Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2019/00057

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Л.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.О-д холбогдох

Гэрээний үүрэгт 2.343.104 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунзул, хариуцагч Э.О, гэрч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний бие Л.М Улаанбаатар, Замын-Үүдийн чиглэлд өөрийн өмчлөлийн 07-83 УНН альфард автомашинаар зорчигч тээвэрлэдэг бөгөөд Э.Отай хамтран ажилладаг. 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Э.О надаас “автомашинаа өгөөч, бензинээ хийгээд, ах дүү нартайгаа Дорноговь аймгийн Сайншанд сум энергийн төв яваад ирье” гэж гуйхаар нь түүнд итгэж найдаад автомашинаа өгөөд явуулсан. Гэвч автомашиныг маань авч яваад орон нутгийн замд машиныг хэт халааснаас болж ремень тасарч, мотор нь эвдэрсэн байдалтай орхиод явсан байсан. Би шинээр солих ремень аваад очтол мотор нь эвдэрсэн хөдлөх ямар ч боломжгүй болсон байсан. Ингээд нөгөөдөр нь Э.Огийн хамт автомашиныг орхисон газраас 2 залуугийн хамт очиж чирч авч ирсэн. Э.Огаас машинаа засуулах мөнгөө авч, эвийн журмаар асуудлаа шийдвэрлэх гэж оролдсон боловч ер тохиролцоонд хүрч чадсангүй. Би машинаа 2 жилийн өмнө Да хүрээ захаас шинээр 14.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан, ямар ч эвдрэл, гэмтэлгүй автомашин Э.Од хүлээлгэн өгсөн. Э.О өөрийнхөө гэм буруутай үйлдлийн улмаас автомашины эд ангийг эвдэлчихээд, хохирлыг маань барагдуулахгүй, намайг хэл амаар доромжилж байгаад гомдолтой байна. Би хамтран ажилладаг түнш маань гэж сайн санаж автомашинаа ашиглуулах гэж өгснөөс болж өөрөө хохироод байна. Миний бие энэхүү автомашинаар амьжиргаагаа залгуулдаг учир автомашинд учирсан эвдрэл, гэмтлээ хурдан засварлах шаардлагатай байсан. Иймээс өөрөө автомашиныхаа эвдэрч гэмтсэн эд ангийг автомашин засварын төвөөр солиулж, засварлуулсан. Ийнхүү автомашины эвдэрч гэмтсэн эд ангийг засварлуулахад мотор шинээр 1.800.000 төгрөгөөр авсан. Мотор солиулсан ажлын хөлсөнд 300.000 төгрөг төлсөн. Мөн мотор солиход бүх тос маслыг асгаж шинээр хийдэг тул тос масло 74.000 төгрөгөөр авсан.  Ремень шинээр 80.000 төгрөгөөр авсан. Мөн ашинаа засуулахаар нааш цааш явахад 85.604 төгрөгний бензин зарцуулсан. Нийт 2.343.104 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мотор солиулсан ажлын хөлс 300.000 төгрөгийг гаргуулахгүй тул үлдэх 2.039.604 төгрөгийг Э.Огаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.О миний бие 2018 оны 4 дүгээр сарын 21-нд Дорноговь аймаг хамрын хийд рүү өөрийн тоёота приус 10 машинаар явах гэж байгаагаа Л.Мт хэлтэл чи өөрийнхөө жижиг тэргээ надад үлдээчих тэгээд миний машинаар яваад ирээ, чи надад Замын-Үүд, Улаанбаатарын чиглэлд зорчигч олоход тусладаг юм чинь би чамд туслая гэхээр нь зөвшөөрсөн. Үүний дагуу 2018 оны 4 дүгээр сарын 22-нд түүний 07-83 УНМ дугаартай машиныг хүлээн авсан. Ингэхэд Мөнхбаяр киккс гээд моторын тос нэмээрэй гэж хэлж байсан. Бид түүний машины банкийг бензинээр дүүргэж тосыг хийсэн. Ингээд хотоос гараад 100 орчим км явж байтал жанамных нь ремен тасарсан учир бид Болор гэдэг цайны газар машинаа зогсоож түүн рүү утасдаад нөхцөл байдлыг тайлбарлахад “жанамны ремен гэж хаана байдгийн гэж асуугаад, зүгээрээ машинаа унаад яв гайгүй” гээд байсан. Тухайн үед явах эд анги, мотор хэвийн машин нь зүв зүгээр асч байсан ба үлдээгээд явах болсон шалтгаан нь жанамны ремен тасарсан машинаар удаан явахад аккумулятор нь цэнэглэгдэхгүй цэнэг нь дуусдаг учир орхиод явсан. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр буюу 2 хоногийн дараа Л.Мөнхсүлд, н.Эрдэнэхүү, З.Цогтбаяр нарын хамт Болор цайны газар очиж би тээврийн хөлс 280.000 төгрөгийг төлж чирүүлж хотод ирээд Дэнжийн мянгын ойролцоо хувиараа машин засдаг н.Баттөмөрийн хашаанд үлдээгээд явсан. Миний хувьд уг машиныг унаж яваад замын хөдөлгөөний дүрэм журам бусад хууль тогтоомж ямар нэг байдлаар огт зөрчөөгүй, ямар нэг осол гаргаж ил болон дотор эд ангийг гэмтээгээгүй. Зөвхөн жанамны ремен элэгдлийн улмаас надаас шалтгаалалгүйгээр тасарсан гэмтэл л гарсан. Жанамны ременийг 5.000-10.000 км тутамд солих ёстой, мөн хот хооронд тээвэр хийдэг машины хувьд жил тутам бүрэн сервис үйлчилгээ хийж мотор болон бусад явах эд ангиа засаж шалгаж явах ёстой. Гэтэл тэр өдөр жанамны ремен тасарсан гэхэд хаана байдаг юм тийм юм байдаг юм уу зүгээр унаад яв гэж надад хэлж байснаас нь харахад Л.М уг тэргийг авснаасаа хойш сүүлийн 2 жил Замын-Үүд, Улаанбаатар хотын хооронд тасралтгүй зорчигч тээвэрлэхдээ нэг ч удаа ээлжит засвар үйлчилгээ хийж байгаагүй нь харагдаж байна. Миний хүвьд нэхэмжлэгчийн уг машиныг унаж ердөө 100 гаруй км газар явсан, энэ үед зөвхөн жанамны ремен нь л тасарсан байсан. мотор нь хэвийн байсан тул мотор солиулсан, засвар үйлчилгээ зэрэгт 2.343.104 төгрөг төлөх хууль зүйн үндэслэлгүй.  Би нэхэмжлэгчийн машиныг хүлээж аваад түүний хэлсний дагуу киккс хэмээх моторын тос хийснийг болон тухайн үед мөн сүүлд хотод авч ирсний дараа машин зүгээр асч байсныг дээр нэр дурдсан Л.Мөнхсүлд, н.Эрдэнэхүү, З.Цогтбаяр нарын хүмүүс болон засвар үйлчилгээ хийсэн Н.Баттөмөр нар бүгд гэрчилнэ. Тухайн өдөр засварчин н.Баттөмөр машиныг үзэж оношлоод 4 ширхэг свечэг сольж өгөөд аваад яв, мотор чинь зүгээр гэхдээ ерөнхий суларсан ойрын хэдэн жил огт сервис хийгээгүй учир нэг бүрэн үйлчилгээ хийлгэх хэрэгтэй гэж Л.Мт хэлсэн. Сүүлд Засварчин н.Баттөмөрөөс Л.М надаас моторын мөнгө нэхээд байна юу болсон бэ гэж асуухад, мотороо надаар солиулсаан, би үйлчилгээний хөлс мөнгөөр аваагүй хуучин сольсон моторыг нь ажлын хөлсөнд авсан гэж хэлсэн. Дээрх бүгдээс харахад миний хувьд Л.Мын сервис үйлчилгээ хийгдээгүй удсан машиныг тухайн өдөр унаж явснаараа л буруутаж байгаа ба нэхэмжлэгч энэ явдлыг далимдуулж угаасаа солих гэж байсан моторын мөнгөө надаас гаргуулах гэж ийм башир арга хэрэглэж байна гэж ойлгож байна. Нэхэмжилж байгаа зүйлээс ремений 80.000 төгрөг, тос маслын 74.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Моторын хувьд эвдэлсэн гэм буруутай үйлдэл байхгүй тул зөвшөөрөхгүй. Уг машиныг бензинээр дүүргэж өгсөн тул бензиний зардлыг мөн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Э.Од холбогдуулан моторын зардал 1.800.000 төгрөг, ажлын хөлс 300.000 төгрөг, тос масло 74.000 төгрөг, ремень 80.000 төгрөг, бензин 85.604 төгрөг, нийт 2.343.104 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 300.000 төгрөгөөр багасгаж 2.039.604 төгрөг болгосноос хариуцагч тос масло 74.000 төгрөг, ремень 80.000 төгрөг нийт 154.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Зохигчдын тайлбараас дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нэг талаас Л.М өөрийн эзэмшлийн Тоёота альфард маркийн 0783 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө талаас Э.О  эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, буцаан өгөхөөр 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр амаар харилцан тохиролцжээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан байна. 

Хариуцагч хөрөнгийг хүлээн авсан, хөрөнгийг ашиглах явцад тээврийн хэрэгсэл эвдэрч, зогссон үйл баримтад талууд маргаагүй.

Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2-т “эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцна” гэж, “ашиглалтын ердийн элэгдлээс илүүтэйгээр тухайн эд хөрөнгийг муутгасан, гэмтээснээс болж нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж мөн зүйлийн 343.3-т тус тус заажээ.

Нэхэмжлэгч моторын эвдрэл хариуцагчийн үйлдлээс шалтгаалсан гэж, хариуцагч хөрөнгийг зориулалтын дагуу ашигласан, гэмтэл учруулаагүй, моторын эвдрэл ердийн элэгдлээс буюу тухайн тээврийн хэрэгслийн арчлалт засвар үйлчилгээг цаг тухайд нь гүйцэтгээгүйгээс хамааралтай гэж тус тус маргаж байх боловч хэн алин нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад моторын эвдрэл ердийн элэгдлээс эсхүл хариуцагчийн ашиглалтын үйл явцаас үүдэлтэй алин болохыг тогтоолгохоор “Авто тээврийн үндэсний төв”-ийг шинжээчээр томилсон боловч хөдөлгүүрийн эд ангийг задалсан үндэслэлээр дүгнэлт гаргах боломжгүйг дурдаж буцаасан байна.

Иймд шүүх зохигчдын гаргасан тайлбар, гэрч Б.Баттөмөрийн “мотор нь эвдрэлтэй байсан, ...задалж үзэхэд янзлагдах боломжгүй байсан, ... цаг тухай үед нь засвар үйлчилгээ хийгээгүйн улмаас ремень тасарч, мотор халсны улмаас эвдрэл үүссэн” гэж мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдал зэргийг харьцуулж моторын зардал 1.800.000 төгрөгийг зохигчдод 60:40 хувиар хуваан хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлохоор “Шунхлай” ХХК-иас 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 85004 төгрөгний шатахуун худалдан авсан тухай баримтыг ирүүлсэн байх боловч тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тээврийн хэрэгслийг үйл явдал болсон 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 14-15 хоногт засварласан гэж тайлбарласан тул дээрх зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Дээрхийг нэгтгээд хариуцагч Э.Огаас нийт 874.000 /мотор 1.800.000*40%=720.000 + хүлээн зөвшөөрсөн тос 74.000 + ремень 80.000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.3-т зааснаар хариуцагч Э.Огаас 874.000 /найман зуун далан дөрвөн мянган/  төгрөг гаргуулж, Л.Мт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.165.604 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25.526 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ