Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01653

 

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01653

 

 

 

Г.Үнэнцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/01540 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Үнэнцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Оюунбилэгт холбогдох

 

14 833 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Хариуцагч Ц.Оюунбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Үнэнцэцэг би зарын дагуу Ц.Оюунбилэгтэй холбогдон 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр түүний өмчлөл дэх Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Бага дарь Эхийн 3 дугаар гудамж, 1546 тоот хаягт байршилтай, 92 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024312 дугаарт бүртгэлтэй, 8 нэрийн барааны хүнсний дэлгүүрийн үйлчилгээтэй орон сууцыг газрын хамт 110 000 000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулан, газар болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нөхөр Ш.Дамдинсүрэнгийн нэр дээр шилжүүлж авсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах үед тухайн хөрөнгө Хаан банкны зээлийн барьцаанд байсан ба Ц.Оюунбилэг бид хоёр харилцан тохиролцсоны дагуу түүний зээлээс нь төлөлцөж, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2 142 000 төгрөгийг түүний нэр дээр төлснөөр уг хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдсөн. 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс дэлгүүрт нь засвар хийж 911 000 төгрөг зарцуулсан. Уг үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэгт Ц.Оюунбилэг амьдардаг байсан бөгөөд дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байсан. Би 240 000 төтрөгөөр машин нүүрс худалдан авч Ц.Оюунбилэгийн гэрийг галлуулан, дэлгүүрээ халааж байсан. Мөн Ц.Оюунбилэг нь цагаан cap болох гээд байна гээд ууц авна гэж 240 000 төгрөг, 300 000 төгрөгийн архи, хүнсний бараа авсан. Би 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ц.Оюунбилэгийн дансанд үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа төлбөр гэж 9 900 000 төгрөг, бэлнээр 100 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр дансаар 1 000 000 төгрөг тус тус төлсөн. Бид банкны зээл авч төлбөрөө хийхээр хөөцөлдөөд бүтээгүй тул хувь хүнээс өндөр хүүтэй зээл авч дэлгүүртээ зарцуулсан ба мөнгө зээлсэн Б.Сүх-Эрдэнийн шаардсанаар худалдаж авсан хөрөнгөө нэр дээр нь шилжүүлсэн. Энэ талаар Ц.Оюунбилэг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж нөхөр Ш.Дамдинсүрэн бид хоёрт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон. Ш.Дамдинсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 24-иий өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг газрынх нь хамт Ц.Оюунбилэгт шилжүүлэн өгсөн. Иймд Ц.Оюунбилэгээс зээл чөлөөлөх үед бэлнээр төлсөн 2 142 000 төгрөг, дэлгүүрт засвар хийсэн зардалд 911 000 төгрөг, нүүрсний үнэ 240 000 төгрөг, ууцны мөнгө 240 000 төгрөг, хүнсний бараа зээлээр авсан 300 000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа болгон шилжүүлсэн 9 900 000 төгрөг, бэлнээр өгсөн 100 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр дансаар шилжүүлсэн 1 000 000 төгрөг, нийт 14 833 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Оюунбилэг миний бие өөрийн өмчлөлийн 8 нэрийн барааны дэлгүүрийн үйлчилгээтэй орон сууцыг газрынх нь хамт зарахаар зар өгсөний дагуу н.Билгүүнтуяа гэх эмэгтэй 130 000 000 төгрөгөөр авахаар болсон. Н.Билгүүнтуяа нь Г.Үнэнцэцэг, Ш.Дамдинсүрэн нарыг танилцуулан манай хашаа байшин, хүнсний дэлгүүрийг 115 000 000 төгрөгөөр авахаар болж, Г.Үнэнцэцэгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг дэх байрыг 70 000 000 төгрөгт бодож, зөрүү 45 000 000 төгрөгийг өгөхөөр тохирч гэрээ байгуулсан. Би газар болон дэлгүүрийн барилгаа Ш.Дамдинсүрэнгийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд Г.Үнэнцэцэг нь дэлгүүрт засвар хийж хэрчсэн гурил, банш, буузны цехээ оруулна гэж тохирсоны дагуу дэлгүүрийн ханыг будаж шалыг хулдааслан, дэлгүүрийг манай дүүгээр галлуулан ажлаа эхлүүлсэн. Г.Үнэнцэцэг нь зээл бүтлээ гэсээр нилээд хугацаа өнгөрсөн. Би 2016 оны 3 дугаар сарын 20-ны орчим наймаагаа буцаая гэхэд хэд хоногийн дараа 10 000 000 төгрөгийг миний данс руу хийсэн. 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр н.Сүх-Эрдэнэ гэж ирээд хашаа, байшингаа авья, хашаа байшинг Г.Үнэнцэцэгийн нөхөр Ш.Дамдинсүрэнгээс худалдаж авсан, гэрчилгээг нь үз гэсэн. Гэтэл хашаа байшин, газар маань түүний нэр дээр бүртгэгдсэн байсан бөгөөд би Г.Үнэнцэцэг, Ш.Дамдинсүрэн нарт залилуулсан гэдгээ мэдэн прокурорын газарт гомдол гарган шалгуулсан. Ц.Оюунбилэг миний бие хашаа, байшингаа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд дэлгүүрээ ажиллуулаагүйн улмаас 6 сараар тооцоход 16 200 000 төгрөгийн хохирол надад учирсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Ц.Оюунбилэгээс 13 402 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Үнэнцэцэгт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 431 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Үнэнцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.150 төгрөгөөс илүү төлсөн 35 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оюунбилэгээс 224.960 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Үнэнцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Г.Үнэнцэцэг, Ш.Дамдинсүрэн хоёр миний итгэлийг эвдэж, үнийг бүрэн төлөөгүй байсан үл хөдлөх хөрөнгийг цааш нь худалдсан байсан. Үүнээс болж би цагдаад хандахдаа хүрч байж, хашаа байшингаа 2016 оны 11- р сард эргүүлэн авсан. Эрхэтчулант ХХК-иа 2016 оны 7-р сарын 06-нд эргүүлэн авсан. Энэ хугацаанд Архины тусгай зөвшөөрлийн хугацаа дуусссан ба зөвшөөрөлгүйн улмаас архи зарах боломжгүй болгосон. Манай гэр бүлд ажил хийдэг хүн байхгүй, би өндөр настай ээж болон хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Дэлгүүрээрээ л амьдралаа залгуулж байсан. Өнгөрсөн хугацаанд ямар ч орлогын эх үүсвэр байхгүй санхүү, эрүүл мэнд, сэтгэл санааны маш их хохирол амссан байхад анхан шатны шүүх надад учирсан 16 200 000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгөлгүй, хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн талуудын хоорондох худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн маргааныг зөв шийдвэрлэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Г.Үнэнцэцэг нь хариуцагч Ц.Оюунбилэгт холбогдуулж гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хашаа байшингийн үнэд төлсөн болон түүнд бэлнээр өгсөн мөнгө, зээлсэн барааны үнэ гэж нийт 14 833 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Үнэнцэцэг, түүний нөхөр Ш.Дамдинсүрэн нар нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Ц.Оюунбилэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь эхийн 3 дугаар гудамжны 1456 тоот хаягт байрлах, газар болон хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 40 сая төгрөгийг банкнаас зээл авч бэлнээр, 70 сая төгрөгт орон сууц тооцож, нийт 110 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч талуудын хоорондох худалдах, худалдан авах гэрээ цуцлагдаж, өмчлөх эрх хариуцагч Ц.Оюунбилэгийн нэр буцаан шилжсэн үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Дээрх байдлаар талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарч байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байна.

 

Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах тохиолдолд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах ёстой тул нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэх юм.

 

Гэрээний хугацаанд гэрээний төлбөрт нэхэмжлэгч тал хариуцагч Ц.Оюунбилэгийн өмнөөс банкны зээлд 2 142 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 9 900 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 13 042 000 төгрөгийг шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй тул хариуцагчаас буцаан гаргуулах нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэх юм.

 

Түүнчлэн нүүрс худалдан авахад 120 000 төгрөг, ууц худалдан авахад 240 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс хариуцагчид төлсөн төлбөрт тооцож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан харилцан буцаах нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааруулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь зээлээр худалдсан барааны үнэ 300 000 төгрөг, засварын зардал 911 000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй ба энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Хариуцагч нь дэлгүүрээ ажиллуулж олох ёстой байсан орлого 16 200 000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж татгалзаж байгаа үндэслэл, түүнийг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул ...16 200 000 төгрөгийн хохирол гаргуулж өгөөгүй, ...төлбөрийг тал хувиар бууруулах... гэсэн түүний давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/01540 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 149 800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Н.БАТЗОРИГ