Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/432

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0401/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт  Б овогт Б.У-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918006930432 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг ................. тоотод оршин суух, Урьд:

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 613 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд шилжүүлэн тооцож, 60 хоногийн хорих ялыг оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.У,

               

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.У нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Дархан зах дотор үйл ажиллагаа явуулдаг  цахилгаан барааны лангуунаас иргэн Д.Б-ийн Самсунг Жи-7 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Б “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагийн орчимд Дархан захад байрлах өөрийн ажиллуулдаг цахилгаан барааны лангуун дээрээ очсон. 14:00 цагийн орчим 1 давхар руу бие засах гээд буусан. Буухдаа өөрийн Самсунг жи-7 маркийн гар утсаа шилэн лангуун доороо орхиод доошоо буусан. 5 минутын дараа эргэж орж ирээд шууд гар утсаа авах гээд үзтэл миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь хажуу талынхаа лангууны охины гар утсаар өөрийнхөө утас руу залгатал нэг удаа дуудаад л холбогдох боломжгүй болж унтарсан. Дархан захын камерын өрөө руу очоод өөрийн лангууны хэсгийг харсан камерыг ухрааж шүүлгэж үзэхэд улаан шоотой цамцтай 20 орчим насны залуу миний гар утсыг лангуунаас минь аваад явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

 

Гэрч Б.С “...улаан хар шоотой цамцтай 20 орчим насны залуу манай эгнээгээр нааш цааш яваад байсан. Тэгэхээр нь би нэг хажуу тийшээ харахад тэр залуу миний хажуу талын Б эгчийн лангууны урд зогсож байсан. Тэгэхээр нь би Б эгч кино зардаг болохоор кино хараад л зогсож байгаа юм байна гэж бодоод тоогоогүй. Тэр залуу удалгүй миний урдуур гараад явсан. Ардаас нь Б эгч орж ирээд хүүе миний гар утас байхгүй байна гээд залгаад өг гэхээр нь би өөрийнхөө гар утсаар Б эгчийн гар утас руу залгаад 2 удаа дуудаад тэгээд тасарсан. ... Б эгч камер шүүлгэнэ гээд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “...Самсунг Жи-7 маркийн гар утас /хуучин/ 1 ширхэг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 305,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

 

Хэргийн хамт хураагдаж ирсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.У бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Д.Б нь шүүгдэгчээс хохирол төлбөрөө авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Учруулсан хохирлын нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ харьцангуй бага зэрэг нөхцөл байдлыг харгалзан Б.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

 

Б.У нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 613 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Орхон аймгийн нутаг дэвсгэрт дахин гэмт хэрэг үйлдэж, уг хэрэгт нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулснаас эдлээгүй байсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд шилжүүлэн тооцож, 60 хоногийн хорих ялыг оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн, уг тогтоолоор оногдуулсан нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоожээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоол гарах үед Б.У Орхон аймагт үйлдсэн хэрэг мэдэгдээгүй байсан байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хамгийн анхны буюу 2018 оны 8-р сарын 14-ний өдрийн 613 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийн талаар дүгнэлт хийх боломжгүй байсан байна.

 

Харин Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.У нь 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байхад уг нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүх хуралдаанд “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 613 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Орхон аймгийн нутаг дэвсгэрт дахин гэмт хэрэг үйлдсэн” байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах санал гаргасан ба шүүх уг саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Учир нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмын дагуу ял оногдуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид ямар нэгэн салаа утгагүйгээр ойлгомжтой хуульчилсан.

 

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж хүмүүжих, алдаагаа ухамсарлах боломж олгох агуулгатай ба тэнссэн хугацаа дуусахаас нэг хормын өмнө гэмт хэрэг үйлдсэн байхад л уг хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 613 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, энэхүү тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил, 3 сар, 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.У энэ хэрэгт цагдан хоригдсон хугацааг шүүгчийн захирамжид зааснаар 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс тооцсон ба үүнээс өмнө цагдан хоригдсон нийт хугацааг өмнө тогтоолоор ял эдэлсэн хугацаанд тооцсон болно.

 

Шүүгдэгч энэ хэрэгт шийтгэх тогтоол гарах хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг хорих ялын 55 хоногоор тооцон эдлэх ялаас хасах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б.У-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б.У-т 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 613 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.У-т 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 613 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 хоногийн хорих ял, мөн энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.У нийт эдлэх ялын хэмжээг 2 жил, 3 сар, 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.У оногдуулсан 2 жил, 3 сар, 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дцгаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.У энэ хэрэгт цагдан хоригдсон 55 хоногийг хорих ялын 55 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

7.Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД