Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2018/02538

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2018/02538

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Нөхөрлөлийн гудамж 16 тоотод байрлах, Х Х ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цэргийн 181 тоот хаягт оршин байрлах Т Ц К ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-д холбогдох,

 

93,234,553 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, О.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х Х ХХК нь Т Ц К ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр №16-086 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээг, Иргэний хууль болон бусад хууль тогтоомжуудыг үндэслэн харилцан тохиролцож байгуулсан. Х Х ХХК-иас Т Ц К ХХК нь, УБ хот Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо Саммит вилла Б5 блок-д ашиглах зорилгоор, булан, хэв, тулаас, турба гэх мэт барилгын туслах материал нийт 2,515 ширхэг бараа материал түрээслэн авч, Барилгын туслах материал түрээслэх гэрээний нийт түрээсийн төлбөр, гэмтлийн төлбөр, худалдсан бараа материалын төлбөр болох 69,067,569 төгрөгөөс 2016 оны 7 дугаар сарын 07, 08, 19, 20-ны өдрүүдэд нийт 6,911,200 төгрөг төлсөн.

Хариуцагч Т Ц К ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөр болох 62,156,369 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь заалт түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувиар алданги төлнө гэж заасан.

Иймд Т Ц К ХХК-иас Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн 62,156,369 төгрөг, алданги 31,078,184 төгрөг, нийт 93,234,553 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн 62,156,369 төгрөгт түрээслэсэн 2515 ширхэг бараа материалын түрээсийн төлбөр 57,962,869 төгрөг, материалын гэмтлийн засварын зардал 4,193,500 төгрөг, бараа материал түрээслэх явцад хамт худалдсан жижиг эд хэрэглэлүүдийн үнэ буюу борлуулалтын төлбөр 3,375,500 төгрөг багтаж байгаа гэв.

 

Хариуцагч Т Ц К ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Манай компани нь Х Х ХХК-тай барилгын туслах материал түрээслэх гэрээний харилцаа үүсээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х Х ХХК нь хариуцагч Т Ц К ХХК-д холбогдуулан, Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт нийт 93,234,553 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Талууд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 16-086 дугаартай, Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, түрээслүүлэгч Х Х ХХК нь түрээслэгч Т Ц К ХХК-д барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд зориулж барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг түрээслүүлж, түрээслэгч төлбөрийг төлөх, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг зохих хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр талууд тохиролцжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Хариуцагч, шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа, Х Х ХХК-тай барилгын туслах материал түрээслэх гэрээний харилцаа үүсгээгүй гэх боловч хэрэгт авагдсан Т Ц К ХХК-ийн 2016.07.01-ний Барилгын туслах материал түрээслэх гэрээний тооцоо 16-087 дугаартай актад тусгагдсан, түрээс 65,692,069 төгрөгийн зардлын тооцоог үгүйсгэж нотлоогүй.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч хариуцагч энэ үүргээ биелүүлээгүйг дурьдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар хариуцагч нь тухайн түрээслэсэн эд хөрөнгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн түрээслүүлсэн гэх эд хөрөнгөд эвдрэл, гэмтэл учирсан эсэх нь тогтоогдоогүй, талууд эд зүйл худалдан борлуулахаар хэлцэл хийж тохиролцсон зүйлгүй тул засварын зардал гэх 4,193,500 төгрөг, борлуулалтын төлбөр гэх 3,375,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгэсэхгүй болгоно.

Талууд гэрээ байгуулахдаа, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх талаар Гэрээний 7.2-т тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасантай нийцэх тул хариуцагч нь дээр дурдсан засварын зардал, борлуулалтын төлбөрийг хасч, түрээсийн төлбөр 57,962,869 төгрөгт Иргэний хуулийн хуулийн 232.4-т заасан хэмжээгээр буюу 28,981,434 төгрөгийн алданги тооцож, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан, хариуцагч Т Ц К ХХК-иас 86,944,303.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,290,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 624,130 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төгсцэлмүүн констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 592,671 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х Х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА