Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 441

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О даргалж, шүүгч Д.Ц, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03853 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Ц-ийн хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасан 48 329 543 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.М-тэй тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж Тоёото рав-4 маркийн 53-39 УББ улсын дугаартай автомашиныг 41 000 000 төгрөгөөр худалдан авахдаа төлбөрийн 30 хувь болох 13 081 000 төгрөгийг өөрөө төлж, үлдэх 70 хувь болох 28 700 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Н” ББСБ-аас гаргуулахаар гэрээ байгуулсан. Автомашиныг худалдан авснаас хойш 9 хоногийн дараа огт асахгүй байсан тул машин ачуулж гэртээ хүргүүлж, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Мастер авто сүлжээгээр оношлуулж, Д ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн. Гэтэл уг автомашинд гэмтлүүд илэрч, биет байдлын доголдолтой байсан нь тогтоогдсон. Түүнчлэн зах зээлд ямар үнэтэй байгаа талаар үнэлгээ хийлгэсэн. Үүнээс гадна АНУ-д байдаг карфакс гэж автомашины түүхийг бичдэг вэб сайтаас уг машины түүх, мэдээллийг нь гаргаж авч, орчуулгын хамт хэрэгт баримтаар хавсаргасан. Автомашины явсан километрийн заалтыг 100 000 милиэр өөрчилсөн, 190 000 миль явсан машины километрийг багасгасан байсан талаар мэдсэн бол автомашиныг худалдан авахгүй, мөн түүнчлэн 41 000 000 төгрөгийн үнэ хүрэхгүй. Мотор задалж дахин боосон, целикон цавуугаар наасан, автомашины ухрахын камерыг нэмэлтээр суурилуулсан ба цахилгааны монтажийг автомашины их биеийн доогуур ил хийснээс болж цахилгааны масс үүссэн. Эдгээр үйлдлүүд АНУ-д хийгдсэн гэхээсээ илүү Монгол улсад орж ирээд хийгдсэн байх магадлал өндөр гэж үзсэн. Километрийн заалтыг нь 100 гаруй километрээр ухрааж харагдуулсан арга аргачлал бол үндсэндээ электрон фондны 1 оронг нь харагдахгүй болгож, миль заагчийн эхний оронг асахгүй болгосон гэж харж байна. Иймд уг автомашиныг цаашид хэрэглэхгүй бөгөөд одоогийн байдлаар автомашиныг гаражид тавьсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө өмчлөгчид шилжүүлэх үүргээ ноцтой зөрчсөн учир Иргэний хуулийн 256 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчтай байгуулсан гэрээгээ цуцалж, анх автомашиныг худалдаж авахад бэлнээр өгсөн 13 081 000 төгрөг, Н ББСБ-аас шилжүүлэн авсан 28 700 000 төгрөг, хүү 5 765 043 төгрөг, мөн 2 удаагийн автомашин ачилтын төлбөр 140 000 төгрөг, машины үнэлгээ хийлгэсэн төлбөр 80 000 төгрөг, оношилгооны 71 500 төгрөг, даатгалын төлбөр 492 000 төгрөг, нийт 48 329 543 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний дагуу Э.Ц автомашин худалдан авахдаа өөрөө болон ахдаа үзүүлсэн. Ах нь автомашиныг дээгүүр доогуур нь үзэж шалгаад хүлээж авсан. Мөн автомашиныг худалдан авахдаа тус автомашины урьдчилгаа 30 хувийг өөрөө төлж үлдэгдэл 70 хувийг банк бус санхүүгийн байгууллагад уг автомашиныг барьцаалж зээл авч автомашин авсан. Э.Ц нь гэрээний дагуу автомашин хүлээн авснаас хойш уг автомашиныг эзэмшиж, замын хөдөлгөөнд оролцож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. “Нэткапитал” ББСБ хөрөнгө барьцаалж зээл олгохдоо барьцаанд авч болох эсэхийг нь шалгаж гэрээ байгуулж авсан байх гэж бодож байна. Мөн худалдах, худалдан авах гэрээ хийгдэж автомашиныг авсан. Нэхэмжлэгч автомашиныг аваад 9 хоногийн дараа огт асахгүй байсан гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Замын хөдөлгөөн удирдлагын төвөөс гаргуулсан нотлох баримтаас харахад уг автомашин нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцсон байсан, гал хамгаалагч нь шатаад явахгүй байсан бол тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцохгүй байсан. Тээврийн хэрэгслийг анх хариуцагч 2018 оны 6 дугаар сард Монгол улсад оруулж ирж, 72 цагийн дотор Авто тээврийн үндэсний төвд техникийн хяналтын үзлэгт оруулсны үндсэн дээр бичиг өгч, эвдрэлгүй байсан тул дугаар авсан. Мөн нэхэмжлэгч гэрээг зөвшөөрч автомашиныг худалдаж авсан. Нэхэмжлэгч тал уг машиныг анхнаасаа эвдрэлтэй байсан эсвэл гар аргаар засварласан гэх боловч баримтаар нотлоогүй. Мөн автомашины мильтэй холбоотой зүйл ярьж байна. Нэгэнт АНУ-аас орж ирсэн гарал үүслийн бичиг дээр милийн заалт байгаа. Милийн заалт өөрчлөгдсөнөөр уг автомашинд эвдрэл үүссэн гэж үзэхгүй. Оношилгоогоор гаргасан эвдрэл, гэмтэл нь мильтэй хамааралгүй. Намайг авахад уг автомашины бичиг баримт нь гараагүй байсан, Монгол улсад ирсний дараа бичиг баримт нь гарсан. Монгол Улсад автомашины үнийг километрийн гүйлтээр нь биш, оноор хэмжиж, татвар тооцогддог. Нэхэмжлэгч автомашиныг унаж, замын хөдөлгөөнд оролцож байх үед эвдрэл үүссэн байх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 41 703 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 6 626 043 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 53-39 УББ улсын дугаартай тоёота рав-4 /Toyota RAV-4/ маркийн автомашиныг Б.М-д буцаан шилжүүлэхийг Э.Ц-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 399 597 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 366 468 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасан. Гэтэл шүүх нотлох баримтыг үнэлэхгүй, хэт нэг талын баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Б.М нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буюу автомашины хөдөлгүүр, хөдөлгүүрийн систем, хүч дамжуулах эд ангийн гэмтлүүд илэрсэн, мөн гүйлт хэмжигчийг засварласан” гэжээ. Гэтэл анх АНУ-аас автомашиныг оруулж ирэхэд бичиг баримт нь араас нь ирснээс хойш 72 цагийн дотор авто тээврийн хэрэгслийн оношлогоонд оруулахад эвдрэл гэмтэл тогтоогдоогүй. Авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох нөхцөл байдлыг хуулиар зохицуулсан. Тухайлбал, Авто тээврийн тухай хуулийн 1-р зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.17 дэх хэсэгт энэ талаар заасан байхад шүүх анхнаасаа эвдрэлтэй автомашиныг мэдсээр байж оруулж ирсэн гэж дүгнэсэнд гайхаж байна. Учир нь уг тээврийн хэрэгслийг 37 000 000 төгрөгөөр АНУ-аас худалдан авсан, өөрөө тодорхой хэмжээний зардал гаргаж авчирсан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт буюу www.carfax.com сайтаас цуглуулсан нотлох баримт нь үнэхээр нотлох баримтын шаардлага хангах эсэхийг дүгнээгүй. Авто тээврийн газраас гаргаж өгсөн дүгнэлт, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргасан баримтуудыг үнэлээгүй. Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын талаар Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул гэрчилгээ олгосон. Монгол Улсад үзлэг оношлогоо хийгдэж, тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор гаргаж байгаа дүгнэлт, бичиг баримтууд нь интернет сайтаас дорд үнэлэгдэж байгаа нь хуулийн зохицуулалт байдаггүй мэтээр ойлгогдож байна. Төрийн байгууллагуудаас цуглуулж өгсөн нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулж бүрдүүлээгүй шүүхийн журмаар нотлох баримт гаргуулсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэг болон техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт, тухайн үед нэхэмжлэгч өөрөө болон ах нь ирж харж хүлээн авсан баримт буюу автомашины тухайн үеийн хүлээлгэж өгсөн фото зургийг үнэлээгүй. Нэхэмжлэгч талаас эвдрэл үүссэн тохиолдолд надад мэдэгдэж хамт оношлогооны газар орж оношлуулах боломжтой. 9 хоногийн дараа асахгүй байсан гэсэн боловч тээврийн хэрэгслийг унаж хөдөлгөөнд оролцуулж байсан талаар баримт хэрэгт авагдсан. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн Э.Ц 41 703 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож гэснийг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

            Нэхэмжлэгч Э.Ц хариуцагч Б.М-д холбогдуулан автомашины төлбөрт бэлнээр төлсөн 13 081 000 төгрөг, “Н” ББСБ-аас зээлсэн 28 700 000 төгрөг болон хүү 5 765 043 төгрөг, автомашиныг 2 удаа ачуулсан зардал 140 000 төгрөг, “В” ХХК-д төлсөн үнэлгээний хөлс, Мастер авто сүлжээгээр оношлуулсан 71 500 төгрөг, даатгуулсан 492 000 төгрөг, нийт 48 329 543 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө болон өөрийн ахаараа үзэж шалгаж авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ./хх46/

 

            Талууд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Тоёота Рав-4 автомашиныг 41 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан /хх9/,гэрээний дагуу автомашиныг худалдагч тал худалдан авагчид шилжүүлж 41 000 000 төгрөгийг хүлээн авсан нь баримтаар тогтоогджээ.

            Гэвч худалдагч авагч тал буюу нэхэмжлэгч нь автомашиныг 9 дахь хоногт унтарч явахаа больсон, оношлуулахад цахилгааны доголдолтой, милийн заалтыг багасгаж, өөрчилсөн, целикон цавуугаар наасан, ухрахын камерыг нэмэлтээр суурилуулсан байсан гэж тайлбарлан, гэрээнээс татгалзаж, үнэд төлсөн 41 000 000 төгрөгийг гарсан зардлын хамт гаргуулна гэжээ.

Талууд гэрээгээр автомашины элэгдэл, доголдол болон гэрээнээс татгалзах үндэслэлийн талаар нарийвчлан тохиролцоогүй байна. Ийм Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх” зохицуулалтын дагуу гэрээний зүйл болох автомашиныг зориулалтаар ашиглах боломжтой эсэхийг тогтоох шаардлагатай.

            Гэвч гэрээний зүйл болох автомашин нь унаж хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцон, зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан “Мастер авто сүлжээ”-гээр оношлогоо хийлгэсэн гэх баримтад дугуйны хийн даралт мэдрэгч байхгүй, тос гоождог, кропны зүүн талаас тос гоождог, нэмэлт камер суурилуулсны улмаас цахилгааны гэмтэл гарсан гэж бичсэн /хх8/ боловч эдгээр нь автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж үзэх үндэслэл болгоход эргэлзээтэй байна.

Уг автомашиныг ашиглах боломжгүй доголдолтой эсэх нөхцөл байдал нь талууд гэрээнээс татгалзах эрх үүссэн эсэхийг тогтооход ач холбогдолтой нөхцөл байдал болно.

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс автомашинд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна/хх100/. Автомашиныг 9 хоног хэрэглэснээс хойш маргаан үүссэн байх тул худалдагчаас шилжүүлсэн байдлаараа унаж хэрэглэх, ердийн зориулалтаар ашиглах боломжтой эсэхийг тогтооход дээрх хүсэлт ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдалд хамаарахаар байжээ. Гэтэл уг хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож, энэ талаараа шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан /хх103-104/, харин шүүгчийн захирамжийн тогтоох хэсэгт хэрхэн шийдвэрлэснээ тусгаагүй байна.

Шүүхээс гарч буй аливаа эрхийн актын үндэслэл, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой байх ёстой бөгөөд шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16742 дугаар захирамжид шүүх хуралдааныг хойшлуулж, орчуулагч томилсон талаар тусгасан, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаагүй үндэслэлээ тодорхой заагаагүй байна.

Мастер авто сүлжээ засварын газар автомашиныг ашиглах боломжтой эсэх талаар дүгнээгүйгээс гадна уг дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хийгдсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гэж үзэхгүй. Учир нь хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх шинжээч томилон, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу хүлээх үүрэг хариуцлагыг сануулж, маргаан бүхий үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий асуултад хариулт авч дүгнэлт гаргуулснаар уг дүгнэлт хуульд заасан арга, журмаар бүрдүүлсэн нотлох чадвар бүхий болно.

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг тодруулаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаагүй үндэслэл нь тодорхойгүй уг зөрчлийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцээн засах боломжгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03853 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366 468 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛСАН ШҮҮГЧ                                 Ж.О

 

                                 ШҮҮГЧИД                                  Д.Ц

 

                                                                                    А.О