Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 08

 

 2019          03         12                                           08

 

Б.У-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 136/ШШ2019/00029 дүгээр шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ... сумын 9 дүгээр баг, .... тоотод оршин суух, 1992 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, Батхаан овогт Б-ын У /РД:ЖИ9.......908/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, ...... ........сумын Хилийн цэргийн ....... дугаар ангийн байранд оршин суух, 1992 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, Бүргэд овогт Б-ын Э /РД:ЖИ......419/-д холбогдох,

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх  2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б-ын Э-той нэг нутгийн, багаасаа таньдаг байсан бөгөөд 2013 оноос хойш үерхээд, бидний дундаас Э-ын А 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн. Энэ хугацаанд тусдаа гарч гэр бүл болж амьдраагүй боловч хоёр талын гэрээрээ орж гаран, ирэн очдог байсан. Б.Э нь тухайн үед Дорноговь аймаг дахь Хилийн 0168 дугаар ангид ахлагч-жолоочоор ажилладаг байсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сард Судан улс руу энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцохоор 1 жилийн хугацаатай явсан. Тухайн алба хаах хугацаанд хэвийн харилцаатай, байнгын холбоотой байсан боловч гэр бүлийнх нь зүгээс миний охиныг Э-ын хүүхэд биш гэх мэтээр үндэслэлгүй худал яриа гарсан байгааг сонссон байсан. Б.Э 2017 оны 09 сарын эхээр төрсөн нутаг болох Халхгол суманд очихдоо мөн л миний охиныг хүүхэд нь биш мэт ярианаас болж үл ойлголцон, түүнээс хойш хэрүүл, маргаан гарах болсон. Б.Э нь Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн цэргийн 0168 дугаар ангид ахлагч жолоочоор, цэргийн анги дээрээ байрлан ажилладаг. Харин охиноо төрөхөд Э нь улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргаж, өөрөөрөө овоглох болсон. Миний хувьд хэрүүл маргаантай байсан хэдий ч охиноо бодож учир зүй нь олдох байх гэж бодож тухайн ажлын газар руу нь буюу цэргийн анги руу нь 3 удаа охиноо авч очиж, ирсэн боловч охиноо үл тоон, үгүйсгэдэг хэвээрээ л байгаад гомдолтой байна. Энэ хугацаанд охиноо гэж огт холбоо барьдаггүй, охиноо өсгөх тал дээр надад ямар ч тусламж, дэмжлэг үзүүлдэггүй тул би өөрөө бие даан өсгөж байна. Одоо нэгэнт энэ хүн охиноо үгүйсгэж, бид хоёртой цаашид амьдрах бодолгүй байгаа тул ядаж охиныхоо хувьд эцгийн үүргээ гүйцэтгээсэй гэж хүсч байх тул Аы эцгээр Б.Э-ыг тогтоож, Аыг насанд хүртэл нь Б.Э-оор тэжээн тэтгүүлж, хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие У-тай танилцаад тусдаа ажиллаж, амьдардаг байж байгаад ээлжийн амралтаараа гэрт нь очиж 5 хоноод буцаад ажилдаа ирээд байж байтал араас жирэмсэн болсон тухайгаа хэлсэн. Бодож үзтэл сар өдөр нь таарахгүй, тэр үедээ өөрийг нь гомдоохыг хүсээгүй тул дуугай өнгөрсөн. 2016 оны 01 сарын 11-нд хүүхэдтэй болж 15 хоног л хамт байж үзсэн. Хамт амьдрахад хэцүү байсан болохоор салсан. Аыг өөрийн хүүхэд гэдэгт итгэхгүй байгаа тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 3 настай, охин Э.А-ыг эцэг Б.Э-оор тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоож,

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч Б.Э-оос сар бүр 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 3 настай, охин Э.А-д хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Э-оос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 29836 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Угаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч Б.Э давж заалдсан гомдолдоо: Миний бие У-тай нийлж тусдаа гарч, цуг амьдарч үзээгүй. Намайг гэрээтийн албанд байхад би ээлжийн амралтаараа гэрт нь очиж хэд хоносон. Тэгээд араас жирэмсэн болсон гэж хэлэхэд нь өдөр хоногийг нь бодож үзэхэд таарахгүй, урьд нь жирэмсэн болчихсон байсан. Тухайн үед өөрийг нь бодоод гомдоохыг хүсээгүй тул хэлээгүй өнгөрөөсөн. У хөдөө орон нутагт хил дээр ажиллахгүй гээд маргаж, өөрөө сална гээд явсан. Би нийлье, цуг амьдаръя гэж зөндөө гуйсан. У одоо Дорнод аймагт нөхөртэй, жирэмсэн болсон байна лээ. Би ч бас залуу хүн амьдралаа бодмоор л байна. Энэ хэргийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Э-ын гомдлын гол үндэслэл нь өөрийн охин А-ыг охиноо биш гэдэг. Тухайн үед бид нар 2015 оны 04, 05 сард Дорнод аймагт 5 хоносон. Өөрөөр бид нарт дотны харилцаа байгаагүй. Ааш зангийн хувьд хоорондоо таарч тохирохгүй учраас цаашдаа хамтран амьдрах боломжгүй юм байна гээд ажил руугаа буцсан, ажилдаа ирсэнээс хойш 4-5 хонож байхад У жирэмсэн болчихлоо гэсэн. Тухайн үед гомдоохгүйн тулд би чимээгүй өнгөрсөн. Цаг хугацааны хувьд тохирдоггүй гэсэн. Үүнтэй холбогдуулан шинжээчийн дүгнэлтийг 2 удаа гаргуулсан. 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр Э нь эцэг мөн болох нь тогтоогдсон байгаа. Гэтэл Эын хувьд энэ бүхнийг хүлээн зөвшөөрдөггүй. Цаг хугацааны хувьд миний хүүхэд биш гэдэг мэтгэлцээнийг буй болгодог. Нөгөө талаар шинжээчийн дүгнэлтэнд эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон гэж Эын хувьд үзээд байдаг. Анхны шинжээчийн дүгнэлт гараад анхан шатны шүүхэд ирээгүй байхад У facebook-д цацсан асуудал нь цаанаа танил талтай холбоотой учраас эргэлзээд байна гэсэн нөхцөлийг Эын зүгээс хөнддөг. Энэ бүгдийг анхаарч үзээсэй гэж хэлмээр байна гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Б.Э-д холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Э.А-ы төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох, охин Э.А-ыг насанд хүртэл нь эцэг Б.Э-оор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр тогтоолгож гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Э эс зөвшөөрч охин Э.А-ыг өөрийн хүүхэд биш тул тэтгэлэг төлөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, охин Э.А-ыг эцэг Б.Э-оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэснийг хариуцагч Б.Э эс зөвшөөрч “... жирэмсэн болсон ... өдөр хоног ... таарахгүй, урд нь жирэмсэн болсон байсан...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.У, хариуцагч Б.Э нар нь гэр бүл болж хамтран амьдраагүй хэдий ч 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Э.А нь хариуцагч Б.Э-ын төрсөн хүүхэд мөн болох нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр буюу Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10625 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20/, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10940 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-33/-ээр тус тус тогтоогдсоны гадна хүүхдийн төрсний гэрчилгээнд хүүхдийн эцгийг Бүргэд овгийн Б-ын Э болохыг захиргааны журмаар тогтоосон зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

            Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар хүүхдийн эцэг, эхийг захиргааны журмаар тогтоосноос бусад тохиолдолд шүүх тогтоох бөгөөд шүүхэд зохигчид хүүхдийн эцэг мөн болох эсэх талаар маргасан хэдий ч нэгэнт хүүхдийн эцгийг захиргааны журмаар хариуцагч Б.Э болохыг тогтоосон байх тул дахин шүүх хүүхдийн эцгийг тогтоох шаардлагагүй ба энэ үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Угийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дээрх хуульд нийцжээ.

            Иймд хариуцагч Б.Э нь Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн төрсөн охин Э.А-ыг насанд хүртэл нь тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

            Улмаар хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд  2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Э.А-ыг хариуцагч Б.Э-ын төрсөн хүүхэд биш гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул түүний давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 136/ШШ2019/00029 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ