигч тээвэрлэхдээ нэг ч удаа ээлжит засвар үйлчилгээ хийж байгаагүй нь харагдана. Нэхэмжлэгчийн автомашиныг унаж 100 км явсан, энэ үед зөвхөн жанамны ремен тасарсан мотор хэвийн байсан тул мотор солиулсан, засвар үйлчилгээнд 2 343 104 төгрөг төлөхгүй. Би нэхэмжлэгчийн машиныг хүлээж аваад түүний хэлсний дагуу киккс хэмээх моторын тос хийснийг болон тухайн үед мөн сүүлд хотод авч ирсний дараа машин зүгээр асч байсныг Л.М , н.Э, З.Ц нарын хүмүүс болон засвар үйлчилгээ хийсэн Н.Б нар гэрчилнэ. Тухайн өдөр засварчин Н.Б машиныг үзэж оношлоод 4 ширхэг свечэг сольж өгөөд аваад яв, мотор чинь зүгээр гэхдээ ерөнхий суларсан ойрын хэдэн жил огт сервис хийгээгүй учир нэг бүрэн үйлчилгээ хийлгэх хэрэгтэй гэж Л.М-т хэлсэн. Сүүлд Засварчин н.Б-өөс Л.М надаас моторын мөнгө нэхсэн талаар асуухад, мотороо надаар солиулсан, би үйлчилгээний хөлсөд хуучин сольсон моторыг нь авсан гэж хэлсэн. Сервис үйлчилгээ хийгдээгүй удсан автомашиныг тухайн өдөр унаж явсандаа би буруудсан. Нэхэмжлэгч энэ байдлыг далимдуулж солих гэж байсан моторын мөнгөө надаас гаргуулах гэж байна. Нэхэмжлэлээс ремений 80 000 төгрөг, тос маслын 74 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, харин бензин болон мотор сольсон зардлыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.3-т зааснаар хариуцагчаас 874 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 1 165 604 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 25 526 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 874 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Л.М-ын өмчлөлийн 07-83 УНН улсын дугаартай автомашиныг 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр авч Дорноговь аймаг, Хамрын хийд энергийн төв рүү явсан. Тухайн үед би өөрийн автомашинаар явах гэж байхад “миний тэргээр яв” гэсэн бөгөөд нэхэмжлэгчийн хэлсэн тосыг нь хийсэн. Улаанбаатар хотоос гараад 100 орчим км яваад ремен нь тасарсан учир энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Тухайн үед зөвхөн автомашины ремен нь тасарсан байсан бөгөөд 1 800 000 төгрөгөөс 40 хувийг надад хариуцуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2 дахь хэсэгт эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцна, мөн хуулийн 342.3 дахь хэсэгт эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд ашиглалтын ердийн элэгдлээс илүүтэйгээр тухайн эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн, үрэгдүүлсэн өөрчилснөөс болж нөгөө талдаа учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг үндэслэн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2 дахь хэсэгт заасан гэм буруугийн хэлбэр гэх ойлголт нь санаатай болон болгоомжгүй гэсэн төрөлтэй бөгөөд миний бие Л.М-ын машинд санаатай болон болгоомжгүйгээр гэм хор учруулаагүй. Автомашиныг хэвийн жолоодож явсан бөгөөд ердийн элэгдэл хорогдлын улмаас ремен тасарсан бөгөөд энэ нь жолоочийн буруутай үйлдлээс олсон гэж үзвэл үүнийг тогтоолгох шаардлагатай. Ремен тасарсанд буруутай гэж үзэн, ямар шалтгааны улмаас тасарсан, энэ үйлдэлд жолоочийн буруу байгаа бол Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2 дахь хэсэгт зааснаар ремен тасалсан гэх үндэслэлээр автомашиныг ашиглаж буй жолоочийг хохирлыг хариуцахаар шийдвэрлэх ёстой. Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.3 дахь заалт нь ашиглалтын ердийн элэгдлээс илүүтэйгээр муутгасан гэмтээсэн бол хохирол төлсөн байна. Гэтэл миний бие автомашиныг ердийн нөхцөлд, зохих журмын дагуу жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан. Хатуу хучилттай замаар зөрчих ёстой байтал уул хадаар яваагүй, хурд хэтрүүлэн моторт ачаалал өгөөгүй, замын хөдөлгөөний журам зөрчиж, осол гаргаагүй. Өөрөөр хэлбэл, ердийн элэгдэл хорогдлоос илүү тухайн хөрөнгийг муутгаж гэмтээгээгүй. Намайг автомашиныг ердийн элэгдэл хорогдлоос илүү тухайн эд хөрөнгийг муутгаж гэмтээсэн гэх баримт хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 340 дүгээр зүйлд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээдийн үүргийг заасан, 340.1.1-д “эд хөрөнгийг гэрээнд заасны дагуу зориулалтаар нь ашиглах, ердийн элэгдлээс өөрөөр муутгахгүй байх” гэж заажээ. Би эд хөрөнгийг гэрээгээр тохирсон Сайншанд руу зорчих зориулалтаар ашигласан бөгөөд ердийн элэгдэл хорогдлын улмаас ремен тасарсан тул эвдрэлийг хариуцахгүй. Нэхэмжлэгч нь автомашиндаа огт үйлчилгээ хийдэггүй бөгөөд намайг жолоодож явах үед ремен тасарснаар далимдуулан өөрийн автомашины моторыг солиулсан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Э.О-д холбогдуулан автомашины моторын үнэд 1 800 000 төгрөг, ажлын хөлсөд 300 000 төгрөг, тос масло 74 000 төгрөг, ремен 80 000 төгрөг, бензин 85 604 төгрөг, нийт 2 343 104 төгрөг нэхэмжилсэн, шүүх хуралдааны явцад ажлын хөлс 300 000 төгрөгөөс татгалзаж, нийт 2 043 104 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлээ автомашиныг унаж явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, Л.М нь автомашиндаа үйлчилгээ хийгээгүйгээс ремен тасарч өөрөөс нь шалтгаалахгүй гэмтэл гарсан гэх үндэслэл заан маргажээ.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээс тос масло 74 000 төгрөг, ремен 80 000 төгрөг, нийт 154 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч Л.М нь өөрийн эзэмшлийн 0783 УНН улсын дугаартай автомашиныг хариуцагч Э.О-д ашиглуулахаар амаар тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан гэж шүүх зөв дүгнэсэн.

Хариуцагч Э.Одонтуяа нэхэмжлэгчийн маргасан автомашиныг ашиглан замын хөдөлгөөнд оролцох явцад ремен тасарч зогссон үйл баримтын тухайд талууд маргаагүй, харин хариуцагч нь автомашинд учирсан эвдрэл нь ердийн элэгдэл буюу засвар үйлчилгээг цаг тухайн үед нь хийгээгүйтэй холбоотой байсан тул хохирлыг хариуцахгүй гэж маргасан боловч уг тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй.

            2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10978 дугаар шүүгчийн захирамжаар маргаан бүхий үйл баримт буюу моторын эвдрэл хэвийн ашиглалтын явцад үүсэх боломжтой эсэхийг тогтоолгохоор “АТҮГ”-ийг шинжээчээр томилсон /хх60-62/ боловч үзлэг хийхэд хөдөлгүүрийн бүх эд ангийг задалж тухайн засварын газрын бусад сэлбэг, эд ангитай хольсон байх тул дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 158 тоот албан бичгээр ирүүлжээ./хх64/

            Харин нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Баттөмөр, Л.Батзориг нараас шүүх хууль сануулж мэдүүлэг авахад Б.Б нь “өндөр насжилттай мотор байсан, цаг тухайн үед нь үйлчилгээ хийгээгүйн улмаас ремен тасарч, мотор халсны улмаас эвдрэл үүссэн, ремен тасарсан автомашиныг холын замд хүчээр явуулахад мотор цохихгүй, халалтаас болж машин унтарна” гэж, гэрч Л.Б нь “мотор цохисон гэдгийг тайлбарлаач гэхэд ремень тасраад духаараа тосоо хойш цацсан байсан”, “ременийг шинээр тавихад машин ассан боловч хөдөлж яваагүй” гэж мэдүүлжээ.

            Түүнчлэн хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанд “хотоос гарахад доголдоод байсан, ремен нь нимгэрсэн байсан 100 гаруй км яваад тасарсан” гэж тайлбарласан байх бөгөөд мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд “масло, ремений үнийг оролцуулан нийт 400 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө” гэсэн агуулгатай тайлбар гаргаж байна.

Бусдын эд хөрөнгийг ашиглаж байхад эд зүйлийг гэмтээж хохирол үүссэн бол уг учирсан хохирлыг ашиглагч хариуцахаар Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2 дахь хэсэгт заасан боловч моторын үнэ 1 800 000 төгрөгийн хохирол учирсанд хариуцагчийн шууд буруутай үйлдлийн шалтгаант холбоо эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байна.

            Зохигчдын хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, шинжээч дүгнэлт гаргах боломжгүй нөхцөлд зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгийг харьцуулан үнэлж, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учрахад нөлөөлсөн нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр, хэмжээг харгалзан моторын үнийн 20 хувийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Ийнхүү тооцвол 360 000 /1 800 000:20%/ төгрөгийг тос масло, ремений үнэ 154 000 төгрөгийн хамт, нийт 514 000 төгрөгийг хариуцагч Э.О-аас гаргуулах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хохирол учирсан нөхцөл байдал, гэм буруугийн хэм хэмжээг харгалзан үзэж мотор ашиглагдахгүй болсонтой холбоотой зардлыг нэхэмжлэгчид 60 хувь, хариуцагчид 40 хувийг хариуцуулан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийг 229.2 дахь хэсэгт заасныг оновчтой хэрэглээгүйг дээрх байдлаар зөвтгөв.

Нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн түлш худалдан авсан баримт гаргасан /хх71/ боловч автомашиныг үйл явдал болсон өдрөөс 14-15 хоногт засч дууссан талаар тайлбарласан тул дээрх зардлыг хариуцагчаас гаргуулахгүй шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн 1, 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00057 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “874 000 төгрөг” гэснийг “514 000 төгрөг” гэж, “1 165 604 төгрөг” гэснийг “1 286 000 төгрөг” гэж өөрчлөн,

2 дахь заалтын “хариуцагчаас 25 526 төгрөгийг” гэснийг “хариуцагчаас 16 070 төгрөгийг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 530 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.О

 

                                      ШҮҮГЧИД                                    Д.Ц

 

                                                                                           А.О