Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/02187

 

 

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/02187

 

 

Хэв хийц ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/02538 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Хэв хийц ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төгс цэлмүүн констракшн ХХК-д холбогдох,

 

93 234 553 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Батдэлгэр, О.Ариунжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ган-Эрдэнэ, Б.Батнайрамдал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэв хийц ХХК нь Төгс цэлмүүн констракшн ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Хэв хийц ХХК-иас Төгс цэлмүүн констракшн ХХК нь, УБ хот Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо Саммит вилла Б5 блок-д ашиглах зорилгоор, булан, хэв, тулаас, турба гэх мэт барилгын туслах материал нийт 2 515 ширхэг бараа материал түрээслэн авч, барилгын туслах материал түрээслэх гэрээний нийт түрээсийн төлбөр, гэмтлийн төлбөр, худалдсан бараа материалын төлбөр болох 69 067 569 төгрөгөөс 2016 оны 07 дугаар сарын 07, 08, 19, 20-ны өдрүүдэд нийт 6 911 200 төгрөг төлсөн.

Хариуцагч Төгс цэлмүүн констракшн ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөр болох 62 156 369 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэрээний 7.2түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувиар алданги төлнө гэж заасан.

Иймд Төгс цэлмүүн констракшн ХХК-иас гэрээний үүрэгт 62 156 369 төгрөг, алданги 31 078 184 төгрөг, нийт 93 234 553 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Манай компани нь Хэв хийц ХХК-тай барилгын туслах материал түрээслэх гэрээний харилцаа үүсээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан, хариуцагч Төгс цэлмүүн констракшн ХХК-иас 86 944 303,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хэв хийц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 290 250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 624 130 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төгсцэлмүүн констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 592 671 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хэв хийц ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч нь нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гардан авч, 06 дугаар сарын 05-ны өдөр хариу тайлбарыг шүүхэд гаргасан. Уг тайлбартай хамт нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан байдаг. Шүүх хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгч талаас нотлох баримтыг гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжийн дагуу нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтыг ирүүлсэн талаар шүүгчийн туслах итгэмжлэгдсэн төлөөлөгч надад мэдэгдсэн болно.

Миний бие шүүх хурал зарлагдахад хэргийн материалтай бүрэн танилцаж шүүх хуралд оролцохоор төлөвлөж, шүүх хуралдааныг хэзээ зарлах талаар шүүгчийн туслахаас тус шүүх дээр биечлэн асууж байсан. Миний бие хамгийн сүүлд 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр үдээс өмнө Баянзүрх дүүргийн шүүх дээр очиж бусад шүүгчид хувиарлагдсан байсан өөрийн хэргүүдтэй танилцсан бөгөөд шүүгчийн туслахтай уулзах гэсэн боловч одоогоор байхгүй байна гэсэн тул тэр өдрөө Сэлэнгэ аймаг Мандал сумруу Өв залгамжлалын хэргийн дагуу явсан. Шүүгчийн туслах надруу 15.30 минутын орчим залгаж маргааш шүүх хуралдаантай би өмнө нь хэлж амжсангүй гэж хэлсэн. Миний бие Сэлэнгэ аймгийн Мандал сум руу очихоор 150 гаруй км явж байсан тул би ажлаар явсан өглөө шүүх дээр очиход чи байхгүй байсан, маргааш яагаад ч амжихгүй, мөн хурал хойшлуулах талаар нотлох баримтыг эндээс хүргүүлэх боломжгүй байна гэдгийг хэлсэн. Гэтэл маргааш нь шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийсэн байсан. Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлаж байсан болно.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Аргачлал батлах тухай 8 дугаар тогтоолын 1-р хавсралт Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.3-т заасан шүүх хуралдааны тов мэдэгдэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах журмын дагуу ажиллагааг хийгээгүй.

Иймд мэтгэлцэх зарчмаар хангалгүй шүүх хуралдааныг хийсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Хэв хийц ХХК нь хариуцагч Төгс цэлмүүн констракшн ХХК-д холбогдуулан барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 62 156 369 төгрөг, алданги 31 078 184 төгрөг, нийт 93 234 553 төгрөг нэхэмжилснийг хариуцагч уг гэрээний харилцаа үүсээгүй гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг гардуулжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд тайлбар гаргахдаа Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 1-4 дүгээр хавсралтуудыг нэхэмжлэгчээс гаргуулах тухай хүсэлтийг гаргажээ.

 

Анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 26-ний өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаж, шүүх хуралдааныг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр явуулахаар шийдвэрлэж, шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг хариуцагчид хаягаар нь баталгаат шуудангаар мэдэгдэх, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлэх үүрэгтэй бөгөөд энэ ажиллагааг хийсэн талаар баримтгүй байна. Хэргийн 41 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуралдааны товыг 1 хоногийн өмнө утсаар мэдэгдсэн гэх тэмдэглэгээг үйлдсэн боловч түүнд мэдэгдэх хуудсаар товыг мэдэгдэх боломжгүй нөхцөл байдал байсан гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна. Анхан шатны шүүхийг хуульд заасан ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй гэж дүгнэхээс гадна шүүх хуралдаанд бэлтгэж ирэх боломжит хугацааг хариуцагчид олгоогүй нь мэтгэлцэх зарчимд нийцэхгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч талаас ирүүлсэн хэргийн 25-39 дэх талд авагдсан баримтуудыг анхан шатны шүүх хариуцагч талд танилцуулаагүй байна. Тэдгээр баримтуудад заагдсан эд зүйлийг хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн этгээд тодорхой болсноор талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тодорхойлоход ач холбогдолтой байх ба уг баримтуудыг давж заалдах шатны шүүхээс үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх нэг талаас ирүүлсэн баримтыг нөгөө талд танилцуулалгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй, шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчжээ.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/02538 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592 671 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА