Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2020/0152

 

“Р-Э” ХХК-ийн гомдолтой

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлбаатар, хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А, С.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 57 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Р-Э” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 57 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар  2008 оны Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 2006 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Р-Э” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А, С.Д нарын гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0298909 тоот шийтгэлийн хуудсаар “Р-Э” ХХК-иар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 540,000 төгрөгийн торгууль, 1,697,358.20 төгрөгийн алданги, нийт 2,237,358.2 төгрөгийн төлбөрийг хасч, төлбөрийн хэмжээг 8,876,002.46 төгрөгөөр тогтоож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35.100 төгрөгийг гаргаж гомдол гаргагчид олгохоор шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0298909 тоот шийтгэлийн хуудсаар төлүүлэхээр тогтоосон төлбөрийн дүнгээр буруулах” гэсэн гомдлын шаардлага гаргасныг анхан шатны шүүх хянан хэлэлцээд “Р-Э” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0298909 тоот шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчаар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 540.000 төгрөгийн торгууль, 1,697,358.20 төгрөгийн алданги, нийт 2,237,358.2 төгрөгийн төлбөрийг хасч, төлбөрийн хэмжээг 8,876,002.47 төгрөгөөр тогтоосугай” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий актын төлбөрийн хэмжээг буруу тооцож шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Учир нь анхан шатны шүүх “Татварын ерөнхий хууль /2008/-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэж зааснаас үзвэл, татвар төлөгч хуулийн этгээдийн хувьд 1-3 дугаар улирлуудын татвар тайлагнах, түүнчлэн төлөх хугацаа нь дараа улирлын эхний сарын 20-ны өдрөөр, жилийн эцсийн байдлаар татвар тайлагнах, төлөх хугацаа нь дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болох тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “татварын төлөх эцсийн хугацаа нь дараа оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэсэн ганцхан хугацаа байх ёстой гэсэн гомдол нь үндэслэлгүй” гэж буруу дүгнэлт хийжээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “албан татвар төлөгч нь энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу ...” гэж тодорхойлсон бөгөөд хуулийн 21.3-д “Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хуваарийг үндэслэн харьяалах татварын алба тухайн татварын жилд төлөх албан татварын сар, улирлын хуваарийг албан татвар төлөгчид хүргүүлнэ” гэжээ. Гэтэл санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хуваарийг татвар төлөгчид хүргүүлээгүй.

Тиймээс “Татварын ерөнхий хууль /2006/-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж зааснаар дараа оны 02 дугаар сарын 10-ны өдөр татварын тайлан болон татвар төлөлтийн тооцоог эцсийн байдлаар тооцно гэж ойлгохоор байна.

Иймд татварын улсын байцаагч нар “Р-Э” ХХК-ийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд буюу улиралдаа төсөвт төлөөгүй 144 хоногоор хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан гэж үзэж 9,416,002.46 төгрөгийн торгууль, 1,697,358.2 төгрөгийн алданги, нийт 11,113,360.66 төгрөгийн төлбөр ногдуулсан хууль бус юм.

Учир нь, татварын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар 2017 оны 91,046,229.0 төгрөгийн зөрчилд 3,277,720.10 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин манай компани аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлсөн бөгөөд хугацаа хэтрүүлсэн 13 хоногийн торгуулийг 0.1 хувиар тооцоход 1,183,600.98 төгрөг төлөхөөр байна.

Шүүх “хариуцагч нар нь “Р-Э” ХХК-ийн 2018 оны хуулийн хугацаанд төлөөгүй татварт ногдуулсан торгууль, алданги тооцоолсон МАЯГТ ХШ-8-д “тус компани нь 2017 жилийн эцсийн тайлангаар 349,371,237.2 төгрөгийн татвараас 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 180,000,000 төгрөгийг төлсөн” гэж тэмдэглэсэн атлаа зөрүү дутуу хэсэгт төлөгдөөгүй дүнг хасч тооцохгүй 1,048,113.7 төгрөгийн торгууль ногдуулсан тул хариуцагч нар нь тооцооллын алдаа гаргаж байна. Зүй нь тус хуулийн этгээдийн 2017 оны жилийн эцсийн тайлангаар тайлагнасан 349,371,237.2 төгрөгийн татварын төлөх хугацааг 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болох тул 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр буюу 3 хоног хугацаа хэтрүүлж төлсөн 169,371,237.2 төгрөгийн татварт 508,113.7 төгрөгийн торгууль ногдохоор байжээ” гэж зөв дүгнэсэн.

Мөн “Зөрчлийн тухай хуулиар зөвхөн торгууль ногдуулахаар хуульчилсан байхад хариуцагч нараас торгууль ногдуулахын зэрэгцээ 1,697,358.20 төгрөгийн алданги тооцож татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул уг алдангийг хасч тооцох нь зүйтэй” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Гэтэл шүүхийн шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгт “... гомдлын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А, С.Д нарын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0298909 тоот шийтгэлийн хуудсаар “Р-Э” ХХК-иар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 540,000.00 төгрөгийн торгууль, 1,697,358.20 төгрөгийн алданги, нийт 2,237,358.2 төгрөгийн төлбөрийг хасч, төлбөрийн хэмжээг 8,876,002.46 төгрөгөөр тогтоосугай” гэж шийдвэрлэжээ.

Тиймээс шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх нь” хэсэгт “2017 жилийн эцсийн тайлангаар 349,371,237.2 төгрөгийн татвараас 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 180,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 169,371,237.2 төгрөгийн татварыг 3 хоногийн хугацаа хэтрүүлж төлсөн зөрчилд 508,113.7 төгрөгийн торгууль ногдохоор байжээ” гэж зөв дүгнэсэн атлаа “Тогтоох нь” хэсгийн заалтаараа татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар төлүүлэхээр тогтоосон 11,113,360.66 төгрөгийн төлбөрөөс 540,000.00 төгрөгийг хасч тооцсон нь буруу болжээ.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0057 дугаартай шийдвэрт “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0298909 тоот шийтгэх хуудсаар “Р-Э” ХХК-иар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс алданги 1,697,358.20 төгрөгийг хасч, нийт төлбөрийн хэмжээг 1,691,714.70 төгрөгөөр тогтоосугай” гэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Д.А, С.Д нар давж заалдах гомдолдоо: “... “Р-Э” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаад 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 57 дугаар шийдвэрээр 0298909 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс 1,697,358.20 төгрөгийн алдангийг хасч шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “ ... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн ... “тайлбар”-т “Энэ зүйлийн ... 2 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэсэн нь төлөгдөөгүй буюу нөхөн төлүүлэх татварт алданги тооцох агуулгатай байх тул хугацаандаа бус боловч төлөгдсөн татварын тухайд алданги тооцох үндэслэлгүй байжээ” гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн “Тайлбарт” заасан алданги нь “нөхөн төлүүлэх”, “хугацаанд нь төлөөгүй” гэсэн хоёр утгыг агуулж байгаа заалт гэж ойлгохоор байна. Иймд Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хэрэгжиж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”  гэж заасныг үндэслэн татвар төлөгчийн эрх ашгийг дээрдүүлсэн гэж үзэж хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцсон болно.

Мөн шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгохоор заасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д “төсвийн байгууллагын нэхэмжлэл”, 41.1.4-д “төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл” чөлөөлөгдөх талаар заасан ба төсвийн байгууллага улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй, энэ талаар төсөвт тусгагддаггүй. Татварын улсын байцаагчид нь тухайн төсөвт байгууллагын томилолтоор хяналт шалгалт хийдэг болно.

Иймд хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 57 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д заасан 1,697,358.20 төгрөгийн алдангийг хассан хэсгийг хүчингүй болгож, 0298909 тоот шийтгэлийн хуудсыг хэвээр баталж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх “хугацаандаа төлөөгүй татварт алданги төлүүлэхгүй” гэх үндэслэлээр маргаан бүхий актаас алдангид холбогдох хэсгийг хасч  шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

Гомдол гаргагч “Р-Э” ХХК-ийн “... Татварын ерөнхий хууль /2008/-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д зааснаар дараа оны 02 дугаар сарын 10-ны өдөр татварын тайлан болон татвар төлөлтийн тооцоог эцсийн байдлаар тооцно гэж ойлгохоор байх тул  манай компани аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлсөн бөгөөд хугацаа хэтрүүлсэн 13 хоногийн торгуулийг 0.1 хувиар тооцоход 1,183,600.98 төгрөг төлөхөөр байна ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн ... “тайлбар”-т төлөгдөөгүй буюу нөхөн төлүүлэх татварт алданги тооцох агуулгатай байх тул “хугацаандаа бус боловч төлөгдсөн татварын тухайд алданги тооцох үндэслэлгүй байжээ” гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн “Тайлбарт” заасан алданги нь “нөхөн төлүүлэх”, “хугацаанд нь төлөөгүй” гэсэн хоёр утгыг агуулж байгаа ... Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хэрэгжиж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “... нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг үндэслэн татвар төлөгчийн эрх ашгийг дээрдүүлэн хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцсон ... ” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэж үзлээ.

Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэж заажээ.

Дээрх хуульд татвар төлөгч хуулийн этгээдийн тухайд 1-ээс 3 дугаар улирлын татварыг тайлагнах, төлөх хугацаа нь тухайн улирлын дараагийн улирлын эхний сарын 20-ны өдөр байхаар, мөн жилийн эцсийн татвар тайлагнах, төлөх хугацаа нь дараа оны 02 дугаар сарын 10-ны өдөр байхаар тодорхой зааж хуульчлагдсан байх тул гомдол гаргагчийн төлөөлөгчийн “татвар төлөх эцсийн хугацаа нь дараа оны 02 дугаар сарын 10 гэсэн ганц хугацаа байхаар хуульчилсан” гэх гомдол, тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн гомдол гаргагчийн “... Зөрчлийн тухай хуулиар төлөөгүй татварт алданги тооцох зохицуулалт байхгүй байхад алданги тооцсон ...” гэж маргасныг анхан шатны шүүх хүлээн авч “... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байхад “Р-Э” ХХК-ийн 2017-2018 онуудад хамаарах зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг үндэслэн алданги тооцсон нь буруу ...” гэж дүгнэж хэргийг шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасныг зөвхөн нөхөн төлүүлэх буюу төлөөгүй байсан татварын тухайд хэрэглэнэ гэж үзэх боломжгүй байна. Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй татварын үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тодорхой заасан, уг зүйлийн тайлбарт мөн зүйлийн 2 дахь хэсэг хамрагдаж байх тул татварыг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор хуульчилсан гэж үзэхээр байна.

Ийнхүү тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, түүний тайлбарт хугацаанд нь төлөөгүй татварт торгууль ногдуулахаас гадна алданги тооцож төлүүлэхээр заахдаа алдангийн хэмжээг нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан байх тул хариуцагч татварын улсын байцаагч нар алдангийн хувь хэмжээг бага хэмжээгээр зааж зохицуулсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгийг баримтлан “Р-Э” ХХК-д шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар маргаан бүхий актаар гомдол гаргагчийн татварыг хугацаанд нь төлөөгүй зөрчилд торгууль ногдуулснаас гадна эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэж алданги төлүүлэхээр шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин анхан шатны шүүх “хариуцагч нар ... шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулахдаа тооцооллын алдаа гаргаж 2017 оны жилийн эцсийн тайлангаар ногдуулсан 349.371.237.2 төгрөгийн татвараас 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 180.000.000.00 төгрөгийг төлсөн гэж тэмдэглэсэн атлаа зөрүү, дутуу хэсэгт төлөгдөөгүй дүнг хасч тооцоогүй, 1.048.113.7 төгрөгийн торгууль ногдуулсан байх тул хариуцагч нар тооцооллын алдаа гаргаж 540.000.00 төгрөгийн торгууль илүү ногдуулсан гэж үзэхээр байна” гэх дүгнэлтийг хийж шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс уг үнийн дүнг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байна.

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийн тус хэсгийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасныг, мөн гомдол гаргагчаас татварыг хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн зөрчилд оногдуулсан шийтгэлтэй холбоотой тооцоолол дээр тухайлан маргаагүйг, үүнээс гадна Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар төрийн байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд зөвхөн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боломжтойг, нэхэмжлэл хэсэгчлэн хангагдах үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг хэсэгчлэн гаргуулж гомдол гаргагчид буцаан олгох үндэслэлтэйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0298909 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийн алданги хэсгийг хэвээр үлдээж, торгуулиас 540,000 төгрөгийг хасах нь зүйтэй байх тул шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг  оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 57 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 21 дүгээр зүйлийн 21.4, 43 дугаар зүйлийн 43.5, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А, С.Д нарын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0298909 дугаартай шийтгэлийн хуудсаар “Р-Э” ХХК-д оногдуулсан 11,113,360.66 төгрөгийн төлбөрийн торгуулиас 540,000 төгрөгийг хасч, шийтгэлийн хуудасны бусад хэсгийг хэвээр үлдээж, торгууль 8,876,002.46 төгрөг, алданги 1,697,358.20 төгрөг, нийт 10,573,360.66 төгрөгөөр тогтоосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 35100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж гомдол гаргагчид олгосугай" гэж тус тус өөрчлөн, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Д.А, С.Д нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

                              ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН

                              ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ