Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 3853

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо 1 дүгээр хэсэг 207 тоотод оршин суух Боржигон овогт Энхтөрийн Цолмон /РД: ТБ87021800, утасны дугаар: 997777374/

Хариуцагч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Сөүл гудамж, 11а-2 тоотод оршин суух Тайжууд овогт Бадарчийн Махбалсүрэн /РД: ЧТ88022918, утасны дугаар: 88061716/

48,329,543 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Хатанбаатар

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг

хариуцагч Б.Махбалсүрэн

хариуцагчийн өмгөөлөгч Н.Дашдулам

нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Цолмон нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Махбалсүрэнтэй тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулан Т.RAV-4 маркийн УББ-53-39 улсын дугаартай машиныг 41000000 төгрөгөөр худалдан авсан. Уг машины төлбөрийн 30 хувь болох 13081000 төгрөгийг би өөрөө төлж үлдэх 70 хувь буюу 28700000 төгрөгийг Нэт-капитал ББСБ-аас гаргуулахаар зээлийн гэрээг 2018 оны 8 дугаар сарын 13-нд хийсэн. Уг машин нь худалдан авснаас хойш 9 хоногийн дараа огт асахгүй болсон тул машин ачилтын байгууллагаар гэртээ хүргүүлсэн. Би Мастер авто сүлжээнд 2018 оны 8 дугаар сарын 21-нд хандаж уг машиныг иж бүрэн оношлуулж улмаар Дамно ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн. Гэтэл уг машинд олсон гэмтлүүд илэрч, биет байдлын доголдолтой байсан байна. Уг нь худалдах, худалдан авах гэрээгээр бол Иргэний хуулийн 243-р зүйлд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө өмчлөгчид шилжүүлэх ёстой. Гэтэл хуулийн энэ заалтыг ноцтой зөрчсөн учир Иргэний хуулийн 256 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Б.Махбалсүрэнтэй байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, дараах учирсан хохирлоо нэхэмжилж байна. Үүнд, миний шилжүүлсэн 13081000 төгрөг дээр Нэт-капитал ББСБ-аас зээлсэн 28700000 төгрөг болон хүү 5765043 төгрөг мөн 2 удаа ачилтын машинаар ачуулсан зардал 140000 төгрөг, мөн Вендо ХХК-ийн үнэлгээ 80000 төгрөг, Мастер авто сүлжээнд оношлуулсан үнэ 71500 төгрөг, практикал даатгалд даатгуулсан үнэ 492000 төгрөг, нийт 48329543төгрөгийг Б.Махбалсүрэнгээс гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Хатанбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Цолмон, Б.Махбалсүрэн нар нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан Рав-4 маркийн авто машиныг 41000000 төгрөгөөр худалдсан. Уг машины үнийн 30 хувь болох 13081000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт бэлнээр төлж, 70 хувь буюу 28700000 төгрөгийг Нэт капитал ББСБ-аар гаргуулан 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төлбөрийг зохих журмын дагуу хийсэн. Уг машиныг худалдан авснаас хойш 9 хоногийн дараа огт асахгүй болж, машиныг ачилтын машин дуудаж, гэртээ хүргүүлж ирсэн байдаг. Автомашиныг анх худалдаж авах үед асуудалгүй машин гэж тайлбарлаж байсан. Гэвч 9 хоногийн дараа машин асахгүй болсон шалтгааныг Мастер авто сүлжээ засварын газарт хандаж 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр автомашины оношилгоог хийлгэсэн. Уг оношилгооны дагуу бид нар материалыг гаргаж өгсөн. Оношилгооны баримт дээр ямар эвдрэл гэмтэл байгааг дурдаж бичсэн байдаг. Ингэхээр энэ автомашин гэмтэлтэй байсан гэдэг нь гарч ирсэн. Яг одоогийн байгаа зах зээлийн үнэ буюу уг машин ямар үнэтэй байх ёстой машиныг ямар үнээр авчихсан бэ гэдэг талаар үнэлгээний компаниар үнэлгээ гаргасан. Үүнээс гадна АНУ-д байдаг карфакс гэж автомашины түүхийг бичдэг вэб сайтаас уг машины түүх, мэдээллийг нь гаргаж авч, орчуулгын хамт хавтаст хэрэгт өгсөн. Автомашины явсан километрийн заалтыг 100000 милиэр өөрчилсөн, 190000 миль явсан машины километрийг багасгасан гэдэг асуудал дээр ач холбогдол өгч байгаа. Хэрэв ийм хэмжээний явсан машин байсан гэдгийг мэдсэн бол авахгүй бөгөөд 41 сая төгрөгийн үнэ хүрэхгүй юм. Мотор задалж дахин боосон, целикон цавуугаар наасан, авто машины ухарахын камерыг нэмэлтээр суурилуулсан ба цахилгааны монтажийг авто машины их биеийн доогуур ил хийснээс болж цахилгааны масс үүссэн гэсэн гэмтлүүд гарсан. Эдгээр үйлдлүүдийг харахаар АНУ-д хийгдсэн гэхээсээ илүү Монгол улсад орж ирээд эдгээр зүйлс нь хийгдсэн байх магадлал өндөр гэж үзсэн. Километрийн заалтыг нь 100 гаруй километрээр ухрааж харагдуулсан арга аргачлал бол үндсэндээ электрон фондны 1 оронг нь харагдахгүй болгож, миль заагчийн эхний оронг асахгүй болгосон гэж харж байгаа. Эдгээр зүйлсээс болж бид уг машиныг цаашид хэрэглэх боломжгүй бөгөөд одоогийн байдлаар машин гаражид тавиатай байна. Иймд анх автомашиныг худалдаж авахад бэлнээр өгсөн 13081000 төгрөг, Нэткапитал ББСБ-аас шилжүүлэн авсан 28700000 төгрөг, энэ мөнгөний хүү 5765043 төгрөг, мөн 2 удаагийн машин ачилтын төлбөр 140000 төгрөг, машины үнэлгээ хийлгэсэн төлбөр 80000 төгрөг, оношилгооны 71500 төгрөг, даатгалын төлбөр 492000 төгрөг, нийт 48329543 төгрөг нэхэмжилж байна.

Хариуцагч Б.Махбалсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Махбалсүрэн би 2018 оны 8-р сарын 10-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний дагуу Э.Цолмонд T.Raw маркийн автомашиныг худалдсан. Э.Цолмон нь автомашиныг худалдан авах үед уг автомашиныг өөрийн биеэр үзэж шалгасан, мөн ахыгаа ирүүлж уг автомашиныг үзүүлсэн. Ах нь автомашиныг дээгүүр доогуур нь үзэж шалгаад хүлээж авсан. Мөн автомашиныг худалдан авахдаа тус автомашины урьдчилгаа 30%-г өөрөө төлж үлдэгдэл 70% төлбөрийг банк бус санхүүгийн байгууллагад уг автомашиныг барьцаалж зээл авч автомашин худалдан авсан. Э.Цолмон нь гэрээний дагуу автомашин хүлээн авснаас хойш уг автомашиныг эзэмшиж, замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа учраас Э.Цолмонгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Б.Махбалсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хариуцагчтай Э.Цолмонтой байгуулсан. Тухайн үед Э.Цолмон өөрийн ахтайгаа хамт ирж, тээврийн хэрэгслээ үзэж харж шалгаж авсан байдаг. Гол нь уг машиныг Э.Цолмон авахдаа ахаараа үзүүлж авсан. Мөн Нэт капитал ББСБ хөрөнгө барьцаалж зээл олгож байгаа юм чинь машиныг зээлийн барьцаанд авч болох эсэхийг нь шалгаж гэрээ байгуулж авсан байх. Нэгэнт худалдах, худалдан авах гэрээ хийгдэж машиныг авсан. Нэхэмжлэгч машиныг аваад 9 хоногийн дараа огт асахгүй байсан гэж байна. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Замын хөдөлгөөн удирдлагын төвөөс гаргуулсан нотлох баримтаас харахад уг машин нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцсон байгаа. Үнэхээр гал хамгаалагч нь шатчихсан явахгүй байсан бол тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцохгүй байсан байх. Тээврийн хэрэгслийг анх хариуцагч 2018 оны 6 сард Монгол улсад оруулж ирж, 72 цагийн дотор Авто тээврийн үндэсний төв дээр техникийн хяналтын үзлэгт оруулсан. Энэ хяналтын үзлэгт орсны үндсэн дээр Автотээврийн төвөөс үзлэгт орсон гэсэн бичиг гаргаж өгч, дугаар авсан. Тухайн үед машин эвдрэлгүй байсан учраас дугаар авагдсан. Мөн нэхэмжлэгч өөрөө гэрээний дагуу хүлээн зөвшөөрч машиныг худалдаж авсан. Нэхэмжлэгч тал уг машиныг анхнаасаа эвдрэлтэй байсан эсвэл гар аргаар засварласан гэж ярьж байгаа боловч баримтаар бүрэн нотлоогүй. Мөн автомашины мильтэй холбоотой зүйл ярьж байна. Нэгэнт АНУ-аас орж ирсэн гарал үүслийн бичиг дээр милийн заалт байгаа. Милийн заалт өөрчлөгдсөнөөр уг машинд эвдрэл үүссэн гэж үзэхгүй. Оношилгоогоор гаргасан эвдрэл, гэмтэл нь мильтэй огт хамааралгүй. Намайг авч байхад уг машины бичиг баримт нь гараагүй байсан. Тэгээд намайг Монгол улсад ирсний дараа бичиг баримт нь гарч ирсэн. Манай Монголд машины үнийг километрийн гүйлтээр нь биш, оноор хэмжиж ярьдаг. Харин оноороо татвар нь тогтоогдож, машины үнэ цэнэ яригддаг. Нэхэмжлэгч машиныг унаж, замын хөдөлгөөнд оролцож байх үед машинд эвдрэл үүссэн байх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч Э.Цолмон нь хариуцагч Б.Махбалсүрэнд холбогдуулан машины үнэ, машин ачуулсаны зардал, оношлогоо болон үнэлгээ хийлгэсэн зардал, даатгалын төлбөр, ББСБ-д төлөх зээлийн хүү нийт 48,329,543 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Талуудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ бичгээр хийгдсэн байх ба уг гэрээгээр Б.Махбалсүрэн нь тоёота рав-4 маркийн /аралын дугаар:2T3BF4DV4AW054306/ автомашиныг Э.Цолмонгийн өмчлөлд шилжүүлэх, Э.Цолмон автомашины үнэ 41 сая төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. Энэхүү гэрээний худалдагчийн гол үүрэг нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх юм. Уг үүргээ худалдагч зохих ёсоор биелүүлээгүй бол худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нь худалдагч Б.Махбалсүрэнг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх гэрээний гол үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу автомашины хөдөлгүүр, хөдөлгүүрийн цахилгаан систем, хүч дамжуулах эд ангийн гэмтлүүд илэрсэн, мөн гүйлт хэмжигчийг засварласан буюу тоог ухрааж бага километр явсан болгож харагдуулсан үндэслэлээр гэрээнээс татгалзаж, машины үнэ болон хохирол шаардаж байгаа бол хариуцагч гүйлтийг засварлаагүй, АНУ-аас оруулж ирсэн хуучин машин зарсан, оношилгоонд оруулахад техникийн нөхцөл хангасан байсан, нэхэмжлэгч машиныг үзэж, шалгаж авсан, нэхэмжлэгчийг унаж байх явцад эвдрэл гарсан байх боломжтой гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан Мастер авто сүлжээ засварын газрын оношилгоогоор хөдөлгүүрийн духны гинжний өнцгийн алдаа, хурд мэдрэгчийн алдаа, хөдөлгүүрийн урд таг задалж угсарсан, хөдөлгүүрийн тосны тэвш авч тавихдаа дутуу нааж тоос гоождог болсон, цахилгааны ерөнхий гал хамгаалагч шатсан, хянах самбарын хөдөлгүүрийн электрон гэмтэл илэрснийг тодорхойлох гэрэл асахгүй, нэмэгдэл ухрах камер суурилуулснаас цахилгааны гэмтэл гарсан, хурдны хайрцагны зүүн талын хагас голын жийрэгээр тос гоожсон гэмтлүүд илэрчээ. Дээрх гэмтлүүдийг зөв тогтоосон эсэх талаар хариуцагч маргаагүй тул Мастер авто сүлжээ автозасварын газрын оношилгооны баримтад заасан эвдрэл, гэмтлийг тогтоогдсон гэж үзэв.

Талууд гэрээндээ маргаан бүхий машины чанарын талаар буюу хуучин машины хувьд дотоод эд ангид тодорхой хэмжээний эвдрэл, гэмтэл, элэгдэл хорогдол байгаа болохыг хүлээн зөвшөөрч тохирсон, ямар нэг доголдол гарвал түүний үр дагаврыг хэрхэн, хэн хариуцах талаар тохиролцоогүй тул маргааны зүйлийн биет байдлын доголдолтой эсэхийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар тогтооно. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэжээ. Тээврийн хэрэгсэл нь зориулалтын дагуу ашиглахад хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбогдож байдаг онцгой бараа болохын хувьд, мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж бусдад аюул, хохирол учруулахгүй, замын хөдөлгөөнд осолтой байдал болон саад учруулахгүй оролцохын тулд техникийн үзүүлэлтийг бүрэн хангасан байх нь хуульд нийцнэ. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтаар маргаан бүхий автомашин нь тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтийг бүрэн хангахгүй буюу замын хөдөлгөөнд оролцох боломжгүй байх тул зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар биет байдлын доголдолтой гэж үзнэ. Мөн маргаан бүхий автомашины АНУ-д байх үеийн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тээврийн хэрэгслийн гүйлтийн заалтыг 2013 оны 7 дугаар сарын 30-нд 175329 миль, 2018 оны 1 дүгээр сарын 11-нд 89719 миль, 2018 оны 2 дугаар сарын 08-нд 90051 миль гэж тэмдэглэсэн байх бөгөөд харин нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн www.carfax.com сайтад дээрх автомашины ашиглалтын түүхээс үзвэл гүйлтийн заалтыг 2018 оны 2 дугаар сарын 07-нд 190051 миль гэжээ. Дээрх мэдээллүүдээс харвал автомашины гүйлтийн заалт зөрүүтэй байх боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх заалтын бичилт болон автомашины заалтыг хариуцагчийг засварласан гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Гэхдээ тухайн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээн /АНУ-д байх үеийн/ дээр бичигдсэн гүйлтийн заалт зөрүүтэй байгааг хариуцагч мэдсээр атлаа энэ талаарх мэдээллийг нэхэмжлэгчид өгөх үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл худалдаж буй эд хөрөнгийнхөө талаарх бүхий л мэдээллийг үнэн зөв мэдүүлэх, түүнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Дээрх автомашиныг хариуцагч 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсад оруулаж ирэн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт оруулсан байх ба тухайн үед тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтийг хангажээ. Уг хугацаанаас хойш 2 сарын дараа буюу 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр автомашиныг нэхэмжлэгчид худалдсан ба энэ хугацаанд ямар нэг эвдрэл, гэмтэл учрах боломжтойгоос гадна 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас автомашинд эвдрэл, гэмтэл учирсан болохыг хариуцагч баримтаар нотлоогүй болно. Иймд нэхэмжлэгчийг унаж байх явцад эвдрэл гарсан байх боломжтой гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

Биет байдлын доголдол хэзээ илэрсэнээс хамааран үр дагаврыг хэн хариуцахыг хуулиар зохицуулсан. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасны дагуу биет байдлын доголдол буюу эрсдэл худалдан авагчид шилжинэ. Өөрөөр хэлбэл худалдан авагч нь худалдагчаас эд хөрөнгийг хүлээж авахдаа түүний бүрэн бүтэн байдал, гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг, чанарын талаар тохироогүй бол зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг шалгах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг болон доголдлыг мэдсэн, мэдэх боломжтой атлаа эд хөрөнгийг хүлээн авсан бол түүнээс гарах үр дагаврыг худалдан авагч өөрөө хариуцна гэж ойлгоно. Харин худалдан авагч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг шалгах үүргээ биелүүлсэн, уг үүргээ биелүүлсэн ч доголдлыг мэдээгүй хүлээн авсан бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт ...баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан хугацааны дотор буюу 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн бол худалдагчийн эсрэг шаардлага гаргах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл худалдагчаас эд хөрөнгийг хүлээж аваад доголдлыг 6 сарын дотор илрүүлсэн бол уг доголдлыг Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагчид эрсдэл шилжих үед байсан гэж үзнэ. Маргаан бүхий автомашиныг хариуцагчаас нэхэмжлэгч шилжүүлэн авахдаа автомашинд эвдрэл, гэмтэл байсан болохыг мэдсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно. Иймд нэхэмжлэгчийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр илрүүлсэн автомашины доголдлыг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед байсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байна. Гэрээнээс татгалзахын үр дагавар нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт зааснаар гэрээний талууд өгсөн, авснаа буцаах үүргийг хүлээнэ. Иймд хариуцагчаас автомашины үнэ 41 сая төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 53-39 УББ улсын дугаартай тоёота рав-4 маркийн автомашиныг хариуцагчид шилжүүлэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг заасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгө болон эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүргээ худалдагч Б.Махбалсүрэн биелүүлээгүй буруутай тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч хохирол шаардах эрхтэй байна. Иймд Мастер авто сүлжээ засварын газраар оношлогоо хийлгэсэн зардал 71500 төгрөг, автомашины ачилтын зардал 140000 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжид төлсөн 492000 төгрөгийг зардалд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Харин нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-иар 53-39 УББ улсын дугаартай тоёота рав-4 маркийн автомашины зах зээлийн үнэлгээг Мастер авто сүлжээ засварын газрын оношлогоог үндэслэн хийлгэсэн байх ба уг үнэлгээг тухайн тээврийн хэрэгсэлд тогтоогдсон гэмтэлтэй автомашины зах зээлийн үнэ ханшийг тогтоох зорилгоор хийлгэжээ. Харин тухайн үнэлгээг тээврийн хэрэгслийн гүйлтийн заалтын хэмжээнд хамааруулан хийгээгүй байна. Иймд уг үнэлгээ нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүйгээс гадна үнэлгээний төлбөрийг үнэлгээ тогтоосон газарт биш өөр этгээдэд /Вендо ХХК-д/ төлсөн байх тул үнэлгээний зардал 80000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нэхэмжлэгч нь автомашиныг худалдаж авахдаа 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 13,081,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн ба үлдэгдэл төлбөрт 27,919,000 төгрөг шилжүүлэхээс уг төлбөрийг төлөх зорилгоор Нэткапитал лизинг ХХК-иас 28,700,000 төгрөгийн зээл авчээ. Үлдэгдэл төлбөр болох 27,919,000 төгрөгөөс илүү хэмжээний буюу 28,700,000 төгрөгийн зээл авсан нь хариуцагчийн буруу биш тул зөрүү 781,000 төгрөгийг шаардах эрхгүй байна. Автомашины үнийг худалдан авагч ямар эх үүсвэрээс төлөх нь худалдагчид хамааралгүй буюу бусдаас зээл авсанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул Нэткапитал лизинг ХХК-тай байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэг жилийн хугацаанд төлөх 5,765,043 төгрөгийн хүүг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна. Мөн 5,765,043 төгрөг нь нэхэмжлэгчээс бодитоор гарсан зардал болохыг нотлоогүй, хэдий хэмжээний хүү төлсөн талаарх баримт ирүүлээгүй болно. Иймд хариуцагчаас 41,703,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 6,626,043 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Тайжууд овогт Бадарчийн Махбалсүрэнгээс 41,703,500 /дөчин нэгэн сая долоон зуун гурван мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Боржигон овогт Энхтөрийн Цолмонд олгож, нэхэмжлэлээс 6,626,043 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 53-39 УББ улсын дугаартай тоёота рав-4 /Toyota RAV-4/ маркийн автомашиныг Б.Махбалсүрэнд буцаан шилжүүлэхийг Э.Цолмонд даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399,597 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Махбалсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 366,468 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Цолмонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА