Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2017/01540

 

 

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2017/01540

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххх тоотод оршин суух, Г.Үийн /РД: ххххххх/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: хххххххх оршин суух, Ц.От /РД: ххххххххх/ нарт холбогдох

14.833.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ү,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

Хариуцагч Ц.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Ү би Баянгол дүүрэгт жижиг үйлдвэрлэл явуулж хүнсний хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бөгөөд эдгээр бүтээгдэхүүнээ дэлгүүр, хоолны газруудаар түгээж борлуулж байсан.

Үйлдвэрлэлээ өргөтгөх, бүтээгдэхүүнээ зарж борлуулах дэлгүүртэй болох зорилгоор зарын дагуу Ц.Отэй холбогдон 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр түүний өмчлөл дэхь Бхххххххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 92 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-00000000 дугаарт бүртгэлтэй, 8 нэрийн барааны хүнсний дэлгүүрийн үйлчилгээтэй орон сууцыг газрын хамт 110.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулан, газар болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нөхөр Ш.Д нэр дээр шилжүүлж авсан.

Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах үед тухайн хөрөнгө Хаан банкны зээлийн барьцаанд байсан ба Ц.О бид хоёр харилцан тохиролцсоны дагуу түүний зээлээс нь төлөлцөж барьцаанаас чөлөөлсөн. Би 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны Худалдаа аж үйлдвэрийн танхим дахь салбарт Ц.Оийн зээлийн үлдэгдлээс 2.142.000 төгрөгийг түүний нэр дээр төлснөөр уг хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдсөн.

2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 8 нэрийн барааны дэлгүүрт нь засвар хийж, хөлдсөн бүх паарыг сольж, ханыг будах, шалыг будах, шалыг хулдааслах зэрэгт 911.000 төгрөг зарцуулсан. Уг үл хөдлөх хөрөнгийн 1 хэсэгт Ц.О амьдардаг байсан бөгөөд дэлгүүртээ үйл ажиллагаагаа явуулж байсан. Би 240.000 төгрөгөөр 1 машин нүүрс худалдан авч Ц.Оийн гэрийг галлуулан, дэлгүүрээ халааж байсан. Мөн Ц.О нь цагаан сар болох гээд байна гээд ууц авна гэж 240.000 төгрөг, 300.000 төгрөгийн архи, хүнсний бараа авсан.

Би 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ц.Оийн дансанд үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа төлбөр гэж 9.900.000 төгрөг, бэлнээр 100.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр дансаар 1.000.000 төгрөг тус тус төлсөн. Бид гэрээнд заасны дагуу банкны зээл авч төлбөрөө хийхээр хөөцөлдөөд бүтээгүй тул хувь хүнээс өндөр хүүтэй зээл авч дэлгүүртээ зарцуулсан ба мөнгө зээлсэн Б.Сүх-Эрдэнийн шаардсанаар худалдаж авсан хөрөнгөө нэр дээр нь шилжүүлсэн.

Энэ талаар Ц.О цагдаагийн байгууллагад гомдол гаргаж нөхөр Ш.Д бид хоёрт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Уг хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон.

Миний нөхөр Ш.Д нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ххххххххххххххххххххххххххх тоот хаяг дахь 92 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийг газрынх нь хамт Ц.От шилжүүлэн өгсөн.

Иймд Ц.Оээс зээл чөлөөлөх үед бэлнээр төлсөн 2.142.000 төгрөг, дэлгүүрт засвар хийсэн зардал, материалын үнэ 911.000 төгрөг, нүүрсний үнэ 240.000 төгрөг, ууцны мөнгө 240.000 төгрөг, хүнсний бараа зээлээр авсан 300.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хаан банк дахь 5721055513 тоот дансанд нь үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа болгон шилжүүлсэн 9.900.000 төгрөг, бэлнээр өгсөн 100.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр мөн дээрх дансаар шилжүүлсэн 1.000.000 төгрөг, нийт 14.833.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.О миний бие өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Бага Дарь Эхийн 3 дугаар гудамж, 1546 тоотын 92 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 8 нэрийн барааны дэлгүүрийн үйлчилгээтэй орон сууцыг газрынх нь хамт зарахаар зар өгсөн.

2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр н.Бгэх эмэгтэй зарын дагуу явж байна гээд дэлгүүр болон газрыг үзэн үнэ ханшаа ярилцан 130.000.000 төгрөгөөр авахаар болсон. Н.Б нь Г.Ү, Ш.Д нарыг ах, эгчээ гэж танилцуулан манай хашаа байшин, хүнсний дэлгүүрийг 115.000.000 төгрөгөөр авахаар болоод, Г.Үийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг дэх байрыг 70.000.000 төгрөгт бодож, зөрүү 45.000.000 төгрөгийг надад өгөхөөр тохирч 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан. Уг өдөр нь би газар болон дэлгүүрийн барилгаа Г.Үийн нөхөр Ш.Дгийн нэр дээр шилжүүлсэн.

Эд банкинд таньдаг хүнтэй, таны нэр дээр хөрөнгө байгаа болохоор зээл бүтэхгүй байна, Ш.Дгийн нэр дээр хөрөнгө шилжвэл хурдан бүтнэ гэсэн тул шилжүүлсэн. Энэ үеэс Г.Ү нь дэлгүүрт засвар хийж хэрчсэн гурил, банш, буузны цехээ оруулна гэж тохирсоны дагуу дэлгүүрийн ханыг будан шалыг хулдааслан, дэлгүүрийг манай дүүгээр галлуулан ажлаа эхлүүлсэн.

Г.Ү нь мөнгө авч байраа авмаар байна гэхэд зээл бүтлээ гэсээр нилээд хугацаа өнгөрсөн. Би 2016 оны 3 дугаар сарын 20-ны орчим наймаагаа буцаая гэхэд хэд хоногийн дараа 10.000.000 төгрөгийг миний данс руу хийсэн. Түүнээс хойш байж бай гэсэн ч 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр н.Сүх-Эрдэнэ гэж хүн ирээд хашаа, байшингаа авья, хашаа байшинг Г.Үийн нөхөр Ш.Дгээс худалдаж авсан, гэрчилгээг нь үз гэсэн. Үзтэл хашаа байшин газар маань түүний нэр дээр бүртгэгдсэн байсан.

Би Г.Ү, Ш.Д нарт залилуулсан гэдгээ мэдэн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газарт гомдол гарган уг хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан.

Ц.О миний бие өндөр настай эх, дүү, хүүхдүүдийн хамт амьдардаг ба 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Г.Үтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ч уг байшиндаа амьдарч байсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сард дэлгүүрээ Г.Үээс чөлөөлж авсан.

Ц.О миний бие хашаа, байшингаа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан.

Би хүнсний дэлгүүрээ ажиллуулан санхүүгийн эх үүсвэрээ олдог байсан ба 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд дэлгүүрээ ажиллуулаагүйн улмаас 6 сараар тооцоход 16.200.000 төгрөгийн хохирол надад учирсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ү нь хариуцагч Ц.От холбогдуулан 14.833.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Ү хариуцагч Ц.Оийн хашаа, байшинг худалдан аваагүй тул түүнд өгсөн мөнгө болон зээлсэн барааных нь үнэд 14.833.000 төгрөг нэхэмжилнэ,

хариуцагч Ц.О нь Г.Үээс болж дэлгүүрээ 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарыг дуустал ажиллуулаагүйн улмаас 16.200.000 төгрөгийн хохирол учирсан тул мөнгийг өгөхгүй гэж тус тус тайлбарлаж байна.

 

Ц.О, Г.Ү нар нь харилцан тохиролцож Ц.Оийн өмчлөлийнххххххххххххххх тоот хаяг дахь 400 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байршилтай 92 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Ү нь нийт 110.000.000 төгрөгөөр худалдан авах тухай гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ба йгуулсан нь талуудын тайлбар, гэрээний хуулбар зэрэг баримтаар нотлогдлоо.

Худалдан авагч Г.Ү нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг дэхь орон сууцыг худалдагч Ц.От 70.000.000 төгрөгт тооцож өгөхөөр, үлдэх 40.000.000 төгрөгийг банкнаас зээл авч төлөхөөр, дээрхи байдлаар төлөхдөө үл хөдлөх эд хөрөнгийг Г.Үийн нөхөр Ш.Дгийн өмчлөлд шилжүүлэн зээлийг авахаар тохирсон нь гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 12, 41-44 дүгээр тал/

 

Худалдан авагч буюу хариуцагч Г.Ү нь нэхэмжлэгч Ц.От 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэрээний төлбөр хэмээн 9.900.000 төгрөгийг түүний Хаан банк дахь 5721055513 тоот дансанд шилжүүлсэн нь талуудын тайлбар болон мөнгөн шилжүүлэгийн баримтаар нотлогдсон ба бэлнээр өгсөн гэх 100.000 төгрөгийг хэзээ хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй байна.

/ХХ-ийн 14 дүгээр тал/

 

Дээрх үл хөдлөх хөрөнгийг Г.Ү худалдан авах үед хөрөнгө банкны зээлийн барьцаанд байсан ба хөрөнгийг чөлөөлөхтэй холбоотойгоор Г.Ү нь Ц.Оийн өмнөөс банкинд 2.142.000 төгрөгийг төлсөн талаар болон 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 1.000.000 төгрөгийг түүнд төлсөн талаар талууд маргаагүй болно.

/ХХ-ийн 15 дугаар тал/

 

Худалдан авагч Г.Ү нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул худалдагч Ц.О энэ талаар цагдаагийн байгууллагад хандахад Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2044 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэх ба уг тогтоолд Ц.О гомдол гаргаснаар мөн дүүргийн прокурорын 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэжээ.

/ХХ-ийн 6-11 дүгээр тал/

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ш.Д, Г.Ү нарт холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар үүссэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр мөн прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 28-ны 2754 тоот тогтоолоор тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Уг тогтоолд хүлээн авсан өдрөөсөө хойш 7 хоногийн дотор дүүргийн прокурорт гомдол гаргах эрхтэй гэсэн бөгөөд Ц.О дээрх тогтоолыг гардан авсан хэдий ч уг хугацаанд нь гомдлоо гаргаагүй байна.

/ХХ-ийн 18-20 дугаар тал/

 

Хариуцагч Ц.О нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт тогтоолын талаар гомдол гаргасан гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагчийн татгалзлаа баримтаар нотлох эрх, үүрэгтэй нь холбоотой 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсаныг дурьдлаа.

 

Ц.О нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдад худалдсан буюу 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш өнөөг хүртэл уг сууцандаа амьдарч байгаа, 2016 оны 4 дүгээр сард үл хөдлөх хөрөнгийг Г.Ү түүнд чөлөөлж өгсөн, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр уг хөрөнгийг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн талаар хэн аль нь маргаагүй.

/ХХ-ийн 16-17, 41-44 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Ү нь хариуцагч Ц.Оийн үл хөдлөх хөрөнгийг худалдан авах зорилгоор түүнд шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Ү нь 240.000 төгрөгөөр 1 машин нүүрс худалдан авч хариуцагч Ц.Оийн гэрийг галлан дэлгүүрээ халааж байсан тул уг мөнгөө нэхэмжилнэ гэсэн бөгөөд тэрээр уг хугацаанд дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан тул нүүрсний мөнгийг хариуцагч Ц.О дангаараа хариуцах үндэслэлгүй.

 

Хариуцагч Ц.Оийг 300.000 төгрөгийн хүнсний бараа зээлсэн гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй бөгөөд цагаан сараар хэрэглэх ууцны мөнгө гэж 240.000 төгрөгийг Г.Үээс авсан талаараа хариуцагч Ц.О тайлбарласан тул уг мөнгийг гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Г.Ү нь хариуцагч Ц.Оийн дэлгүүрийг засварлахад 911.000 төгрөг зарцуулсан, хариуцагч Ц.О нь тодорхой хэмжээний засвар хийсэн гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй бөгөөд хэргийн 13 дугаар тал дахь зарлагын баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Уг баримтад дурьдсан бараа материалыг хэн, хаанаас, хэнээс худалдан авсан нь тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иймд хариуцагч Ц.Оээс банкны зээл чөлөөлсөн 2.142.000 төгрөг, нүүрс худалдан авсан 120.000 төгрөг, хүнсний бараа /ууц/ авах зорилгоор авсан 240.000 төгрөг, дансаар төлсөн 10.900.000 төгрөг, нийт 13.402.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Үт олгож, 1.431.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 31850 дугаар захирамжаар Б.Сүх-Эрдэнийн нэхэмжлэлтэй Ц.От холбогдохххххххххххххххх тоот үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг Ш.Д уг хөрөнгийг хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлсэн үйлдэл эрүүгийн журмаар шалгагдаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба Ц.О дээрх хөрөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсоныг дурьдлаа.

/ХХ-ийн 45-47 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Ц.Оээс 13.402.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Үт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.431.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Үийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.150 төгрөгөөс илүү төлсөн 35 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оээс 224.960 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Үт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН