Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 0006

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: А.Болор

улсын яллагч: Д.Цолмон

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.

шүүгдэгч    Б.Цогтбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Мөнххан овогт Батмөнхийн Цогтбаярт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  201625010666 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Мөнххан овогт Батмөнхийн Цогтбаяр, 1974 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, социологч  мэргэжилтэй, Мөнх Хан хаус ХХК-ны захирал ажилтай, ам бүл 3 , эхнэр,  хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороололын 10-6  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ЧО74071078

Холбогдсон хэргийн талаар:

         Б.Цогтбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ зуун хотхоны 24-А дугаар байрны доор байрлах гараашийн авто зогсоол дээр тавьсан байсан Б.Баттөрийн эзэмшилийн 51-97 УНӨ улсын дугаартай Т.Кроун маркийн тээврийн хэрэгслийг өөрийн тээврийн хэрэгслийн эзэмшилийн зогсоол дээр тавьсан байна хэмээн өшиглөж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээж 560.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

          Шүүгдэгч Б.Цогтбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би нэмж тайлбар өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

          Шүүгдэгч Б.Цогтбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би ямар шалтгааны улмаас болж бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн бэ гэхээр 51-97 УНӨ улсын дугаартай Тоёота Кроун маркийн авто машины эзэн нь 2-3 хоног миний машины байрыг таглаж тавьсан явдлаас болсон. Тухайн үед миний уур хүрч байсан учраас бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх болсон. Би иргэн Б.Баттөрийн машиныг гараараа болон хөлөөрөө л цохиж гэмтээсэн ямар нэгэн эд зүйлээр цохиж гэмтээгээгүй гэжээ. /хх-ийн 50-51/

           Хохирогч Б.Баттөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гадуур ажилтай явж байгаад оройн 19.00 цагийн орчимд гэртээ ирээд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 24-а байрны гражид өөрийн эзэмшлийн 51-97 УНӨ улсын дугаартай Кроун маркийн авто машинаа тавьсан. Тэгээд намайг унтаж байхад үүрийн 05.00 цагийн үед 99230047 дугаарын утаснаас нэг хүн залгаад би таны машинаа тавьсан гражийн манаач нь байна, таны машины гэрлийн баруун хойд талын гэрлийг хагалаад мөн тойруулаад гэмтээчихсэн байна шүү, гэмтээсэн хүн нь таны машины хажуу талын зогсоол дээр байсан 33-59 УНБ улсын дугаартай машиныг унаж явсан эрэгтэй байсан гэж хэлсэн. Тэр эрэгтэй эхнэртэйгээ маргалдаад байсан гэхээр нь би гараад машин дээрээ очоод харсан чинь миний эзэмшлийн авто машины арын гэрлийг болон машиныг маань тойруулаад өшиглөсөн байсан ба өшиглөсөн гутлын хар зураас нь гарсан байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Намайг машин дээрээ очиход уг байрны хоёр манаач зогсож байсан гэжээ. /хх-ийн 23/ /хх-н 21-26/

         2016.01.28-ны өдөр С.Нармандахын Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдлийн дагуу 2016.02.16-ны эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна./хх-н 2-3/

          Б.Баттөрөөс асууж авсан тайлбар /хх-н 4/

          Ашид Билгүүн ХХК-ны  автомашин техникийн үнэлгээний тайланд: эвдрэлийг 560.000 төгрөгөөр тогтоосон байна. /хх-н 10-16/          

         Гэрч С.Нармандах  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Тэр 51-97 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш. Миний хүү болох Б.Баттөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би анх энэ тээврийн хэрэгсэлийг өөрийн хүүдээ авч өгч байсан  юм. Тухайн үед миний хүү дөнгөж насанд хүрсэн байсан болохоор би уг тээврийн хэрэгсэлийг өөрийн нэр дээр авч байсан. Би уг тээврийн хэрэгсэлийн нэрийг хүүгийнхээ нэр дээр  солиулах гээд ажил маань амжихгүй байгаа юм. Ойрын өдрүүдэд шилжүүлэх гэж төлөвлөсөн байгаа гэжээ. /хх-н 27-28 /

         Гэрч Ц.Оюун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Бид 3 тухайн зоогийн газраас оройн 00.00 цагийн үед гараад нөхрийнхөө 33-59 УБН улсын дугаартай Тоёота Воски маркийн авто машиныг нь унаад Гомбосүрэн ахыг гэрт нь хүргэж өгчихөөд нөхөр бид 2 харихаар явсан. Бид хоёр гэртээ шөнийн 01.00 цаг өнгөрөөгөөд очсон. Бид 2 гэртээ орохын өмнө машинаа байрныхаа граж руу оруулаад тавих гэсэн чинь  манай машины зогсоол дээр хамт зогсдог 51-97 УНӨ улсын дугаартай саарал өнгийн Кроун маркийн авто машин нь манай зогсоолыг хаагаад тавьчихсан байсан. Тэгээд манай машин зогсох талбайгүй болчихоод машины гарах гарцан дээр тавьсан. Тухайн үед манай нөхөр нилээн ууртай машинаасаа бууж байсан. 51-97 УНӨ улсын дугаартай саарал өнгийн Кроун маркийн авто машины эзэн нь манай машины зогсоол дээр манай машины зогсоолыг хааж 2-3 хоног болсон. Тухайн үйлдэлд нь манай нөхөр бухимдалтай байсан. Тийм учраас ийм зүйл болсон юм гэжээ. /хх-ийн 32/ /хх-н 29-32 /

           Гэрч Д.Ганзориг  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Цогтбаяр надад өөрөө хэлэхдээ машинаа зогсоол дээр тавих гэсэн чинь ард машинаа тавьдаг залуу миний байран дээр урагшаа шахаад тавьчихсан байсан. Тэгээд утас руу нь залгаад гарч ирэхгүй болохоор нь машиныг нь хэдэн удаа цохьчихсон гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 33/

 /хх-н 33/

          Гэрч Н.Мягмарсүрэн  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Манай найз маань өөрийнхөө машины зогсоол дээр өөрийнхөө машиныг хэд хоног тавьж чадаагүй, зогсоолын асуудлаас болж дотроо бухимдалтай явж байгаад нэг өдөр архи уугаад халамцуудаа нөгөө зогсоол дээрээс болж маргалдаад байгаа залуугийнхаа машиныг нь цохиж өшиглөсөн л гэж ярьж байсан гэжээ. /хх-ийн 35/

 /хх-н 34-35/

         Гэрч Ш.Дашням мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Зуун хотхон дээр хамгаалагч  Болдын хамт үүрэг гүйцэтгэж байж байгаад шөнийн 01-03 цагийн үед байрныхаа ойр орчмыг шалгаж байтал 24-а байрны гражид нэг 35-40 насны согтуу залуу өрийнхөө хар өнгийн машины хажууд байсан саарал өнгийн Кроун машиныг өшиглөөд орилоод байсан. Тэгэхээр нь Болд бид 2 очиж болиулсан чинь нөгөө залуутай хамт явж байсан эмэгтэй буюу эхнэр нь нөгөө согтуу залууг босгоод дагуулаад орц руугаа яваад өгсөн. Тэгээд Болд бид 2 уг эхнэр нөхөр хоёрын араас нь дагаад явж байтал нөгөө эрэгтэй эмэгтэй 2 тус 24-а байрны  8 давхарт 24 тоотод орсон. Болд бид хоёр цагдаа руу залгаад цагдаа нарт болсон явдлын талаар ярихад цагдаа нар уг айлын хаалгыг онгойлгох гээд бараагүй, нөгөө  согтуу нөхрөө дагуулаад орсон эмэгтэй хаалгаа тайлж нүцгэн гарч ирээд цагдаа нар луу орилж байгаад хаалгаа хаачихсан. Ингээд цагдаа нар яваад өглөө нь ирээд нөгөө гэрлээ хагалуулсан машины эзэн гэх нэг жаахан хүүхэд гарч ирээд машиныхаа зургийг аваад явсан гэжээ. /хх-ийн 37/ /хх-н 36-38/

         Гэрч Ч.Банзрагч  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:Миний бие тэр өдөр буюу 2016 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сүлд-115 чиглэлд цагдаагийн ахлах ахлагч  Отгонбаярын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 02.00 цагийн орчимд Сүлд-10-аас Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Шинэ зуун хотхоны 24-а байрны грашд согтуу хүн танхайраад бусдын эзэмшлийн машиныг эвдэж  гэмтээгээд байна гэсэн дуудлага ирсэн. Ингээд цагдаагийн ахлах ахлагч Отгонбаяр бид хоёр тус байрны гадаа очтол уг байрны гадаа 40-50 орчим настай хоёр хамгаалагч зогсож байсан. Би машинаасаа буугаад тус хоёр хамгаалагчтай уулзан болсон явдалын талаар асуухад нэг хар машины жолооч согтуу гарч ирээд машиныхаа хажууд байсан саарал өнгийн кровн маркийн авто машиныг өшиглөөд согтуурхаад орилоод байсан. Тэгэхээр нь бид хоёр очиж болиулсан л гэж байсан. Тэгэхээр нь би тэр хоёр хамгаалагчаас тухайн залуу хаачсаныг асуухад уг 24-а байрны 8 дугаар давхар 24 тоотод намайг дагуулж очсон. Ингээд би тус айлын  хаалгыг тогштол уг айлын хүмүүс хаалгаа тайлж өгөхгүй байсан ба нэлээн удаан тогшсоны эцэст нэг хагас нүцгэн эмэгтэй гарч ирээд намайг чи муу хулгайч нараа барьж чадахгүй байж нялх хүүхэдтэй айлд шөнө орой орж ирлээ гэж хэл амаар доромжлон орилж байгаад хаалгаа хаачихсан. Миний бие тус дуудлагыг орхиод дараагийн дуудлагадаа явсан. Халдлагад өртсөн гэх машиныг харахад уг машин нь 51-97 гэсэн улсын дугаартай саарал өнгийн Кровн машин байсан ба уг машины хойд талын гэрэл нь хагарсан хажуу тал нь өшиглүүлсэн хар зураас гарсан байсан гэжээ.  /хх-н 39-41/

          Б.Цогтбаярыг гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 42-43/         

          Б.Цогтбаярыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд /хх-н 44-51/

         Б.Цогтбаярын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54-58/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:/хх-н 56/,Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороололын 10-6  тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон тодорхойлолт. /хх-н 55/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 62-66 / зэрэг болно.

         Б.Цогтбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ зуун хотхоны 24-А дугаар байрны доор байрлах гараашийн авто зогсоол дээр өөрийн тээврийн хэрэгслийн байрлуулах гэтэл зогсоолыг нь хаагаад тавьсан байсан байсныг хараад бухимдаж  Б.Баттөрийн эзэмшилийн 51-97 УНӨ улсын дугаартай Т.Кроун маркийн тээврийн хэрэгслийг хөлөөрөө өшиглөж, мөн гараараа цохих зэргээр  баруун хойд гэрэл болон багажны гэрлийг хагалж,  багажны таг,  баруун хойд крылог, баруун хойд хаалга, баруун урд хаалга зэргийг   зурж, капутыг бага зэрэг хонхойлгон  санаатай гэмтээсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч  Б.Баттөрийн  мөрдөн байцаалтад  өгсөн … намайг унтаж байхад үүрийн 05.00 цагийн үед 99230047 дугаарын утаснаас нэг хүн залгаад би таны машинаа тавьсан гражийн манаач нь байна, таны машины гэрлийн баруун хойд талын гэрлийг хагалаад мөн тойруулаад гэмтээчихсэн байна шүү, гэмтээсэн хүн нь таны машины хажуу талын зогсоол дээр байсан 33-59 УНБ улсын дугаартай машиныг унаж явсан эрэгтэй байсан гэж хэлсэн. Тэр эрэгтэй эхнэртэйгээ маргалдаад байсан гэхээр нь би гараад машин дээрээ очоод харсан чинь миний эзэмшлийн авто машины арын гэрлийг болон машиныг маань тойруулаад өшиглөсөн байсан ба өшиглөсөн гутлын хар зураас нь гарсан байсан.гэсэн мэдүүлэг /хх-н 21-26/, гэрч Ш.Дашнямын мөрдөн байцаалтад өгсөн …шөнийн 01-03 цагийн үед байрныхаа ойр орчмыг шалгаж байтал 24-а байрны гражид нэг 35-40 насны согтуу залуу өрийнхөө хар өнгийн машины хажууд байсан саарал өнгийн Кроун машиныг өшиглөөд орилоод байсан. Тэгэхээр нь Болд бид 2 очиж болиулсан чинь нөгөө залуутай хамт явж байсан эмэгтэй буюу эхнэр нь нөгөө согтуу залууг босгоод дагуулаад орц руугаа яваад өгсөн. Тэгээд Болд бид 2 уг эхнэр нөхөр хоёрын араас нь дагаад явж байтал нөгөө эрэгтэй эмэгтэй 2 тус 24-а байрны  8 давхарт 24 тоотод орсон.гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/,шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн …51-97 УНӨ улсын дугаартай Тоёота Кроун маркийн авто машины эзэн нь 2-3 хоног миний машины байрыг таглаж тавьсан явдлаас болсон. Тухайн үед миний уур хүрч байсан учраас бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх болсон. Би иргэн Б.Баттөрийн машиныг гараараа болон хөлөөрөө л цохиж гэмтээсэн гэсэн мэдүүлэг  зэрэг  бичгийн  нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

           Б.Цогтбаярын дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги  зөв тохирсон байх тул Б.Цогтбаярыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл  оногдуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирогч Б.Баттөр нь Монгол даатгал ХХК-д жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байсан учир тэр даатгалын байгууллагаас 448.000 төгрөгийг авсан, үлдэх 150.000 төгрөгийг шүүгдэгч Б.Цогтбаяраас авч хохирол бүрэн барагдсан, хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

        Б.Цогтбаярт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт заасан гэм хорыг арилгасан, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж  хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт заасан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдож байна.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 .1 Мөнххан. овогт Батмөнхийн Цогтбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн  153.1  дэх хэсэгт зааснаар Б.Цогтбаярыг  1 жилийн хугацаагаар  хорих  ял   шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Б.Цогтбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

          4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж  ирсэн эд хөрөнгөгүй, Б.Цогтбаяр нь  бусдад төлөх төлбргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдсугай.

          5.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн  61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Цогтбаярт оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавих үүргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

          6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Цогтбаярт  бусдын батлан даалтад өгөх   таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН