Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 358

 

Х.Б, Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг, түүний өмгөөлөгч П.Ганбилэг, Ц.Эрдэнчулуун, шүүгдэгч Х.Б-гийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 505 дугаар магадлалтай, Х.Б, Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарт холбогдох 201625012411 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Алаг адуу овогт Х-ийн Б,  

2.Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Жугнай овогт Г-ийн Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “Баримт бичиг ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж авсны улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Чингүнжав овгийн Я-ийн Х,  

4.Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Ш-ийн Т,

5.Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жансав овгийн Г-н Г,  

6.Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овгийн Б-ийн Ш нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгө залилах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох хэрэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 -т зааснаар хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, Х.Б-г бичиг баримт ашиглаж бусдыг хуурч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарыг тус тус цагаатгасугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н гаргасан гомдолдоо “Шүүгдэгч Х.Б-г шүүх гэм буруутайд тооцсон боловч энэхүү гэмт үйлдлээ төгс гүйцэтгэхэд ашиглах арга хэрэгслээ болгосон буюу энэ хэрэгт хамжигчаар татагдан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль бус дүгнэлт хийж тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх үндэслэлгүй дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай илт нийцээгүй гэж үзэж байна. Түүнчлэн хохирсон байгууллагын касснаас бэлэн мөнгө тоолж авсан гэм буруутай этгээдүүд компанийн өмнө ямар ч хариуцлага хүлээлгүй, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нар нь Л.Б-тай үгсэн тохиролцож, гарах үр дагаврыг мэдсээр байж шууд санаатайгаар иргэний үнэмлэхээ өөрийн биеэр авч ирж, миний дугаарыг барьцаалж зээл олгож өгөөч гэж, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж энэхүү гэмт хэргийг нь төгс үйлдэлцсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно”, “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан байхад шүүх энэ хэрэгт үйлдлээрээ санаатай хамжигчаар оролцсон Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарын үйлдлийг шалган тогтоосон, хэрэгт авагдсан тодорхой нотлох баримтуудыг үгүйсгэсэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Э нь тухайн гэмт хэргийн объект болох “Есөн шижир” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа “Бусдын эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдэж 2015 онд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлээр ял шийтгүүлж байсан атлаа, мөн тус компанид эдийн засагчаар ажиллаж байсан өөрийн эхнэр Х.Б-д гэмт хэрэг үйлдэх арга замыг зааж зөвлөх, гүйцэтгэх замаар хамтран оролцсон, бусад хамжигч Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нар бүгд хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд өөрсдөө зээлж авч байгаа мэтээр зээлийн баримт болон байгууллагын кассын баримтад гарын үсэг зурж бэлэн мөнгө гардан тоолж аваад гэмт хэргийн объектоос зориуд холдуулан гэртээ аваачиж хадгалаад, дараа нь Х.Б-д дамжуулан өгч байсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөөр атал шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь илт хууль ёсны бус шийдвэр гэж үзэж байна.

Шүүх Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарт холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгохдоо шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэв...” гэж ганц зүйл дурдсан нь туйлын хангалтгүй, хариуцлагагүй дүгнэлт болжээ. Л.Баярмаа нь анхны мэдүүлэгтээ “...Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарыг надад тусалсан, зээлсэн мөнгөнөөс хувь өгсөн...” гэж үнэнийг мэдүүлсэн атлаа дараа дараагийн мэдүүлэгтээ үнэнийг гуйвуулсан байдаг. Я.Х, Ш.Т, Г.Э, Г.Г, Б.Ш нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч Х.Баярмаатай хамтарч компанийг хохироосон учраас хохирлыг хамтран хариуцах талаар мэдүүлсэн нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно. Мөн шүүгдэгч Ш.Т, Б.Ш нарын өмгөөлөгч Д.Чинзориг “миний үйлчлүүлэгч нарын хувьд гарын үсэг зурсан байдлаас “Есөн шижир” ХХК-д хохирол учирсан байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол учирсан учраас гэм буруутай байна гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа” гэж мэдүүлсэн байна. Дээрх мэдүүлгүүдийг харахад шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, хохирлоос төлнө гэж мэдүүлж байхад анхан болон давах шатны шүүхүүд анхаарч үзэхгүй байгаад гомдолтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч П.Ганбилэг хэлсэн саналдаа “Анхнаасаа хэргийн холбогдогч нар зохиомол байдлыг бий болгосон. 9911-тэй дугаар өөрт нь байхгүйг мэдсээр байж, гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзах хангалттай боломж байсаар байтал Х.Б-тай хамтран гэмт хэргийг төгс үйлдэж уг байгууллагад хохирол учруулсан шалтгаант холбоо байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд иргэний хариуцагчийн асуудлыг тодорхой шийдвэрлэж чадаагүй. Шүүгдэгч Г.Э, Ш.Т, Б.Ш, Я.Х, Г.Г нарыг иргэний хариуцагчаар татаж, хохирогчид хохирлоо дээрх хүмүүсээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх байтал хохирогчийн эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөнөөр хохирогчийн эрхийг хязгаарласан” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ц.Эрдэнчулуун хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Э, Ш.Т, Б.Ш, Я.Х, Г.Г нарын Х.Б-тай хийсэн зээлийн гэрээ нь гэмт хэргийн шинжгүй байна. Дээрх нэр бүхий хүмүүс нь гэмт хэрэг үйлдээгүй байна гэж дүгнэсэн. Нэр бүхий 5 хүн нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтаа хүлээн зөвшөөрдөг, энэ хэргийн талаар мэддэг гэдгээ мэдүүлсэн. Х.Б- нь зээл авах гэж байгаа талаараа хэлсэн байдаг. Мөн дээрх нэр бүхий хүмүүс өөрт нь 9911-тэй дугаар байхгүйг мэдсээр байж хамтран зээлдэгч гэж мэдүүлээд байгаа боловч зээлдэгч гэдэг дээр гарын үсэг зурсан. Барьцааны гэрээнд бас гарын үсэг зурсан зэргээс харвал хамтран зээл авч байгаа нөхцөл байдал харагдаж байна. Зээлээ яаж буцааж төлөх, зээлийг төлөхгүй гэдгээ мэдэж байсан. Дээрх нэр бүхий хүмүүстэй зээл төлөгдөхгүй байгаа талаар ярих гэхээр холбоо барьж чаддаггүй.  Зээл төлөхгүй гэдгээ мэдээд байгаа нь залилан, мэхлэх гэмт хэргийн шинж тэмдгийг бүрэн агуулаад байна. Уг байгууллагыг залилан зээл авч байгаа гэдгээ нэр бүхий хүмүүс маань мэдэж байсан. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу үйлдлээрээ хамтран оролцогч болж байхад анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв. 

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Б-гийн өмгөөлөгч М.Алтанцэцэг хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол нь Х.Б-гаас бусад оролцогч нарт хандаж гаргасан гомдол байна. Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээсэн. Бага насны хүүхэдтэй, хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг хангалттай нотлогдсон, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Хохирогчийн гомдол үндэслэлтэй байна. Сэжигтэн, яллагдагч би буруутай гэсэн мэдүүлэг өгсөн л бол шүүх түүнийг гэм буруутайд тооцох ёстой гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шаардлага байна. Анхан шатны шүүх нэр бүхий хүмүүсийг цагаатгаж байгаа үндэслэлээ тогтоолын 8-10 дугаар талд тодорхой бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдэд нийцсэн. Зарим шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэгт заасныг дурдаагүй байгаа нь буруу байна. Шүүхээс Х.Б-г гэмт буруутайд тооцсон учир хохирол гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн Х.Б, Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч, Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, шүүгдэгч, Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарыг цагаатгахдаа Х.Б-г бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж буйг мэдээгүй, гэмт хэрэгт нь санаатай нэгдээгүй гэсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нар Х.Б-гийн гуйлтаар түүний хуурамчаар үйлдсэн “Гэрээ шилжүүлэх” тухай баримтуудыг үнэн болохыг баталж 9911...-тэй дугаар эзэмшдэг талаар худал баталгаа гаргаж, улмаар барьцааны хуурамч гэрээ байгуулан зээл авч, мөнгийг Х.Б-д шилжүүлэх байдлаар бусдад нийт 50,500,000 төгрөгийн хохирол учруулах боломжийг санаатай бүрдүүлсэн үйлдэлд нь хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна

“Есөн шижир” ХХК-ийн мөнгөн хөрөнгийг зээл нэрийдлээр залилан авах Х.Б-гийн санаа зорилгыг мэдээгүй байсан байж болох ч дээр дурдсан хуурамч баримтыг санаатай баталгаажуулж, гэрээ байгуулсан Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарын үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх үгүйсгэж няцаагаагүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 505 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Х.Б, Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Х.Б-д урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН