Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0057

 

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0057

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар РЭ ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А , С.Д нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: РЭ ХХК/

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч

Д.А , С.Д ,

Гомдлын шаардлага: Татварын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** тоот шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийг хасч багасгах

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х , хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А , С.Д , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч РЭ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.А , С.Д нар РЭ ХХК-ийн 2014.11.20-2018.12.31-ний оны татварын иж бүрэн шалгалт хийж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.3-т заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг дараахь байдлаар зөрчсөн гэж үзсэн байна. Үүнд: 2017 онд 91,046,229.0 төгрөгийн, 2018 онд 349,371,237.2 төгрөгийн нийт 440,417,466.2 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй 144 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэн 9,416,002.46 төгрөгийн торгууль, 1,697,358.2 төгрөгийн алданги нийт 11,113,360.66 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2. Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна гэтэл дээрх зөрчилд торгууль, алданги зэрэг тавьж нэг зүйл дээр хоёр хариуцлага тооцож байна.

2. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын талбайд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ гэж заасан байна гэтэл Татварын улсын байцаагч Д.А , С.Д нар нь албан татварын жилийн эцсийн тооцооны хугацаа хэтрүүлсэн хүү торгуулийг улирал дундуур тооцож татвар төлөгчийг хохироосон байна.

... Манайд алданги л оногдуулах ёстой. Манай байгууллага 5 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг. 25 хувиас дээш татвар төлдөг. Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг нэг жилд нь 13 хоног, нэг жилд 3 хоног л хоцроосон. Гэтэл улирлаар нь татвар ногдуулж алданги ногдуулж байгаад татвар төлөгчийн хувьд хүндрэлтэй байна. Манай байгууллага шилдэг татвар төлөгч болох болсон байхад Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс яагаад ийм өндөр торгууль тавьж байгааг ойлгохгүй байна. Хэрэв нөхцөл байдлыг дээрдүүлнэ гэж байгаа бол зөвхөн алданги тооцох ёстой гэв.

 

Хариуцагч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А , С.Д бид Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй регистрийн дугаартай РЭ ХХК-ийн 2014.01.01-2018.12.31-ийг дуустал хугацааны албан татвар ногдуулалтын байдалд Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 25*** тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу иж бүрэн шалгалт хийхэд дараах зөрчил илэрсэн.

Татварын хяналт шалгалтаар нийт 440,417,466.2 төгрөгийн зөрчил илэрч Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1 -д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.3-д анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг дараах байдлаар зөрчсөн болох нь санхүү татварын тайлангууд, нягтлан бодох бүртгэлийн журналууд, анхан шатны баримт, түрээсийн гэрээ, холбогдогчоос авсан мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

2017 онд 91,046,229.0 төгрөгийн, 2018 онд 349,371,237.2 төгрөгийн нийт 440,417,466.2 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй 144 хоногоор хугацаа хэтрүүлсэн зөрчил нь Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 43.5-д Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 21 дүгээр зүйлд: албан татвар төлөх, тайлагнах, 21.4-д албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02-р дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ гэж заасныг зөрчсөн байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, 4 дэх хэсэг, 1.5 дугаар зүйлийн 8 дах хэсэг, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон холбогдогч *** регистрийн дугаартай РЭ ХХК-ийн захирал А******* овогтой С*******ын гаргасан нийт 440,417,466.2 төгрөгийн зөрчилд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, /ТЕХ-ийн шинэчилсэн найруулага 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн/ 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 30 тоог тогтоолд татварт тооцох алдангийн хувь хэмжээг хоног тутам 0,054 хувиар тогтоосугай, 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 24 тоот Тогтоолд: Татварт тооцох алдангийн хувь хэмжээг хоног тутам 0,0050 хувиар тогтоосугай гэж заасныг үндэслэн 2017 онд 91,046,229.0 төгрөгийн, 2018 онд 349,371,237.2 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 9,416,002.46 төгрөгийн торгууль, 1,697,358.2 төгрөгийн алданги ногдуулав.

Оногдуулсан шийтгэлийн 440,417,466.2 төгрөгийн зөрчилд 9,416,002.46 төгрөгийн торгууль, 1,697,358.2 төгрөгийн алданги нийт 11,113,360.66 төгрөгийн төлбөр ногдуулсаныг магадлаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хяналт шалгалтын маягтын 08 дугаар дээр улирлаар тооцоолол хийж жилийн эцсээр хүү торгууль алданги тооцох ёстой гэж байна. Тэгэхээр 2017 оны эхний үлдэгдэл гэдэг нь 2016 оны жилийн эцсийн үлдэгдэл. Үүнийг 2 дугаар сарын 10-ны дотор төлөх ёстой байсныг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр буюу хугацаа хоцроож төлсөн тул торгууль оногдуулсан. 2018 оны тооцоолол дээр 2017 оны жилийн эцсийн үлдэгдлийг тооцоолол хийж хоногийг гаргасан гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагчид нөхөн татвар тавиагүй. Хугацааны торгууль оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбарт энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт алданги тооцно. Ингэхдээ 50 хувиас хэтрээгүй байна гэж заасан. Татварын байцаагч нар энэ заалтыг дээрдүүлсэн буюу Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар алданги тооцсон. Зөрчлийн тухай хуульд давхардуулан тооцохгүй гэсэн заалт байхгүй. Зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд хуульд зааснаар шийтгэл оногдуулна. Шударга ёсны зарчим нь тухайн үйлдсэн зөрчлийн нөхцөл байдал шинж, хохирлын хэмжээнд тохирсон шийтгэл оногдуулна гэж заасан. Хуульд зааснаар хугацаандаа төлөөгүй татварт алданги торгууль ногдуулсан. Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна гэж заасан. Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг улирлаар тайлагнадаг боловч тухайн тайлагнасан хугацаа нь төлөх хугацаатайгаа ижил байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч РЭ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анх шүүхэд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын тогтоосон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** тоот шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх тухай гомдол гаргасан.

Тэрээр шүүх хуралдааны явцад гомдлын шаардлагаа манай компанийн төлбөл зохих төлбөрийн хэмжээ 1,691,714.7 төгрөг байх ёстой бөгөөд шийтгэлийн хуудсаар төлүүлэхээр тогтоосон төлбөрийг хасагдах дүнгээр бууруулах гэж тодруулсан тул шүүх энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, дараах үндэслэлээр гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А , С.Д нарын нараас РЭ ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 20-оос 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж татварын хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** тоот шийтгэлийн хуудсаар 9,416,002,46 төгрөгийн шийтгэл, 1,697,358,2 төгрөгийн хохирол, нийт 11,113,360.66 төгрөгийг төлүүлэхээр тогтоожээ[1].

 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдлын үндэслэлээ Татварын ерөнхий хуулийн дагуу татвар төлөх, тайлагнах хугацааг адил байх бөгөөд уг хугацааг тухайлсан татварын хуулиар тодорхойлохоор, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасны дагуу хуулийн этгээдийн татвар төлөх эцсийн хугацаа нь жил бүрийн 02 дугаар сарын 10-ны өдрөөр тооцогдох ёстой байтал улирал бүрийн тайлагнасан татварыг дараа сарын 20-ны дотор төлөөгүй гэсэн үндэслэлээр торгууль ногдуулсан нь хууль бус болсон ба татварын улсын байцаагч нар нь Зөрчлийн тухай хуулиар татварт алданги тооцох зохицуулалт байхгүй байхад алданги тооцсон гэж тайлбарлан маргасан.

Хариуцагч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татвар төлөгчөөс улирал бүрд тайлагнасан татварыг төлөх хугацаа нь дараа улирлын эхний сарын 20-оор тооцогдоно. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн Тайлбар-ын дагуу алданги тооцох үндэслэлтэй ба татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасны дагуу төлөөгүй татварт алданги тооцсон нь хууль тогтоомжид нийцсэн гэж тайлбарлан гомдлыг эс зөвшөөрсөн.

 

Татварын ерөнхий хууль/2006/-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна гэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 21.4-т Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ гэж зааснаас үзвэл, татвар төлөгч хуулийн этгээдийн хувьд 1-3 дугаар улирлуудын татвар тайлагнах, түүнчлэн төлөх хугацаа нь дараа улирлын эхний сарын 20-ны өдрөөр, жилийн эцсийн байдлаар татвар тайлагнах, төлөх хугацаа нь дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болохоор байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татвар төлөх эцсийн хугацаа нь дараа оны 02 дугаар сарын 10 гэсэн ганцхан хугацаа байх ёстой гэсэн гомдол үндэслэлгүй.

Харин эрх бүхий бүхий албан тушаалтнууд нь РЭ ХХК-ийн 2017-2018 онуудад тайлагнасан татварыг хугацаа хэтрүүлж төлсөн зөрчилд 2006 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна, 74.2-т Энэ хуулийн 74.1-д заасан алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй гэж заасныг үндэслэн алданги тооцсон нь буруу байна. Учир нь:

1/ 2017 оны 07 дугаар сарын 01-ээс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Татварын хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байхад РЭ ХХК-ийн 2017-2018 онуудад хамаарах зөрчилд Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг үндэслэж торгууль, алданги тооцох боломжгүй юм.

Түүнчлэн татварыг хугацаа хэтрүүлж төлсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар зөвхөн торгууль ногдуулахаар хуульчилсан байхад хариуцагч нараас торгууль оногдуулахын зэрэгцээ алданги тооцохоор заасан Татварын ерөнхий хуулийг хэрэглэж байгаа нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг хэрхэн дээрдүүлж байгаа нь ойлгомжгүй, харин эсрэгээрээ эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

2/ Хариуцагч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн Тайлбар хэсэгт татварыг хугацаанд нь төлөөгүй зөрчилд мөн алданги тооцохоор заасан хэмээн тайлбарлаж маргах боловч уг тайлбар-т Энэ зүйлийн ...2... дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн нь төлөгдөөгүй буюу нөхөн төлүүлэх татварт алданги тооцох агуулгатай байх тул хугацаандаа бус боловч төлөгдсөн татварын тухайд алданги тооцох үндэслэлгүй байжээ.

Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгууль нь хуульд заасан хугацаанд татвар төлөх үүргээ биелүүлээгүйн төлөө татвар төлөгчид хүлээлгэх үндсэн шийтгэл байх ба, харин хуулийн дээрх тайлбарт заасан алданги/алдангийн хууль зүйн агуулга нь гүйцэтгээгүй үүрэгт төлбөр төлүүлэх явдал/ нь төлөгдөөгүй байгаа бөгөөд ирээдүйд нөхөн төлүүлэх татварт тооцогдохоор байх тул маргааны тохиолдолд буюу хугацаа хэтэрсэн боловч төлөгдсөн, түүнчлэн нөхөн төлүүлэх татвар байхгүй байхад татварын дүнд алданги тооцсон нь буруу байна.

 

Хэдийгээр РЭ ХХК-иас 2016 жилийн эцсийн тайлангаар тайлагнасан 91,046,299 төгрөгийн татварыг 2017 оны 02 дугаар сарын 10-наас хойш 13 хоног хэтрүүлж төлсөн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй, алданги тооцогдох үндэслэлтэй байсан байх боловч эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх, түүнчлэн шийтгэлийн хуудас үйлдэгдэх үед тухайн зөрчлийг тодорхойлсон материаллаг хуулийн зохицуулалтад буюу татварыг хуулиар тогтоосон хугацаа хэтрүүлж төлсөн зөрчил-д алданги тооцохгүй байх өөрчлөлт орсон байжээ.

Тодруулбал, Татварын ерөнхий хууль/2008/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан ...болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох... албадлагын арга хэмжээ нь Зөрчлийн тухай хуульд байхгүй болсон байх тул хариуцагч татварын улсын байцаагч нар нь харин Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т ... оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн ... хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасныг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй байна.

Дээрхээс үзвэл, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 1,697,358.20 төгрөгийн алдангийг хасч тооцох нь зүйтэй байна.

 

Мөн хариуцагч нар нь РЭ ХХК-ийн 2018 оны хуулийн хугацаанд төлөөгүй татварт ногдуулсан торгууль, алдангийн тооцоолсон МАЯГТ ХШ-08[2]-д тус компани нь 2017 оны жилийн эцсийн тайлангаар ногдуулсан 349,371,237.2 төгрөгийн татвараас 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 180,000,000.00 төгрөгийг төлсөн гэж тэмдэглэсэн атлаа зөрүү, дутуу хэсэгт төлөгдөөгүй дүнг хасч тооцоогүй 1,048,113.7 төгрөгийн торгууль ногдуулсан байх тул хариуцагч нар нь тооцооллын алдаа гаргаж 540,000 төгрөгийн торгууль илүү ногдуулсан гэж үзэхээр байна.

Зүй нь тус хуулийн этгээдийн 2017 оны жилийн эцсийн тайлангаар тайлагнасан 349,371,237.2 төгрөгийн татварыг төлөх хугацаа 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болох тул 2018 оны 02 дугаар сарын 14/гомдол гаргагчаас уг төлбөрийг төлсөн талаарх тооцооллыг ирүүлсэн ба хариуцагч татварыг төлсөн он, сар өдрийн тухайд маргаагүй/-ны өдөр буюу 3 хоног хугацаа хэтрүүлж төлсөн 169,371,237.2(349,371,237.2-180,000,000.00) төгрөгийн татварт 508,113.7 төгрөгийн торгууль ногдохоор байжээ.

Хэрэв хариуцагчийн тайлбарлаж байгаачлан 349 сая төгрөгөөс 180 саяыг 2 дугаар сарын 07-ны өдөр төлөөд үлдэгдлийг 02 сарын 10-ны өдрийн дотор төлөөгүй, жилийн эцсийн үлдэгдэл дээр 1 дүгээр улирлын ногдлыг нэмээд 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн гэж тооцвол 2017 оны жилийн эцсийн татварын үлдэгдэл 169,371,237.2 төгрөгт 69 хоног/2018 оны 02 дугаар сарын 10-аас мөн оны 04 дүгээр сарын 20-ныг хүртэл/-ийн алданги тооцохоор байхад маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ийм хоног тооцоогүй байх тул гомдол гаргагчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр дээрх 169,371,237.2 төгрөгийн татварыг 3 хоног хэтрүүлж төлсөн гэсэн тайлбар илүү үндэслэлтэй байна.

Дээрхээс үзвэл, гомдол гаргагч РЭ ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А , С.Д нарын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** тоот шийтгэлийн хуудсаар төлүүлэхээр тогтоосон 11,113,360.66 төгрөгийн төлбөрөөс илүү ногдуулсан торгууль 540,000 төгрөг, алданги 1,697,358.20 төгрөгийн тус тус хасч багасгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13-т заасныг удирдлага ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль/2008/-ийн 43 дугаар зүйлийн 43.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2006/-ийн 21 дүгээр зүйлийн 21.4, Зөрчлийн тухай зүйлийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч РЭ ХХК-ийн гомдлын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А , С.Д нарын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** тоот шийтгэлийн хуудсаар РЭ ХХК-иар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 540,000.00 мянган төгрөгийн торгууль, 1,697,358.20 мянган төгрөгийн алданги нь нийт 2,237,358.2 мянган төгрөгийн төлбөрийг хасч, төлбөрийн хэмжээг 8,876,002.46 төгрөгөөр тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5/тав/ хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 7 дахь талд

[2] Хавтаст хэргийн 18 дахь талд