Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 11

 

Б.У-т холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0401/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                      Б.Сүрмандах

Шүүгдэгч                                       Б.У-

                 Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 432 дугаар шийтгэх тогтоолтой Б-ийн У-т холбогдох 1918006930432 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.У-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд:

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 613 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 854 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 854 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд шилжүүлэн тооцож, 60 хоногийн хорих ялыг оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай Б- овогт Б-ийн У-.

Шүүгдэгч Б.У- нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Дархан зах дотор үйл ажиллагаа явуулдаг цахилгаан барааны лангуунаас иргэн Д.Б-ийн “Самсунг Жи-7” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 305.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 432 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт Б-ийн У-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овогт Б-ийн У-т 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 613 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.У-т 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 613 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 хоногийн хорих ял, мөн энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.У-ын нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 3 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.У-т оногдуулсан 2 жил 3 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2 дахь хэсэгт зааснаар Б.У-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 55 хоногийг хорих ялын 55 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж,

-Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.У- давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.У- тайлбартаа:

Миний бие Улаанбаатар хотод оюутан. Эрх зүйн мэдлэггүйгээс болж өнөөдрийн нөхцөл байдалд хүрлээ. Иймд намайг сурч боловсрох эрэхээр хангаж, надад оногдуулсан ял шийтгэлээс хасаж тооцож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хохирлын талаар дурдаагүйг залруулах боломжтой гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.У-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.У-ыг 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Дархан зах дотор үйл ажиллагаа явуулдаг цахилгаан барааны лангуунаас иргэн Д.Б-ийн “Самсунг Жи-7” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 305.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.У-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 613 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 6 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар дээрх оногдуулсан 6 сарын хорих ял, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 хоногийн хорих ял, мөн энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 9 сарын хорих ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.У-ын нийт эдлэх ялыг 2 жил 3 сар 5 хоногийн хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялаас хасаж, шүүгдэгч Б.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Хэргийн нөхцөл байдал, болсон үйл баримтыг дүгнэж үзвэл шүүгдэгч Б.У- нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан зах дотор үйл ажиллагаа явуулдаг цахилгаан барааны лангуунаас иргэн Д.Б-ийн “Самсунг Жи-7” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж 305.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Энэ үйл баримт нь тухайн үед болсон үйл явдал болон хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэж, шийтгэх тогтоол гарах үндэслэл болсон нотлох баримтууд болох:

-хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 11.00 цагийн орчим Дархан захад байрлах өөрийн ажиллуулдаг цахилгаан барааны лангуун дээрээ очсон. 14.00 цагийн орчим 1 давхар луу бие засах гээд буусан. Буухдаа өөрийн “Самсунг Жи-7” маркийн гар утсаа шилэн лангуун доороо орхиод доошоо буусан. 5 минутын дараа эргэж орж ирээд шууд гар утсаа авах гээд үзтэл миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь хажуу талынхаа охины гар утсаар өөрийнхөө гар утас руу залгатал нэг удаа дуудаад л холбогдох боломжгүй болж унтарсан. Дархан захын камерын өрөө рүү очоод өөрийн лангууны хэсгийг харсан, камерыг ухрааж шүүлгэж үзэхэд улаан шоотой цамцтай 20 орчим насны залуу миний гар утсыг лангуунаас минь аваад явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. Би энэ утсаа 2018.06.22-нд Мобикомоос 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан...гэсэн мэдүүлэг /хх-9-р тал/,

-гэрч Б.Соёлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр буюу өнөөдөр 14.00 цагийн орчим Дархан захад байрлах өөрийн лангуун дээрээ сууж байхад манай хажуу талын лангууны Б- эгч “би гарчхаад ороод ирье, эгчийнхээ лангуу руу анзаарч байгаарай” гээд гараад явсан. Тэгээд би гар утсаараа фейсбүүк ороод сууж байхад улаан хар шоотой цамцтай 20 орчим насны залуу манай эгнээгээр нааш цааш яваад л байсан. Тэгээд би нэг хажуу тийшээ харахад тэр залуу миний хажуу талын Б- эгчийн лангууны урд зогсож байсан. Тэгэхээр нь би Б- эгчийг кино зардаг болохоор нь кино хараад л зогсож байгаа хүн юм байна гэж бодоод тоогоогүй. Тэгээд тэр залуу удалгүй миний урдуур гараад л яваад өгсөн. Араас нь удалгүй Б- эгч орж ирээд “хүүе ээ, миний гар утас байхгүй байна ш дээ, залгаад өг дөө” гэхээр нь өөрийнхөө гар утсаар Б- эгчийн гар утас луу залгатал 2 удаа дуудаад тэгээд тасарсан. Тэгээд Б- эгч “камер шүүлгэнэ” гээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-10-р тал/,

-“Капитал зууч” ХХК-ийн 2019.10.01-ний өдрийн ...“Самсунг Жи-7” маркийн гар утас /хуучин/ 1 ширхэг нь 305.000 төгрөгийн үнэтэй” ...гэсэн дүгнэлт, хэргийн хамт хураагдаж ирсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.У-аас хохирол  төлсөн тухай банкны баримт, хэрэгт авагдсан бусад баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эсэхийг өөрсдийн дотоод итгэлээр үнэлэх, бусад баримтуудтай харьцуулан үзэх замаар шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан   хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 9 сарын хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.У-ын ...шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Харин Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаараа шүүгдэгч Б.У-т хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял нэмж нэгтгэн оногдуулахдаа буруу дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т заасныг хэрэглэхдээ алдаа гаргаж, анх шийтгүүлсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 613 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 6 сарын хорих ял оногдуулж бусад шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэсэн нь буруу байна. 

Өөрөөр хэлбэл: шүүгдэгч Б.У-ыг тэнсэнгийн хугацаанд Орхон аймагт гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэрэг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 854 дугаар шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй байсан гэж нөхөж ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа, хууль зүйн үндэслэлгүй.

Шүүгдэгч Б.У- нь хамгийн анх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 613 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдэж, уг тэнсэнгийн хугацаа 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дууссаны дараа буюу 2019 оны 08 сарын 21-ний өдөр гэмт хэрэг үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 854 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.У-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний урд ял шийтгүүлсэн эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй байсан ба тэнсэнгийн хугацаа дууссаны дараа шинээр үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэл оногдуулсан нь зөв байна.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Б.У-т ял оногдуулахдаа энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 9 сарын хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тогтоох байжээ. 

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.У- нь анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан хүртэл энэ хэргийн улмаас 55 хоног цагдан хоригдсон ба энэ хуралдаанаас хойш давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдэх хүртэл 76 хоног, нийт 131 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялаас хасаж тооцох үндэслэлтэй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2., 40.1 дүгээр зүйлийн 1., 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 432 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4., 5-р заалтыг:

          -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Б.У-т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 9 сарын хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.У-ын нийт эдлэх ялыг 1 жил 11 сарын хорих ялаар тогтоосугай гэж.,

          -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан 1 жил 11 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй... гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3-р заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Б.У-ын энэ хэргийн улмаас давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдэх хүртэл цагдан хоригдсон нийт 131 хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцсугай.  

3. Шүүгдэгч Б.У- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 305.000 төгрөгийг хохирогч Д.Б-т 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бүрэн төлж барагдуулсан, төлбөргүй болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            5. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

  

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

                                                                      ШҮҮГЧИД                                    Ц.ТУЯА

                                                                                                                                      Ц.АМАРЖАРГАЛ