Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 22 өдөр             Дугаар136/ШШ2019/00029                      Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 9 дүгээр баг, 2-05 тоотод оршин суух Батхаан овогт Болдбаатарын Урантуяа /РД:ЖИ92020908/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байранд оршин суудаг Бүргэд овогт Болдбаатарын Энхболд /РД:ЖИ92090419/-д холбогдох

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Урантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ;

Нэхэмжлэгч Б.Урантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Урантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Урантуяа миний бие Б.Энхболдтой 2013 оноос хойш үерхээд, бидний дундаас Э.Анхилуун 2016 оны 01 сарын 11-ний өдөр төрсөн. Энэ хугацаанд тусдаа гарч гэр болж амьдраагүй боловч хоёр талын гэрээрээ орж гаран, очдог байсан. Б.Энхболд нь тухайн үед Дорноговь аймаг дахь Хилийн 0168-р ангид ахлагч жолоочоор ажилдаг байсан бөгөөд 2016 оноос тусдаа амьдарч байгаа. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Э.Анхилууныг насанд хүртэл нь Б.Энхболдоор тэжээн тэтгүүлж, хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Урантуяатай танилцаад тусдаа ажилж, амьдардаг байгаад ээлжийн амралтаараа гэрт нь очиж 5 хоноод буцаад ажилдаа ирээд байж байтал араас жирэмсэн болсон тухайгаа хэлсэн. Бодож үзтэл сар, өдөр нь таарахгүй байсан. Тэр үедээ өөрийг нь гомдоохыг хүсээгүй тул дуугүй өнгөрсөн. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүүхэдтэй болж 45 хоног л хамт байсан. Хамт амьдрахад хэцүү байсан учраас салсан. Э.Анхилууныг өөрийн хүүхэд гэхэд итгэхгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Урантуяа нь хариуцагч Б.Энхболдод холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Урантуяа онлайнаар шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газарт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийг онлайнаар шүүх хуралдаанд оролцуулсан болно. /хх-47 дугаар тал/

Хариуцагч Б.Энхболдод 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн боловч шүүхэд ирж хэргийн материалтай танилцаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох ...” хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хх-64 дүгээр тал/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Урантуяа, хариуцагч Б.Энхболд нар нь гэрлэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх ба тэднийг хамтын амьдралтай байх хугацаанд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр охин Э.Анхилуун төрж,  хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон нь төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх- 5 дугаар тал/

Э.Анхилууны эцгийг захиргааны журмаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн гаргасан “хүүхдийн эцгийг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.Энхболдоос хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр  төрсөн,  3 настай, охин Э.Анхилууныг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Энхболд нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 29,836 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүхдийн эцгийг тогтоолгох шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул бүрдүүлбэрт тавигдах энэхүү шаардлагыг шийдвэр гаргахдаа залруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 3 настай, охин Э.Анхилууныг эцэг Б.Энхболдоор тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч Б.Энхболдоос сар бүр 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 3 настай, охин Э.Анхилуунд хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Энхболдоос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 29 836 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Урантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

                    

                                                 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА